Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 122

 

 

 


                                     

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогч Б.М,
Хохирогчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Цийн Цд холбогдох эрүүгийн 1919000350039 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1985 оны …-р сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ........ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, Дорноговь аймгийн ........... сумын ... дугаар багт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн бөгөөд 105 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй, И овогт Цийн Ц/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Ц 2019 оны 01-р сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн ...... сумын .... -р багийн нутаг дэвсгэр ...... гэх газарт байрлах Ц.Б гэрт боорцог хайрч байсан тогоотой тосыг өшиглөсний улмаас хохирогч Б.Мгийн биеийг түлж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “…Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж мэдүүлэг өгөхгүй …” гэв.

Хохирогч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гадаа машин ирэхээр нь гарахад Ц машинаас бууж ирээд зөрсөн. Жолоочоос юм аваад гэрт оруулж тавьхад манай нөхөр энэ хоёр ноцолдож байхаар нь гадаа гарч муудалц гэж хэлээд хоёр өшиглөсөн. Би энэ хүнийг цохиж, маргаж байгаагүй. Саяхан энэ хүний эхнэр залгаад нөхрийг маань шүүхээс дуудаад байна, гайтай юм үхэж далд орохгүй яасан юм гээд загнаад байсан. Хохирол төлүүлж авмаар байна. 2459 458 төгрөг гарсан, үүнээс Цын өгсөн 550 000 хасаад 1909 458 төгрөг үлдсэн,  3 тосноос 1 тосыг өгсөн учраас 80 000 төгрөгийг хасахгүй. Байнга бие өвддөг. Сэтгэл санааны хохиролтой байгаа, одоог хүртэл эмчлүүлж байгаа ...” гэв.

     Шүүгдэгч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ...гал дээр тавиатай байсан тогоотой тосыг хөлөөрөө цохичихсон юм. Тэгтэл тогоонд байсан тос баруун урагшаа цацраад зуухны хажууд байсан Мгийн бие рүү тос үсэрч түлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/

     Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 01-р сарын 03-ны өдөр ....... сумын 3-р баг ................ гэх газарт өөрийн гэртээ боорцог хайраад байж байсан ...нөхөр Бгийн төрсөн дүү болох Ц нь өдөр 15 цагийн орчим ирсэн ...Ц нь гал дээр тавиатай байсан боорцог хайрсан халуун тостой тогоог өшиглөсөн ба энэ үед тос гэрийн баруун урагшаа цацарч, миний нүүр болон цээж хэсгийг их түлсэн ...Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/

    Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...гал дээр тавиатай байсан тостой тогоог өшиглөж манай ээж Мг тосоор түлсэн ...Ц ах тухайн үед Б аавтай маргалдаад уурандаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

    Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тэгээд гэнэт уур нь хүрээд тогоотой тос өшиглөсөн ба манай эхнэрийн нүүр, цээж, гарыг халуун тосоор түлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/

          Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...гал дээр тавиатай байсан тосыг өшиглөөд авсан ба тогоонд байсан тос цацарч Бгийн эхнэрийг тосоор түлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/

          2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/0299 дугаартай Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн /нэмэлт/ дүгнэлт /хх-ийн 164-165 дугаар хуудас/

            Хохирогч Б.Мгийн өмгөөлөгчөөс гаргасан энэ гэмтлийн улмаас хохирогч нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсаныг тогтоосон “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”,    

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
          
           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
      Шүүгдэгч Ц.Ц 2019 оны 01-р сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Д сумын ..-р багийн нутаг дэвсгэр ........ гэх газарт байрлах Ц.Бгийн гэрт боорцог хайрч байсан тогоотой тосыг өшиглөсний улмаас хохирогч Б.Мгийн биеийг түлж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ...гал дээр тавиатай байсан тогоотой тосыг хөлөөрөө цохичихсон юм. Тэгтэл тогоонд байсан тос баруун урагшаа цацраад зуухны хажууд байсан Мгийн бие рүү тос үсэрч түлсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 01-р сарын 03-ны өдөр Д сумын 3-р баг ………… гэх газарт өөрийн гэртээ ...байж байсан ...нөхөр Бгийн төрсөн дүү болох Ц нь өдөр 15 цагийн орчим ирсэн ...Ц нь гал дээр тавиатай байсан боорцог хайрсан халуун тостой тогоог өшиглөсөн ба энэ үед тос гэрийн баруун урагшаа цацарч, миний нүүр болон цээж хэсгийг их түлсэн ...Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...гал дээр тавиатай байсан тостой тогоог өшиглөж манай ээж Мг тосоор түлсэн ...Ц ах тухайн үед Б аавтай маргалдаад уурандаа өшиглөсөн...”, гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тэгээд гэнэт уур нь хүрээд тогоотой тос өшиглөсөн ба манай эхнэрийн нүүр, цээж, гарыг халуун тосоор түлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...гал дээр тавиатай байсан тосыг өшиглөөд авсан ба тогоонд байсан тос цацарч Бгийн эхнэрийг тосоор түлсэн...” гэсэн мэдүүлэг, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/0299 дугаартай Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.Мгийн биед зүүн чих, нүүр, хүзүү, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн алга, цээж, хэвлийн 3 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл учирсан байна...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...бүрэн эдгэрээгүй сорвижиж байгаа тул үений хөдөлгөөний хязгаарласан байдлыг тогтоож хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мгийн өмгөөлөгчөөс гаргасан энэ гэмтлийн улмаас хохирогч нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсаныг тогтоосон “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч И овогт Цийн Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт нийт 2 459 450 төгрөг нэхэмжилсэн ба  нотлох баримтыг нэг бүрчлэн түүвэрлэн шалгаад Цын өгсөн 500 000 төгрөг, 50 000 төгрөг, тосны 80 000 төгрөг, гэмт хэрэг болохоос өмнө Гоо мандал гэх 17 000 төгрөг, юуны зардал болох нь үл мэдэгдэх 17 000 төгрөг, 52 000 төгрөг нийт 716 000 төгрөгийг хасаж тооцон 1 743 450 төгрөгийг  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цаас гаргуулж хохирогч Б.Мд олгох нь зүйтэй.
Хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт хохирогч Б.Мгийн амбулатороор эмчлүүлэгсдийн карт ирсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 105 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И овогт Цийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 105 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 505 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 505 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй цагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цаас 1 743 450 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 716 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Ц.Ц нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойшхи эхний сард 743 458 төгрөг, дараагийн сард 1 сая төгрөгийг төлж хохирлыг барагдуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА