| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2023/05184/И |
| Дугаар | 210/МА2025/01825 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01825
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/05878 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 135,806,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 55,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* ХХК нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр *******ийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулан сарын 1,8 хувийн хүүтэй 75,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр тохиролцож 2021 оны 03 сарын 19-ний өдрийн дотор зээлийг бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Иймд *******ээс зээлийн үндсэн төлбөр 75,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 15,537,797 төгрөг, алданги 45,268,898 төгрөг, нийт 135,806,695 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан ******* ХХ-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2020 оны 01 сарын эхэн үед нэг орой ******* ХХК-ийн захирал ******* *******тэй уулзан ******* ХХК-д ажиллахыг санал болгосон. Анх 2009 онд ******* нь ******* ХХК-д маркетинг, борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ******* нь уг компанийг ******* ХХК-ийн ханган нийлүүлэгчээр гэрээ байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, ******* төсөлд газ нийлүүлэх ажлыг амжилттай эхлүүлж байсан. 2009 онд анх ажилд ороход тохиролцож байсны дагуу ******* төсөлд хийн түлш (газ) нийлүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд *******т олгох цалин, урамшууллыг олгоогүй, тохирсноосоо буцсан тул ******* нь 2010 онд ажлаасаа гарч байсан. 2010 оноос хойш ******* нь удаа дараа буцаж ажилдаа орох талаар санал тавьж, мөн 2020 онд *******ийн аялал жуулчлалын төсөл ковид-19 цар тахлын нөлөөгөөр давагдашгүй хүчин зүйл үүсэж түр зогссон тул *******ын саналыг тухайн үед хүлээн авч ******* ХХК-ийн дэд захирлаар ажиллаж эхэлсэн.
******* ХХК-ийн захирал *******ын саналыг ******* нь хүлээж аваад аман хэлцлээр цалинг сарын 4,500,000 төгрөг, нэмээд 6 төрлийн борлуулалтын орлогын өсөлтөөс тус бүр 1%-ийн урамшуулал өгөхөөр амлаж, ажилд орохын өмнө урьдчилгаа болгон 200,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон тул ажилдаа орж, борлуулалтыг өсгөх төслүүд санаачлан эхлүүлсэн. Ажилд оронгуутаа ******* нь тухайн үед *******н нийтийн хоолны гал тогоог хийн түлшинд холбох, Ханбогд сумын төвийг хийн түлшээр хангах станц байгуулах, 10,000 хийн түлшээр ажиллах машин төсөл хэрэгжүүлэх, Засгийн газартай ажиллаж Хийн түлшээр түлш LPG ажилладаг автомашины импортын НӨАТ-ийг тэглүүлэх, UBCub такси үйлчилгээтэй хувь эзэмшиж хамтран ажиллах зэрэг дэд төслүүдийг өөрөө санаачлан эхлүүлж урьдчилгаанд авсан 50 сая төгрөгийн хүрээнд гарт нэмж авах цалингүйгээр ажиллаж эхэлсэн. Энэ ажлыг эхлүүлснээс хойш 2020 оны 01 сараас 2021 оны 01 сар хүртэл ******* ХХК-д ажилласан.
Гэтэл хожим нь урьдчилгаанд авсан 50,000,000 төгрөгийг зээл гэж үзэн, хүү, алданги нийт 167,000,000 төгрөгийг *******ээс нэхэмжилсэн байна. *******ийг 2020 онд ажилд ороход аман хэлцлээр тохирсон 200,000,000 төгрөгөө өгөлгүй эхлээд авч бай гээд 50,000,000 төгрөгийг өгөхдөө ******* ХХК-ийн нягтлан бодогч Алтантариагаар нэг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, уг гэрээнд зурахгүй гэсэн боловч банкнаас бэлэн мөнгө гаргахад л хэрэглэнэ гэсэн тул гарын үсэг зурсан байдаг. ******* нь анхнаасаа аман хэлцлээр тохирсныхоо дагуу 50,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан бөгөөд тохирсны дагуу хөлсөөр ажиллах гэрээний төслөө бичээд гарын үсэг зурахыг хүлээсээр 1 жил болсон.
Нэхэмжлэгч анх тохирсон хэмжээнд урьдчилгаа, цалин, урамшууллыг нэмж өгөөгүй тул ажлаас гарсан. Гэтэл *******ийг зориуд төөрөгдүүлж урьдчилгаа мөнгөний баримтад бус зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, улмаар хүү, алданги тооцож нэхэмжилсэнд гомдолтой байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь 2020 оны 01 сард *******ын удаа дараагийн хүсэлтийн дагуу ******* ХХК-д дэд захирлаар ажилд орсон. Түүнээс хойш бүтэн нэг жил ******* ХХК, ******* ХХК нэрийн өмнөөс цаг наргүй Хөдөлмөрийн тухай хууль зөрчин ажиллаж байсан. Ажилласан нэг жилийн хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. *******н нийтийн хоолны гал тогоог хийн түлшинд холбох, Маркетингийн брэнд реклам Херо Энтертаймент, Ханбогд сумын төвийг хийн түлшээр хангах станц байгуулах, 10,000 хийн түлшээр ажиллах машин төсөл, Засгийн газартай Хийн түлшээр түлш LPG ажилладаг автомашины импортын НӨАТ-ыг тэглүүлэх ажил, дэд захирлын хүрээнд бусад өдөр тутмын ажлууд, UBCub такси үйлчилгээтэй хамтран ажиллах зэрэг дэд төслүүдийг өөрөө санаачлан эхлүүлж, 2020 УИХ-ын сонгуулийн төлөвлөгөөнд ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй бөгөөд Борлуулалт хариуцсан дэд захирлаар томилсон тушаал гарсан боловч хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй. ******* амаар хэлэхдээ үндсэн цалин 4,600,000 төгрөг, борлуулалт хийсний үр дүнгийн 1 хувь гэж тохиролцоод орлогоос нь зээлд суутгаж тооцно гэж гэрээний төслөө өгсөн боловч өөрсдөө баталгаажуулаагүй юм.
Ийм нэг жил ажилласан ажлын хөлс 55,200,000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
*******, ******* ХХК нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй. Ажилд орохоор ярилцаж байсан боловч тэрээр хэтэрхий өндөр цалин шаардсан учир түүнийг ажилд аваагүй. Компанийн хөгжүүлэлт хийхээр ярьж байсан ч компанийг алдагдалд оруулахаар төслүүд байсан. Түүний санал болгосон төслүүдээс компани нэгийг ч хэрэгжүүлээгүй болно.
Мөн 4,600,000 төгрөгийн цалинг амлаж байгаагүй. Өнөөдрийн байдлаар тус компанийн борлуулалт хариуцсан захирал 3,500,000 төгрөгийн цалин авч байгаа болно.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.9, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч *******ээс 70,672,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдэх 56,875,200 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 42,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлээс 13,200,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 836,983 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 511,314 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, хариуцагчаас төлсөн 1,270,933 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн нэхэмжлэгч ******* ХХК-аас 367,950 төгрөг гаргуулж хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Зохигчдын хооронд 2020 оны 03 сарын 17-ны өдөр 20/58 дугаартай зээлийн гэрээний харилцаа үүссэн байдаг. Хөдөлмөр эрхлэлт болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй. Дээрх зээлийн гэрээний дагуу 2020 оны 06 сарын 18-ны өдөр хариуцагч *******ээс нэхэмжлэгч компанид 15,000,000 төгрөгийн талон хүссэн өргөдөл болон нэхэмжлэгч компаниас олгосон 15,000,000 төгрөгийн талоныг гэрээний дагуу зээлээр олгов гэсэн нотлох баримтыг нотариатаар батлуулж гаргаж өгсөн байхад энэ баримтыг дүгнэлгүй анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Хариуцагч бензин талоныг хувьдаа ашиглах зорилгоор зээлж аваагүй, нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан бол дээрх 2 баримтад зээлийн зориулалтыг гэрээний дагуу зээл олгов гэж бичихгүй байсан.
Анхан шатны шүүхээс хэргийн ямар нөхцөл байдал, хариуцагчийн ямар хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж алдангийг 90 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн заалт нь үүрэг болгосон заалт биш. 20/58 дугаартай зээлийн гэрээнд алдангийг 0,3 хувиар төлөхөөр харилцан тохиролцсон байгаа нь харин ч хариуцагчид ашигтай байдлаар тусгасан гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо алдангийн хэмжээг 80 хувиар багасгаж, 20 хувьд ногдох алданги гаргуулахаар танилцуулсан. Гэтэл шүүхийн шийдвэртээ 90 хувиар багасгаж, 10 хувьд ногдох алданги гаргуулахаар шийдвэртээ дүгнэсэн байгаа нь эргэлзээтэй, хэт нэг талыг барьж хэргийг шийдсэн гэж үзэж байгаа тул алдангийг гэрээ болон хуульд зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Хариуцагч *******ийг нэхэмжлэгч компанийн дэд захирлын албан тушаалд томилсон тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ байдаггүй. Харин ******* ХХК-д гүйцэтгэх захирлын алба хашиж байсан талаар мэдэхгүй боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад түүний гүйцэтгэх захирлын эрх мэдлийг хэрэгжүүлж гарын үсэг зурсан хуулбар баримт байдаг. Мөн хөдөлмөрлөх эрх, цалин хөлсний талаарх гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт нарийвчлан хуульчилж өгсөн байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
Шүүх хариуцагчийн тайлбар, өөрийнх нь хамаарал бүхий гэрчийн мэдүүлэг, нотлох баримтын шаардлага хангахгүй төсөл гэж нэрлэгдэх баримтыг үнэлж хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин ******* ХХК, ******* ХХК-иудаас гүйцэтгэх захирлын цалин, хөлсөө нэхэмжлэх нь *******ийн эрх юм. Нэгэнт зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй учраас 42,000,000 төгрөгийг цалин, хөлс гэж ******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 56,875,200 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 42,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх бензин талоны 15,000,000 төгрөгийг хариуцагч хувьдаа ашиглах зорилгоор зээл аваагүй, нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан учраас зээлийн гэрээний харилцаа үүсээгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэрэгт ******* ХХК-ийн захирал *******ыг сонгуульд гаргах 2020 оны УИХ-ын сонгуулийн төлөвлөгөөний материалыг нотлох баримтаар өгсөн байдаг бөгөөд энэ үйл ажиллагаанд, мөн Ерөнхий сайд *******ийг дэмжих үйл ажиллагаанд уг талоныг зарцуулсан гэдгээ шүүхийн шинэчилсэн байцаалтад мэдүүлдэг, захирал ******* ч хуралд оролцсон бол үүнийг нь батална.
Анхан шатны шүүх зээлийн гэрээний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар 90 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн шүүгчийн бүрэн эрх хэмжээний асуудал бөгөөд харин ч шүүх шударга шийдвэрлэсэн тул шүүхээс хэрэгсэхгүй болгосон сөрөг нэхэмжлэлд давж заалдах гомдол гаргаагүй болно.
Нэхэмжлэгч талаас *******ийг хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгүй, хуулийн хугацаа нь хэтэрсэн атлаа цалин нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх заримыг хангаж шийдвэрлэснийг эсэргүүцэж гомдол гаргажээ. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан дараах нотлох баримтад үндэслэж хөлсөөр ажиллах гэрээг амаар тохиролцож *******ийг дэд захирлаар ажиллуулсан байна гэж үзэж цалингийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
******* ХХК-ийн захирал ******* өөрөө удаа дараа гуйж *******ийг дэд захирлаар ажиллуулах урьдчилгаа болгож 200,000,000 төгрөгийн зээл өгнө гэж амлаад, тахир дутуу хүүхдээ асардаг *******ийг бүтэн 1 жил өдөр, шөнөгүй цалингүй ажиллуулаад эцэст нь өгсөн гэх 60,000,000 төгрөгөө зээлийн гэрээний дагуу хүү, алдангитай нь нэхэмжилж байгаа нь үнэхээр хүн чанаргүй, сэтгэлгүй үйлдэл юм.
