Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Ю.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жагварал овогт Юрагийн Эад холбогдох 1929001650095 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 793.2 килограмм бог малын давсалсан гүзээг Нордбенз маркийн 79-45 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 13-87 АЧ дугаарын чиргүүлтэй нүүрсний доор нууж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун Сухайт” хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Э мэдүүлэхдээ:”Би 3-ын поструу дугуй хүргэж өгөөд буцах замдаа гоймондоогын урд талын дэлгүүрт байж байтал нэг залуу хүрч ирээд 2000 юань өгий 600-70 кг гүзээ хилээр гаргаад өгөөч гэсэн учир оройдоо очерт очин машиныхаа чиргүүл дээр гаргасан. Маргааш нь соёмботой хаалган дээрээс баригдсан” гэв.

Хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 8-13-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17-р хуудас/

793.2 килограмм бог малын давсалсан гүзээг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35-р хуудас/

Гэрч Ж.Жамъянсүрэнгийн өгсөн:”2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Гашуун Сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж нүүрс тээврийн автомашинуудыг шалгаж байхад “Монфорт” ХХК-ийн Нордбенз маркийн 79-35 УНЗ улсын дугаартай автомашины 13-87 АЧ дугаарын чиргүүлд ачсан нүүрсэн доор өнгөц булсан хар өнгийн 30 ширхэг шуудайтай зүйл илэрснийг задалж, мэргэжлийн хяналтын мал эмнэлгийн улсын байцаагчид үзүүлэхэд бог малын гүзээ мөн гэж тодорхойлолт бичиж өгсөн ... Бог малын давсалсан гүзээг тусгай зөвшөөрөлтэйгөөр экспортлохыг зөвшөөрдөг” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/,

Ю.Эын гэрчээр өгсөн:”2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ”Гоймондоо” дэлгүүрийн урд талд найз Энхболдтой хамт хоёр машинтайгаа зогсож байхад портертой танихгүй залуу хүрч ирээд малын гүзээ урагшаа оруулаад өгөөч 2000 юань өгье гэхээр нь зөвшөөрөөд 30 шуудай гүзээг машиныхаа чиргүүл доороо хийгээд тэр өдөртөө Санхиан нүүрс ачилтын талбайгаас нүүрс ачуулж гараад орой нь оочирт зогсож байхдаа чиргүүл доороос шуудайтай гүзээгээ авч нүүрсэн доороо булсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Гашуун сухайт хилийн боомт дээр очоод гаалийнханд баригдсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Махны төрөл тодорхойлох тухай “Хураагдсан зүйл нь малын дайвар бүтээгдэхүүн мөн байна. Мэдрэхүйн эрхтэний үзлэгээр бог малын гүзээ мөн болох нь тодорхой байна” гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 191/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,

Яллагдагч Ю.Эын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 793.2 килограмм бог малын давсалсан гүзээг Нордбенз маркийн 79-45 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 13-87 АЧ дугаарын чиргүүлтэй нүүрсний доор нууж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуун Сухайт” хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 8-13-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17-р хуудас/, 793.2 килограмм бог малын давсалсан гүзээг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35-р хуудас/,  Гэрч Ж.Жамъянсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 37-39/, Ю.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Махны төрөл тодорхойлох тухай дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 191/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, Яллагдагч Ю.Эын мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/, Манафест /хх-ийн 66-р хуудас/, Монгол улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт /хх-ийн 67-68-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ю.Эын улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ю.Э нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жагварал овогт Юрагийн Эыг улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эад оногдуулсан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд төлөхийг даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ю.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ю.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ю.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                        Д.БАТТУЛГА