Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Б.П /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Борхүүгийн Пд холбогдох 1929000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Баян Хөөврийн 822 тоотод иргэн С.Мэндбуянтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч С.Мэндбуянгийн: ”...Баярмаатай маргалдаад “Пизда” гээд хэлчихсэн чинь П эхнэрээ өмөөрч, доромжиллоо гээд босож ирээд гараараа нүүрэн хэсэгт цохисон. Ганбаяр салгаад бид хоёр ахиж маргалдаад П толгой хэсэгт дахиж өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 10-12-р хуудас/,

С.Мэндбуянгийн гэрчээр өгсөн: “...П намайг сууж байхад нүүр лүү цохисон. Тэгэхэд миний хөмсөгнөөс цус гарахад дахиж намайг 3 цохиод салсан” гэх мэдүүлэг /хх-н 13-14-р хуудас/,

Б.Пгийн гэрчээр өгсөн: “...Мэндбуян манай эхнэрийн өмнөөс согтуурхаад “Пизда” гээд байсан. Тэгэхээр нь би уурлаад босож очоод гарынхаа ар хэсгээр хамар хэсэгт нь цохиод толгойн зүүн талын чамархай  хэсэгт өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/,

Гэрч Г.Ганбаярын: “...Намайг байхад П, Мэндбуянг нэг удаа цохисон. Гараад явсан хойгуур нэг удаа өшиглөсөн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-н 16-17-р хуудас/,

Гэрч У.Баярмаагийн: “...П Мэндбуянг “манай эхнэрийг пизда гэлээ, чи уучлалт гуй” гэсэн чинь уучлалт гуйгаагүй. Тэгээд П Мэндбуянгийн хамар хэсэгт нь цохисон. Ганбаяр салгаад гараад явсан чинь Мэндбуян хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь П өшиглөөд авсан. Хаана нь өшиглөснийг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 483 дугаартай “С.Мэндбуянгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-н 22-р хуудас/,

Яллагдагч Б.Пгийн: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ганбаярын гэрт эхнэр Баярмаа, Мэндбуян бид хэд хөзөр тоглож байсан. Тухайн үед эхлээд Мэндбуян нэг шил архи авч ирсэн. Тэгээд ахиж 2 шил архи аваад түүнийг ууж дуусаад тэгээд тоглоомноос болж Мэндбуян, Баярмаа нар маргалдаад Мэндбуян Баярмааг шууд “Пизда” гэж хэлсэн тэгээд би “нэгэнтэйгээ ингэж харилцаж болохгүй уучлалт гуй”  гэхэд гуйхгүй байсан. Тэгээд ахиж “Пизда” гээд хэлэхээр нь би уур хүрээд гарынхаа ар талаар цохиж авсан тэгээд Ганбаяр салгаад гараад явсан. Тэгээд Мэндбуянгийн хамраас цус гараад байсан. Айлд цус нөж чинь гойжоод байна гадаа гарч цэвэрлэе гэхэд үг авахгүй өөдөөс өдөөд байхаар нь ахиж нэг удаа өшиглөсөн. Тэгээд Мэндбуянг Ганбаяр гэрт нь хүргэж өгсөн би эхнэрийн хамт гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-н 28-30-р хуудас/,

 Шүүгдэгч Б.Пгийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 30-34-р хуудас/,

Шүүгдэгч Б.Пгээс хохирогч С.Мэндбуянд 472,000 төгрөг төлсөн тухай дипозит дансны хуулга /хх-н 65-66-р  хуудас/

 Б.Пгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 59-р  хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Баян Хөөврийн 822 тоотод иргэн С.Мэндбуянтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч С.Мэндбуянгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Пгийн хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон, толгойн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Б.Пг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч С.Мэндбуянгийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 483 дугаартай “С.Мэндбуянгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-н 22-р хуудас/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч С.Мэндбуянд хохирол төлбөрт 652,000 төгрөг төлж барагдуулсан /хх-н 65-67-р хуудас/, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Борхүүгийн Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Мэндбуянд хохирол төлбөрт 652,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй нь гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Пгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Пд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ӨЛЗИЙ-ОТГОН