Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 465

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч  Г.Билгүүжин,

шүүгдэгч В.О- нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Тайж овогт Володягийн О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905016680479 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Тайж овогт Володягийн О-, 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг Баянцагааны Дулааны станц 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх 1 дүгээр гудамж 726 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. /РД:ФА95020821/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч В.О- нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.О-тэй маргалдан улмаар иргэн М.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  В.О- мэдүүлэхдээ: “Тэр өдөр би найз Халиунтай хамт Мөнхбадрахын гэрт очиход тэнд байсан хүмүүс согтуу ууж байсан. Тэгээд би Төгөлдөртэй маргалдсан. Би Оюун-Эрдэнэтэй юу ч яриагүй. Тэгтэл М.О-согтуу биеэ хянах чадваргүй байсан ба намайг янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь би Оюун-Эрдэнийг ганц удаа алгадсан” гэв.

 

Шүүгдэгч В.О- нь М.О- зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч М.О-н “2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой найз Мөнхбадрахынд очсон. Тэнд очоод Чинзоо, Орхон, Мөнхбадрах, Төгөлдөр, Эрдэнэ нартай хөзөр тоглоод байж байтал гаднаас үл таних хоёр согтуу эгч орж ирээд Төгөлдөртэй маргалдаж хэрэлдсэн. Тэгээд Төгөлдөр нөгөө хоёр эгчийг “одоо явцгаа эрүүлд чинь яръя” гээд түлхэж гаргаад хаалгаа хаахад хаалганы гаднаас хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Мөнхбадрах хаалга онгойлгоход нөгөө хоёр согтуу эмэгтэй гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би “нийтийн байранд байна, юм ярих гэж байгаа бол гадаа гараад ярь” гэсэн. Тэгэж байтал байрны ах, эгч нар “юу болоод байгаа юм бэ” гээд ороод ирэхээр нь бид нар уучлалт гуйгаад “бид нар бүгдээрээ гарчихъя” гээд уг байрнаас гарсан. Тэр үед би Орхонтой хамт түрүүлж гараад хашааны буланд байж байтал хоёр согтуу эмэгтэйгийн нэг нь буюу Оожий гэх эмэгтэй миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод дараа нь миний үснээс зуурч байгаад хашаа мөргүүлсэн. Тэр үед би хашаа мөргөсөн. Тэгээд зогсож байтал Учрал надаа хандаж “чиний толгойноос цус гараад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад хартал миний толгойноос цус гарсан байсан. Тэгж байтал миний толгой эргээд түр зуур ухаан алдсан байсан. Тэгээд сэрээд хартал Төгөлдөр нөгөө эмэгтэйг надаас салгаад хашаанаас авч гарч байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би толгойны цусаа арилгаад байж байтал нөгөө Оожий гэх эмэгтэй надаас уучлалт гуйх гээд над дээр ирээд дахиж миний толгой руу хоёр удаа гараараа цохисон. Тэр үед Төгөлдөр, Учрал хоёр нөгөө Оожийг надаас салгасан. Учрал бид оройтлоо гээд байр руу явсан.

          ... Ямар  шалтгаанаар цохисон талаар сайн мэдэхгүй байна. Оожий гэх хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. Гараараа нүүр лүү нэг удаа цохисон. Дараа нь үсдэж байгаад хашаа мөргүүлсэн. Бас дахиад хоёр удаа гараараа толгой руу цохисон.

          ... Гомдолтой байна. Цаашдаа хийлгэх эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилмээр байна. Бас хуулийн дагуу шийдэж өгнө үү “ гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

          “... Толгойн хойд хэсэгт хагарсан. Зүүн нүд хөхөрсөн байсан. Өөр гэмтэл байгаагүй. О- гэх үл таних эмэгтэй надад уг гэмтлийг учруулсан.

          ... Одоогоор шинжилгээ хийлгэсэн. 130.000 төгрөгний баримт байгаа. Гомдолтой байна. Цаашдаа хийлгэх эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилмээр байна. Бас хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50-51 дүгээр хуудас/

 

          Гэрч С.Учирал-Эрдэнийн “... Тэгээд би Оюун-Эрдэнийг уг гэрээс авч гараад явах гэтэл дотроос уг хоёр эмэгтэй гарч ирээд Оожий гэх эмэгтэй нь манай найз Оюун-Эрдэнийг нүүр лүү нь хоёр удаа гараараа цохиод дараа нь үсдэж аваад хашаа руу мөргүүлсэн. Тэгж байтал Төгөлдөр уг Оожий гэх эмэгтэйг салгаад цааш нь авч явсан. Тэгэхээр нь бид хоёр хашаанаас гараад гэр лүүгээ явж байтал хойноос уучлалт гуйя гэж ирээд ирсэнийхээ дараа хоёр удаа гараараа алгадсан. Тэгэхээр нь би салгатал М.О-газар унасан. Тэгээд босож ирэхээр нь би дотуур байр луугаа аваад харьсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Мөнхбадрахын “... Тэгээд Чинзоо, Төгөлдөр, М.О-бид нар хөзөр тоглож байхад гаднаас О-, Халиунаа нар согтуу орж ирсэн. Тэгээд нөгөө согтуу хоёр охин хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд М.О-рүү агсраад маргалдаад байсан. Удалгүй гаднаас Учирал гэх найз нь орж ирээд Оюун-Эрдэнэг авч гарсан. Тэгэх хойгуур Оюун-Эрдэний араас Отгонжаргал, Халиунаа, Төгөлдөр нар гарсан. Гэрт Чинзоо, Орхон-Эрдэнэ бид хэд үлдсэн. Удалгүй гэрээс гартал Оюунжаргалын толгойноос цус гарсан байдалтай, юу болсон талаар асуухад Оюунжаргал намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд О-, Оюун-Эрдэнийг зодох гээд агсраад байсан. Тэгэж байгаад Халиунаа гэх найзтайгаа хамт явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Төгөлдөрийн “... Оожий гараад хэсэг байж байгаад араас нь би гартал М.О-Оожийд цохиулсан байдалтай толгойгоо бариад байж байсан. Тэгэхээр нь би Оожийг түлхэж салгаад “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлээд “одоо боль” гэж хэлсэн. “Нийтийн байранд асуудал хэрэггүй бид хэд олуулаа байна, чи одоо ингээд явчихаа” гээд салгаад явуулсан. Төд удалгүй Оожий дахиж ирээд Оюун-Эрдэнийг  дахиж нэг удаа толгой руу нь цохисон. Тэгэхээр нь би дахиж салгаад байж байтал Оюун-Эрдэнэ, Учирал нар “байр хаалгаа барихаас өмнө харилаа” гэж хэлэхээр нь таксинд суулгаад явуулсан. Тэгээд би эргэж ирээд Оожийг хөөж явуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

          Гэрч Г.Чинзоригийн “... би гараад хартал Оюун-Эрдэнэ, Оожий хоёр маргалдаад зогсож байсан. Дөхөөд хартал Оожий, Оюун-Эрдэнийг нүд рүү нь цохичихсон. Толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд Төгөлдөр бид хэд Оожийг салгаад Оюун-Эрдэнэ, Учирал нарыг гэр лүү нь явуулсан. Дараа нь Оожийг, Халиунаатай хамт явуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

          Гэрч Орхоны “ ... Тэгээд би хэсэг хугацааны дараа Оюун-Эрдэнэ, Оожий, Учирал нар гэрээс гарсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа гарахад Оюун-Эрдэнийн толгой хагарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4554 дугаартай:

          “1. М.О--н биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 25 дугаар хуудас/

 

          В.О-ийн яллагдагчаар өгсөн “ ...Би нүүр лүү нь цохисон. Тэгэхдээ толгойны хойд хэсэгт учирсан гэмтлийг би мэдэхгүй байна. Би баримтаар гарсан бодит зардлыг барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмбуруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд В.О- нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.О-тэй маргалдан улмаар иргэн М.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт хохирогч М.М.О-нь эмчилгээний зардалд нийт 128.000 төгрөг зарцуулсан талаар баримт авагдсан /хэргийн 52 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

Харин хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгч В.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүх шүүгдэгч В.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Володягийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  В.О- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй В.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  В.О-ээс 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж  Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг 33-12 тоотод оршин суух Шавар харуул овогт М.О-д/РД:РС00300501/ олгосугай.

 

7. Хохирогч М.М.О-нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