Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: С**** сумын ** дугаар багийн оршин суугч К.Бийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын К.Б намайг С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, гуравдагч этгээд К.Бауыржан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч К.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Б миний бие аймгийн С**** сумын 5-р багт оршин суудаг. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Нэр дэвшүүлэх тухай 18 дугаар тогтоолоор намайг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн С**** сум хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэрийг маань дэвшүүлснээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Албан тушаалд томилох тухай Б/17 дугаар тушаал гарч миний бие С**** сум хариуцсан мэргэжилтний орон тоонд туршилтын хугацаагаар, дараа нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар С**** сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаж байсан юм. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэс нэгдэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болж зохион байгуулагдсантай холбогдуулан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай Б/08 дугаар тушаал гаргаж тус байгууллагад ажиллаж байсан нийт ажилтан , албан хаагч нарыг цалингийн сантай хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн байдаг. Ингэснээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ерөнхий газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо батлах тухай Б/21тоот тушаал гаргасан байдаг. Уг тушаалын хавсралтаас үзэхэд миний өмнө ажиллаж байсан С**** сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч уг орон тооны чиг үүрэг өөрчлөгдөөгүй байсан. Тийм учраас би шилжиж ирсэн газартаа 2016 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж 8,9,10 дугаар сарын цалингаа бүтэн авсан. Харин 2016 оны 11 дүгээр сард ажилласан цалин хөлсийг аваагүй. Үүний учрыг байгууллагын нягтлан бодогчоос асуухад Та ажлаас халагдсан учраас цалин тавиагүй гэсэн хариултыг өгсөн. Энэ талаар бусад ажилтнуудаас асууж лавлатал зөвхөн минийх биш Хөдөлмөрийн хэлтсээс шилжиж ирсэн хүмүүс дотроос 5-6 гаруй хүний цалинг ажил олгогчоос тавьж олгоогүй байсан болохыг олж мэдсэн юм. Бид үүний учрыг мэдэхийн тулд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад хандаж асуухад ... Та нар Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Уг тушаалд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тулд та нар ажлаас чөлөөлөгдсөн гэсэн үг. Одоо та нар 3 сарын тэтгэмжээ авч ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэсэн утгатай хариултыг өгсөн. Миний хувьд уг тушаалыг гардан аваагүй, тус тушаалд юу бичсэнийг ч мэдэхгүйгээр, ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийгээд, цалин хөлсөө авч ирсэн юм. Тэгсэн хирнээ миний ажиллаж байсан буюу маргаан бүхий орон тоонд ямар нэгэн шалгуур, шалгалтгүйгээр гаднаас К.Бауыржан гэгч шинээр томилогдсон байна. Миний бие хувьдаа банканд зээлтэй ба ажлаас халагдсан тул зээлээ буцаж төлөх ямар ч боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлээ асарч хамгаалахад орлогын эх үүсвэргүй болж ялангуяа өвлийн цагт цаашид амьдрахад хэцүү байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын намайг С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн хяналтын объект мөн учраас уг хуульд зааснаар томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан сөрөг нөлөө бүхий захиргааны акт гаргахдаа надад мэдэгдэх, сонсгох зэрэг ажиллагаануудыг заавал хийхийн зэрэгцээ надад тайлбар гаргах боломжит хугацаа олгох ёстой байсан юм. Миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулахаар мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд Баян- Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч тэд 2017 оны 1-р сарын 05-ны өдрийн 05 дугаар албан бичгээр миний гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болохыг илэрхийлж, энэхүү төрийн албаны маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж хариу өгсөн юм. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын намайг С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгаж , ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжанаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч К.Б 2014 оноос хойш Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сард тус байгууллагын бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөж, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Хөдөлмөрийн хэлтэс нь Халамжийн үйлчилгээний хэлтэстэй нэгдээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсонтой холбогдуулан шилжсэн байсан. Улмаар 2016 оны 8, 9, 10, 11 дүгээр сар хүртэл цалингаа аваад хэвийн ажиллаж байхад түүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байсан. Нэхэмжлэгч К.Б ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ хэзээ мэдсэн бэ гэвэл 2016 оны 11 дүгээр сард цалин хөлс ороогүй тул юу болсныг лавлахад тус байгууллагын одоогийн даргаар ажиллаж байгаа Б.Сьезхан нь ... та нар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс чөлөөлөгдсөн, надад та нарыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилд ав гэсэн дээрээс ямар нэгэн чиглэл ирээгүй учир та нар тэрүүгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгоорой, та нарыг ажилд авах боломжгүй учир 3 сарын цалингийн олговор аваад цомхтголд орсон гэж ойлгоорой ... гэсэн агуулгатай тайлбар өгснөөр мэдсэн. Гэхдээ нэхэмжлэгч К.Б үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны асуудлыг зохицуулсан. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа гол үндэслэл болгож байгаа үндэслэл нь хуучин байсан хоёр хэлтэс нь татан буугдаад цоо шинээр өөр байгууллага бий болсон мэтээр тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хуучин байсан Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн үйлчилгээний газар нь нэгдээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэх нэг байгууллага болсон нь нотлогдож байна. Энэ хоёр байгууллагад нийт 65 ажилтан ажиллаж байсан. Хуучны Хөдөлмөрийн хэлтэст байсан ажлын байрны тодорхойлолт болон шинээр бий болсон бүтэц орон тооноос харахад С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. К.Бийн орон тоо нь байсаар байхад ажилд авахгүй байгаа ажил олгогчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж үзээд шүүхэд дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч К.Б төрийн жинхэнэ албан хаагч болох нь хавтаст хэрэгт авагдсан тангараг өргөсөн тангараг өргөсөн хуудсаар нотлогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл ийнхүү ноцтой зөрчигдсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөрийн хэлтэс гэж урьд өмнө ажиллаж байхад энэ хэлтэс 2016 оны 08 дугаар сарын 03-ний өдөр Засгийн газрын 09 тоот тогтоолоор татан буугдсан байдаг. Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд /Н.Номтойбаяр / нь дүүрэг, аймгуудын хөдөлмөрийн хэлтсүүд татан буугдаж байгаатай холбогдуулан тус аймагт ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан А.Г 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр б/20 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна. Харин А.Г нь өөрөө ажлаас 2016 оны 08 дугаар сарын 18-нд чөлөөлөгдсөн мөртлөө хууль зөрчөөд Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтан, ажилчдыг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр б\08 тоот тушаалаараа ажлаас нь чөлөөлсөн байдаг . А.Г нь ямар ч эрх мэдэлгүй үедээ энэ байгууллагын ажилтнуудыг чөлөөлсөн эсэх нь зөв буруу эсэхэд шат шатны шүүхүүд ач холбогдол өгч шийдвэртээ тусгах байх. Эдгээр ажлаас чөлөөлөгдсөн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудын нэрсийн дотор К.Б гэдэг хүний нэр байна. К.Б нь Би 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл С**** сумд Хөдөлмөрийн хэлтсийн нэр дээр сум хариуцсанХөдөлмөрийн байцагчаар тасралтгүй ажиллаж байсан бөгөөд сүүлийн хэдэн сарын цалин ирээгүй лавлахад би аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтан болоод явж байсан юм байна. Гэтэл энэ байгууллагын ажилтан намайг ажиллуулахгүй цалин олгохгүй байна. Ер нь би Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнаас чөлөөлөгдсөнөө хүртэл мэдээгүй, халагдсан тушаалаа аваагүй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргатай уулзаад бүх юмыг мэдсэн мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байна. Тайлбарлахад: К.Б нь хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн мэдсэнээс хойш тодорхой хугацааны дотор /Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 , 129.2 мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.7-д/ холбогдох байгууллага шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргах байтал гаргаагүй байна. Тэрээр нэхэмжлэлдээ Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2016оны 08 дугаар сарын 18-ны өдөр 08 дугаартай тушаалаар Ажлаас чөлөөлсөн байдаг гэж ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн байна. Түүнээс хойш 6 сар өнгөрсний дараа Би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан болох ёстой гэж нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэхэд үндэслэлтэй бөгөөд хуулинд нийцэхгүй байна гэж үзэж байна. Түүнээс гадна К.Б нь аймгийн болон төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлд ямар ч гомдол гаргаагүй байна. К.Б нь Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн гэх мөртлөө ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваагүй, тушаалд юу гэж бичсэнийг ажлаа хэвийн хийж цалин хөлсөө авч байсан гэжээ. Түүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын өмнөөс ямар албан тушаалтан ажлаас чөлөөлөөгүй. Мөн энэ газар нь ямар ч К.Б гэгч хүнийг танихгүй , ажиллуулж байгаагүй ба цалинг нь ажилласан байна гэж дүгнэж ,тооцож олгож байгаагүй юм. К.Бийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажлаас нь чөлөөлөөгүй болохоор чөлөөлсөн тушаалд юу гэж бичигдсэнийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар , түүний удирдах албан тушаалтан бид ч мэдэхгүй байна. Харин К.Б нь ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж цалингаа авч байхдаа ажилласан ажлын цагийн бүртгэлээ хэнд бүртгүүлсэн, ямар ажил, үүрэг гүйцэтгэсэн тухайгаа, хэн гэгч албан тушаалтанд яаж тайлагнаж, үүрэг, даалгавар, удирдамж чиглэл авч байсан болох нь тодорхой бус байна. Лав аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ хүн ажиллаагүй. Манайд бүртгэлд байхгүй байгаа. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс К.Б гэдэг хүний цалин хөлс тавьж олгогдоогүй байгаа. К.Б гэдэг хүн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, надад ирж байгаагүй. Хөдөлмөрийн хэлтсийн дарга 8 дугаар сард ажилчдаа чөлөөлөхөд К.Б тэр чигээр нь явсан байх. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр С**** сумд шинээр ажилтан томилуулж ажиллуулаад удаж байна. Зөрчил дутагдалгүй чадвартай ажиллаж байгаа юм. Иймд К.Бийн гомдол, нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хүлээн авах боломжгүй юм болохоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: К.Бауыржан нь тухай байгууллагад 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн С**** сумын хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж ирсэн. К.Б нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/17 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнээр томилогдсон байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан ажлын туршлага, ажилласан жилийг харгалзан К.Бауыржаныг С**** сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон болно гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэгчийн гомдлын шаардлагатай танилцаж шүүхэд тайлбараа гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал ...миний орон тоо хэвээр байгаа, би түүнд ажиллах ёстой ... гэж тайлбарлаж байна. Гэхдээ ерөнхий нэг зүйлийг ярихад, орон тоо, бүтэц зохион байгуулалт хийгдэхээс өмнө хоёр хэлтэс нэгдэхэд 66 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь дээрээс бүтэц орон тоо батлагдахад 44 орон тоо батлагдаж, 22 ажилтан илүү болсон. Тэгээд ажил олгогч бүтэц зохион байгуулалтдаа тааруулаад ажилтнуудаа авч ажиллуулсан. Нэхэмжлэгч К.Б 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажиллаад цалин хөлсөө авч байсан, нэг мэдэхэд орон тоо хасагдаж намайг ажлаас чөлөөлсөн байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэхдээ энэ бол тийм биш. Нэхэмжлэгч К.Б орон тоо нь цөөрсөн, ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргасан гэдгээ мэдсэн. Гэтэл мэдсэнээс хойш 6 сарын дараа шүүхэд гомдол гаргасан байна. Тийм учраас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд: - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга батлагдсан бүтэц орон тоондоо тааруулаад ажилтнуудаа авч ажиллуулсан,
- Нэхэмжлэгч К.Б шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн,
- Харьяалах байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэхээр хандаагүй.
Түүнээс гадна нэхэмжлэгч К.Б төрийн жинхэнэ албан хаагч, Увс аймагт төрийн албаны шалгалт өгч ажилд орсон гэж хэлж байна. Төрийн албан хаагч төрийн албаны шалгалт өгөхдөө тухайн орон нутагтаа, сул орон тоонд шалгалт өгөх ёстой. Баян-Өлгий аймагт шалгалт өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Увс аймагт төрийн албаны шалгалт өгсөн эсэх нь бас нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учир төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх нь тодорхойгүй байна. Тийм учраас энэ орон тоонд ажиллах ёстой хүн мөн үү гэдэг асуудал яригдах ёстой. С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан түшмэлээр К.Бауыржан гэдэг хүн ажиллаж байгаа. К.Бауыржан тухайн байгууллагад 2008 оноос хойш ажиллаж байгаа. Орон тоо нь байлаа гэхэд урьд нь ажиллаж байсан К.Бауыржан томилогдсон байна. Өөрөөр хэлбэл гадны хүн томилогдоогүй, урьд ажиллаж байсан хүн энэ албан тушаалд томилогдож ажиллаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. Гуравдагч этгээд К.Бауыржанаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга надыг үндэслэлгүй ажлаас халж миний оронд ямар нэгэн шалгуур, шалгалтгүйгээр гаднаа К.Бауыржан гэгчийг шинээр томилсон байна гэж худлаа бичсэн байна. Би 2006 онд Монгол Улсын Их сургуулийг, 2011 онд Сэрүүлэг дээд сургуулийг тус тус төгссөн хүнсний химич, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент мэргэжилтэй хүн билээ. Би 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2010 оны 01-р сарын 10- ны хүртэл С**** сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн ажилтан, 2010 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2013-оны 04-р сарын 09-ний өдөр хүртэл С**** сум хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр, 2013 оны 04-р сарын 09-ны өдрөөс 2016 оны 11-р сарын 30-ныг хүртэл С**** сумын Засаг даргын Тамгын газарт ажилласан хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулан гэрээгээ жил болгон хангалттай үнэлгээгээр дүгнүүлж байлаа. Ажлын амжилтаараа 2010 оноос одоо хүртэл ажлын үзүүлэлтээр эхний 4 дүгээр байрт орж байсан. Аймгийн аудитын газар, мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар санхүүгийн ямар нэгэн зөрчил гаргалгүй үүрэгт ажилдаа сэтгэл, зүтгэл гарган идэвх санаачилгатай сайн ажиллаж ирсэн юм. Үүний нэг яруу тод баталгаа бол 2016 онд Нийгмийн хамгааллын яамны Хүндэт жуух-аар шагнуулсан явдал болно. Би дээрх хугацаанд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэргэжил дээшлүүлэхээр зохиогдсон 6 удаагийн сургалтад хамрагдлаа. К.Б нь 2016 оны 8-р сарын 18-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар чөлөөлөгдөж 8-р сарын 18-аас хойш ажлын байранд сууж ажлаа хийгээгүй тул үүнийг С**** сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын даргаас лавлаж тодруулахыг хүсье. К.Б нь ажлаас халагдсаны тэтгэмжээ авсан байгаа. К.Б цалингийн зээлтэй бол би ч гэсэн ХААН банк болон Төрийн банканд зээлтэй байгаа. Зээлийн үлдэгдэл 7,900,000 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би энэ албан тушаалд 2008 оноос хойш одоо хүртэл ажиллаж байна. Би 2012 он хүртэл хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудлыг хамтад нь хариуцаж хийгээд ирсэн. 2014 онд хөдөлмөрийн мэргэжилтэн гээд тусдаа орон тоо гаргаж тухайн орон тоонд К.Бийг авч ажиллуулсан. Дараа нь 2016 оны 08 дугаар сард бүтцийн өөрчлөлт орж хоёр байгууллага нэгдэж цоо шинэ агентлаг байгуулагдаж, энэ ажилд урьд ажиллаж байсан намайг томилсон. Би төрийн албаны шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагч. Холбогдох нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Тийм учраас нэхэмжлэгч К.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Муратаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд К.Бауыржан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2008 оноос өдий хүртэл гэрээт ажилтан, халамжийн мэргэжилтнээр тус тус ажиллаж ирсэн гэдгээ хэлсэн. К.Бауыржан нийгмийн халамжийн талаар мэргэшсэн мэргэжилтэн. Энэ талаар сертификат, үнэмлэх зэрэг холбогдох нотлох баримтууд хавтаст хэргийн 79-83 дугаар хуудсанд авагдсан байгаа. К.Бауыржан 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрийн албаны шалгалтад орж тэнцсэн. Үүнийг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нотолж 235 тоот албан бичиг ирүүлсэн. Мөн 2011 оны 07 дугаар сарын 18-ний өдөр тангараг өргөсөн. Нэхэмжлэгч К.Б тус шүүхэд хандаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын С**** сум хариуцсан мэргэжилтнээр К.Бауыржан биш би томилогдох ёстой, миний эрх ашиг хөндөгдлөө гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар шүүхэд хүсэлт гаргаснаар К.Бауыржаныг энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Үүний дагуу К.Бауыржан энэ хэрэгт эрхээ хамгаалуулахаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хэргийн материалтай танилцаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх эрхээ эдэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад К.Бауыржан шүүхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч харамсалтай нь шүүх үүнийг хүлээж аваагүй. Учир нь, К.Б би К.Бауыржанаас илүү эрх эдлэх ёстой, би төрийн албаны шалгалтыг Увс аймагт өгч Баян-Өлгий аймагт нэр дэвшиж тангараг өргөсөн учир К.Бауыржанаас илүү байсан, хариуцагч сонгон шалгаруулалтыг буруу явуулж, тухайн орон тоонд намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч К.Бийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан журамд зааснаар төрийн албаны шалгалтыг өгч байгаа этгээд тухайн орон нутагт ажиллаж амьдрах талаар хүсэлт гаргасан байх ёстой. Энэ хүсэлтийг Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс мөн адил хүлээж аваагүй. К.Б нь К.Бауыржаны албан тушаалд булаацалдан, К.Бауыржанаас илүү байна гээд энэ албан тушаалд томилогдох эрхгүй. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн үйлчилгээний газар гэх хоёр байгууллагыг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгосон. Шинээр баталсан бүтэц орон тоогоор бүтэц орон тоо хасагдаж, бүтцийн өөрчлөлтөөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 57 дугаартай тушаал гарч, С**** сум хариуцсан мэргэжилтнээр К.Бауыржаныг томилсон. Энэхүү томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл К.Бауыржан энэ ажил, албан тушаалд К.Бөөс илүү хугацаанд ажилласан. Энэ сонгон шалгаруулалт зөвхөн ажил олгогчид хамааралтай учир тухайн албан тушаалд К.Бауыржаныг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон. К.Бауыржан нь К.Б ажилд томилогдохоос өмнө хөдөлмөр эрхлэлтийн сум хариуцсан мэргэжилтнээр давхар ажиллаж байсан. Дараа нь 2012 онд Засгийн газрын тогтоолоор бүтцийн өөрчлөлт орж сум хариуцсан мэргэжилтний ажлыг тусгаарласан. Гэтэл дараа нь дахиад өөрчлөлт ороод Хөдөлмөрийн хэлтсийн С**** сум хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгож тухайн орон тоонд К.Бийг томилсон байна. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч татан буугдсанаар хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг К.Бауыржаны хийж байсан ажилтай нэгтгэж өгсөн. Улмаар К.Бауыржан 2010 оноос хойш хийж байгаа ажлаа өнөөдөр хүртэл хийж байна. Тийм учраас нэхэмжлэгч К.Бийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 тоот тушаалыг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч К.Б нь шүүхэд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын К.Б намайг С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ алба хаагчийн батлагаагаар хангагдах эрх зөрчигдсөн гэх гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зйүлийн 39.4-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан, салбар зөвлөлөөс шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг[1] 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр авснаар хуулийн 39.7-т заасан хугацаа болох 30 хоногийн дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд хандсан тул нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч К.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч К.Б нь 2015 оны 03 дугаар сарын 24-нээс Хөдөлмөрийн хэлтсийн С**** сум хариуцсан мэргэжилтнээр[2], 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс С**** сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр[3] тус тус томилогдон ажиллаж байсан ба аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тушаалын хавсралтаар[4]түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын хавсралтын холбогдох хэсгээр[5] 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосноор ажлаас чөлөөлөгджээ. Гуравдагч этгээд К.Бауыржан нь 2008 оноос С**** сумын нийгмийн халамжийн түшмэлээр[6] түр, 2010 оны 1 дүгээр сараас С**** сум хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр[7], 2010 оны 3 дугаар сараас С**** сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр[8] ажиллаж байгаад аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17 ны өдрийн тушаалын хавсралтын[9] холбогдох хэсгээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дугаартай тогтоолоор өмнө нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс ажиллуулахаар тогтоосон Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэртэй байгууллага ажиллуулахаар тогтоожээ. Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэх байгууллагыг ажиллуулахаар тогтоосныг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, үйлчилгээний хүрээнд хэрэгжүүлэх аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн эрхэлж байсанүйл ажиллагаа дуусгавар болоогүй, тэдгээрийн үйл ажиллагаа, эрх үүргийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нэртэй байгууллагыг өөрчлөн байгуулсан гэж үзэхээр байна. Ийнхүү өөрчлөн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын хавсралтаар[10] шинээр баталсан ба сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог 19 болгосныг үндэслэн 13 сум тус бүрт 1, Өлгий сумд 6 орон тоогоор ажиллуулахаар тогтоосон үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин нэхэмжлэгч С**** сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд ямар нэгэн шалгуур, шалгаруулалтгүйгээр гаднаас К.Бауыржаныг томилсон нь хууль бус гэж маргажээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан. С**** сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний болон С**** сумын халамж үйлчилгээний мэргэжилтний орон тоог нийлүүлж нэг орон тоо болгон цөөрүүлсэнтэй холбогдуулан томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч ... К.Бауыржаныг ажлын дадлага, туршлага, ажилласан жилийг харгалзан томилсон гэж тайлбарласан[11] нь үндэслэлтэй ба хуулийн дээрх заалттай нийцсэн гэж үзлээ. Тодруулбал, 2010 оноос хойш маргаан бүхий албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байсан, дадлага, туршлагатай, төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хууль бус шалгаруулалтгүйгээр гаднаас авч ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин орон тоо цөөрсөн /хасагдсан/ үндэслэлээр хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг нэхэмжлэгчид олгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Шинээр бий болсон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга ажилтнуудыг шилжүүлж авах тушаал гаргаагүй, энэ процесс явагдаагүй нь хууль бус гэж маргаж байгаа боловч энэ үйл ажиллагаа явагдснаар нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд шууд томилогдох хууль зүйн үндэслэлгүй ба нэхэмжлэгчийг байгууллагын мэдэлд шилжүүлж аваагүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын К.Б намайг С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Бөөс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын К.Б намайг С**** сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША [1] Хэргийн 4 дүгээр хуудас [2] Хэргийн 7 дугаар хуудас [3] Хэргийн 8 дугаар хуудас [4] Хэргийн 10, 167 дугаар хуудас [5] Хэргийн 109 дүгээр хуудас [6] Хэргийн 55 дугаар хуудас [7] Хэргийн 56 дугаар хуудас [8] Хэргийн 57-59 дүгээр хуудас [9] Хэргийн 164-165 дугаар хуудас [10] 162-163 дугаар хуудас [11] Хэргийн 118 дугаар хуудас |