Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эын Бт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б 2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах…………  бааранд Ж.Бохын толгойн тус газарт шилэн аягаар цохисны улмаас духны шарх гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    
     Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

          Шүүгдэгч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ширээн дээрээ сууж байхад Бох миний сууж байсан ширээн дээр ирсэн. Тухайн үед би бүр нилээн согтуу байсан. Тэгээд нойлд маргалдсан залуутайгаа Бохыг андуураад л босч ирээд ширээн дээр байсан шилэн стакан аваад толгой руу нь шидээд цохисон юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
    Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “...Ж.Бохын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн .... дугаартай дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/

    Хохирогч Ж.Бохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б /би сайн танихгүй/ нилээн согтуу ширээ дэрлээд сууж байгаад босч ирээд миний хажууд ирээд ярих гээд байх шиг болохоор нь би яасан юм, ярих гээд байгаа юм уу гэсэн чинь чи яасан гээд ширээн дээр байсан шилэн стаканыг аваад шууд миний дух хэсэг рүү цохисон. Тухайн үед миний толгой манарсан. Гарт нь барьсан байсан шилэн стакан авах гээд ноцолдсон. Миний толгойноос цус гараад байсан болохоор би нойл орж угаасан юм. Тэгээд л баарнаас ганцаараа гараад шууд гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 3-4 дүгээр хуудас/

    Гэрч Э.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарны 2 дугаар ширээнд гэнэт шил хагарах чимээ гарсан. Би шууд ширээнд удалгүй очиход 2 залуу /би тэр хоёрыг танихгүй/ нэг нь нэгнийхээ толгойг шилэн стаканаар цохиод хагалчихсан, цохигдсон залуугийн толгойноос буюу хагарсан дээд хэсгээс нь цус гарчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Э.Б 2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Минерал бааранд Ж.Бохын толгойн тус газарт шилэн аягаар цохисны улмаас духны шарх гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ширээн дээрээ сууж байхад Бох миний сууж байсан ширээн дээр ирсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан. Тэгээд нойлд маргалдсан залуутайгаа Бохыг андуураад л босч ирээд ширээн дээр байсан шилэн стакан аваад толгой руу нь шидээд цохисон юм байна лээ...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Бохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б /би сайн танихгүй/ нилээн согтуу ширээ дэрлээд сууж байгаад босч ирээд миний хажууд ирээд ярих гээд байх шиг болохоор нь би яасан юм, ярих гээд байгаа юм уу гэсэн чинь чи яасан гээд ширээн дээр байсан шилэн стаканыг аваад шууд миний дух хэсэг рүү цохисон. Тухайн үед миний толгой манарсан. Гарт нь барьсан байсан шилэн стакан авах гээд ноцолдсон. Миний толгойноос цус гараад байсан болохоор би нойл орж угаасан юм. Тэгээд л баарнаас ганцаараа гараад шууд гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарны 2 дугаар ширээнд гэнэт шил хагарах чимээ гарсан. Би шууд ширээнд удалгүй очиход 2 залуу /би тэр хоёрыг танихгүй/ нэг нь нэгнийхээ толгойг шилэн стаканаар цохиод хагалчихсан, цохигдсон залуугийн толгойноос буюу хагарсан дээд хэсгээс нь цус гарчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “...Ж.Бохын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн..... дугаартай дүгнэлт,  хавтаст хэргийн 13 дугаарт авагдсан яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.    
    Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар шүүгдэгч, хохирогч нар үгүйсгэсэн, маргасан зүйл тогтоогдоогүй, гэрч хохирогч нарын мэдүүлэг эрс зөрөөтэй зүйл авагдаагүй, шүүгдэгч Э.Б нь гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурортой тохиролцсон санал, шүүгдэгчийн эд хөрөнгө, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

    Шүүгдэгч Э.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч Ж.Бох нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 

                                         ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА