Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01941

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05336 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь ******* ХХК буюу Ремакс Классик брокер оффисоор зуучлуулан ******* ХХК болон ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23/ЕВ-209 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. ******* ХХК нь ******* хотхоныг барих гэрээний гүйцэтгэгч тал, ******* ХХК нь ******* ХХК-ийн барьж буй орон сууцанд цахилгаан шат нийлүүлэх, хариу төлбөрт ******* ХХК нь ******* ХХК-д хэд хэдэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээтэй байсан. Тэдний уг гэрээний дагуу ******* ХХК-д шилжүүлэх ******* дүүрэг ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан ******* хотхоны ******* тоот 73.31 м.кв орон сууцыг худалдан авахаар ******* нь ******* ХХК болон ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23/ЕВ-209 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээний 2.1, 2.2 дахь заалтын дагуу орон сууцны үнийг ******* ХХК-ийн ******* банкны ******* дугаарын дансанд төлсөн. Орон сууцны үнийг ******* ХХК-аас ******* ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн, ******* XXK нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээ баталсан. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь орон сууц захиалгын гэрээнд хамааралгүй, өөр бусад төсөлд олон ажил гүйцэтгэх тусдаа гэрээний харилцаа тул тэдгээр компаниуд хоорондоо үүссэн асуудлаа тусад нь шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд 23/ЕВ-209 дугаартай гэрээний дагуу ******* дүүрэг ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан ******* хотхоны ******* тоот 73.31 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК нь ******* орон сууцны төслийг 2022 онд эхлүүлсэн. Тус төслийн хүрээнд цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг хийлгэхээр 2022 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ******* ХХК-тай нийт 9 ширхэг цахилгаан шат нийлүүлэх тухай HMP120220705/22-08 дугаар, НMP120220707/22-09 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулж, нийт 9 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын хөлсөнд манай хэрэгжүүлж буй А блокоос 4 ширхэг, Б блокоос 4 ширхэг нийт 1,009,788,541 төгрөгийн 8 ширхэг орон сууцыг бартер солилцоогоор өгөхөөр харилцан тохирсон.

******* ХХК нь А блок барилгын цахилгаан шатыг нийлүүлэн угсрах ажлыг 90 хувьтай гүйцэтгэн тус барилгаас ******* тоот 3 өрөө, 73.31 м.кв 183,275,000 төгрөг, ******* тоот 2 өрөө, 49.36 м.кв 123,400,000 төгрөг, ******* тоот 2 өрөө, 49.25 м.кв 123,125,000 төгрөг, ******* тоот 2 өрөө, 53.75 м.кв 134,375,000 төгрөг, нийт 564,175,000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууцыг тус компанийн хүсэлтээр нэр бүхий иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулан авсан. ******* ХХК нь Б блок барилгын цахилгаан шатыг нийлүүлэх ажлыг гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл 9 лифт нийлүүлэхээс 4 лифтийг А блокод нийлүүлсэн.  блокт нийлүүлэх 5 лифтийг огт нийлүүлээгүй. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК, ******* нь болон ******* ХХК буюу Ремакс классик гэх компанийн ажилтан ******* нар ******* ХХК-ийн байранд ирж захирал *******тэй уулзсан. Тус уулзалтаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/ЕВ- 209 дугаартай орон сууц захиалгын гэрээг талууд байгуулсан. Захирал ******* нь ******* ХХК-аас баталгаа ав, наад компаниа судал, тэгээд гэрээ байгуулж болно гэхдээ манай компани орон сууц захиалгын гэрээг дангаар байгуулахгүй, гурвалсан гэрээ байгуулна. ******* ХХК нь цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүрэг биелсэн нөхцөлд *******д захиалсан орон сууцыг өгөх гэрээний заалт оруулна гэдгийг хэлэхэд ******* зөвшөөрч, уг тохиролцоог орон сууц захиалгын гэрээний 1.2-т оруулсан.

******* ХХК нь Б блокт нийлүүлэх цахилгаан шатаа суурилуулж нийлүүлэх үүргээ биелүүлж, гэрээ дүгнэгдсэн тохиолдолд ******* тоот 73.31 м.кв орон сууцыг захиалагч тад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Иймээс ******* ХХК нь Б блокод нийлүүлэх 4 лифтийг нийлүүлээгүй, гэрээгээ дүгнүүлээгүй тул ******* орон сууцыг ******* ХХК-аас шаардах эрхгүй, түүнчлэн орон сууцны төлбөрийг ******* ХХК-д төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүрэг ******* хороо, ******* хотхоны ******* тоот хаягт байршилтай, 73.31 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 998,055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч ******* нь лифт нийлүүлж, суурилуулах HMPI20220705/22-08 дугаартай гэрээний үүргээ ******* ХХК биелүүлж, дүгнүүлсэн холбогдох баримтыг шүүхэд ирүүлснээр гэрээний үүргийг шаардах эрхтэй. гэж ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан HMPI20220705/22-08 дугаартай Цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүргийг тус гэрээний тал биш уг гэрээгээр үүрэг хүлээгээгүй нэхэмжлэгч *******ийг хариуцахаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Талуудын хүсэл зоригийг буруу тодорхойлж, гэрээгээр хүлээгээгүй үүргийн хариуцлагыг *******д хамааруулан дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Бодит байдалд ******* нь ******* ХХК болон ******* ХХК-тай байгуулсан Лифт нийлүүлэх гэрээний тал биш, лифт нийлүүлэх үүргийг хэн алиных нь өмнө хүлээгээгүй. Гагцхүү барилга барьж байгаа ******* ХХК-ийн эд хөрөнгө болох лифтийг нийлүүлэх, угсрах компанид яаралтай шаардлагатай байгаа лифтийг нийлүүлэх үнэ төлбөрийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн гэж ойлгож түүнийгээ биелүүлсэн.

Мөн лифт нийлүүлэх тухай хэд хэдэн гэрээг ******* ХХК, ******* ХХК нар байгуулсан байдаг. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн HMPI20220707/22-09, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн HMPI20220705/22-08 гэх 2 гэрээг ******* ХХК, ******* ХХК нар байгуулсан байх ба эдгээр лифтнээс аль нь *******ийн захиалсан байранд хамаарах талаар нарийвчлан заагаагүй, аль лифтийг нийлүүлээгүй болохоор тус *******ийн хариуцах хэсэг болохыг хариуцагч нотлоогүй болно.

******* 2022 онд өөр талуудын хооронд байгуулагдсан хэд хэдэн Лифт нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хянах, шаардах эрх зүйн боломжгүй бөгөөд энэ талаар орон сууц захиалгын гэрээнд *******д тусгайлан үүрэг ногдуулсан зүйлгүй болно.

Гэтэл шүүхээс *******ийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн HMPI20220705/22-08 лифт нийлүүлэх гэрээний тал мэтээр дүгнэсэн нь иргэний эрх зүйн зарим, үүргийн эрх зүйд нийцэхгүй байхаас гадна нотлох баримтыг бодит байдлаас буруу дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

******* ХХК нь худалдаж байгаа байраа өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж түүнийг борлуулах ёстой бөгөөд өөрөө барих мөнгөн хөрөнгө дутагдалтай тул гуравдагч этгээдүүдээс буюу туслан гүйцэтгэгч нарыг санхүүжүүлэхээр ирсэн захиалагч нараас хүүгүй, барьцаагүй мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэхээр орон сууц захиалгын гурвалсан бартерын гэрээг байгуулан, мөнгөн хөрөнгө татаж барилгын төслийг хэрэгжүүлж байгаа онцлог харилцаанд санхүүжүүлэгч этгээд болох ******* нь үүргээ биелүүлсэн буюу хөрөнгийн үнийг төлсөн байхад өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзсан нь хууль бус юм.

******* ХХК нь гурвалсан гэрээ байгуулан, *******ийн мөнгөн хөрөнгийг гэрээнд нэрлэн заасан өөрийн туслан гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэн авснаар байрны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүссэн байна. Харин бартер буюу *******ын барилга болон өөр бусад төсөлдөө лифт нийлүүлэхтэй холбоотой ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг харилцан гэрээлэгч талууд болох ******* ХХК болон ******* ХХК нар бие биеээсээ шаардах учиртай.

Иймд Иргэний хуулийн 206, 243, 112 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх, итгэл хамгаалах, үүргийг тодорхойлох хуваарилах зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон өөрчилж *******ийг ******* дүүргийн ******* хороо ******* хотхоны ******* тоот 73.31 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

******* зөвхөн орон сууцны үнийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлсөн нь хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгүүдээр нотлогддог гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. ******* орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний дагуу шаарддаг. Хэрэв нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа тохиолдолд тухайн гэрээний заалтууд *******д хамааралтай гэсэн үг. Мөн тухайн гэрээг зөвхөн *******тэй байгуулаагүй бөгөөд уг гэрээ нь ******* ХХК болон ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан гурвалсан гэрээ юм. Орон сууц захиалгын гэрээний 1.2, 2.1, 2.2 дахь заалтууд нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шаардах эрхийн гол үндэслэл болсон, мөн 3 талт эрх, үүрэг олгосон заалтууд байдаг. Өөрөөр хэлбэл, *******ийн захиалсан орон сууц нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний хавсралтад заагдсан бартерт олгох орон сууц бөгөөд хэдийгээр ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан лифт нийлүүлэх гэрээнд ******* оролцоогүй боловч тухайн гэрээний биелэлт нь *******д хамаатай гэх заалтууд байдаг. ******* анх зөвхөн манай компанитай гэрээ байгуулах гэж ирэхэд нь энэ компани ийм учиртай юм, тухайн компанийг сайн судалж, баталгаа гаргуулж аваарай, хэрэв гэрээ байгуулах болбол гэрээнд заавал 1.2 дахь заалтыг оруулж гурвалсан гэрээ хийнэ гэх талаар *******д хэлсэн бөгөөд ******* уг тохиролцоог зөвшөөрч гэрээ байгуулсан. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан лифт нийлүүлэх гэрээ нь *******д хамаагүй тусдаа асуудал байхад тухайн гэрээгээр хүлээсэн үүргийг *******д хамаатуулж байна, ******* тухайн гэрээг дүгнэхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа гэрээгээ үгүйсгэж байна гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь энэ хэргийн гол оролцогч болох ******* ХХК-ийг хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. ******* ХХК нь *******ийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2024 оны 04, 05 дугаар сард ******* болон ******* ХХК нарт гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр өгсөн учир тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. ******* орон сууцны үнийг бүрэн төлөөгүй бөгөөд гэрээнд орон сууцны үнийг 153,951,000 төгрөг гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, орон сууц захиалгын гэрээний 2.1, 2.2-д орон сууцны үнэ болон төлбөрийн нөхцөлийг тодорхой дурдсан ба гэрээ байгуулахад урьдчилгаа 112,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 12 дугаар сараас эхлээд 10 сарын хугацаанд төлбөрийн график гаргаж төлөхөөр байсан.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны үед орон сууцны үнэд урьдчилгаа төлбөр буюу 112,000,000 төгрөг төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн атлаа одоо тухайн орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж маргадаг. Мөн ******* бид орон сууцны үнийг 112,000,000 төгрөгөөр ******* ХХК-тай тохиролцсон гэж хэлдэг бөгөөд ийм үнийн дүнтэй гэрээ хэрэгт авагдсан нь үнэн. Гэхдээ манай талын зүгээс тухайн гэрээг ******* нь ******* ХХК-тай тусдаа байгуулсан гэрээ хэлцэл гэж ойлгож байгаа.

Учир нь ******* ХХК тухайн гэрээнд оролцоогүй буюу уг гэрээг байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, *******ийн 112,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа гэрээ нь бидний хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнээс өөр гэрээ байна. Тиймээс ******* тухайн гэрээний дагуу шаардаж байгаа тохиолдолд хариуцагчаа зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой. Гэтэл нэхэмжлэгч энэ байдлыг зориуд нуух зорилгоор ******* ХХК-ийг энэ хэрэгт хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Энэ хэрэг маргааны хувьд гэрээний үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж тохиролцоогүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүрэг ******* хороо, ******* хотхоны ******* тоот хаягт байршилтай, 73.31 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ******* дүүрэг ******* хороо, ******* хотхоны ******* тоот хаягт байршилтай, 73.31 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийг төлсөн тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...******* орон сууцны төслийн хүрээнд цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг хийлгэхээр 2022 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ******* ХХК-тай нийт 9 ширхэг цахилгаан шат нийлүүлэх HMP120220705/22-08 дугаар, НMP120220707/22-09 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулж, нийт 9 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын хөлсөнд манай хэрэгжүүлж буй А блокоос 4 ширхэг, Б блокоос 4 ширхэг нийт 1,009,788,541 төгрөгийн 8 ширхэг орон сууцыг бартер солилцоогоор өгөхөөр харилцан тохирсон, ******* ХХК нь А блок барилгын цахилгаан шатыг нийлүүлэн угсрах ажлыг 90 хувьтай гүйцэтгэсэн боловч Б блок барилгын цахилгаан шатыг нийлүүлэх ажлыг гүйцэтгээгүй, ******* ХХК нь Б блокт нийлүүлэх цахилгаан шатаа суурилуулж нийлүүлэх үүргээ биелүүлж, гэрээ дүгнэгдсэн тохиолдолд ******* тоот 73.31 м.кв орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, ******* ХХК нь Б блокод нийлүүлэх 4 лифтийг нийлүүлээгүй, гэрээгээ дүгнүүлээгүй тул ******* орон сууцыг биднээс шаардах эрхгүй, орон сууцны төлбөрийг ******* ХХК-д төлөөгүй... гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

5. Хэргийн 4 дүгээр талд авагдсан ******* ХХК, ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/ЕВ-209 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ээр талууд ******* ХХК нь ******* дүүрэг ******* хороо, ******* хотхоны ******* тоот хаягт байршилтай, 73.31 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулах, ******* орон сууцны төлбөрт 153,951,000 төгрөгийг ******* ХХК-д төлөх, уг орон сууц нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний хавсралтад заагдсан бартерт олгох орон сууцны жагсаалтад бүртгэлтэй бөгөөд гэрээнд заагдсан ажил үүрэг хангагдаж гэрээ дүгнэгдсэнээр захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон. /хх-4-8/

 

6. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг ******* ХХК-д бүрэн төлсөн үндэслэлээр хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Гэтэл хэргийн 171 дэх талд ******* ХХК болон ******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 2024/19 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ авагдсан бөгөөд уг гэрээний зүйл нь талуудын маргаж буй ******* дүүрэг ******* хороо, ******* хотхоны ******* тоот хаягт байршилтай, 73.31 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц байна.

Хариуцагч дээрх гэрээний үнийг бартераар төлсөн болон 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23/ЕВ-209 дугаартай орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

 

7. Анхан шатын шүүх ******* ХХК болон ******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 2024/19 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний талаар талуудыг мэтгэлцүүлээгүй, энэ талаар анхан шатны шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох ******* дүүрэг ******* хороо, ******* хотхоны ******* тоот хаягт байршилтай, 73.31 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц бодит байдалд хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаа эсэх, тухайн орон сууц бусад этгээдэд шилжсэн эсэх, мөн шүүхээс гарах шийдвэр гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөх эсэх нөхцөл байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

 

8. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 988,055 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН