| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2024/00342/И |
| Дугаар | 203/МА2025/00052 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 203/МА2025/00052
2025 оны 12 сарын 10 өдөр Дугаар 203/МА2025/00052 Даланзадгад сум
Д.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313/ШШ2025/00398 дугаар шийдвэртэй
Д.*******ын нэхэмжлэлтэй
Өмнөговь аймгийн *******д холбогдох
Өмнөговь аймгийн *******ийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/210 тоот тушаалыг хүчингүй болгох, Дотоод хяналт, шалгалтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Дэнзэн овогтой ******* би 2018 оны 02 дугаар сарын 23-нд Өмнөговь аймаг дахь *******ийн төрөх тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр уригдан ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар дэвшин ажилласан. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс захирлын болон орлогчийн албан тушаалыг түр хавсран гүйцэтгэж, ковид цар тахлын хүнд үеийг даргын болон эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлын хамт нэр төртэй гүйцэтгэж, Монгол улсын эдийн засгийн гол хүч болох Өмнөговь аймгийн болон явуулын хөдөлгөөнт хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлст өвчлөл хамгийн их, хэвтэлт ихтэй байсан ч улсын хэмжээнд нас баралтын түвшнээр хамгийн бага түвшинд байлган амжилттай ажилласан. Улмаар Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Өмнөговь аймаг дахь *******ийн ерөнхий захирлын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.
2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын тушаалаар Дотоод хяналтын ажилтнаар томилогдон ажилласан. Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дотрын тасгийн эрхлэгч, захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.******* нь Б/210 тоот тушаал гаргаж, Дотоод хяналтын ажилтан ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг гаргасан. Энэ тушаал Хөдөлмөрийн хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг зөрчиж гарсан гэж миний зүгээс үзэж байна.
Мөн ажлаас халсан тушаал гаргаж байгаа Б.*******ийн эрх зүйн байдал тодорхойгүй байна. Учир нь *******ийн захирлын тушаалыг тус төвийн нэгж болох дотрын тасгийн эрхлэгч гаргаж байгаа нь үүнийг харуулж байна.
Маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх гэсэн боловч Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд энэ комисс байгуулагдаагүй мөн Даланзадгад сумын Тамгын газарт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулаагүй тул хуулийн дагуу шүүхэд хандаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: *******-ийн захирлын 2024 оны А/56 дугаар тушаалаар Дотоод хяналтын ажилтан албан тушаалыг байгууллагад нэн шаардлагагүй, ажлын байрны чиг үүрэг нь тус төвийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгж, дэд захирлууд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны чиг үүрэгтэй давхардсан, төвийн цалин хөлсний зардлыг нэмэгдүүлсэн, төвийн зохион байгуулалтын бүтэц, ажлын уялдаа холбоонд харшилсан, Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 3.1, 3.2-т нийцээгүй шалтгаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1 2-ийг зөрчиж чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоосон зөрчлийг арилгаж хассан.
Тухайн ажлын байрыг хассантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар болсон болон эх барих эмэгтэйчүүдийн эмч ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах саналыг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. *******-ийн зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн ******* улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох тус төвийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/210 тоот тушаалыг хүчингүй болгох, дотоод хяналт, шалгалтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1. Д.******* миний бие 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ээлжийн амралттай байсан болох нь хавтас хэргийн 231 дүгээр талд авагдсан Ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр нотлогдож байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 17-ний өдөр хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан нь Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна. Д.******* надад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 363 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг өвчтэй эмнэлэгт байхад хүргүүлж, мөн эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд өөр ажлын байрны саналыг 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах 60.1 дүгээр зүйлд 13 үндэслэлээр ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэж зохицуулсан. Хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.2-д ...-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай тохиолдолд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар зохицуулсан байхад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******-ийн Удирдлагын зөвлөлийн хурлыг хийж, улмаар тус хурлаас гарсан шийдвэрээ үндэслэж 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цуцлах болсныг мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийг зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ баримт хуулийн заалтыг анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасан. Өмнөговь аймгийн ******* энэ заалтыг хэрэгжүүлэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, захирлын тушаалыг гаргасан. Учир нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 363 дугаартай мэдэгдлийг явуулахдаа 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэн хуулийн заалтын хэрэгжүүлээгүй, хуулийн заалтыг зөрчиж гаргасан гэдэг нь тодорхой харагдаж байна.
3. Эрүүл мэндийн сайд, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг баталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан бөгөөд 2.3.4-д салбар, салбар дундын хамтын хэлэлцээр-ийн хуульд зохицуулсан. Өмнөговь аймгийн ******* нь дээрх салбарын хамтын хэлэлцээрийн зохицуулалтыг удирдлага болгон үйл ажиллагаандаа хэрэглэх ёстой юм. Хамтын хэлэлцээрийн хоёр. Хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгаж өгч 2.7-д тодорхой шалтгааны улмаас ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ ажил олгогч нь ҮЭ-ийн байгууллагад 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж ажиллана, мөн 2.8 Ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 3 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтан, өрх толгойлсон болон насанд хүрээгүй 2-оос дээш хүүхэдтэй ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй байх бөгөөд хэрэв тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотголд орсон тохиолдолд өмнө нь авч байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг бууруулахгүйгээр өөр ажлаа хангана гэж заасан байна. Гэтэл Өмнөговь аймгийн ******* нь дээрх хамтын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ажлын байрыг хасаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Хамтын хэлэлцээрийн заалтаар бол орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг хийх бол 30 хоногийн өмнө ҮЭ байгууллагад мэдэгдэх ёстой байтал энийг хэрэгжүүлэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл хууль зөрчсөн байна. Мөн Д.******* миний бие тэтгэвэрт гарахад 3 сарын хугацаа л дутуу байхад ажлаас халсан, өрх толгойлсон эмэгтэй байхад ажлаас халсан нь хамтын хэлэлцээрийн 2.8-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа дээрх хамтын хэлэлцээрийн заалтыг анхаарахгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй юм.
Анхан шатны шүүх нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай *******ийн бүтэц, орон тоо, үндсэн цалингийн сүлжээний зэрэглэл, бусад нэмэгдлүүдийг шинэчлэн батлах тухай Захирлын тушаалын нэгдүгээр хавсралт буюу 2024 онд ажиллах үлгэрчилсэн бүтэц нь хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ дурдаж шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь шүүх шийдвэр гаргахдаа хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж тухайн баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих, хариуцагчийн татгалзлыг нотолж буй эсэхэд дүгнэлт өгөх учиртай. Гэтэл хавтас хэрэгт авагдаагүй баримтыг дурдаж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр үндэслэл бүхий гараагүй юм.
4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-т ...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэжээ. Гэтэл Өмнөговь аймгийн *******-өөс 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Д.******* надад өгөөгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөговь аймгийн ******* нь хөдөлмөрийн гэрээг цуцлах захирлын тушаалыг гаргахдаа хамтын хэлэлцээрийн заалтыг баримтлаагүй нь хууль зөрчиж гарсан тушаал гэж үзэж байна.
5. Анхан шатны шүүх хуралдааны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлын цагийн бүртгэлийн хүснэгтийг гаргаж өгч Д.******* намайг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажиллаж байсан тул мэдэгдлийг өөрт танилцуулсан гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбар хэлж мэтгэлцсэн. Гэтэл тухайн үед Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, чөлөөтэй байсан талаарх баримт хэрэгт авагдсан байхад хэтэрхий намайг гүтгэсэн тайлбарыг гаргасан. Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед ажлын цагийн хүснэгттэй нь холбогдуулан хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Мөн ажлын цагийн хүснэгтийг сайн харвал 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байхад тэрнээс хойш өдрүүдэд цагийн бүртгэлийг хийсэн ажилдаа очиж цаг бүртгүүлсэн мэтээр хийсэн байгаа нь энэ баримт хуурамч, худлаа нотлох баримт гэдгийг харуулж байна. Эрүүл мэндийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1 а/1355 дугаартай албан бичгээр багийн шалгалтаар илэрсэн алдаа, дутагдлыг засахад онцгой анхаарч, дутагдлуудыг арилгаж, биелэлтийг нотолгоогоор баримтжуулан ирүүлэхийг даалгасан байна. Тус багийн дүгнэлтийн 1.10-т дотоод хяналт шалгалт хийсэн удирдамж, төлөвлөгөө, тайлан байхгүй байгаа нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж үзэж байна гэх дүгнэлтийг удирдлага болгож Д.******* надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дотоод хяналтын ажилтнаар томилогдож, 2023 онд хийх хяналт шалгалтын ажлын удирдамж, төлөвлөгөөг гаргаж, тухайн үед захирлаар ажиллаж байсан Д.*******ээр батлуулсан байхад энэ баримтыг тухайн шалгалт хийсэн багт үзүүлэлгүйгээр тайлан төлөвлөгөөг байхгүй болгож, үүн дээрээ тулгуурлаж ажлын байрыг хасаж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Чанар аюулгүй байдлын албатай үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны тодорхойлолт нь давхардсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь мөн адил үндэслэлгүй юм. Учир нь хавтас хэрэгт тухайн ажлын байрнуудын тодорхойлолт авагдсан бөгөөд дотоод хяналтын ажилтны ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд өөр өөр байгаа нь харагдаж байгаа юм. нэг.Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал: Эмчилгээг өвчтөнд тариа, эмээр хийх тул байгууллагад ямар ямар эм тариа хэдэн ширхэг орох вэ, жилдээ хэдэн хүн хэвтэж ямар ямар эм тариа хэрэглэх вэ гэдэг тооцоо судалгааг гаргаж тооцоолон, эмийн тендерийг зохион байгуулах асуудалд анхаарч, нөөц, тасалдал, хадгалалт хамгаалалт, хүрэлцээ гэх мэтийг анхаарч эм зүйч, эмийн сангийн нөхцөлд эм тариа хөлдөх хагарах, тээвэрлэхэд анхаарч эм зүйч, эмийн санч, жолооч, слесарь, цахилгаанчин гээд аж ахуйн бүх ажилчдыг удирдан чиглүүлж хариуцан ажиллана. хоёр: Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал: Эмчилгээг өвчтөнд зөв оновчтой хийж байна уу, хийж байгаа эм тариа үр дүнгээ өгч биеийн байдал сайжирч байна уу, хүндэрвэл эмчилгээний тактикийг яаж өөрчлөх вэ, хамтарсан үзлэгээр зөвлөх эмч нарыгаа удирдан зохион байгуулж хамтарсан үзлэг зохион байгуулж, өвчтөний хувь тавилан, амь насыг аврахад эмчилгээ, эм тариа таарч эдгэрч байна уу, эмч нарын эмчилгээг хянах, эмч сувилагчийн ажлын бүтээмж, өвчтөнд үйлчилж байгааг хараа хяналтгүй орхиж хүндрүүлэхээс урьдчилан сэргийлж эмч эмнэлгийн мэргэжилтэн албатуудыг хариуцан анхаарч ажилладаг бол, гурав: Чанар аюулгүй байдлын албаны дарга: Эмчилгээнд хугацаа дууссан эм байна уу, сувилагч нар тариаг стандартыг баримталж малгай бээлий өмсөж хийж байна уу, гарыг ариутгаж хийж байна уу, өвчтөндөө эм тарианы нэр, хугацаа, ямар эм тариа ямар өвчинд хийж байгааг танилцуулж хийж байгаа эсэх, эм тарианы урвал, харшил хүндрэл өгөх нь үү, 5 минут аажим шахаж судсаар хийх тариаг хэт хурдан 1-2 минутад тарьж байна уу, хугацааг яарч хийснээс өвчтөн ухаан алдах харшил урвал өгөх зэрэгт анхаарч ажилладаг ба энэ нь эмчилгээ үйлчилгээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоод хяналтыг хийж ажиллаж байна. Харин эм тариаг өндөр үнээр авч байгаа эсэх, худалдан авалтыг тендертэй хийж байна уу үгүй юу, эм тариаг эмнэлгийн ажилтнууд илүү олноор аваад гадагш гаргаж байгаа эсэх гэх мэт асуудалд оролцохгүй. Харин байгууллагын дотоод хяналтын ажилтан нь: Байгууллага төсөв мөнгөө зөв зарцуулж байгаа эсэх, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу хийж байгаа эсэх, хээл хахууль байгаа эсэх, өвчтөнийг үзээгүй мөртөө үзсэн гэж үзлэг оруулж мөнгө завших эсэх, сэмхэн эмнэлгийн эм тариаг зарах, төлбөртэй тусламжийн мөнгийг кассад оруулахгүйгээр завших, жолооч нар бензин масло зарж байгаа эсэх, өвчтөн УБ хот руу тээвэрлэхэд байгууллага бүх бензинийг гаргаад өвчтөн тээвэрлэж байхад хүргэж өгч байгаа эмч сувилагч жолооч дахин бензиний мөнгийг нэхэж авсан эсэх, байгууллагын дарга хууль бус ашиг сонирхлын үүднээс мөнгө завших,байгууллагын бүх эмч ажилчид хүрэлцэхгүй байгаа эм тариа материалыг гадагш гаргаж байгаа эсэх, хагалгаанд орсон үйлчлүүлэгчээсээ хагалгааны мөнгө нэхэж аваад байгууллагын материал багаж эм тариа хэрэглээд байгууллагыг хохироох, архидан согтуурах, үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэх г.м байгууллагын бүхий л үйл ажиллагааг бүхэлд нь хамруулан мэргэжил мэргэжлийн алба, удирдах албан тушаалтнууд, мэргэжил мэргэжлийн чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтнүүд ажилтнуудтай хамтарч баг болон чиглэл чиглэл рүү хамтарч ажилладаг... гээд маш олон тал руу байгууллагаа, удирдлагаа чиглүүлэхэд илэрсэн дутагдлуудыг даргадаа танилцуулж, шаардлагатай бол удирдлагын зөвлөлд байгууллагын дарга танилцуул гэсэн зөвшөөрлийн дагуу хуулийн хүрээнд ямар мэдээллийг нь өгөх эсэхээ ялгаж салгаж мэдээлэх, хуулийн байгууллага руу шилжүүлэх эсэх асуудлыг байгууллагын даргадаа мэдэгдэж мэдээлэх зэргээр хуулийн дагуу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилладаг албан тушаал юм.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313/ШШ2025/00398 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ыг чөлөөтэй байх хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх Хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотойгоор өөр ажлын байрыг санал болгож байна гэдэг утгатай мэдэгдлийг өгсөн. Энэ мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн. Тэгэхээр ээлжийн амралтын хугацаа дуусаад хөдөлмөрийн чадвар түр алдсан буюу эмнэлгийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан хугацаанд нь мэдэгдлийг өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан 13 үндэслэл бүхий ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэж зохицуулсан байдаг. Үүнийг зөрчсөн. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай тохиолдолд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар зохицуулсан. Энэ хуулийг мөн адил зөрчиж анхан шатны шүүх шийдвэр гаргасан.
Мэдэгдлээр хүүхдийн эх барих эмчээр ажиллуулах саналыг гаргасан. Энэ нь өөр ажлын байр байна. Дотоод хяналтын ажлын байртай адил төрлийн ажлын байр гэж үзэхгүй. Хууль зөрчиж мэдэгдэл хүргүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
Эрүүл мэндийн сайд болон Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, мөн Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоодын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хэлэлцээр Хөдөлмөрийн тухай хууль хэлэлцээрийг баталсан байдаг. Энэ хэлэлцээрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Хөдөлмөрийн тухай хууль дээр хэлэлцээрийг дагаж мөрдөхөөр тусгаад өгчихсөн байдаг. Хамтын хэлэлцээрийн 2 дугаар зүйл дээр хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгаж өгсөн. Үүний 2.7-д тодорхой шалтгааны улмаас ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ ажил олгогч нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж ажилтны хууль ёсны эрх, ашгийг хангаж ажиллана. Мөн 2.8 дээр ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 3 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтан, өрх толгойлсон болон насанд хүрээгүй 2-оос дээш хүүхэдтэй ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй байх бөгөөд тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотголд орсон тохиолдолд өмнө нь ажиллаж байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг бууруулахгүйгээр өөр ажлаар хангана гэж заасан.
Гэтэл Өмнөговь аймгийн ******* нь хэлэлцээр болон энэ заалтуудыг нь зөрчиж ажлын байрыг цомхотгосон. Дараагаар нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.******* нь тэтгэвэрт гарахад 3 сар дутуу байсан учир энэ хэлэлцээрийн дагуу тэтгэвэр тогтоолгоход 3 жил гэдэг хугацаанд хамаарч байгаа. Тэгэхээр энэ хүний ажлын байр болон хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй байсан гэдэг нь энэ заалтаар харагдаж байна.
Анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай *******ийн бүтэц орон тоо, үндсэн цалингийн сүлжээний зэрэглэл, бусад нэмэгдлүүдийг шинэчлэн батлах тухай захирлын тушаалын хавсралт 1-д заасан үлгэрчилсэн бүтэц хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ үүнийг дурдаж шүүхийн шийдвэрийг гаргасан. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг шүүх хаанаас үндэслээд шийдвэртээ тусгасан нь ойлгомжгүй. Хэрэгт авагдаагүй баримтыг тусгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гараагүй гэдэг нь үүгээр нотлогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-д заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвөөс Д.*******д 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг одоог хүртэл олгоогүй байж, үүнийг олгосон мэтээр шүүхийн шийдвэр дээр тусгаж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэхээр байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлын цагийн бүртгэлийн хүснэгтийг гаргаж өгөхдөө 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажиллаж байсан мэтээр Д.*******ыг ажлын цагийн бүртгэл гаргасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэл нь 211 дүгээр талд авагдсан. Ажлын цагийн бүртгэл болон 249-өөс хойш өгсөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжтэй холбоотойгоор баримтууд, эмнэлгийн магадалгаа байгаа. Энэ магадлагаануудаас харьцуулан үзэхэд Д.******* нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан гэдэг нь нотлогдож байна. Ингэж нотлогдож байхад Д.*******ыг анхан шатны шүүх нь ажиллаж байсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэл бүхий гараагүй байна.
Мөн ажлаас халах тушаал гаргасны дараагаар ажлын цагийн бүртгэлийг хийгээд явсан харагддаг. Тэгэхээр энэ ажлын цагийн бүртгэл нь алдаа дутагдалтай, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй цагийн бүртгэл байгаа. Энэ цагийн бүртгэлийг үндэслэж гарсан анхан шатны шүүхийн шийдвэр мөн адил үндэслэлгүй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал дээр үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, чанар аюулгүй байдлын албаны дарга болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоод хяналтын хэлтэстэй болохоор ажлын байрнууд нь Д.*******ын дотоод хяналтын ажилтны ажлын байр нь давхцаж байгаа үндэслэлээр ажлын байрыг хассан. Гомдолдоо дурдсан нэр бүхий энэ ажлын байрны захирлуудын тушаал болон ажлын байрны тодорхойлолтоос харахад ямар нэгэн байдлаар давхцаагүй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр дотоод хяналтын ажилтан нь байгууллагын төсөв, мөнгө зарцуулж байгаа эсэх, мөн худалдан авах ажиллагаа нь хуулийн дагуу хийгдэж байгаа, ******* дээр авлига, хээл хахууль байгаа эсэх, өвчтөнийг үзээгүй мөртлөө мөнгө нэхэж авсан эсэх асуудлуудыг хянаж шалгаж байгаа. Гэтэл тухайн нэр бүхий үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, чанар аюулгүй байдлын албаны дарга гэдэг энэ албан тушаалтнуудад дотоод хяналтын ажилтны хийж байгаа ажил албан тушаал давхацсан үйл ажиллагаа харагдахгүй байна. Тэгэхээр 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/210 дугаартай тушаал нь үндэслэл бүхий гараагүй гэдэг нь энэ дурдсан баримтуудаар бүгд нотлогдож байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Мөн нэмж хэлэхэд ажлын байрыг хасаж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2023, 2024 оны ажлын байрны дотоод хяналтын ажилтны төлөвлөгөөгөө гаргаж өгөөгүй гэж цуцлаад байгаа. Гэтэл хавтаст хэргийн 244-248 дугаар талд дотоод хяналт шалгалтын чиглэлээр 2023 онд хийх ажлын төлөвлөгөө батлах, эмнэлгийн магадалгаа, ажлын төлөвлөгөө нь авагдсан. Үүнийг тухайн үед ажиллаж байсан Д.******* даргаар батлуулсан нь харагдаж байна гэв.
6.Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн хуулийн дагуу Эрүүл мэндийн яам, салбарын үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага 3 талт хамтын хэлэлцээрт тэтгэвэрт гарахад 3 жил дутуу болон өрх толгойлсон ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй байх заалтуудын аль алинд нь би орж байгаа. Хэрвээ цомхотголд оруулахаар болох юм бол 2.7-д нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж ажиллана. Гэтэл энэ ажиллагааг огт хийлгүйгээр шууд цомхотгосон.
Мөн намайг огт ажлаа хийдэггүй, таслаад алга болчихдог, цалин өгдөг гэж ярьдаг. Гэтэл би Б.******* даргыг ажилд орохын урд өдөр акттай байсан. Үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авсан. Б.******* гэж хүнээс би ажилласан хугацааны цалин гэж авч байгаагүй. Листний мөнгөө авч байсан. Дараа нь ээлжийн амралтын мөнгөө авсан болохоос энэ хүнтэй нэг өдөр хамт ажилласан гэж цалин авч үзээгүй. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр Н.Гарьдхүү өмгөөлөгч огт ажлаа хийдэггүй, луйварчин, бид нар цалинг нь өгөөд байдаг. Энэ хүн гадуур тэнээд байдаг гэж худлаа мэтгэлцсэн.
Гэтэл надад тэтгэмж олгосон баримт байхгүй. Баримт олгоогүй байхад яаж тэтгэмж олгосныг нь нотлоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Нотлох баримтуудад ач холбогдол өгч харьцсангүй. Тэгээд мэдэгдлийг өгөхөд би Улаанбаатар хотод өвчтэй байсан. Лист нь Улаанбаатар хотын эмнэлгийн лист байдаг. Гэтэл Өмнөговь аймагт Д.******* гээд хуруу дараад бүртгүүлээд байдаг. Хариуцагч тал маргахдаа Д.******* энд байдаггүй. Тэнээд алга болчихдог учраас бид нар энэ хүнийг барих боломжгүй. Улаанбаатар хот, Налайх дүүрэг рүү олохгүй юм чинь шууд мэйлээр нь мэдэгдлийг явуулсан. Мэйлээр явуулсныг нотлох хүн бий гээд шүүх хуралдааныг хэд хоног хойшлуулж байгаад бичиг хэргийг ажилтнаараа нотлуулаад, Д.*******ын мэйл рүү нь хийсэн гээд маргадаг. Тэгсэн мөртлөө 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд ажлаа хийж байсан гээд хуруу дарсан бүртгэл өгдөг. Ингээд 2 янзын тайлбар өгөөд байхад анхан шатны шүүх анхаарал хандуулаагүй. Нэг талыг барьж шийдсэн гэж би үзэж байна.
Давж заалдах гомдол дээрээ үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь гэхэд ямар ажилтай вэ гэдэг талаар бүгдийг нь ялгаж бичсэн. Гэтэл ******* 2021 оны 05 сард дотоод хяналтын баг гэж байгуулсан учраас энэ хүн шаардлагагүй гэдэг. Тэгээд 2023 оны А01 тоот тушаалын 1 дүгээр хавсралт дээр дотоод хяналтын ажилтан гэдэг шинээр орон тоо батлагдаж гарсан. Өөрсдөө намайг ажиллуулахгүй гэчхээд, сургалтад явъя гэхээр сургахгүй гэдэг. н.******* дарга байхад ажиллаж болж байсан хэрнээ дараагийн дарга нь орж ирээд өрөө ухаад, төнхөөд өнөөдөр би өчнөөн юм алдчихсан сууж байна. н.Лхаажаа захирлыг ирэхээр хүсэлтээ өгөөд хариу авсан. Цагдаагийн байгууллага руу хандах юмнууд байгаа. Өрөө ухаад бүх юмыг нь гаргаж хаядаг. Яах вэ тэр байгууллага өрөөгөө мэддэг байж болно. Тэгвэл дотоод хяналтын ажилтан тэр өрөөнд хүн орж үзэхгүй юм чинь ядаж надад мэдэгдээд өрөөг чинь ухах гэж байна гэж хэлээд ухаж болно. Арай дэндүү, ийм хууль бус үйл ажиллагаа газар автал явж байгаа. Бүх нотлох баримтыг устгасан.
2024 онд намайг ажлаа хийгээгүй гэж байна. Миний 2024 оны ажлын төлөвлөгөө, ажиллаж байсан бүх баримт нь байсан боловч бүгдийг нь устгачихсан. Устгачхаад ажлаа хийгээгүй гэж яриад байгаа. Тэгэхээр хамгийн гол нь миний ажлыг шалгая, үзье гэж нэг ч удаа надад хэлж үзээгүй. Бүтэн 30 жил ажиллачхаад 3 сарын дараа тэтгэвэрт гарах гэж байхад тэтгэмж бүх юм хасаад ингэж шийдвэрлэж байгаад үнэхээр гомдож байна. Би Улаанбаатар хотод өвчтэй байсан. Өвчтэй нь үнэн гээд магадлагч эмч нь батлаад, нягтлан нь бодоод, дарга нь хянаж батлаад мөнгө төгрөгийг нь шилжүүлчихсэн листийг хүртэл хуурамч болгодог. Шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс протокол худал тэмдэглэгдсэн асуудал ярилаа. Тэгэхээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар танилцаад зөрүүтэй тэмдэглэгдсэн бол залруулах боломж байдаг. Харамсалтай нь энэ эрхээ эдлээгүй байж өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаан дээр протоколд буруу тэмдэглэгдсэн талаар ярьж байгаа нь үндэслэлгүй.
Хавтаст хэрэгт авагдсан *******ийн дотоод журам байгаа. Энэ дотоод журмыг баталсан хүн нь Д.******* буюу нэхэмжлэгч өөрөө 2022 онд баталсан байдаг. Энэ дотоод журмын 4.4-д чөлөөг яаж олгох талаар зохицуулсан. Ингэхдээ өргөдлийг нь үндэслэн Ерөнхий захирлын зөвшөөрлөөр чөлөө олгоно гэж заасан. Тэгэхээр тухайн цаг хугацаанд захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан Б.******* болон хүний нөөцийн албанд ажиллаж байсан Н.******* нарт чөлөө зөвшөөрөл хүссэн өргөдөл ч юм уу, текст хэлбэрээр юм уу, мэйлээр ч юм уу, утсаар ч юм уу ямар нэгэн байдлаар чөлөө аваагүй. Чөлөө авъя гэж хэлсэн байлаа ч гэсэн ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Тэгэхээр 06 дугаар сарын 06-ны өдөр энэ хүн ажилтай байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Тэгээд дуудаадах, наад хүн чинь байна уу яасан бэ гэсэн нөхцөл байдал харагдаад байна. Хавтаст хэргийн 231 дүгээр талд авагдсан нотлох баримтыг харахад нотлох баримтын шаардлага хангаагүй, тамга, тэмдэг байхгүй. Сонгинохайрхан дүүрэгт байрлах өрхийн эрүүл мэндийн төвийн нэг баримт байдаг.
Нэхэмжлэгчийн хувьд 2025 оны эхээр Налайх дүүрэг рүү шилжсэн. Түүнээс өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт оршин суух хаягтай байсан. Өрхийн эрүүл мэндийн төв гэдэг нь анхан шатны эмнэлгийн нэг тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Харьяаллын бус хүнийг үзээд байдаггүй. Хуулийг нь уншвал тухайн нутаг дэвсгэрийнхээ харьяалах дүүрэг болон сум, багийн иргэдэд үйлчилдэг. Тэгэхээр Д.******* нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлээд эмнэлгийн чөлөө авлаа гэдэг бол хуурамч нотлох баримт. Гэхдээ энэ хуурамч нотлох баримт байна гэдэг дээр шалгуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргаагүй. Эмнэлгийн хуудас бичигдсэн оноог нь харахаар 06 дугаар сарын 20-ны өдөр гээд өөрийнх нь яриад байгаа үйл баримтаас хойно нөхөж бичигдсэн үйл баримт харагдаж байна. Ийм учраас тухайн цаг хугацаанд би чөлөөтэй байсан гэж хэлээд байгаа тайлбар нь үндэслэлгүй. Чөлөөтэй байгаагүй, ажилдаа ямар нэгэн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байсан. Тийм учраас чөлөөтэй байсан гэж үзэхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тодруулбал нэхэмжлэлд дурдаад байгаа 60.1.2-т зааснаар ажлын байр хадгалагдаж байсан гэдэг тайлбар үндэслэлгүй. Ийм учраас бид нар ажлын байр нь хадгалагдаж байна гэж тухайн үед үзээгүй. Ажилдаа ирсэн байх гэсэн боловч ажилдаа ирээгүй байсан. Залгахад утсаа авахгүй байсан нөхцөл байдал байгаа. Цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдээд намайг ажилласан мэтээр гаргаад ирсэн гэдэг. Өмнөговь аймгийн *******ийн хувьд 300 гаруй ажилтантай. Тэр олон хүний ажлын цагийг цаасаар бүртгээд гарын үсэг зурж баталгаажуулаад байх боломжгүй. Цахим төхөөрөмж буюу гарын хурууны хээ ашиглаад ажлын цагийг бүртгэдэг. Гэтэл Д.*******ын өмнөөс хурууны хээг нь дарах ямар ч боломж байхгүй. Өөрөө л ирж цагаа бүртгүүлж байгаа нөхцөл байдал байгаа.
Мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс миний гаргаж өгсөн нотлох баримтыг шалгуулъя, энэ хуурамч байж болзошгүй талаарх хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Тухайн үед энэ талаар маргаагүй мөртлөө давж заалдах шатны шүүх дээр гаргаж ирж байна. Тэгэхээр энэ цагийн бүртгэл чинь хуурамч, намайг ажиллаагүй байхад ажилласан мэтээр яриад байгаа гэдэг нь үндэслэлгүй. Мөн нотлох баримт шалгуулах хүсэлтээ гаргаж байгаагүй. Намайг луйварчин, ажлаа хийдэггүй гэж хэлсэн гэж байна. Би анхан шатны шүүх хуралдаан дээр тэгж хэлээгүй. Хуульч хүн байна. Ёс зүй надад байлгүй яах вэ, юу гэж хүнийг луйварчин гэж хэлээд сууж байх вэ. Тэгээд би нэхэмжлэгчид байнга хэлдэг. Маргааныхаа үйл баримтын талаар яриач гэхээр өмгөөлөгчтэйгөө нийлээд хамааралгүй өөр худлаа зүйл яриад байдаг хүн нь нэхэмжлэгч байгаа. Тэгээд протоколд тэмдэглэгдэж байгаа таны тайлбарууд чинь нотлох баримт болдог. Үнэн зөвөөр ярих үүрэгтэй гэдэг дээр нь нэхэмжлэгчид байнга сануулж хэлж байгаа. Яагаад гэхээр дандаа худлаа үйл баримтуудыг яриад байдаг.
Хоёрдугаар үндэслэлээ юу гэж гаргадаг вэ гэхээр 60.4-д заасан адил шатны өөр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан гэж байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан орон тооны бүтэц, баталсан тушаалууд болон дүрэм, тушаалуудын хавсралтууд дээрээс харахад 2023 онд анх дотоод хяналтын ажилтан гэдэг орон тоог *******д бий болгосон. Д.******* гэдэг хүнээс өөр хүн энэ ажлын байран дээр нэг ч удаа ажиллаж байгаагүй гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байх. Анх батлахдаа ТҮЭМ буюу төрийн үйлчилгээний эрүүл мэндийн салбарын 5 дугаар зэрэглэлээр цалинждаг байсан. 2024 онд ТҮЭМ-ийн 6 дугаар зэрэглэлээр цалинжихаар байсан. Ингээд 5 болоод, нэг бол 6 болоод байгаа нь ямар шалтгаантай юм бэ гэхээр энэ ТҮЭМ ангилал, зэрэглэл, засгийн газар тогтоосон зэрэглэлийн алинд нь ч дотоод хяналтын ажилтан гэж байхгүй. Мөн цалин хөлсийг нь аль шатлалаар олгох ойлгомжгүй байгаа нөхцөл байдал энэ ажлын байрыг хасах үндэслэл болсон гэдгийг дурдах нь зүйтэй.
Ингээд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллуулъя гэсэн санал гаргасан. Ажлын байр нь ТҮЭМ 7 буюу санхүү мөнгөнийхөө хувьд, ангилал зэрэглэлийн хувьд дээд шатны албан тушаалтан байгаа. Нэхэмжлэгч өөрөө эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн хүн. Намайг хүсээгүй байхад дотоод хяналтын ажилтан болгочихсон гэж яриад байна. Манай байгууллагын нэгж, бүтэц орон тоог харахад дотоод хяналтын ажилтантай адил шатны өөр орон тоо байхгүй. Хүний нөөцийн албан тушаалтанд оруулж ажиллах юм уу, орон тоо нь бүрэн байсан. Харин бид нар ангилал, зэрэглэлийг нь дээшлүүлээд өөрийнх нь мэргэшсэн салбарт ажиллуулах нь ажил олгогчид ашигтай, өөрт нь ч ашигтай байсан боловч энэ саналыг хүлээж аваагүй. Мэдэгдэлдээ энэ саналыг хүргүүлсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хоёр дахь үндэслэл хууль зүйн үндэслэлгүй. Дараагийн дугаарт нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Нэхэмжлэгч өөрөө ч хэлж байна.
Энэ салбарын тарифын хэлэлцээр 2024-2026 онд хэрэгжиж байгаа. Энэ хэлэлцээрийн 2.7, 2.8, 2.3, 4 дэх заалтуудыг зөрчсөн гэж байгаа. Гэтэл энэ салбарын заалтуудыг нь уншаад үзээд нэг зүйл нэмж хэлэхэд энэ тарифын хэлэлцээрийг зөрчсөн асуудлыг давж заалдах шатны шүүх дээр анх маргаж эхэлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Өмнө нь анхан шатны шүүх дээр 7 асуудлаар маргаж мэтгэлцэж, нотлох баримтууд гаргаж өгсөн зүйл байхгүй. Энэ нь нийтэд илэрхий мэдээллүүд биш учраас нээлттэй мэдээллийн санд байдаггүй. Тийм учраас нэхэмжлэгч тал энэ хэлэлцээрийг зөрчсөн гэж байгаа боловч энэ талаарх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Ингээд энэ тарифын 2.3.4, 2.7, 2.8 нь зөвхөн олноор нь цөөрүүлэх, олноор нь ажлын байр хасах асуудалтай холбоотой процесс ажиллагааг л зохицуулсан үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн. Тэгэхээр олон ажлын байрыг энэ маргаан бүхий тушаалаар цуцлаагүй учраас гомдлын гурав дахь үндэслэл хууль зүйн үндэслэлгүй. Дөрөвдүгээр үндэслэл нь хавтаст хэргийн материалд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай бүтэц орон тоо, үндсэн цалингийн сүлжээний зэрэглэл тус нэмэлтээр шинэчлэн батлах тухай захирлын тушаалын 1 дүгээр хавсралт хэрэгт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан гэж ойлголоо. Энэ 1 дүгээр хавсралт нь ажлын байр цөөрүүлэхтэй холбоотой маргаанд ач холбогдолтой нотлох баримт биш. Зүгээр схем байдаг. Хамгийн дээд талд нь төвийн захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирал доошоо хэн хэнийгээ удирдаж ажиллах юм бэ гэдгийг л харуулсан нотлох баримт байдаг учраас энэ хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд төлөөлөгчийн зүгээс гаргаж өгөөгүй. Үүнийг оруулаагүй нь хэргийн шийдэлд ноцтой нөлөөлөх хэмжээний үндэслэл болохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Тэгэхээр гомдлын дөрөв дэх үндэслэл мөн хууль зүйн үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д заахдаа 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгов гээд биччихсэн байхад надад олоогүй, олгосон эсэхийг нь яаж мэдэж шийдвэртээ бичээд байгаа юм бэ гэж хэлээд байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-ыг нь уншихаар нэхэмжлэгчийн дурдаад байгаагаас арай өөр дүгнэлт харагдаад байгаа. Тухайн тушаалдаа олгохоор заасныг шүүгч үндэслэх хэсгийн 13-д 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн гэж яг олгосон гэдгийг дүгнэлт хийгээгүй, олгохоор заасан гэдэг агуулгыг тушаалдаа заасан гэдэг агуулгаар бичигдсэн. Би нягтлангаас нь тэтгэмжтэй холбоотой маргаан байдаг юм болов уу, тооцоогүй байдаг юм уу гэж асуухад олгосон гэдэг. Тиймээс олгосон гэх тайлбарыг анхан шатны шүүхэд хэлсэн. Хэрвээ Д.******* нь уг тушаалтай холбоотой болон 4 сарын цалингийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ямар нэгэн хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл, комисс болон 3 талт хороо болон шүүхэд маргаагүй. Би аваагүй, авах ёстой гээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй. Энэ асуудлын талаар давж заалдах гомдолдоо бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний зүгээс энэ тэтгэмжийг олгосон. Хэрвээ олгоогүй гэж үзэж байгаа бол нотлох баримтуудаа гаргаад өөрөө мэтгэлцээд явах байсан байх. Гэтэл энэ талаар нотлох баримт гаргаж мэтгэлцэж оролцоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Дараагийн асуудал нь намайг Улаанбаатар хотод байхад мэдэгдэл өгсөн гэдэг. Тэгэхээр тухайн цаг хугацаанд гэрч Т.*******гаас мэдүүлэг авагдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 06 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирчихсэн байх ёстой хүн чинь чөлөө зөвшөөрөлгүй, эмчийн актаа ч явуулаагүй алга болчихсон. Тэгээд 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй холбогдож чаддаггүй. Тэгэхдээ бид нар мэдэгдлээ ямар нэгэн байдлаар өгөх ёстой. Тэгээд утас руу нь залгасан чинь би хот руу явж байна гээд Налайх дүүрэгт нэг хаягт шуудангаар авъя гэсэн. Тэгээд Налайх руу явж байна гэж бодоод Налайх руу нь шууданд хийсэн. Түүнээс өмнө өөрийнх нь хавтаст хэрэгт авагдаж, үзлэг хийгдсэн мэйл хаягт илгээсэн. Өөрийнх нь цалин хөлсний задаргааг ажил олгогчоосоо авдаг, ажил олгогчтойгоо албан ёсоор харилцдаг мэйл хаяг руу нь хүргүүлсэн. Ингээд ямар ч байсан Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байрыг хасаж байгаа нь тодорхой үндэслэл шалтгаан байх ёстой. Тодорхой үндэслэл шалтгаанаа дурдсан. 30 хоногийн өмнө мэдэгдэх процесс ажиллагааг биелүүлсэн. Өөр ажлын байрны санал тавьсан боловч хүлээн аваагүй. Маргаад байгаа тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцсэн.
Давж заалдах гомдлын 6 дахь үндэслэл нь миний ажлын байрны өрөөний голыг нь сольж ороод хийсэн ажлын бүх тайлан, ажилтай холбоотой асуудлуудыг бүгдийг нь устгаж хаячхаад ажил хийгээгүй мэтээр энэ ажлын байрнаас халчихлаа гэж хэлдэг. Энэ үндэслэлгүй, худлаа тайлбар байдаг. Давж заалдах гомдолдоо дурдаагүй ч гэсэн өнөөдөр давж заалдах шатны шүүх дээр үндэслэл болгож яриад байгааг тайлбарлахгүй бол болохгүй байх. *******ийн захиргаад хандаж Д.*******аас гомдол гаргадаг. 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу хэдхэн хоногийн өмнө гэсэн үг. Миний өрөөнд орж бичиг цаасыг авч, хувцасны шкафыг коридорт гаргаж орхисон байснаас монетон бөгж 3,000,000 төгрөг, үзэг 18,000,000 төгрөг, herbalife бүтээгдэхүүн 2.1000,000 төгрөг, нийтдээ 23.1000,000 төгрөг болон н.*******, н.******* нарын цагийн бүртгэлүүдийг олж өгнө үү гэсэн хүсэлтийг *******ийн захиргаанд гаргасан. Энэ дээр гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлын талаар дурдаад байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг яриад байдаг. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэдэг. Энэ хяналт шалгалт ирээд байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Тэгэхэд дотоод хяналт шалгалтын ажилтантай холбоотой ажлын үр дүн байхгүй талаар дурдсан. Хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримтууд авагдсан. Эдгээр үндэслэлүүдээр ажлын байрыг нь хассан учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн. Би ийм ийм ажил хийдэг байсан гээд байдаг. Яг юу хийсэн юм бэ гэхээр 2023 онд Д.******* захирлаар батлуулсан төлөвлөгөөг гаргаж өгнө. Үүнээс өөр юм бол байхгүй. Хэрвээ байсан бол өөрөө гаргаад өгөх байсан байх. Эрүүл мэндийн яамны шалгалт ирсэн үед гаргаж өгөх ёстой байсан байх. Тэгэхээр байгууллагад ямар ч үр дүн байхгүй, ямар ч хийсэн ажил байхгүй.
Дотоод хяналтын нэгж нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаа явуулсаар байтал 2023 онд ажлын байр илүү бий болгосон. Ажил олгогч юу гэж үзсэн бэ гэхээр энэ ажлын байр байгууллагад ямар нэгэн үр дүнгүй байна. Чиг үүрэг нь дотоод хяналтын нэгжтэй давхцаж байна. Мөн дэд захирлууд болон чанарын албаны чиг үүрэгтэй давхцаж байна. Цалин хөлсийг нь олгоё гэхээр аль ангилал, зэрэглэлээр олгох нь ойлгомжгүй байна. Нэг болохоор 5 болоод нэг бол 6 болоод Засгийн газрын тогтоол дээр дотоод хяналтын ажилтан гэсэн албан тушаалыг тэддүгээр зэрэглэлээр цалинжуулаарай гэсэн юм байхгүй. Хүний нөөцийн программдаа оруулъя гэхээр Эрүүл мэндийн яамны тусгай программ ашигладаг дотоод хяналтын ажилтан гэдэг орон тоо байхгүй. Өөр бусад Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ийм тусдаа хүн суугаад ажиллаад байдаг практик байхгүй.
Практик байдаггүй юм гэхэд энэ байгууллагад үр дүнтэй юм уу гэхээр үр дүн авчирдаггүй. 2023 оноос хойш эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр нь цалинжуулдаг болсон. Өмнө нь төсвөөс санхүүжилт аваад тэр төсвийн санхүүжилтээрээ өөрсдөдөө цалин хөлс олгоод явдаг байсан бол хэдий хэмжээний иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ, төдий хэмжээний эрхээрээ гүйцэтгэлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас аваад санхүүжээд явдаг. Гэтэл дотоод хяналтын ажилтан гэдэг ажлын байр эдийн засгийн үр нөлөө байхгүй. Ажлын үр дүн байхгүй ийм нөхцөл байдлууд байгаа. Төрийн хяналтын тухай хуулийг зөрчсөн. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн Эрүүл мэндийн сайдын чиглэлээр орон тоог 9 хувиар цөөрүүл гэсэн байдаг. Үүний дагуу эмнэлгийн ажилтан, сувилагч нараас бусад захиргааны нэгжээс цомхотгохоор байсан. Хэрвээ дотоод хяналтын ажилтан гэдэг орон тоо цомхотгогдоогүй байсан бол эмч, сувилагчаас орох байсан. Ингээд 9 хувийнхаа буюу 30-40% хүний ажлын байр цомхотгох ажиллагаа эхнээсээ хийгдэх гээд явж байна.
Ийм нөхцөл байдлууд байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Талуудын гаргаж мэтгэлцсэн зүйлүүдэд үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийж гарсан хууль ёсны шийдвэр байна. Ийм учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.*******ын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Өмнөговь аймгийн *******д холбогдуулан Өмнөговь аймгийн *******ийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/210 тоот тушаалыг хүчингүй болгох, Дотоод хяналт, шалгалтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ ...Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Өмнөговь аймаг дахь *******ийн ерөнхий захирлын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын тушаалаар Дотоод хяналтын ажилтнаар томилогдон ажилласан. Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дотрын тасгийн эрхлэгч, захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.******* нь Б/210 тоот тушаал гаргаж, Дотоод хяналтын ажилтан ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг гаргасан. Энэ тушаал Хөдөлмөрийн хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг зөрчиж гарсан гэжээ.
9. Хариуцагч Өмнөговь аймгийн ******* нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч ... Тус төвийн захирлын 2024 оны А/56 дугаар тушаалаар Дотоод хяналтын ажилтан албан тушаалыг байгууллагад нэн шаардлагагүй, ажлын байрны чиг үүрэг нь тус төвийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгж, дэд захирлууд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны чиг үүрэгтэй давхардсан, төвийн цалин хөлсний зардлыг нэмэгдүүлсэн, төвийн зохион байгуулалтын бүтэц, ажлын уялдаа холбоонд харшилсан, Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 3.1, 3.2-т нийцээгүй шалтгаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1 2-ийг зөрчиж чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоосон зөрчлийг арилгаж хассан. Тухайн ажлын байрыг хассантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар болсон болон эх барих эмэгтэйчүүдийн эмч ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах саналыг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн гэжээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ... хариуцагчаас Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 1 а/1355 дугаар албан бичиг, түүний хавсралт шалгалтын багийн дүгнэлтийн 1.10-т 2021 оны 05 сарын 11-ний өдөр Байгууллагын дотоод хяналт шинжилгээ, үнэлгээний нэгж байгуулах тухай А/40 дугаар тушаалаар нэгж байгуулсан, 2023 оны 03 сарын 17-ны өдөр ...хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулах тухай төвийн захирлын Б/64 дугаартай тушаалд дотоод хяналтын ажилтнаар томилсон боловч 2021 оны тушаалыг хүчингүй болгоогүй, 2023 оноос хойших дотоод хяналт шалгалт хийсэн удирдамж, төлөвлөгөө, хийсэн ажлын тайлан байхгүй нь Засгийн газрын 2011 оны Нийтлэг журам батлах тухай 311 дүгээр тогтоолыг зөрчсөн гэсэн баримтыг гаргасан нь хэрэгт авагдсан байна. Дээр дурдсан баримтуудыг нэхэмжлэгч нотлох баримтаар няцаагаагүй байна. Эндээс тус төвийг төлөөлөх эрх бүхий этгээд тодорхой үндэслэл, нөхцөл, шалтгааныг зааж шинээр нэмсэн дотоод хяналтын ажилтан ажлын байрны орон тоог хассан гэж дүгнэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
11. Давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
12. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн *******д 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байгаад тус төвийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/210 тоот тушаалаар ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогджээ.
12.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан ба үүнд 80.1.1-д ...ажлын байр хасагдсан нөхцөл хамаарахыг хуульчилжээ.
Ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн байгууллагын зохион байгуулалтын өмнөх бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд энэ талаарх шийдвэрийг байгууллагын эрх бүхий этгээд тодорхой үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн байхыг хууль шаардана.
12.2. Анхан шатны шүүх ... Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дугаар Нийтлэг журам батлах тухай тогтоолоор Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ыг хавсралтаар баталжээ. Энэхүү нийтлэг журмын зорилго нь тухайн байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулж, байгууллага журмаар өөрөө батлах, хяналт шалгалт зохион байгуулах үүргийг тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж эсхүл ажилтан гүйцэтгэхээр тус тус зохицуулжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, тухайн үед Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг удирдлага, үндэслэл болгож тус төвийн захирлын 2021 оны 05 сарын 11-ний өдрийн А/40 дугаар тушаалаар байгууллагын дотоод хяналт шинжилгээ, үнэлгээний нэгжийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, мөн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн А/55 дугаар тушаалаар дотоод аудитын нэгжийг шинэчлэн байгуулсан байх тул нэхэмжлэгчийн ...*******ийн захирлын А/40, А/55 тушаал нь Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дотоод хяналтын ажилтанд хамаарахгүй. Чанарын хяналт, байгууллагын дотоод хяналт хоёр өөр орон тоо гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэж тухайн байгууллага үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт зохион байгуулах ажлыг нэгжээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Ажилтны ажлын байрыг хассан ажил олгогчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/56 дугаар тушаал хүчинтэй байх тул ийнхүү орон тооны бүтцээр тухайн байгууллагад байхгүй ажлын байранд ажилтан үргэлжлүүлэн ажиллах боломжгүй тул 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтыг бүрэн үнэлээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
12.3. Өмнөговь аймгийн *******ийн захирлын 2017 оны 03 сарын 20-ны өдрийн а/38 дугаар тушаал /хх-104/, түүний хавсралтаар баталсан Өмнөговь аймгийн *******ийн дүрэм-ийн 2.7-д Төвийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог эрүүл мэндийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр удирдлагын багаар хэлэлцэж, төвийн захирал батална 4.2-т Төв нь хөдөлмөрийн гэрээний биелэлт, жилийн үйл ажиллагааны болон үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг журамд заасан хугацаанд нь гаргаж удирдлагын багаар хэлэлцэж дүгнэж эрүүл мэндийн яаманд хүргүүлнэ./хх-105-107/ гэжээ.
12.4. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн *******ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Д.******* болон Д.******* нар нь 2023/21 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Д.*******ыг тус төвийн дотоод хяналтын ажилтны албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ /хх-156-157/-г хугацаагүй байгуулсан ба зохигчид энэ талаар маргаагүй.
Өмнөговь аймгийн *******ийн захирлын 2021 оны 05 сарын 11-ний өдрийн А/40 дугаар тушаал /хх-141/-аар тус байгууллагын дотоод хяналт шинжилгээ, үнэлгээний нэгжийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Өмнөговь аймгийн *******ийн захирлын 2023 оны 01 сарын 04-ний өдрийн А/01 дугаар тушаал /хх-130/, уг тушаалын хоёрдугаар хавсралт /хх-136/-аар тус төвийн 2023 оны бүтэц орон тоог шинэчлэн Арван гурав: Дэмжих үйлчилгээний тасагт ...13. Дотоод хяналтын ажилтан 1 гэж, мөн тус төвийн захирлын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаал /хх-137/, уг тушаалын хавсралт /хх-139/-аар 2024 оны бүтэц орон тоог шинэчлэн Арван дөрөв: Аж ахуй үйлчилгээний тасагт ...2. Дотоод хяналтын ажилтан 1 гэж тус тус баталжээ.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 1а/1355 дугаар албан бичиг /хх-145/, түүний хавсралт /хх-146-148/ шалгалтын багийн дүгнэлтийн 1.10-т 2021 оны 05 сарын 11-ний өдөр Байгууллагын дотоод хяналт шинжилгээ, үнэлгээний нэгж байгуулах тухай А/40 дугаар тушаалаар нэгж байгуулсан, 2023 оны 03 сарын 17-ны өдөр ...хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулах тухай төвийн захирлын Б/64 дугаартай тушаалд дотоод хяналтын ажилтнаар томилсон боловч 2021 оны тушаалыг хүчингүй болгоогүй, 2023 оноос хойших дотоод хяналт шалгалт хийсэн удирдамж, төлөвлөгөө, хийсэн ажлын тайлан байхгүй нь Засгийн газрын 2011 оны Нийтлэг журам батлах тухай 311 дүгээр тогтоолыг зөрчсөн байна гэжээ.
Ажил олгогч Өмнөговь аймгийн ******* нь ажлын байр хасах үндэслэлээ дээрх албан бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор гэж тайлбарлан, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэл /хх-108-115/-ээр Хэлэлцэх асуудал: 1. Дотоод хяналтын ажилтан шаардлагатай эсэх, байгууллагын дотоод хяналт шинжилгээ үнэлгээний нэгж байгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/40 тушаалыг шинэчлэн батлах тухай. 2. Дотоод хяналтын ажилтан Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай гэж томьёолж, тус хуралдаанаар Дотоод хяналтын ажилтан орон тоог хасаж, байгууллагын дотоод хяналт шинжилгээ үнэлгээний нэгж байгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/40 тушаалыг шинэчлэн батлах-аар шийдвэрлэжээ.
Улмаар дээрх шийдвэрийг үндэслэн тус төвийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/56 дугаар Дотоод хяналтын ажилтан ажлын байрыг хасах тухай тушаалд ...Байгууллагад нэн шаардлагагүй, ажлын байрны чиг үүрэг нь тус төвийн Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгж, дэд захирлууд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны чиг үүрэгтэй давхардсан, төвийн цалин хөлсний зардлыг нэмэгдүүлсэн, төвийн зохион байгуулалтын бүтэц, ажлын уялдаа холбоонд харшилсан, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ын 3.1, 3.2-т нийцээгүй байх тул Аж ахуй үйлчилгээний тасгийн дотоод хяналтын ажилтан ажлын байрыг хассугай гэжээ.
Гэтэл Өмнөговь аймгийн *******ийн захирлын 2017 оны 03 сарын 20-ны өдрийн а/38 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өмнөговь аймгийн *******ийн дүрэм-ийн 2.7-д Төвийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог Эрүүл мэндийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр удирдлагын багаар хэлэлцэж, төвийн захирал батална 4.2-т Төв нь хөдөлмөрийн гэрээний биелэлт, жилийн үйл ажиллагааны болон үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг журамд заасан хугацаанд нь гаргаж удирдлагын багаар хэлэлцэж дүгнэж эрүүл мэндийн яаманд хүргүүлнэ гэж заасны дагуу Өмнөговь аймгийн ******* нь аливаа бүтэц, зохион байгуулалт, орон тоог эрүүл мэндийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр удирдлагын багаар хэлэлцэж шийдвэрлэхээр тусгасан атал маргаан бүхий асуудлыг дээрх дүрэмд заасны дагуу хэлэлцэж, шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дотоод хяналтын ажилтан орон тоог хасах талаар Эрүүл мэндийн яамтай зөвшилцсөн тухай баримт хэрэгт авагдаагүй ба энэ талаар хариуцагч тал нотлоогүй байна.
Хэдийгээр дотоод хяналтын ажилтны ажлын байр үгүй болж хасагдсан боловч түүний оронд тус төвийн захирлын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн А/55 дугаар тушаал /хх-220/ -аар тус төвийн Дотоод аудитын нэгжийг албан тушаалын 7 орон тоогоор байгуулж, энэ тушаал батлагдсантай холбогдуулж тус төвийн захирлын 2021 оны 05 сарын 11-ний өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба ажил олгогч нь Д.*******ын гүйцэтгэж байсан чиг үүргийг өөр нэгж байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хариуцагч талын Дотоод хяналтын нэгж нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаа явуулсаар байтал 2023 онд ажлын байр илүү бий болгосон. Ажил олгогч юу гэж үзсэн бэ гэхээр энэ ажлын байр байгууллагад ямар нэгэн үр дүнгүй байна. Чиг үүрэг нь дотоод хяналтын нэгжтэй давхцаж байна. Мөн дэд захирлууд болон чанарын албаны чиг үүрэгтэй давхцаж байна. гэсэн тайлбар үгүйсгэгдэж, ажилтны эрх зөрчигдсөн гэж үзэхэд хүргэж байна.
Нөгөө талаар, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг Эрүүл мэндийн сайд, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо нь баталсан байх ба хэлэлцээрийн 2.7-д тодорхой шалтгааны улмаас ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ ажил олгогч нь ҮЭ-ийн байгууллагад 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж ажиллана, 2.8-д Ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 3 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтан, өрх толгойлсон болон насанд хүрээгүй 2-оос дээш хүүхэдтэй ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй байх бөгөөд хэрэв тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотголд орсон тохиолдолд өмнө нь авч байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг бууруулахгүйгээр өөр ажлаа хангана гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн ... Өмнөговь аймгийн ******* нь дээрх хамтын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр Д.******* миний бие тэтгэвэрт гарахад 3 сарын хугацаа л дутуу байхад ажлаас халсан, өрх толгойлсон эмэгтэй байхад ажлаас халсан нь хамтын хэлэлцээрийн 2.8-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй байна.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ...80.1.1...-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч ...ээлжийн амралтын хугацаа дуусаад хөдөлмөрийн чадвар түр алдсан буюу эмнэлгийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан хугацаанд нь мэдэгдлийг өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан 13 үндэслэл бүхий ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэж зохицуулсан байдаг. Үүнийг зөрчсөн. гэх агуулгаар гомдол гаргасан.
Хуульд мэдэгдэх үүргийг хэлбэрийн хувьд бичгээр эсхүл цахимаар гэж заасан, энэ талаар анхан шатны шүүх ...Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 363 дугаар албан бичгээр мөн өдөрт цахимаар, 06 сарын 07-ны өдөр Монгол шууданд илгээж тус тус мэдэгдсэн болох нь гэрч Т.*******гийн мэдүүлэг, хэрэгт авагдсан цахим хаяг болон бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
14. Нэхэмжлэгч Д.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т Хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; 61.2 дахь хэсэгт Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно. гэж зааснаар ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх, талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болохоор зохицуулсан байна.
Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр хасагдсан гэх боловч зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх зорилгоор уг албан тушаалд буцаан тогтоож, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийнхээ дагуу ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалтай аль болох дүйцэх байдлаар ажилтны эрхийг сэргээж шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой.
13. Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан ажилтанд олгох хуульд заасан үндэслэл бий болох ба энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313/ШШ2025/00398 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн ******* улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох тус төвийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/210 тоот тушаалыг хүчингүй болгох, дотоод хяналт, шалгалтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн *******ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/210 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Домч овогт Дэнзэнгийн *******ыг Өмнөговь аймгийн *******ийн Аж ахуйн үйлчилгээний тасагт Дотоод хяналтын ажилтнаар эгүүлэн тогтоосугай. гэж өөрчилж,
2 дахь заалтад хариуцагч Өмнөговь аймгийн ******* улсын төсөвт үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР