| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/04341/И |
| Дугаар | 210/МА2025/01966 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01966
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07909 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: *******ийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаар, 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор тус сургуулийн ректорын ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Гэвч энэхүү тогтоол нь нэгдүгээрт хууль зөрчсөн, хоёрдугаарт процессын алдаатай гарсан байдаг. Хууль зөрчсөн тухайд Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна. Мөн хуулийн 33.2.2-т боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээд зэрэгтэй байх гэсэн зэрэг шалгууруудыг тавьсан байдаг. Гэтэл Удирдах зөвлөлөөс ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсэгт албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэсэн хэсэгт дээд боловсролын сургалтын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, соёл урлагийн салбарын байгууллагад удирдах албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх гэж хуульд тусгайлан заасан боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил гэх хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчиж ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Энэ хэсэгт нэхэмжлэгч бидний зүгээс ректорын ажлын байрны тодорхойлолтод огт тэнцээгүй *******ийг ректорын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилохын тулд түүнд зориулж хууль зөрчиж шинээр ажлын байрны тодорхойлолт баталсан байна гэх хардлагыг төрүүлж байна.
*******-ийн сургалт, судалгаа, уран бүтээл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн удирдлага бүхий төрийн өмчийн их сургууль мөн бөгөөд Удирдах зөвлөл нь тухайн сургуулийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаагийн хувьд түүнээс гарч буй эрх зүйн акт, дүрэм, журам, хуулийн шаардлагаас гадна баримт бичигт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино. Дээрх тогтоолыг батлахдаа Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн. Үүнээс Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1-д Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 10.4, 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 10.4-т дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд... гэсэн заалт байдаг. Гэтэл ректорын ажлын байрны тодорхойлолт батлахтай ямар ч хамааралгүй заалтыг удирдлага болгосон.
*******-ийн дүрмийн 4.6-д заасан удирдах зөвлөлийн дарга удирдах зөвлөлийн хурлыг хурал болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө товлоно, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга тухайн хуралд хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг холбогдох материалыг гишүүнд хүргүүлнэ гэж заасан. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хурлын товыг 2025 оны 03 сарын 10-ны өдрийн 15 цаг 21 минутад, 2025 оны 03 сарын 20-ны өдрийн хурлын товыг 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 20 цаг 17 минутад мэдэгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. *******-ийн Удирдах зөвлөлийн дүрэм болон Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т хурал нийт гишүүдийн 75 хувиас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан. Гэвч 2025 оны 03 сарын 20-ны өдрийн хурлын гишүүдийн ирц 73 хувьтай байсан нь удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд авагдсан ирцээр нотлогдоно. Мөн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хуралд удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ 7 хоногийн өмнө өгсөн *******э оролцсон нь тус хурлын бүрэлдэхүүн хууль бус байсан. Түүнийг ирцээс хасвал 66 хувийн ирцтэй хурал хүчингүй. Мөн *******э өөрийн хуралд санал хүсэлт гаргаж оролцоод байгаа нь хэрэгт авагдсан 13, 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Мөн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хуралд ******* зөвлөлөөс гарч байгаа тайлбартаа өнгөрсөн 7 хоногт өргөдлөө өгсөн гэж хэлдэг атлаа ажлын байрны тодорхойлолтыг батлахад оролцсон.
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчсөн, Боловсролын сайдын баталсан журмын 4.9.2-ыг зөрчсөн гэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт бичгийн болон үйл баримтаар тогтоогддог.
Удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаартай *******ийг ажилд түр томилох тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг тогтоолын үндэслэл тогтоох хэсэгт Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1, удирдах зөвлөлийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлийг удирдлага болгосон байдаг. Эдгээр заалтыг үзвэл Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилох гэрээ байгуулах гэж заасан. Гэтэл 08 дугаар тогтоол нь нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилоогүй.
Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1-д Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 10.4, 27 дугаар зүйлийн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Гэтэл энэ заалт нь дээд боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбоотой асуудлыг зохицуулсан болохоос түр орлон гүйцэтгэгч томилохтой ямар ч хамааралгүй заалт.
Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл нь өөрөө процессын алдаатай хийгдсэн хурал болохыг өмнө тайлбарласан тул хууль бус хурлыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс энэхүү хурлын тогтоолуудыг хүчингүй болгосон тохиолдолд хууль бус хурлын тэмдэглэлийг удирдлага болгосон 08 дугаартай тогтоол ч мөн хууль бус болох нь хууль зүйн үр дагавартай гэж үзэж байна. Соёл, урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан тус сургуулийн дүрмийн 3.18-д реакторын эзгүй байх хугацаанд албан үүргийг сургалт эрхэлсэн проректор орлоно, хоёулаа эзгүйд эрдэм, шинжилгээ инновац эрхэлсэн проректор орлоно гэсэн зохицуулалтыг мөн зөрчсөн.
Удирдах зөвлөлөөс 2025 оны 05 сарын 27-ны өдөр 14 дугаартай дүрэмд өөрчлөлт оруулах тогтоол баталсан. Энэхүү тогтоолоор бидний маргааны үндэслэл болсон *******-ийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоол, дүрэм шинэчлэн батлах тухай, 4.2-т Боловсролын ерөнхий хуулийн 33.2 дахь хэсэгт заасан шаардлагыг баримтлан ректорын ажлын байрны тодорхойлолтыг хэлэлцэн батлах гэж заасан учир Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасан шаардлагыг баримтална гэснийг хассугай. Мөн тогтоолын 4.4-д хурлын ирц 75-аас доошгүй хувьтай байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцох гэж заасныг 60-аас доошгүй гэж өөрчилсүгэй гэж өөрчлөлт оруулсан байдаг. Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч өөрсдийн баталсан 2025 оны 03 сарын 12 болон 2025 оны 04 сарын 02-ны өдрийн тогтоолоо зөвтгөхийн тулд нөхөх үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм.
Иймд *******-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаар, 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журмын дагуу их сургуулиас томилох эрх бүхий этгээдийн шийдвэрээр ажлын хэсэг албан тушаалын тодорхойлолтын төслийг хариуцан бэлтгэнэ гэж заасны дагуу *******-иас 2025 оны 03 сарын 12-ны өдрийн албан тушаалын тодорхойлолт батлахаас өмнө 2024 оны 05 сарын 08-ны өдөр Удирдах зөвлөлийн тогтоолоор ректорын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс танилцуулсан ректорын ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын төсөлтэй удирдах зөвлөлөөр танилцаж, уг төслийн дагуу олонхын саналаар баталсан. Төсөл боловсруулсан ажлын хэсгийн тухайд уг төслийг баталсан гишүүд тодорхой этгээдэд зориулан баталсан гэж ерөнхий талаас хэлж байгаа нь үндэслэлгүй юм.
Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Энэ тогтоол Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг баримталсан нь удирдах зөвлөл үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсэг байгуулан ажиллуулна гэж заасан учраас 2024 оны 05 сарын 08-ны 03 дугаартай тогтоолоор ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.
Боловсролын ерөнхий хуулийн 33.2 дахь заалт нь өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага, үүсгэн байгуулагч, түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана, гүйцэтгэх удирдлага нь их сургуулийн ректор байна гэж зааснаар гүйцэтгэх удирдлагыг томилох, ажлын байрны тодорхойлолтыг батлах эрх, чиг үүргийг их сургуулиудын дэргэдэх удирдах зөвлөлд шилжүүлсэн.
Боловсролын ерөнхий хуулиар их сургуулийн гүйцэтгэх удирдлагад ректор байна гэж заасан боловч уг ректорын албан тушаалын шаардлагыг Боловсролын ерөнхий хуульд тусгайлан зохицуулаагүй. Дээд боловсролын тухай хуульд их сургуулийн ректорын албан тушаалын тодорхойлолтыг батлах нь удирдах зөвлөлийн чиг үүрэгт шилжүүлсэн учраас Боловсролын ерөнхий хуульд заалтуудыг тусгайлан заагаагүй. Боловсролын сайдын 2025 оны А/245 дугаар тушаалын 1 дэх заалтыг үндэслэн *******-ийн 2021 оны Удирдах зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийн заалт хоорондоо буюу эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх энэ шаардлагыг хангаж хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд энэ зохицуулалтыг тусгасан. Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хуралдаанд *******-ийн удирдах зөвлөлийн дүрмийн 4.4-т үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна гэсний дагуу удирдах зөвлөл нь чиг үүргийн дагуу *******-ийн ректорын ажлын байрны тодорхойлолтын талаар шийдвэрийг олонхын саналаар хэлэлцэж, удирдах зөвлөлийн дарга шийдвэрийг баталгаажуулж гаргасан.
Удирдах зөвлөл ажлын байрны тодорхойлолт батлахаас өмнө 2024 оны 05 сарын 08-ны өдөр Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол гарсны дагуу Ректорын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг томилогдож, уг төслийг бэлдэж оруулж ирсэн. *******-ийн Удирдах зөвлөлд тус сургуулийн ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд *******, ******* нарын нэрийг нэр дэвшүүлсэн гэх боловч эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлсэн тухай Удирдах зөвлөлийн болон захиргааны хурлын шийдвэр байхгүй.
Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* нь 4 хүний нэрийг сонгож Удирдах зөвлөлийн даргад явуулсан байсан болохоос шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш. Удирдах зөвлөлийн даргад шаардлага хангасан хүмүүсийн нэрс гэж нарийн бичгийн дарга ******* явуулсан. Харин удирдах зөвлөлийн хуралд *******э удирдах зөвлөлийн гишүүнээс гарах өргөдлөө өгсөн учраас нэрийг нь Авлигатай тэмцэх газар руу явуул гэсэн үүргийг нарийн бичгийн дарга *******д удирдах зөвлөлийн даргаас өгсөн хуралдааны тэмдэглэл байгаа.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ ректорын ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогддог. Тус сургуулийн ректор ******* 2025 оны 03 сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн учраас Удирдах зөвлөлөөс 2025 оны 04 сарын 02-ны өдөр *******ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хэрхэн сэргээгдэх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна.
Удирдах зөвлөлийн 08 дугаар тогтоол нь Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, Боловсролын сайдын 2002 оны А/245 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын албан бичиг зэргийг үндэслэн гарсан. Өөрөөр хэлбэл ямар тохиолдолд түр орлон гүйцэтгэгч томилогдох вэ гэхээр албан хаагчид өөр ажилд сонгогдсон, томилогдсон бол түр орлон гүйцэтгэгч томилогдохоор байгаа. Гэвч уг төрийн үйлчилгээний албан хаагчтай хамааралтай харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчийн асуудал зохицуулагдана гэж үзэж байна.
Боловсролын сайдын 2025 оны А/44 дугаартай тушаалаар *******-ийн Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн мэдээллийг баталсан. Үүнд томилогдсон *******э нь удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хуралдаанд Удирдах зөвлөлөөс гарах хүсэлтээ өгсөн нь хуралдааны тэмдэглэлд байгаа. *******э саналын эрхтэй байсан эсэх асуудал бол гишүүнээс чөлөөлөгдсөн шийдвэр гарсны дараа хэлэлцэгдэхээс биш гишүүний эрх нь бүрэн дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. *******-тай холбоотой ажилтан, ажил олгогч нарын хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж байгаа тухайн хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.
Харин Удирдах зөвлөлийн ректорын сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025 оны 07 сарын 21-ний өдөр байгуулагдсан. Үүнийг олон нийтэд нээлттэй зарлаж ректорын сонгон шалгаруулалтад сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу эдгээр хүмүүс өрсөлдөх эрх нь нээлттэй. Үүнийг хязгаарласан зүйл байхгүй учраас эдгээр хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Удирдах зөвлөлийн 06, 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Соёл, урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаар, 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Соёл, урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлөөс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
2024 оны 06 сарын 20-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 25 дугаартай Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.1.1.3 дахь хэсэгт төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаас бусад төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдын хөдөлмөрийн маргааныг л иргэний хэргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэхээр хууль ёсны албан ёсны тайлбар хүчин төгөлдөр үйлчилж байна. Дээд боловсролын байгууллагын төрийн үйлчилгээний удирдах ажилтан болох ректор нь төрийн жинхэнэ албан хаагчийн адил сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд төсвийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлсан эрх, үүрэг хэрэгжүүлж эрх зүйн байдал нь төрийн жинхэнэ албан хаагчтай адилтгахуйц эрх зүйн статустай юм. Тэдгээрийн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль зэрэг нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулагддаг. Иймд тус маргааны хэргийн харьяалал нь захиргааны хэргийн харьяаллын маргаан юм.
Гэтэл анхан шатны шүүх захиргааны хэргийн харьяаллыг зааглахгүй иргэний шүүхийн харьяаллын бус маргааныг иргэний хэргийн харьяалал гэж тус маргаанд хэргийн харьяаллыг буруу тогтоож хүлээн авсан нь алдаатай юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүрэн тодорхойлохгүй, иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг шалгахгүйгээр иргэний хэрэг үүсгэж, улмаар нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан ямар эрх нь зөрчигдсөн, ямар эрхийг нь сэргээж байгаа талаар дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа ямар үндэслэлээр үүссэн эсэхийг шүүх тогтоохгүйгээр шууд нэхэмжлэгч нар нь Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоол, 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хууль болон холбогдох дүрмийн зохицуулалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй. гэж дүгнэсэн.
*******-ийн Удирдах зөвлөлийн 06 дугаар тогтоолоор батлагдсан Ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгч нарын эрх ба хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрх, хамгаалагдах ёстой ашиг сонирхлыг зөрчөөгүй, харин нэхэмжлэгч нар тус сургуулийн ректорын сонгон шалгаруулалт оролцох боломжийг олгож байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн болохыг нотолсон баримт байхгүй. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх, сонгох, сонгогдох эрх нь бодит байдалд зөрчигдөөгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй.
*******-ийн Удирдах зөвлөлийн 08 дугаар тогтоол нь *******ийг *******-ийн ректорын албан үүргийг уг албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, дүн гарч шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон шийдвэр болно. Тус ректорын сонгон шалгаруулалтад ректорын ажлын байрны тодорхойлолтод заасан, шаардлага хангасан субъект тодруулбал, нэхэмжлэгч нар оролцож хэрэв шалгарвал түр орлон гүйцэтгэгч томилсон шийдвэр дуусгавар болж, ректорыг томилох эрх зүйн харилцаа явагддаг.
Дээд боловсролын салбарын Дээд боловсролын тухай хууль, мөн тус сургуулийн дотоод журмаар удирдах зөвлөлийн бүрэн эрхийг баталгаажуулсан байхад тус сургуулийн Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хууль бусаар хөндлөнгөөс оролцож шүүгч алдаа гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх иргэний хэрэг үүсгэх бөгөөд анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 191/Ш32025/20920 дугаар иргэний хэрэг үүсэх тухай захирамжид ямар үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж байгааг дурдаагүй нь шүүгчийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх хэргийн 1 дүгээр хавтасны 67-71, 2 дугаар хавтасны 27-94 дугаар хуудсанд авагдсан байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан болон хэвлэмэл баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй гэж дүгнэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шаардлага хангахгүй, удирдах зөвлөлийн даргын гарын үсэг зурж баталгаажаагүй, хуудас дутуу тэмдэглэлийг шууд нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж дүгнэсэн. Энэхүү баримт нь хуулийн шаардлага хангахгүй байгааг мэдсээр байж шүүх нотлох баримтаар үнэлж байгаа үйлдлийг шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн.
******* нь Монгол Улсын төрийн өмчийн 6 их сургуулийн нэг тул Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасан шаардлага нь *******-д хамаарахгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу хууль буруу хэрэглэсэн.
Түүнчлэн *******-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан Ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгч нарын эрх ба хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрх, хамгаалагдах ёстой ашиг сонирхлыг зөрчсөн болохыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт байхгүй. Үүнийг нэхэмжлэгч нар нотлох талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөн энэ нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй.
Мөн ажлын байрны тодорхойлолтод *******-ийн ректорт тавих шаардлагад ...Дээд боловсролын сургалтын байгууллага, Шинжлэх ухааны байгууллага, соёл урлагийн салбарын байгууллагад удирдах албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх... гэж оруулсан нь нэхэмжлэгч нарыг тус сургуулийн ректорын сонгон шалгаруулалт оролцох боломж ба хүсэл эрмэлзлэлийг хаасан, боломжгүй болгосон зүйл байхгүй.
Гэтэл анхан шатны шүүхээс *******-ийн Удирдах зөвлөлийн ректорын Ажлын байрны тодорхойлолт-ыг баталсан тогтоолын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зориуд ханган шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.
*******-ийн Удирдах зөвлөлийн 08 дугаар тогтоол нь *******ийг *******-ийн ректорын албан үүргийг уг албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, дүн гарч шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон шийдвэр болно. Өөрөөр хэлбэл уг тогтоол нь *******ийг ректорын албан тушаалд жинхлэн томилсон шийдвэр биш бөгөөд холбогдох журмын дагуу ректорын албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаж дараагийн ректор томилогдох хүртэл түр томилсон шийдвэр буюу тус сургуулийн ректор ******* нь *******-ийн Удирдах зөвлөлийн хуралд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаж, тус хүсэлтийг шийдвэрлэсний үр дагавар болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь түр орлон гүйцэтгэгч болох ёстой, түр орлон гүйцэтгэгчээр томилогдох ашиг сонирхол байсан талаарх хүсэл зоригийг илэрхийлсэн зүйл байхгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүхээс уг түр орлон гүйцэтгэгч томилсон шийдвэрийг нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байгааг зөвтгөх ямар ч үндэслэлгүй байна.
Шүүхээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх бол нэхэмжлэгч нарын ямар хуульд заасан эрх ба хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар хөдөлбөргүй тогтоох, мөн маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх талаар дүгнэлт хийх ёстой, гэвч ийм дүгнэлт хийгээгүй.
*******-ийн Удирдах зөвлөлийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлэх тохиолдолд *******ийг эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөж байна. Тиймээс гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөж байгаа шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх бол тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй, тайлбар авалгүй хэргийн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тэр дундаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ерөөс хөндөгдөөгүй этгээдүүдийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж, улмаар шийдвэр гаргахдаа илэрхий эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг оролцуулж мэдэгдэлгүй далдуур шийдвэр гаргах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харш юм.
Тиймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэгчийн ямар эрх ба хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хэрхэн сэргэх талаар дүгнэлт өгөөгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдөж буй гуравдагч этгээдийг
оролцуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн
нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй
байна гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь хууль тогтоомжид нийцэхээр байх тул ийнхүү шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын гаргасан заалдах гомдол үндэслэлгүй. Хэргийн харьяаллын тухайд Удирдах зөвлөлийн 06, 08 дугаартай тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн байх шинжийг агуулаагүй. Сургуулийн Удирдах зөвлөлийн тогтоол нь дотогш чиглэсэн акт бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзана гэж хуульчилсан. Анхан шатны шүүхэд энэ талаар хариуцагч талаас нэг ч удаа маргаагүй. Давж заалдах гомдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй.
Нэхэмжлэгч нарын сонгон шалгаруулалтад оролцох тэгш боломж, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн. Учир нь хуульд заасан 10 жилийн шаардлагыг 6 жил болгож бууруулснаар 10 жилээс дээш хугацаанд ажилласан нэхэмжлэгчийн давуу байдлыг үгүйсгэж байна. Мөн хуульд заасан шаардлагыг бууруулснаар 10 жилийн туршлага хангаагүй этгээдэд нээлттэй болгож нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд нэхэмжлэгч нар өөрсдийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Захиргааны санаачилгаар хуульд заасан тусгай шаардлагыг хангасан 4 хүний нэрийг Удирдах зөвлөлд санал болгож дэвшүүлсэн. Гэтэл үүнийг хэлэлцүүлээгүй Удирдах зөвлөлийн дарга өөрийн эрх мэдэл гэж үзээд нэг хүнийг томилсон боловч энэ эрх мэдэл Удирдах зөвлөлийн даргад олгогдоогүй. Дүрмийн 3.1.18-д эрдэм шинжилгээ хариуцагч проректорыг томилох хууль зүйн зохицуулалттай.
Мөн давж заалдах гомдолд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэх боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэх баримтууд нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 20-ны өдрийн захирамжаар хариуцагч нараас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу хэрэгт авагдсан баримт юм. *******-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг бүрэн эхээр нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэхүү тэмдэглэл нь нийт 25 хуудастай бөгөөд бүрэн буюу дутуугүй байдлаар хэрэгт хавсаргасан. Хурлын тэмдэглэлийн 18, 20, 25 дугаар талд Удирдах зөвлөлийн дарга өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч тал удирдах зөвлөлийн даргыг Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхтэй гэж мэлзэж тайлбарладаг. Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэнэ гэсэн үгийг хариуцагч тал давж заалдах гомдолд албаар орхиж бичсэн нь шүүх бүрэлдэхүүнийг хуурах оролдлого гэж харж байна. Мөн Дээд боловсролын тухай хуульд Удирдах зөвлөлийн дарга дангаараа шийдвэр гаргах бүрэн эрх олгогдоогүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан. Түүнчлэн, *******ийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх боловч шүүх санаачилгаараа гуравдагч этгээд оролцуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогчдоос болон *******ээс хүсэлт ирүүлээгүй тул шүүхээс гуравдагч этгээдийг оролцуулаагүй гэж дүгнэж болохгүй. Хууль бус 08 дугаартай тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, үндэслэх хэсэгт удирдлага болгосон бүх хуулийн заалт болон дүрэм нь энэ тогтоолтой огт хамааралгүй байх ба бусад зөрчлийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан. *******э тухайн хуралд санал өгөх эрхтэй оролцсон хэдий ч ирц хүрээгүй, дүрмийн 4.4, 4.6-д заасныг зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх *******-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12, 20-ны өдрийн хурлуудыг Удирдах зөвлөлийн дүрмийн 4.4, 4.6-д заасныг зөрчсөн талаар дүгнэсэн бөгөөд хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрч, энэ талаар гомдол гаргаагүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул зарим нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаартай *******ийг ажилд түр томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
3. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулбал,
2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ ректорын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахдаа Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.2, Дээд боловсролын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1, Соёл урлагийг их сургуулийн Удирдах зөвлөлийн дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчсөн ...хууль зөрчиж баталсан тогтоолыг үндэслэж түр орлон гүйцэтгэгчийг томилж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх, сонгох сонгогдох эрх ашгийг зөрчиж байна... гэж,
2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаартай *******ийг ажилд түр томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслээгүй, удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, түр орлон гүйцэтгэгч томилохтой хамааралгүй хуулийн заалтыг удирдлага болгосон... гэж тайлбарласан.
4. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...*******ийн 06, 08 дугаартай тогтоолууд нь хууль болон холбогдох дүрэм, журмуудыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан, нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаагүй, өмнө ректороор ажиллаж байсан ******* өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул Удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолоор *******ийг ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон учраас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй... гэж эс зөвшөөрч, маргажээ.
5. Анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байх тул хэргийн харьяалал зөрчсөн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
5.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд Удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолоор *******ийг ректорын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг хууль бус гэх үндэслэлээ шаардлага хангаагүй өөр этгээдийг томилсон буюу зохих шаардлагыг хангасан нэхэмжлэгч нарыг түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй эс үйлдэхүйтэй холбоотой маргасан гэж үзэх үндэслэлтэй.
5.2. Нэхэмжлэгч нарын маргаж буй хууль бусаар түр орлон гүйцэтгэгч томилсон гэх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан тушаал нь Соёл урлагийн их сургуулийн ректорын албан тушаал байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар байна.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан ...бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол-д хамаарахгүй тул иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх иргэний хэргийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэргийг харьяалан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаар *******ийг ажилд түр томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. *******ийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолоор тус сургуулийн ректорын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталсан байх ба уг тогтоол хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
7. Анхан шатны шүүх талуудын маргаанд хамаарах холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
8. Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, *******ийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 02 дугаар Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан Удирдах зөвлөлийн дүрэм-д зааснаар ******* нь өөрийн удирдлагын байгууллага болохын хувьд гүйцэтгэх удирдлага буюу Ректорын ажлын байрны тодорхойлолтыг батлах эрхтэй байна.
Мөн Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Удирдах зөвлөл нь үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно гэж зааснаар ******* нь 2024 оны 05 сарын 08-ны өдөр 03 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолоор тус сургуулийн ректорын албан тушаал (ажлын байрны)-ын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллажээ.
9. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд проректор, ректор байна гэж, 33.2 дахь хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна: 33.2.2-д боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг гүйцэтгэх удирдлага удирдах, энэхүү гүйцэтгэх удирдлага нь их сургуульд проректор, ректор байхаар заасан ба хуулийн 33.2-т заасан хуулийн шаардлага нь зөвхөн боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгчид тавигдах шаардлага буюу үүнд проректор, ректорыг хамааруулаагүй байна.
10. Тиймээс нэхэмжлэгч нарын Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолоор Соёл урлагийн их сургуулийн Ректорын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг шинэчлэн батлахдаа албан тушаалд тавигдах тусгай шаардлага, туршлага хэсэгт Дээд боловсролын сургалтын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, соёл урлагийн салбарын байгууллагад удирдах албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх гэж өөрчилсөн нь Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх нэхэмжлэл үндэслэлгүй, анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий болж чадаагүй.
11. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг.
Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилж, гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх чиг үүргийг удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр заасан боловч энэ тохиолдолд удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр нь гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар биш харин байгууллагын дотоод ажлын хүрээнд буюу ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн асуудлаар гарсан. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас эрх хэмжээний хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан үйлдэл нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх, сонгох сонгогдох эрх-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй буюу тухайн шийдвэр гарснаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Үүнээс үзэхэд хариуцагч нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дотооддоо чиглэсэн тогтоол гаргаж ректорын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч *******д холбогдох тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
12. Хариуцагч тал нь *******ийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахтай холбогдуулан *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Учир нь, *******ийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад оролцуулаагүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
13. Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 67-71 дэх талд авагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан шаардлагыг хангасан, мөн 2 дугаар хавтаст хэргийн 27-94 дүгээр талд авагдсан нотлох баримтын зарим нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт дахин авагдсан, мөн зарим нотлох баримтад шүүхээс үзлэг хийх хэлбэрээр нотлох баримтыг бэхжүүлсэн байгаа тул нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүх үнэлсэн гэх давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхино.
14. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07909 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох *******ийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ж.ЛХАГВАСҮРЭН