Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 101

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Х.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лагнаа овогт Хадхүүгийн Ад холбогдох 1929000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” ХХК-ийн уурхайн талбайд байрлах “Мазаалай” нэртэй цайны газарт 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Лхагвасүрэнтэй маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би амрах ёстой байсан бөгөөд манай ахлах халуун байлгагчаа өнгөлчхөөд яваарай гэж хэлсэн учир халуун байлгагчийг өнгөлж байтал Лхагвасүрэн гэх залуу ардаас хоолны сав шидсэн. Би эргэж хараад хоолны сав хэн шидсэн болохыг асуутал Лхагвасүрэн хоолныхоо бохирыг арилга гэж надад хэлэхээр нь “би хоолны сав оруулж ирээгүй. Оройн ээлжийн залуучууд оруулж ирсэн” гэж хэлээд халуун байлгагчаа дахин өнгөлж дуусчихаад Лхагвасүрэн рүү хараад зогсож байтал Лхагвасүрэн “юугаа харсан юм бэ? ямар нэгэн асуудал байна уу?” гээд миний хажууд хүрээд ирэхээр нь “чи яасан ядаргаатай юм бэ?”  гэж хэлээд хажууд байсан залуутай гарах гэтэл Лхагвасүрэн намайг явуулахгүй миний урдуур ороод ирсэн учир өмнөөс нь салаавч гаргаад хараалын үг хэлсэн. Лхагвасүрэн “хараал хэлдэг хүн ямар байдаг юм бэ?” гээд дайраад байхаар нь би “ чи яасан ядаргаатай юм бэ? явж хоолондоо ор гэж” хэлээд Ганбаатартай гарах гэтэл Лхагвасүрэн намайг цохих гээд байхаар нь би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Дараа нь эмнэлэг явж үзүүлсэн” гэв.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тэмдэглэл /хх-н 5-10-р хуудаст/,

Хохирогч Г.Лхагвасүрэнгийн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд “Мазаалай” гал тогооны өрөөнд хар сав угаагаад байж байсан. тэр үед миний угааж байсан сав хоолны үлдэгдэлтэй байсан учраас би уурлаад туслах тогооч Х.Ат “хоолны үлдэгдлийг асга” гэж хэлээд саваа шалруу шидхэд сав шалан дээр унаад Аын зогсож байгаа хэсэгрүү гулссан. Тэр үед А уурлаад “би авчирч тавиагүй, чи наадхаа өөр хүнд хэл” гээд надруу салаавч гаргаж, хараалын үг хэлсэн. тэгээд бид хоёр муудалцаж байгаад А миний зүүн шанааруу хамар дайруулж баруун гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-н 14-16-р хуудаст/

Х.Аын гэрчээр өгсөн: “...Г.Лхагвасүрэн “хараал хэлдэг хүн ямар байдгыг харъяа, цохичих” гээд өдөөд ... явах гэхэд явуулахгүй урдуур орж ирээд байсан. тэгэхээр нь би хацар хэсэгт нь нэг удаа цохиод тэр залуугийн хамраас цус гарсан. Тэгээд би араас нь дагаж яваад “Оюутолгой”-н эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р хуудаст/

Гэрч Г.Ганбатын: “...Лхагвасүрэнгийн цэвэрлэж байсан хоолны сав бохиртой байгаад бохирыг нь цэвэрлэсэнгүй гэж Аруу уурлаж шидээд маргаан болсон ... Лхагвасүрэнгийн цохичих гээд Аруу шанаагаа өгөөд байхаар нь А Лхагвасүрэнгийн зүүн шанааруу гараараа нэг удаа цохисон. Тэр үед Лхагвасүрэнгийн хамраас цус гараад хамраа дарж сууж байгаад гараад оффисруу орж ахлахуудад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 22-24-р хуудаст/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №517 дугаартай “Г.Лхагвасүрэнгийн биед хамар ясны зөрөөгүй хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад  нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 26-р хуудаст/

Яллагдагч Х.Аын: “...Би Лхагвасүрэнгийн нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Түүний биед учирсан гэмтлүүд миний үйлдлийн улмаас учирсан” гэх мэдүүлэг /хх-н 32-35-р хуудаст/

            Шүүгдэгч Х.Аын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 36-39-р хуудас/,

Х.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 40-42-р  хуудас/

Шүүгдэгч Х.А хохирогч Г.Лхагвасүрэнд 1,500,000 төгрөг төлсөн тухай хохирогчийн мэдүүлэг, баримт /хх-н 59,  71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Х.А нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” ХХК-ийн уурхайн талбайд байрлах “Мазаалай” нэртэй цайны газарт 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Лхагвасүрэнтэй маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Г.Лхагвасүрэнгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.Аын хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Х.Аыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Г.Лхагвасүрэнгийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №517 дугаартай “Г.Лхагвасүрэнгийн биед хамар ясны зөрөөгүй хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад  нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 26-р хуудаст/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Г.Лхагвасүрэнд хохирол төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг төлж барагдуулсан /хх-н 59, 71-р хуудас/, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Х.Ад оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лагнаа овогт Хадхүүгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Лхагвасүрэн хохирол төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Х.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ӨЛЗИЙ-ОТГОН