Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 000073

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ганболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0085/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                                          Б.Бүжинлхам

                      Ялтан                                                 Д.Ганболд

                      Ялтны өмгөөлөгч                            Р.Бямбажав

                      Нарийн бичгийн дарга                   М.Бүжин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолтой Даваасүрэнгийн Ганболдод холбогдох, 201714000061 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Д.Ганболдын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Даваат багийн Зураагийн 07-09 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ГЮ 89072619 регистрийн дугаартай Боржигон овогт Даваасүрэнгийн Ганболд.

 

Шүүгдэгч Д.Ганболд нь 2017 оны 01 сарын 19-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 07-09 тоотод нагац ах Л.Баттулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор:

Боржигон овогт Даваасүрэнгийн Ганболдыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Д.Ганболдыг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Д.Ганболдод оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Д.Ганболдын цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн канттай цэнхэр өнгийн куртикыг хохирогч Л.Баттулгад, зүүн талын энгэр дээр кент гэсэн бичигтэй цэнхэр өнгийн куртик, улаан өнгийн оруулгатай хар өнгийн комбинзон, 1 хос гутал зэргийг шүүгдэгч Д.Ганболдод тус тус олгож, ягаан өнгийн цэцгэн хээтэй даавуу, дөрвөлжин хээтэй углаа даавуу, бор цоохор цэцгэн хээтэй дэрний уут, 92 см урттай банзан модны хэсэг, шүүгдэгч Д.Ганболд, хохирогч Л.Баттулга нарын хатаасан цус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганболдод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Ганболд давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Д.Ганболд нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан хэрэгт ял шийтгүүлсэн ба тус зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн амь биеийг бусдын гэмт халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалтын нөхцөлд Л.Баттулга ахад гэмтэл учруулсан. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлыг анхаарсангүй тул гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч Д.Ганболд нь 2017 оны 01 сарын 19-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 7-р гудамжны 9 тоотод оршин суух нагац ах Л.Баттулгатай маргалдаж, түүний толгойн тус газарт модоор цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

Шүүгдэгч Д.Ганболдын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...Тэр өдөр би найзтайгаа архи уусан..., тэгээд ах Баттулгынд очоод таксины мөнгө асуухад байхгүй гэхээр нь би та ...зээлсэн 20.000 төгрөгөө өгөөч... гэтэл уурлаад хутга бариад надруу дайрахаар нь гараад гүйтэл  миний  араас гарч ирээд бид хоёр ноцолдож байхад Пагма эгч ирж салгасан..., би хашааны хажуу талаас мод хугалж аваад явж байхад Баттулга ах дахин гарч ирээд сүх бариад дайрахаар нь би  барьж явсан модоороо ахыгаа цохьсон...,  Би тэр модыг нохойноос хамгаалж авсан байсан...,  Ахыгаа ийм байдалд оруулсанд  маш гэмшиж байна..., гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Л.Баттулгын мөрдөн байцаалтын болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...Тэр орой 10 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд хэвтэж байтал манай эгчийн хүү Ганболд орж ирээд надаас тамхи, автобусны мөнгө нэхсэн..., Би байхгүй гэтэл надтай хэрэлдээд  бид 2 хоёр гадаа гарсан...,  Тэгтэл намайг мөргөж унагаагаад тэгээд юу болсон талаар мэдэхгүй...., Тархи жаахан доргивол ухаан алдчихдаг..., Гэрт байхад би хайч барих нь барьсан..., Гэхдээ Пагма булаагаад авчихсан..., Миний хувьд нэхэмжлээд байх зүйлгүй, гомдол санал байхгүй..., Дүүгээ шоронд явуулахыг хүсэхгүй байна..., гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч О.Пагмын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Манай гэрт байхад ямар нэгэн зодоон цохион болоогүй. Ганболд Баттулгыг гараад ир гэхээр нь Баттулга гарсан..., Би тэр хоёрын хойноос гараад очиход  Ганболд, Баттулга ахад хайч байна гэхээр нь би Баттулгаас тэр хайчийг нь авч гэртээ оруулж тавиад гэрээсээ гараад ирсэн чинь хашааны гадна Баттулга газар хэвтсэн Ганболд дээр нь гараад суучихсан байсан..., Тухайн үед Ганболд Баттулгыг миний хажууд цохиж зодоогүй..., Харин Баттулгыг бие засах гэж гараад орж ирэхгүй болохоор нь хойноос нь гараад хашаанаас дөнгөж гарах үед Ганболд нэг урт юмаар Баттулгыг цохисон чинь Баттулга газарт унасан..., Тэгээд хажууд нь очсон чинь Ганболд Баттулгыг зээлсэн 20.000 төгрөгөө өг гэж байсан... гэсэн мэдүүлэг,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 27- ны өдрийн 132 дугаартай :

 

...Л.Баттулгын биед хүнхрээ ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хуйханд шарх, баруун нүдний зовхи, цээж, зүүн шуунд цус хуралт, цээж, зүүн шуунд зулгаралт үүссэн.., энэ нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

 

Хүнхрээ ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3.д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хуйханд шарх, баруун нүдний зовхи, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, цээж, зүүн шуунд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6.д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй... гэсэн дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газраас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Ганболдын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд анхан шатны шүүх түүнд ял оногдуулахдаа хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан хорих ялаас хөнгөрүүлэн доогуур хорих ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна. 

 

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болсон үйл баримтаас үзвэл Д.Ганболдын үйлдэлд аргагүй хамгаалалт хийжээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд дээрхи нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Д.Ганболдод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, хэргийн газрын үзлэг, бусад дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны гаргасан “... би аргагүй хамгаалалт хийсэн тул зүйлчлэлийг өөрчилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Даваасүрэнгийн Ганболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР

 

             ШҮҮГЧИД                                                                                     С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                                      Ц.ТУЯА