Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01932

 

 

     

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/06876 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 46,603,553 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулан эмчилгээ эрхэлсэн гоо заслын их эмчээр ажиллаж байсан. ******* нь ******* эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэдийн үйлчилгээний төлбөрийг хувийн данс болон бэлнээр авч компанид их хэмжээний хохирол учруулан хөрөнгө завшсан тухай гомдлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгуулсан. Цагдаагийн байгууллага 4 жилийн хугацаанд шалгасны эцэст Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 826 тоот тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн ******* банкны ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг зэргээс ******* нь ******* ХХК-д 46,603,653 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн ******* дугаартай хэргийг хааж хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан.

Тус эмнэлэгт эмчээр ажиллаж байсан ******* нь өөрийн нэр дээрх ******* банкны ******* тоот хугацаагүй хадгаламж дахь дансаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл өглөөний 9 цагаас орой 18 цагийн хооронд буюу хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлын цагаар олон удаагийн давтамжтайгаар олон хүнээс нийт 231,757,040 төгрөг оруулсан байдаг. Энэ талаар 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 01/111 дугаар ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд ******* нь дээрх компанийн орлогоос өөрийн нэр дээрх ******* банкны хугацаагүй хадгаламжийн дансаар нийт 231,757,040 төгрөг оруулсан, үүнээс 46,603,556 төгрөгийн орлогыг компанид тушаагаагүй завшсан байх магадлалтай бөгөөд 185,153,487 төгрөгийг шинжээч нь санхүүгийн бүртгэл талаас нь шийдвэрлэх боломжгүйд хүрлээ гэж дүгнэсэн.

*******ийг ******* ХХК-д 231,757,040 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа боловч прокурорын тогтоол, аудитын дүгнэлтийг үндэслэн *******ээс 46,603,553 төгрөгийг гаргуулж өгнө үү.

******* ХХК болон ******* ХХК-д ажиллаж байсан эмч ******* нь ажиллаж байх хугацаандаа хөрөнгө завшсан болох нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол учруулсан гэж үзэж байгаа тул гэм хорын хохиролд *******ээс 46,603,553 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул 46,603,553 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ******* ХХК-аас үндэслэлгүй гомдол гаргасны улмаас үүссэн хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан ******* ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ******* ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар нийт 3 удаа мөрдөгчийн тогтоол үйлдэн хүргүүлэхэд шинжилгээний объект шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тухайн бүр татгалзаж байсан.

Тиймээс ******* ХХК-ийн дүгнэлтэд заасан 46,603,553 төгрөгийг *******ээс гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ******* ХХК-ийн гаргасан 46,603,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс гэм хорын хохиролд 46,603,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Аудитын дүгнэлтээр тогтоогдсон хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хариуцагч *******ийн шүүх хуралдааны явцад өгсөн тайлбар болох ******* ХХК-ийн аудит нь шаардлага хангаагүй баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн, хэрэг бүртгэлийн хэргийн хавтаст хэрэгт хууль сануулсан баримтад шинжээч гарын үсэг зураагүй, ******* ХХК-д би ажиллаж байгаагүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээ хийлгэсэн, мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 826 тоот тогтоолд дурдагдсан аудитын дүгнэлтийг шаардлага хангаагүй баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь буруу. Аудитын дүгнэлт шаардлага хангаагүй бол мөрдөн шалгах ажиллагааны явцад, мөн иргэний хэргийн шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шинжээч дахин томилуулж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхээ хариуцагч эдлээгүй, эс үйлдэхүйгээрээ хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх прокурорын тогтоолд дурдагдсан аудитын дүгнэлтийг няцааж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчаас хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ гэх асуултад огт хариулаагүй бөгөөд асуултад хариулахыг шаардахад шүүгч та нар энэ хүнд хэдэн төгрөгийн цалин өгч байснаа мэддэггүй юм уу гэж хариуцагчийн өмнөөс хаацайлах өнгө аястай хариулсан. Хариуцагч ******* ХХК-д би ажиллаж байгаагүй гэж хуралд өөрийн биеэр оролцож, хамтдаа 5 жил ажилласан захирлаа хэлэх үггүй болтол худлаа хэлсэн. Мөн түүнчлэн хариуцагч өөрийн нь дансаар орсон их хэмжээний орлогыг тайлбарлахдаа энэ компани үйлчлүүлэгч багатай болохоор би давхар Синдерелла кпиник, Имфинити гоо сайхны эмнэлгүүдэд давхар ажиллаж, орлого олдог байсан гэж хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

