| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 6310 |
| Дугаар | 2024/ХШТ/25 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ХШТ/25
Л.В-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
БНМАУ-ын Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолтой, Л.В д холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1939 оны байдлаар Л-ийн В нь Завхан аймгийн Чандмань-Өлзийт сумын 9 дүгээр багийн харьяат, 21 настай, эрэгтэй, 8 дугаар дивизийн Мотор хорооны 1 дүгээр хуягт сумангийн 2 дугаар салааны 1 дүгээр бууны наводчик албан тушаал хашиж байсан.
Л.В нь 1937 оны 08 дугаар сард хувьсгалын эсэргүү ардын дайсны байгууллагад элсэгдэн орж, мөнхүү байгууллагын идэвхтэй нэгэн этгээд Чын даалгавраар хувьсгалт цэргийн дотор зэвсэг техникийг эвдэн сүйтгэх, үймүүлэн самууруулах ажлыг явуулах үүргийг хүлээн авч байлдааны хуягт машины пулемётын зоолт бариулыг санаатайгаар хугалсан, бас хуягт тэрэгний аккумляторыг эвдэж сүйтгэсэн. Байлдааны фронт дээр Монголын хувьсгалт цэргийн байлдааны хүчин чадлыг сулруулан, хувьсгалт цэргийн санал сэтгэлийг алдагдуулж, Японд дийлдэх зорилгын үүднээс эсэргүү ажлуудыг явуулсан. Тухайлбал: 07 дугаар сарын 06-ны өдөр дайсны зүг явж байхад өөрийн болон бусдын 2 хуягтыг шаварт суулгаж байлдааны үүргээс ухран хоцорсон, мөн хуягтаар тагнуулд гарах үүргийг авсан атлаа зориуд “Миний хуягт эвдэрхий” гэж яваагүй ба дараа нь шалгахад түүний хуягт нь ямар ч эвдрэлгүй байсан. Японоос хаясан “Маршал Чойбалсан ба Дотоод яамны гавшгай ажилчдыг алах тухай” ухуулга хуудсыг олж тушаал ёсоор хураалгаж гүйцэтгэхийн оронд цэргүүдэд уншиж ухуулан таниулсан зэргээр МАХН засагт эсэргүү хандаж, хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагад элсэн орж, цэргийн дотор хорлон сүйтгэх ба самгардуулах ажлыг биелүүлэн явуулж байсан гэмт хэрэгт холбогдсон байна.
БНМАУ-ын Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 80 дугаар тогтоолоор Л.В д Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 45, 47 дугаар зүйлд зааснаар буудан алах ял шийтгэжээ.
Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Л.В-ыг хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нөхцөл байдлаар тогтоогдож байна. Үүнд:
1.Хэргийн баримтаас үзэхэд Л.В-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 45 дугаар зүйл /Улсын ба аж ахуйн аль ч байгуулалтын явдалд хувьсгалын эсэргүү хор хөнөөл хүргэх/, 47 дугаар зүйл /Ардын хувьсгалт засгийг эсэргүүцэх зорилгоор албан татваруудыг үл төлөх, цэргийн болон бусад албан үүргийг үл гүйцэтгэхийг уриалан дуудах чанартай суртал нэвтрүүлэх буюу ятгах хийгээд мөн хувьсгалд эсэргүүцэх зорилготой ном дэвтэр бичгийг зохиох, хэвлэх ба тараах буюу хадгалсан, мөнхүү явдлуудыг дайн байлдааны цагт үйлдсэн/-д заасан санаа зорилгыг агуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нотлон тогтоосон ямар ч баримт хэрэгт байхгүй бөгөөд өөрийнх нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг байсаар байхад хөндлөнгийн баримтаар нотлолгүй улс төрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.
2.Хэрэгт Хуягт дивизийн 1 дүгээр сумангийн 2 дугаар салааны жолооч Д, наводчик Н, сумлагч Д, 3 дугаар салааны дарга Г нарыг тус тус байцааж мэдүүлэг авсан ч Л.В ыг эсэргүү тагнуулын байгууллагад элссэн гэдгийг нотолж чадаагүй. Түүний зэвсэг техникээ эвдсэн үйлдэл нь эсэргүү шинж чанартай байсан гэдгийг баталж тогтоосон баримт байхгүй, дээрх гэрчүүдтэй нүүрэлдүүлэн байцааж Л.В ыг тагнуул үйлдсэн байлдааны зэвсэг техникийг санаатайгаар эвдлэн сүйтгэж хорлож байсан нь үнэн эсэхийг нотлон тогтоогоогүй байна.
3.“Л.В ыг эсэргүү тагнуулаар элсүүлсэн” гэх 6 дугаар дивизийн Хуягт дивизийн салааны дарга байхдаа 1939 онд хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдан, Цэргийн дээд шүүхийн 1939 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор буудан алах ял шийтгүүлсэн Гомбын Чад холбогдох хэргийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комисс 1958 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянаад 27 дугаар тогтоолоор шийтгүүлсэн хэрэг нь хилс болохыг тогтоож, улс төрийн хэрэгт холбогдолгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.
4.Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн баримтуудаас дүгнэхэд Л.В нь хувьсгалд эсэргүүцэх зорилгоор хорлон сүйтгэх ажиллагаа явуулж нам, засаг төрийн эсрэг хандсан шинжгүй, тагнуулын байгууллагад элссэн гэх баримтгүй байхад түүнийг улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр буудан алах ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэж заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
5.Л.В-ы шийтгүүлсэн Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 45, 47 дугаар зүйлүүд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в/-д “Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн” гэсэн үндэслэлд хамаарч байна.
Иймд БНМАУ-ын Зүүн хязгаарын цэргийн шүүх таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Завхан аймгийн Чандмань-Өлзийт сумын 9 дүгээр багийн харьяат, Л-ийн В ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Л.В-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.
2.БНМАУ-ын Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Л.В ыг “... нам, засагт эсэргүү хандаж, Японы тагнуулын байгууллагад элсэн орж цэргийн дотор хорлон сүйтгэх ба самгардуулах ажлыг биелүүлэн явуулж байсан ...” гэж үзэн 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 45, 47 дугаар зүйлд зааснаар буудан алах ялаар шийтгэжээ.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Л.В нь засаг, төрийн үйл ажиллагаанд эсэргүү хандаж, Япон Улсын тагнуулын байгууллагад элссэн нөхцөл байдал тогтоогдоогүй, цэргийн зэвсэг, техникийг эвдсэн, байлдааны үүргийг биелүүлээгүй, Японы ухуулах хуудсыг хамт явсан цэргүүдэд уншиж өгсөн зэрэг үйлдлүүд нь Монгол Улсын цэргийн байлдааны хүчин чадлыг сулруулах, цэргүүдийн санаа сэтгэлийг алдагдуулах зорилготой байсныг шалгаж тогтоогоогүй бөгөөд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь үнэн зөв болохыг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримтгүй байх тул хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн түүнийг хувьсгалын эсэргүү байгууллагын идэвхтэй гишүүн Г.Ч-ын даалгавраар дээрх үйлдлүүдийг хийсэн хэмээн буруутгасан боловч Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах комиссын 1958 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 6 дугаар дивизийн хуягт дивизоны салаан дарга Г.Ч-ыг 1939 онд хувьсгалын эсэргүү хэрэгт хяналт шалгалтгүйгээр баривчлан хилсээр тулгаж шийтгэсэн болохыг тогтоож хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдолгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 45, 47 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д хамаарч байх тул Л.В-ы “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч БНМАУ-ын Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Л.В ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.БНМАУ-ын Зүүн хязгаарын Цэргийн шүүн таслах газрын 1939 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Л-ийн В-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