*******ийн хувьд 2021 оноос хойш өөрийн зээлсэн гэх мөнгийг цалингаасаа суутгуулсан гэж бодож явсан. Гэтэл бүтэн 3 жилийн дараа шүүхэд өндөр алдангитай нэхэмжилсэн нэхэмжлэлээс анхан шатны шүүхийн бууруулж шийдвэрлэсэн шударга шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 75,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 15,537,797 төгрөг, алдангид 45,268,898 төгрөг нийт 135,806,695 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 55,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* нар нь 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 20/58 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгчээс 200,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар, сарын 1,8 хувийн хүүтэй хариуцагч *******т зээлдүүлэх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон. /хх-6/
Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь 2020 оны 02 сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөгийг ******* *******аас гэсэн утгаар, 2020 оны 02 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг *******т *******аас, 2020 оны 03 сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 ны 03 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийг 20/58т гэрээгээр *******т *******аас гэсэн утгаар тус тус шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх-12-13,15-16/
4. Анхан шатны шүүх дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв тодорхойлжээ.
Тодруулбал хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн оролцогчийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хэлцлийн субьектив шинж болох хүсэл зориг байсан эсэх нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болдог.
Хэргийн баримтаар хариуцагч ******* нь 2020 оны 02 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-ийн захиргаанд зээл хүссэн хүсэлтийг гаргаж байсан, уг хүсэлтдээ 200,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зээлийн 50 хувийг хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулах, үлдэгдэл 50 хувийг Замын-Үүд дахь Хойд Солонгосын төрөлжсөн барааны дэлгүүрийн бараа татан авалтад ашиглана гэж, мөн 2020 оны 03 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид хандаж гаргасан зээлийн төлбөрийг төлөх тухай баталгааны бичигт хариуцагч нь зээлийн төлбөрийг хэрхэн төлөх талаараа дурдаж байсан зэргээр хариуцагчид зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг бодитой байсан. Иймд хариуцагчийн зээл авах хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн авч, бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурснаар тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул энэ талаар шүүх зөв дүгнэжээ.
5. Түүнчлэн хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно. Тиймээс нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээ нь нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжид хамаарахгүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч тал нь зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч энэ нь үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчийн татгалзал, тайлбарын үндэслэл болох тул бие даасан шаардлагаар тодорхойлж шүүх шийдвэрлэсэн нь буруу, энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Энэ талаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбар үндэслэлгүй.
6. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас талуудын хооронд нийт 60,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, энэ хэмжээнд хариуцагчийн төлөх үндсэн зээлийн хэмжээг тодорхойлсон нь үндэслэл бүхий болж чадаагүй байгааг залруулна.
Нэхэмжлэгч ******* ХХК-аас кассын зарлагын ордероор 2020 оны 06 сарын 18-ны өдөр зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий бензины талоныг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон /1хх-17/ боловч дээрх 15,000,000 төгрөгийн бензин худалдан авах эрхийн бичиг буюу талоныг хариуцагчид зээлээгүй, эргэн төлөх хүсэл зориг байгаагүй тул уг 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийн хувьд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй шилжүүлдэг бөгөөд хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан кассын зарлагын баримтад Гэрээний дагуу зээлийг 15 сая төгрөгийн талон өгөх, Гэрээний дагуу зээлээр олгов гэж тэмдэглэгдсэн байдал болон нэхэмжлэгчээс хариуцагчид явуулсан 2020 оны 08 сарын 19-ний өдрийн 20/712 дугаар мэдэгдэл, зээлийн гэрээний тооцоолол бүхий бичгийн баримт зэргээс үзэхэд 15,000,000 төгрөгийн бензиний талоныг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн гэрээний дагуу буцаан төлөх нөхцөлтэйгөөр шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагч нь дээрх үйл баримтыг үгүйсгэж, зээлийн гэрээний дагуу биш сонгуулийн сурталчилгаанд зориулж өгсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй тохиолдолд шилжүүлэн авсан талоныг мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хариуцагч *******ээс 15,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.
Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
7. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2-т Зээлд сарын 1,8 хувийн хүү тооцож сар бүрийн 25-ны өдрийн дотор төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Анхан шатны шүүх зээлийн хүүг нэхэмжлэгчийн тодорхойлсноор тогтоож зээлийн хүү 4,248,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
8. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах анзын нэг төрөл бөгөөд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зохицуулсан.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7-д Зээл авагч нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тохиролцсон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Гэхдээ хариуцагчийн хувьд тодорхой хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагад ажиллаж, ийнхүү ажиллах хугацаандаа зээлийн төлбөрийг ажлын хөлсөөр төлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан зэрэг нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэх хүчин зүйл болсон. Түүнчлэн зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөг зээлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч энэ хэмжээнд зээл олгоогүйгээс гадна зээлийн төлбөр төлөх гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад талуудын ажил хэргийн холбоо харилцаа үргэлжилж, хариуцагч нь нэхэмжлэгч компани, түүний хамаарал бүхий этгээдэд ажиллаж байсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд алдангийг 90 хувиар багасгаж, 10 хувьд ногдох 6,424,800 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 55,200,000 төгрөг, зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасны дагуу хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
10. Хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ нь ажлын байр, гэрээний хугацаа, цалин хөлс, гүйцэтгэх ажил, гэрээ цуцлах, дуусгавар болгох зэргээр хоорондоо ялгаатай бөгөөд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй, харин хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ээс ******* ХХК-ийн захиргаанд гаргасан 2020 оны 02 сарын 16-ны өдрийн хүсэлтэд ******* овогтой ******* миний бие ******* ХХК-аас 200,000,000 төгрөгийг сарын 0,5-1 хувийн хүүтэй 2020.03.01-2021.03.01-ний өдрийг хүртэл хугацаатай барьцаагүй зээлэх хүсэлтэй байна, мөн ******* ХХК-д ажиллаж үр дүнгийн гэрээгээр барагдуулах хүсэлтэй байна гэж, ******* ХХК-д баталгаа гаргах нь гэсэн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн бичгийн баримтын 4-т Зээлийн гэрээний дуусах хугацаа болох 2021 оны 03 сарын 19-ний өдрөөс өмнө зээлийн төлбөрөө урьдчилан барагдуулахын тулд хичээж ажиллахаа үүгээр баталж байна гэж тус тус тэмдэглэгдсэн байдал болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрч *******ын мэдүүлэг зэрэг баримтуудаас дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцааны шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна.
Энэ талаар анхан шатны шүүх хариуцагч ******* нь 2020 оноос 2021 оны 06 сар хүртэл нэхэмжлэгч ******* ХХК-д дэд захирлын албыг хашиж, Ханбогд сумын төвийг хийн түлшээр хангах станц байгуулах, Хийн түлшээр түлш LPG ажилладаг автомашины импортын НӨАТ тэглүүлэх ажил, 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн төлөвлөгөөг боловсруулах гэх мэт төслүүдэд ажиллаж байсан болох нь хариуцагчийн тайлбар, хэргийн 92-112 дахь талд авагдсан төсөл, төлөвлөгөөний танилцуулга, гэрч *******ын ...******* нь ******* ХХК-д дэд захирлаар ажиллаж, оффист нь байрлаж ажилладаг байсан, төслийн ажлаар Өмнөговь аймаг руу хэд хэд явж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж зөв дүгнэсэн.
11. Тиймээс хариуцагч ******* нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.
12. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн дэд захирлын албан тушаалд ажиллаж 1 сарын 4,600,000 төгрөгийн цалин хөлс авахаар тохирсон гэж тайлбарласан боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Харин нэхэмжлэгчээс ******* ХХК-д борлуулалт хариуцсан захирал 3,500,000 төгрөгийн цалин авч байгаа гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 170 дахь талд авагдсан байх тул хариуцагч *******ийн ******* ХХК-ийн дэд захирлын цалин хөлсийг хэрэгт байгаа баримт болох борлуулалт хариуцсан захирлын цалингаар тооцон, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажлын хөлс 42,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-аас гаргуулж хариуцагч *******т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгахгүй.
Тодруулбал гэрээний дагуу сарын цалинг 4,600,000 төгрөгөөр тохирсон гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж няцаасан баримтыг гаргаж өгөөгүй боловч анхан шатны шүүх 4,600,000 төгрөгийн хэмжээгээр биш нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн одоогийн дэд захирлын цалин, хөлсний хэмжээ болох 3,500,000 төгрөгийн хэмжээгээр ажлын хөлсийг тооцсонд хариуцагч тал гомдол гаргаагүй учраас энэ хэмжээнд шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
13. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 85,672,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 42,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,133,895 төгрөг болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх 13,200,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/05878 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 85,672,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 42,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,133,895 төгрөг болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх 13,200,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 511,314 гэснийг 586,314 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ж.ЛХАГВАСҮРЭН