******* нь тус эмнэлэгт өглөөний 9 цагаас орой 18 цаг хүртэлх ажлын цагтай, давхар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Тэрээр тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн үйлчилгээний хөлсийг өөрийн хувийн дансаар хураан авах эрх, үүрэг байхгүй, өөрөөр хэлбэл санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажил огт хариуцаж байгаагүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тэй түүний үүсгэн байгуулсан эмнэлгүүд болох ******* ХХК болон ******* ХХК-д эмчээр ажиллаж, хөдөлмөрийн хөлс, ажлын цаг, аль эмнэлэг дээр нь нийгмийн даатгал төлж ажиллах талаараа харилцан тохиролцож ажиллаж байсан. Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сараас 2019 оны 04 дүгээр cap хүртэл ******* ХХК-д бүртгэлтэй, 2019 оны 5,6,7 дугаар сард ******* ХХК-д бүртгэлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлж ажиллаж байсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. ******* нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байгаагүй бөгөөд ******* ХХК-д ажиллаж байсан. ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч тал *******ийг ажиллаж байсан болохыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Мөн тойрох хуудас зуруулж, тооцоо нийлсний дараа ажлаасаа гарсан. ******* ХХК болон ******* ХХК нь 2 өөр регистрийн дугаартай тусдаа байгууллагууд бөгөөд тус 2 байгууллагыг 1 байгууллага болохыг нотолсон баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд өгөөгүй тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

 

******* ХХК нь санхүүгийн анхан шатны баримтгүйгээр зөвхөн дансны хуулгыг ашиглан дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг эс зөвшөөрч, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын эдийн засгийн шинжээч томилуулахаар 3 удаа хүсэлт өгсөн. ******* ХХК-тай холбогдуулан удаа дараа гомдол гаргасан боловч Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас татгалзсан. Аудитын дүгнэлтийг хуульд нийцсэн үндэслэлтэй нотлох баримт гэж үзэхгүй байна.

*******ийг худал тайлбар гаргасан гэж нэхэмжлэгч тал дурдсан. ******* нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд *******ийн дансны хуулгаас үзвэл, бусад хамтарч ажилладаг байгууллага болон иргэдээс орж ирсэн орлогуудаар ******* нь өөр газарт ажиллаж байснаа нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохирол 46,603,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...******* ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарыг хүртэл хугацааны үйлчлүүлэгчдийн төлбөрийг хувьдаа авч завшсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг эрх бүхий байгууллага тогтоогоогүй гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь 2020 онд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан гомдол гаргасныг хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 826 дугаартай тогтоолоор ******* нь ******* ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эмчээр ажиллахдаа тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн үйлчилгээний төлбөрөөс өөртөө авч завшин 46,603,653 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан үйл баримт тогтоогдсон. /1хх-9-11/

 

5. Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. /1хх-66/

Хэргийн 135-220 дахь талд авагдсан ******* ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 222/111 дугаартай дүгнэлтэд ******* нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд компанийн орлогоос өөрийн нэр дээрх ******* банк дахь ******* тоот дансаар нийт 231,757,040 төгрөг оруулсан бөгөөд үүнээс 46,603,553 төгрөгийн орлогыг компанид тушаагаагүй завшсан байх магадлалтай гэж дүгнэжээ. /1хх-135-220/

Дүгнэлтийн үндэслэх хэсэгт ...бид зөвхөн *******ийн ******* банк дахь ******* тоот хугацаагүй хадгаламжийн дансаарх гүйлгээнээс ******* ХХК-тай хамааралтай байх магадлалтай гэсэн гүйлгээнд судалгаа хийж холбогдох тодруулга мэдээлэлд түшиглэн нотлох баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн ... ******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас гадуур мөнгөн хөрөнгөтэй харьцаж компанийн орлогыг өөрийн ******* банкны дансаараа авч ресепшн болон *******ийн ******* банк дахь дансаар дамжуулж компанийн кассын бүртгэлд бүртгүүлж байхдаа дутуу шилжүүлэх буюу шилжүүлэхгүй орхигдуулах байдлууд гаргасан байх магадлалтай. *******ийн өөрийн дансаар орсон орлогоос зарцуулсан гэх баримтуудад тулгалт хийж үзэхэд бүгд компанийн дансаар дамжсан байсан... гэж дурдаж, хариуцагчийн банкны дансны гүйлгээний түүврийн нарийвчилсан дүнг хавсралтаар гаргасан.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дээрх дүгнэлт нь тусгай мэдлэг шаардагдах асуудлын хүрээнд гарсан ба уг баримтыг үгүйсгэж, няцаасан баримт хариуцагч гаргаж өгөөгүй байна.

Мөн дээрх дүгнэлтийг ******* эс зөвшөөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийхээс татгалзсан нь ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

7. Түүнчлэн хариуцагч *******ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан ******* ХХК-ийн дүгнэлттэй холбоотойгоор шинжээчээр томилж, эрх үүрэг танилцуулсан тогтоолд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар гомдол гаргаагүй, улмаар дээрх прокурорын тогтоолоор шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна. Энэ тохиолдолд хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 1 дүгээр хавтасны 66 дахь талд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг үндэслэн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын зуруулаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

 

8.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэл, түүнтэй холбоотой баримтыг үгүйсгэх аливаа баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

9. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 826 дугаар тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн нь эрх зүйн харилцаа үүсгэх үр дагавар агуулсан факт тогтоогоогүй, харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож буй эрх зүйн акт юм. Иймд энэ тогтоолоор хариуцагчид үүрэг үүссэн болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох ******* ХХК-ийн дүгнэлтэд *******ийг ...2018 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд компанийн үндсэн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа" гэж тусгасан боловч хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09/16 дугаар *******ийг ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/19 дугаар Ажилчдын ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 05/19 дугаар *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудаар хариуцагч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс ******* ХХК-д арьс гоо заслын эмчээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад 2019 оны 05 сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл ******* ХХК-д ажилласан болох нь тогтоогдож байна. /1хх-79,80, 238, 245-246/

 

10. Тодруулбал зохигч шаардлага, тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч *******ийг 2016 оноос ******* ХХК болон ******* ХХК-д давхар ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 80 дахь талд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод ******* ХХК-аас 2019 оны 5-8 дугаар сарын *******ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ба энэ нь тухайн байгууллагад ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэл болно, энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчжээ.

 

11. Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-аас шаардах эрхийг шилжүүлэн авч гэм хорын хохирлыг шаардаж байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар мөн тогтоогдоогүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Дээрх баримтыг үндэслэн 2019 оны 5-8 дугаар сард хамаарах хохирлыг хариуцагч нь хариуцан арилгах үүрэгтэй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан ******* ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 222/111 дугаартай дүгнэлтийг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэгч ******* ХХК-д ажилласан хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сараас 08 дугаар сар хүртэл /05 сар 1,670,000, 06 сар 2,860,000, 07-08 сар 450,000/ 4,980,000 төгрөгийн төлбөрийг дутагдуулсан гэж үзнэ.

 

12. Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг шаардах эрхтэй тул хариуцагч *******ээс 4,980,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 41,623,553 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/06876 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******ээс 4,980,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 41,623,553 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 94,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,967 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН