Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эод холбогдох эрүүгийн 1929001640096 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 780.8 килограмм бог малын давсалсан гүзээг Нордбенз маркийн 32-26 ӨМӨ улсын дугаартай автомашины 74-59 ГЧ дугаарыг чиргүүлтэй нүүрсний доор нууж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуунсухайт” хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

  - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,

- Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 16-17-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бараа бүтээгдэхүүний устгалын акт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай “Махны төрөл тодорхойлох” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,

- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 08 сарын 02-нй өдрийн 190/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Энхбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жамъянсэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,

- Монгол улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт /хх-ийн 61-р хуудас/,

- Шүүгдэгч Д.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/,

- Шүүгдэгч Д.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-58-р хуудас/

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59-60-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 780.8 килограмм бог малын давсалсан гүзээг Нордбенз маркийн 32-26 ӨМӨ улсын дугаартай автомашины 74-59 ГЧ дугаарыг чиргүүлтэй нүүрсний доор нууж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Гашуунсухайт” хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:

- гэрч Ю.Энхбатын: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гоймондоо дэлгүүрийн урд талд найз Эын хамт хоёр машинтайгаа зогсож байхад портертой танихгүй залуу ирээд малын гүзээ урагш нь гаргаад өгөөч 2000 юань өгье гэхээр нь Э бид хоёр зөвшөөрөөд гуч гучин шуудайтай гүзээ авч чиргүүл дотроо хийсэн. ...тэгээд 2019 оны 05 сарын 24-ний өдөр Гашуунсухайт хилийн боомт дээр очоод гаалийнханд баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

- гэрч Ж.Жамъянсэнгийн: “...Далайсоном овогтой Э нь нүүрс тээврийн машинд бог малын гүзээ ачиж гаалийн хяналтын бүсрүү нэвтэрч, хяналт шалгалтаар илэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай “Махны төрөл тодорхойлох” шинжээчийн: “...Мэдрэхүйн эрхтэний үзлэгээр бог малын гүзээ мөн болох нь тодорхой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас,/,

- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 08 сарын 02-нй өдрийн 190/01 дугаартай шинжээчийн: “...1. Норд бенз маркийн автомашин 1 ш 35 000 000, 2. Чиргүүл 1ш 25 000 000, 3. Гүзээ 1 кг Бог малын давсалсан гүзээ 2 500, нийт дүн 60 002 500” гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/ болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтад орсон бараа буюу бог малын давсалсан гүзээг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирол төлбөрийн хувьд:

Хэргийн материалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдсан нийтдээ 780.8 кг бүхий 30 шуудайтай бог малын гүзээг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/124 дугаартай шүүгчийн захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын дэргэдэх устгалын комисст шилжүүлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бараа бүтээгдэхүүний устгалын 2019 оны 07 сарын 09-ний өдрийн актаар утгасан тул шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Далайсономын Эыг хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА