| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2025/00401/И |
| Дугаар | 203/МА2025/00054 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 203/МА2025/00054
2025 оны 12 сарын 10 өдөр Дугаар 203/МА2025/00054 Даланзадгад сум
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 144/ШШ2025/00295 дугаар шийдвэртэй,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******, *******, С.******* нарт холбогдох
2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/202045367676 дугаар гэрээний үүрэгт 233,552,647.97 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Түрээслэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* болон С.******* нар нь ХААН Банкны Рояал кастл бизнес төвтэй 2020 оны 05-р сарын 21-ний өдөр ЗГ202045206425 дугаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн зүйлийн үнэ болох 2,300,000,000 төгрөгийг тус гэрээний 3.8-т заасны дагуу банк бэлтгэн нийлүүлэгчийн дансанд шилжүүлсэн ба түрээсийн хүү жилийн 18%-ийн хүүтэй, түрээслэгч нь хуваарьт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг банкинд төлөхөөр тохиролцсон. Мөн түрээслэгчийн хүсэлтээр тухайн гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж байсан.
Зээлийн барьцаанд иргэн Б.*******ын өмчлөлийн *******,,, 1 давхрын 10 тоот хаягт байршилтай, Ү-2206067871 дугаарт бүртгэлтэй, 100,0632 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө(1), Гурван сайхан констракшн ХХК-ийн өмчлөлийн Өмнөговь аймаг, *******,*******,******* хаягт байршилтай, Ү-1105004580 дугаарт бүртгэлтэй, 226.73 м.кв талбайтай авто зогсоолууд (2),
Н.Оргилын өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р хороо,*******, 307 тоот хаягт байршилтай, 67,68 м.кв талбайтай гурван өрөө, Ү-1105004916 дугаарт бүртгэлтэй, орон сууц(3)-ийг барьцаалуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.
2020 оны 05-р сарын 21-ний өдөр БГХ/202045206425 дугаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, кемпийн хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, Ford ranger маркийн, 1040-ӨМҮ улсын дугаартай(арлын дугаар: МNCLМFF80КW962709), 2019 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, бага оврын ачааны машин, Тоуоtа Рrius-ЗО маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй, 4181 УБД улсын дугаартай, арлын дугаартай ZVW413058735, автомашин, 2020 оны 5-р сарын 21-ний өдөр ФД/202045206425 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ байгуулж хавсралтад дурдсан 10 ширхэг Sinotruk Ноwо маркийн автомашиныг банкны өмчлөлд шилжүүлэн дээрх зээлийг авсан байдаг.
Мөн 2020 оны 06-р сарын 04-ний өдөр Хаан банктай *******, ******* болон С.******* нар нь ЗГ/202045367676 дугаар зээлийн гэрээ байгуулан 219,150,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийж, бараа бүтээгдэхүүн худалдан авах(Land cruiser-200 маркийн автомашин) зориулалтаар, жилийн 15 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж авсан ба тухайн өдөр БГФ/202045367676 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ байгуулж, 2019 онд үйлдвэрлэгдсэн, 2020.04.22-ны өдөр Монголд орж ирсэн, улсын, JТМНV05J404284568 арлын дугаартай, хар өнгийн Тоуоtа Landcruiser-200 маркийн автомашиныг Хаан банкны өмчлөлд шилжүүлэн зээлийг авсан.
Зээлдэгч нар нь 2020 оны 05-р сарын 21-ний өдрийн ЗГ202045206425 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 225,096,652 төгрөг, хүү 353,990,391 төгрөг нийт 579,087,043 төгрөг, 2020 оны 06-р сарын 04-ний өдрийн ЗГ/202045367676 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 32,987,552.88 төгрөг, зээлийн хүү 56,912,447.12 төгрөг нийт 89,900,000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд банк 2023 оны 12-р сарын 14-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2020 оны 05-р сарын 21-ний өдрийн ЗГ202045206425 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт:
А/Үндсэн түрээсийн төлбөрт 2,074,903,348 төгрөг
Б/Түрээсийн хүү 985,380,127 төгрөг
В/Алданги 1,398,363 төгрөг
Нийт 3,061,681,838 төгрөг;
2. 2020 оны 06-р сарын 04-ний өдрийн ЗГ/202045367676 дугаар зээлийн гэрээний үүрэгт:
А/ Үндсэн зээлийн төлбөрт 186,162,447.12 төгрөг
Б/ Зээлийн хүү 46,715,278.24 төгрөг
В/Нэмэгдүүлсэн хүү 674,922.61 төгрөг
Нийт 233,552,647.97 төгрөг
3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэл болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ(Н.Оргил, Б.******* нарын хөрөнгөөр), хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд дурдсан тоног төхөөрөмж, автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл /Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах/-ийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан. Хариуцагч *******, Арвижих шижир ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, С.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 233,552,647.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХААН банк ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******-ийн өмчлөлийн Toyota Land Cruiser 200 VX маркийн, JTMHV05J404284568 улсын бүртгэлийн дугаар /арлын дугаар/-тай тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие нь Хаан банкнаас 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ202045206425 дугаартай зээлийн гэрээ байгуулан 219 000 000 төгрөг жилийн 15%-ийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж авсан ба уг зээлийн үндсэн төлбөрт 32 987 552,88 төгрөг, зээлийн хүүд 56 912 447,12 төгрөг, нийт 89 900 000 төгрөг төлсөн байдаг, Хаан банкны зүгээс тухайн зээлийн гэрээний үүрэгт 233 552 647,97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь тухайн зээлийг 96 сарын хугацаатай авсан ба одоогоор зээлийн гэрээний хугацаа 2028 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байгаа, өөрөөр хэлбэл тухайн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн л асуудал байгаа. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар буюу 2023 оны 12 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 153 767 790,88 төгрөг байх байсан нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариас тодорхой харагдаж байгаа ба нэхэмжлэлд үндсэн өрийн үлдэгдлийг 186 162 447,12 төгрөг гэж нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас тухайн өдрөөр төлөх ёстой хүү алданги болон хугацаа хэтэрсэн үндсэн өрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч үндсэн өрийн үлдэгдлийн зарим хэсэг буюу 32 394 657 төгрөгийг зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй, шүүхээс ч тухайн зээлийн гэрээг цуцлаагүй байж, нийт төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн миний бие тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бусад шаардлагаас тусгаарлаж шийдвэрлэснийг шүүх хурлаас 3 хоногийн мэдсэн ба шүүх хуралдаанд эрүүл мэндийн улмаас очих боломжгүйгээ илэрхийлж, эмнэлгийн магадалгааг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн мөн хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ хүргүүлсэн байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, тайлбар мэдүүлэг өгөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.
Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 144/ШШ2025/00295 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 201,157,990 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн түрээсийн гэрээ, зээлийн гэрээ гээд Арвижих шижир говь, Говийн шигтгээ, С.******* нартай хоёр гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээ нь 2,3 тэрбум, зээлийн гэрээ нь 219,000,000 төгрөг байсан. Энэ хоёр гэрээний дагуу банк төлбөрөө шаардаж байсан. Анх 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрөө шаардъя, зээлийн гэрээний төлбөрөө шаардъя гээд нэхэмжлэл гаргасан. Энэ хоёр жилийн хугацаанд талууд эвлэрэх гэж ч үзсэн. Янз янзын аргаар энэ маргаанаа шийдвэрлэх гэж үзээд сүүлдээ эвлэрэх боломжгүй болоод барьцаа хөрөнгийг өмчлөгч нарт нэхэмжлэлийн шаардлагаа гардуулж чадахгүй явсаар байгаад банк хэргээ тусгаарлуулъя гээд С.*******ийн өөрийнх нь хөрөнгийг барьцаалсан зээлийн гэрээ буюу 219,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр тусгаарлуулаад шийдвэрлүүлсэн нэг хэрэг байгаа. С.******* болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. Өвчтэй байхад хийсэн гэж ярьж байна. Энэ хэрэг хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн. Тусгаарлаад 3 хоногийн дараа шүүх хурлаар шийдвэрлэсэн. Тэр үед С.******* юу гэж хэлж байсан бэ гэхээр хууль зүйн туслалцаа авъя, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн. Шүүхээс эрхийг нь олгоод шүүх хуралдааныг хойшлуулсан. Хоёр жилийн хугацаанд ийм байдлаар шүүх хуралдаан хойшлоод, нэг эвлэрье гэж яриад, нэг бол өвчтэй гэж яриад, нэг бол хууль зүйн туслалцаа авъя гээд хоёр жилийн хугацаанд явсаар байгаад шүүх хуралдааныг хойшлуулж, эрхийг нь олгосоор байтал шүүх хуралдаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй. Шийдвэрлэсний дараа гомдол гаргасан байна. Харьцангуй ойлгомжтой. Хэргийн маргааны агуулга нь тодорхой. 219,000,000 төгрөгийг банкнаас зээлсэн хугацаандаа төлөөгүй. Банк зээлийн гэрээгээ цуцлаад, мөнгөө шаардаад, барьцаа хөрөнгөөр өөрийн гүйцэтгэлээ хангуулъя гэдэг товчхон маргаан байгаа. Үндсэн зээлээс тэдэн төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл тэд байх ёстой гэдгээ шүүх хуралдаан дээрэээ, шүүх хуралдааны өмнө тухайн шаардлагаа нотлоод, хоёр жилийн хугацаандаа тайлбараа гаргаад өгчих боломжтой байсан. Шүүх зээлийн бүртгэлийн картын хүрээнд банкны тооцооллын үндэслэлээр шүүхийн шийдвэрээ гаргаад 233,000,000 төгрөгийг С.*******ээс гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн зөв байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өнөөдөр нэмж нотлох баримт гарсан учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргаж байна. Миний бие Хаан банкнаас 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 219,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээл авсан. Тухайн зээлээс үндсэн төлбөрт 32,987,552 төгрөгийг, зээлийн хүүд 56,912,447 төгрөг, нийт 89,900,000 төгрөгийг төлсөн. Тэгээд Хаан банкны зүгээс тухайн зээлийн гэрээний үүрэгт 233,000,000 төгрөг гаргуулах, мөн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр хангуулах гэдэг нэхэмжлэлийн үндсэн шаардлагатайгаар нэхэмжлэл үүсгэсэн. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би шүүх хуралдаанд өөрөө биечилж оролцох ёстой. Нотлох баримт гаргаж өгөх ёстой. Энэ нэхэмжлэлийн гол нь хоёр компанийн хоёр тусдаа зээлийн гэрээг хамтад нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл анх үүсгэсэн. Үүсгэхдээ *******-ийн зээлийн гэрээ болон ******* гэдэг миний хоёр компанийн хоёр тусдаа гэрээг хамтад нь хэрэг үүсгэсэн. Тэгээд шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө надад хэрэг тусгаарлаад шүүгчийн захирамж гарсан гээд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хэрэг тусгаарласнаас хойш ямар хүсэлт очоод яаж тусгаарласан, тооцоо, нэхэмжлэл үүссэн зэрэг хэргийн материалтай танилцаж чадаагүй байсан. Тэгээд шүүх хуралдаан дээр хууль зүйн туслалцаа авъя гэдэг хүсэлтээ өгөөд шүүх хуралдааныг 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Шүүх хуралдаанд ордог өдөр нь хугацаа тулгамдуу байсан. Өмгөөлөгчтэйгөө ярилцаж тохиролцсон байсан боловч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ байгуулахад тодорхой шалтгаанууд байсан. Тэр тухай нотлох баримт болон өвчний магадалгаа, бусад холбогдох материалуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тийм учраас Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Үндэслэл нь анх нэхэмжлэл үүссэн Арвижих шижир говь гэдэг компанийн зээлийн гэрээний эцсийн хугацаа нь дууссан байсан. Гэтэл тусдаа Говийн шигтгээ гэдэг компани дээр С.******* миний зээлийн гэрээний эцсийн хугацаа 2028 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дуусах ёстой байсан. Зээлийн гэрээний 5.1.2 гэдэг дээр заасан. Мөн 5.5 дугаар зүйл дээрээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг. Үүнийг 5.1 дээрээ дараах тохиолдолд банк, хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, биет байдлаар шилжүүлэн худалдан авч борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулна гээд үүнд 5.1.1 дээр зээлийн гэрээний хугацаа дуусахад үүрэг бүрэн биелэгдээгүй байх гэж байгаа юм. Тэгээд 5.1.2 дээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн гэрээ цуцлагдах, 5.1.3 дээр энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй гээд гэрээн дээрээ заачихсан байдаг. Гэрээгээ цуцлаагүй. Нэхэмжлэлийнхээ шаардлага дээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалъя гэсэн хүсэлтээ өгөөгүйгээр шүүх шийдсэн. Нэхэмжлэлдээ ч, шаардлагадаа ч тусгаагүй нэхэмжлэл үүсгэсэн. Мөн шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй шийдсэн дээр гомдолтой байна гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Гомдлын гол үндэслэл нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Мөн хариуцагч С.*******ийн шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг өмнө нь хойшлуулсан. Уг хугацаанд өвчний улмаас эмнэлгийн магадалгааг авч шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч шүүх хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс гадна хариуцагч *******, ******* компани, мөн иргэн С.******* нарт холбогдуулаад нэхэмжлэл гаргасан. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ *******, *******, С.******* нараас тухайн зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Хариуцагч *******-д хурлын тов мэдэгдсэн зүйл байдаггүй. Хэргийг тусгаарласнаас хойш 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр анх хэлэлцүүлээд, 08 дугаар сарын 15-ны өдөр хойшлоод, 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан. Энэ хугацаанд *******-д шүүх хурлын товыг мэдэгдсэн зүйл ерөөсөө байдаггүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл үүссэн гэж үзэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол нотлох баримтаа гаргах, шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах эрхтэй байдаг. Гэтэл энэ эрхийг нь хангаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчигдсөн үндэслэл байгаа учраас тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл үүсэж байна. Тийм учраас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч *******, *******, С.******* нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөрт 3,061,681,838 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/202045367676 дугаар зээлийн гэрээний үүрэгт 233,552,647.97 төгрөг нийт 3,295,234,485.97 төгрөг гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санхүүгийн түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгаарласан байна.
Шүүх хариуцагч *******, *******, С.******* нараас тус тус Н.Энхтөрд олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Гэвч хариуцагч ******* болон *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байх тул *******-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Энхтөр мөн эсэх, *******-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хариуцагч С.******* мөн эсэх нь тодорхойгүй.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад *******-ийг төлөөлж С.*******ийг оролцуулахаар *******-ийн захирал Ц.Энхтөрөөс итгэмжлэл олгосон байх боловч Ц.Энхтөр нь тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар С.*******, Н.Энхтөр нар нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаартай тогтоолоор баталсан Иргэний хэргийн нийтлэг аргачлал-д хэргийг тусгаарласан бол тухайн шүүгчийн захирамжийн талаар 3 хоногийн дотор хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж баримт үйлдэн хэрэгт хавсаргахаар журамласан байна.
Хэргийг тусгаарласан 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШЗ2025/01033 дугаартай шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулгад гардуулсан байх ба хариуцагч нарт гардуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзнэ.
Түүнчлэн хэргийг тусгаарласан гэх үндэслэлээр тус хэргийн нотлох баримтуудыг хуулбарласан ба эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. ... гэж, мөн хуулийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж тус тус заасан хуулиар тавигдах нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул эдгээр нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй бөгөөд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 144/ШШ2025/00295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хариуцагч С.*******ийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй ба гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 319,923 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 144/ШШ2025/00295 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 319,923 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА