| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 304/2025/00295/И |
| Дугаар | 214/МА2025/00016 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 214/МА2025/00016
Э.О*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 304/ШШ2025/00531 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э.О*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Б.М*******д холбогдох,
Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаар Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дүгээр Э.О*******д сахилгын арга хэмжээ авах тухай, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар Э.О*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.О*******, хариуцагчийн төлөөлөгч Б.М******* нарын шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Г*******д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Э.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга: ...Э.О******* би Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байна. Сургуулийн захирал Б.М******* намайг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтыг баримтлан байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах арга хэмжээ авсан. Би ямар ёс зүйн зөрчил гаргасны улмаас сануулах арга хэмжээ авч байгаагаа мэдээгүй, 5 билүү 7 албан хаагчаас гомдол ирсэн гэхээр нь тэдгээр гомдолтой танилцаад хариу тайлбар гаргая, надад олгогдсон эрхийнхээ дагуу танилцмаар байна гэсэн хүсэлтийг захиралд тавьсан боловч хүлээн авахгүйгээр шууд сануулах арга хэмжээ авсанд гомдолтой байна.
Уг сануулах арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэн аймгийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Гэтэл захирал 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б/31 дугаартай тушаалаар надад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалт, дотоод журам болон ёс зүйн хорооны дүгнэлтүүдийг үндэслэн ёс зүйн зөрчил давтан гаргасан гэх үндэслэлүүдээр үндсэн цалингийн 20 хувиар хасах сахилгын арга хэмжээ авсан. Эдгээр тушаалаас дүгнэхэд намайг ажлаас заавал халах гэсэн хувийн бодол, өш хонзонгийн шинжтэй гэж үзэхээр үйлдлийг удаа дараа гаргаж, үндэслэлгүйгээр сахилгын болон ёс зүйн арга хэмжээ авч байгаад гомдолтой байна. Би өөрийн хариуцсан ажилдаа идэвхи, санаачлагатай, хуульд заасны дагуу, шударгаар гүйцэтгэдэг бөгөөд хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө надад үндэслэлгүйгээр арга хэмжээ авч байгаа нь шударга бус байна. Түүнээс гадна надад арга хэмжээ авахдаа ямар зөрчил гаргасан, хэнээс ямар гомдол ирсэнийг надад мэдэгдээгүй, тухайн гомдол нь үндэслэлтэй эсэхийг шалгасан эсэх, надаас болон бусад холбогдох хүмүүсээс хариу тайлбар нотолгоо авахгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган сахилгын болон ёс зүйн арга хэмжээ авч байна.
Мөн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б/48 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан тушаал гаргасан байна. Урьд нь авсан сахилгын арга хэмжээг шүүх шийдвэрлээгүй байхад дахин зөрчил гаргасан гэж үзэж намайг ажлаас халж байгаа нь үндэслэлгүй юм. Хүнийг ажлаас халах гэдэг нь хуульд заасан үндэслэл журмыг удирдлага болгон ажлаас халахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн буюу ажилтан ажлын хувьд ноцтой зөрчил дутагдал, доголдол гаргасан байхыг шаарддагаас бус өөрийн үзэл бодлоор бусдыг ялгаварлан гадуурхаж ажлаас халж болохгүй талаар Хөдөлмөрийн хуульд тодорхой зохицуулсан байдаг.
Иймд дээр дурдсан тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сургуулийн ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн захирлын дэргэдэх хурлаар сонсох ажиллагааг явуулсан. Гэвч нягтлан бодогч Э.О******* нь буруугаа үл хүлээн зөвшөөрөхөөс гадна зөвлөлийн гишүүдийг доромжилсон. Миний бие сургуулийн ёс зүйн дэд хорооны дүгнэлт, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтаар байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах арга хэмжээ авч ёс зүйн хариуцлага тооцсон.
Мөн үүний дараа Э.О******* нь ёс зүйн сануулах арга хэмжээ авсаар байтал дахин алдаагаа давтаж ёс зүйн алдаа, дутагдал гарган байгууллагын ажилтнуудаас гомдол гаргасны дагуу сургуулийн ёс зүйн дэд хороо ажиллаж 2025 оны 03 дугаар сарын 06, 25-ны өдөр тус тус гаргасан дүгнэлтүүдтэй танилцаж, захирлын дэргэдэх зөвлөлөөр сонсох ажиллагаа явуулсан.
Сургуулийн ёс зүйн дэд хорооны дүгнэлт, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.6 дахь заалтаар үндсэн цалингийн 20 хувиар 1 сар хасах хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцсон болно.
Харин Э.О******* нь сонсох ажиллагаа явуулахад хүлээцтэй хандан, буруу зөвөө ойлголцохын оронд тэнд байлцсан гишүүдийг доромжлон, басамжлах, гүтгэх зэргээр авирладаг нь нэг биш удаа юм. Мөн сургуулийн ёс зүйн дэд хороо Э.О*******д ирсэн гомдлуудыг танилцуулж тайлбар авах гэхээр хойшлуулан аргацаах, шалтаг тоочих, ажил дээрээ байхгүй зэргээр зориудаар бултаж зугтааж ёс зүйн дэд хорооны ажилд хүндрэл учруулсан байдал нь энэ хүний ёс зүйгүй, дүрэм журмаа хэрэгжүүлэхгүй байгаагийн бас нэг илрэл гэж үзэж байна.
Миний бие Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 /энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх;/, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана./ гэсэн заалтуудыг үндэслэн хууль журмын дагуу сургуулийн ёс зүйн дэд хорооноос ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн, захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэпцэж шийдвэрүүдийг гаргаж байсан болно.
...хувийн бодол, өш хонзонгийн шинжтэй гэж үзэхээр үйлдлийг удаа дараа гаргаж... гэсэн үг нь намайг гүтгэсэн өөрийнх нь хувийн бодол юм. Гэтэл миний зүгээс Э.О*******тэй хувийн өш хонзонгийн ямар ч бодол, үйлдэл гаргадаггүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Үүнд:
1. Миний бие ажилтнуудын гомдлыг хууль, журмын дагуу шат дараалан нягтлуулж, ирсэн дүгнэлтийг захирлын зөвлөлөөр хэлэлцдэг. Үүнд би хувийн бодол,
өш хонзонгийн үйлдэл гаргах боломжгүй.
2. 2024 оны 11 сарын 20-ны өдрийн Б/78 дутаартай тушаалаар авсан сануулах арга хэмжээг Булган сумын хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хорооны зөвлөмжөөр цаашид алдаа зөрчил гаргалгүй, үндсэн ажлаа хариуцлагатайгаар хийх тухай хэлэлцэж, ярилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.9 дэх заалтын дагуу сануулах арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цуцалсан бөгөөд энэ нь Э.О*******тэй эвлэрч, хамтарч ажиллах санаа бодол байгааг илэрхийлж байна гэж үзэж байна.
Харин нягтлан бодогч Э.О******* нь дээрх зүйлийг бичсэн нь хамт олноос ирж байгаа гомдол, мэдээллийн дагуу өөртөө дүгнэлт хийхгүй, ойлголцохыг хүсэхгүй бусдад хувийн бодол-оор ханддагийн илрэл гэж үзэж байна.
түүнээс гадна надад арга хэмжээ авахдаа намайг ямар зөрчил гаргасан, хэнээс, ямар гомдол ирснийг надад мэдэгдээгүй, тухайн гомдол нь үндэслэлтэй эсэхийг шалгасан эсэх, надаас болон бусад холбогдох хүмүүсээс хариу тайлбар нотолгоо авахгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган сахилгын болон ёс зүйн арга хэмжээ авч байна гэжээ. Сургуулийн ёс зүйн дэд хороо Э.О*******д ирсэн гомдлуудыг танилцуулж тайлбар авах гэхээр хойшлуулан аргацаах, шалтаг тоочих ажил дээрээ байхгүй байх зэргээр зориудаар бултаж зугтааж ёс зүйн дэд хорооны эсллд хүндрэл учруулсан, бусад холбогдох албан хаагчдаас авсан тодруулга, тайлбар дээр үндэслэн дүгнэлт гаргасан тухай ажил олгогчид танилцуулсан болно гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2, 158.2.2-т заасныг баримтлан Булган аймаг, Булган сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай "Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дугаартай Э.О*******д сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Б/48 дугаартай Э.О*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 17,661,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.О*******д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч Булган аймгийн Булган сумын 3 дугаар сургуульд даалгаж, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 246,258 /хоёр зуун дөчин зургаан мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч Э.О******* нь давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би анхан шатны шүүхийг Булган аймаг, Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 сарын 21-ны өдрийн Б/20, 2025 оны 04 сарын 16-ны өдрийн Б/31 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь анхан шатны шүүх Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна, тодруулбал шийдвэрт тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-ийг дурдаж/шийдвэрийн 9-10 дэх талд/ 7 дугаар зүйлийн 7.1.2, .7.1.7, 7.1.8, 7.1.8, 7.1.9, 7.1.10 дах хэсэгт заасан төрийн алба хаагчийн нийтлэг хэм хэмжээг болон журмыг зөрчсөн гэж дэд хороо дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй, харин өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй гэжээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг; хэлнэ гээд маш тодорхой заасан. Тэгэхээр ёс зүйн зөрчил гэдэг тус хуулийн 8 дугаар зүйл.Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага-д заасныг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзэхээс биш 7 дугаар зүйлд заасныг зөрчсөнийг сахилгын зөрчил гэж үзэхгүй.
Шүүх хуралдаан болох хүртэл надад холбогдуулан хэн ямар өргөдөл гомдол гаргаад байгааг, ямар зөрчил үйлдсэнээ, яагаад арга хэмжээ авахуулах болсноо мэдээгүй байхад намайг өөрөө очиж үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Бид нар нэг байгууллагад нэг байшин дотор амьдарч ажиллаж байгаа хүмүүс яагаад надад тэдгээр хүмүүсийн гомдлыг хуулбарлаад танилцуулаад 1 хувийг нь өгөөд ийм өргөдлүүд ирсэн байна, та танилцаад тайлбараа өгөөрэй гэж болдоггүй юм бэ, тэгш мэтгэлцэх зарчим ямар ч эрх зүйн харилцаанд үйлчлэх ёстой гэтэл би өргөдөлтэйгөө танилцаагүй байж ямар тайлбар өгөх вэ, хэрхэн мэтгэлцэх вэ гэдгийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.
Захирал, ёс зүйн хорооны дарга нар өөрсдөө өргөдөл гаргаад өөрсдөө шийдэж байгааг анхан шатны шүүх зөвтгөж байгаа нь үндэслэлгүй юм. Ёс зүйн хорооноос гарсан дүгнэлт дээр ёс зүйн хорооны даргын гарын үсэг байгаа шүү. Энийг юу гэж ойлгох вэ. Өөрийнхөө өргөдлийг өөрөө шийдэж байгаа хэлбэр биш юм уу.
Би шүүхэд нэхэмжлэл гаргах журмыг зөрчөөгүй гэж үзэж байгаа учир нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргаад хугацаанд нь шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэж байна.
Ёс зүйн зөрчил, хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэг хоёр өөр ойлголтыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Булган аймаг, Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 сарын 21-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, 2025 оны 04 сарын 16-ны өдөр Б/31 дугаартай тушаалаар үндсэн цалингийн 20 хувиар хасах сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг тус тус хүчингүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Миний хувьд шийдвэрийн Булган аймаг, Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 06 сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж олгохыг даалгасан хэсгийг зөвшөөрч дэмжиж байгаа болно гэв.
5. Хариуцагчийн төлөөлөгч Б.М******* нь давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Э.О*******ийн гаргасан нэхэмжлэлтэй, энэхүү гомдлыг гаргаж буй Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын зүгээс уг хэргийг шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар: 304/ШШ2025/00531 тоот шийдвэрт холбогдуулан энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
5.1.Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүх дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх ажиллагаа уг хуульд заасанчлан бүрэн дүүрэн, гүйцэд явагдаагүй билээ. Энд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтууд болох:
40.1 Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.
40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
40.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн зохицуулалт, шаардлагууд бүхэлдээ зөрчигдсөн.
Энэ байдал нь уг шүүхийн шийдвэр (шүүхийн шийдвэр нь дугаарлаагдаагүй байгаа бөгөөд эхний нүүрнээс эхлэн ар өвөргүй дугаарлавал 14, 15 дах талд байгаа буюу шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2.2/а/-д дурдагдсан дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй, түүнд дурдагдсан нотлох баримтуудыг нэг бол ...ёс зүйн зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэсэн үйл баримт хэрэгт авагдсан. гэж дүгнэсэн мөртлөө, цааш нь үргэлжлүүлээд ...Иймд Э.О*******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Б/48 дугаарын үндэслэл болох хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн байгаагаас шууд харагдаж байгаа болно.
Мөн уг шүүхийн шийдвэрийн 15 дахь талд байгаа буюу шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2.2/б/-д байгаа ....Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.3 дахь хэсэгт заасан зөрчилд ажил олгогчоос ...өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хугацаатай мэдээ тайланг хугацаа хоцроох үйлдлийг 2-оос дээш удаа гаргасан бол гэх ноцтой зөрчил нотлогдоогүй гэж дүгнэв. гэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд, түүнчлэн уг шийдвэрийн тухайн талын тухайн хэсэгт байгаа "...Хариуцагчаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулан Булган аймгийн Булган сумын Засаг даргын 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/399 тоот албан бичиг, Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/220 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн боловч... гэсэнтэй мөн зөрчилдөж байгаа болно.
Шүүхийн зүгээс хэрэгт авагдсан нотолгооны баримт бичиг, нотлох баримтуудыг ингэж өөр хооронд нь зөрчилдүүлэн тайлбарлаж, дүгнэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүхээс өрөөсгөл, нэг талыг барьсан шийдвэр гаргахад зориуд хүргэсэн гэж үзэж байгаа болно.
5.2.Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, уг гэрээний хэрэгжилтийн явцад дан ганц хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээг зөрчөөд зогсохгүй, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох зүйл, заалтуудыг, мөн ажил мэргэжлийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг удаа дараа зөрчсөн үйл баримт байгааг огт дүгнээгүй бөгөөд энэхүү байдлаа уг Шүүхийн шийдвэрийн 15 дахь талд байгаа буюу шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2.2/б/-д байгаа ... энэхүү маргааны үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил ногдуулснаас өөр хууль, журамд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан, тэр нь шалгагдаж байгаа, зөрчил мөн гэдэг нь тогтоогдсон үйл баримт хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна. гэсэн дүгнэлтээр зөвтгөсөн нь өөрөө хэрэгт байгаа нотлох баримттай зөрчилддөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн дээр дурдсан зохицуулалтуудтай шууд зөрчилдсөн дүгнэлт гаргасан билээ.
5.3.Хариуцагчийн зүгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль болон боловсролын салбарын хүрээнд үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээний акт болох боловсролын салбарын ажилтнуудын ёс зүйн дүрэм, хэм хэмжээнд нийцүүлэн шийдвэр гаргасан билээ.
Иймд дээр дурдсан байдлаар нотлох баримтыг дутуу үнэлж, хариуцагч талын эрх зүйн байдлыг дордуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Нотлох баримтыг үнэлэх 40 дүгээр зүйлийн зохицуулалтуудыг бүхэлд нь зөрчиж шийдвэр гаргасан Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар: 304/ШШ2025/00531 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.О*******, хариуцагчийн төлөөлөгч Б.М******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.О******* нь хариуцагч Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Б.М*******д холбогдуулан Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаар Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дүгээр Э.О*******д сахилгын арга хэмжээ авах тухай, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар Э.О*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Э.О******* нь Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 он 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар 2023 оны 05 дугар сарын 04-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор томилогдож, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаархи ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан баримт хэрэгт авагджээ. /1-р хх-ийн 38-45-р хуудас/
3.2.Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар нягтлан бодогч Э.О*******ийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Боловсролын салбарын багш, ажилтны баримтлах ёс зүйн дүрэм, сургуулийн дотоод дүрэм, журам-ыг баримтлан ажиллахыг үүрэг болгож, ёс зүйн дэд хорооноос ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах арга хэмжээ авсан. /1-р хх-ийн 4, 46-47-р хуудас/
3.3.Захирлын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар нягтлан бодогч Э.О*******ийг ёс зүйн зөрчил давтан гаргасан гэх үндэслэл зааж түүнд үндсэн цалингийн 20 хувиар нэг сар хасаж тооцох сахилгын арга хэмжээ авсан. /1-р хх-ийн 5, 48-51-р хуудас/
3.4.Захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар нягтлан бодогч Э.О*******ийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэл зааж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /1-р хх-ийн 63-р хуудас/
4. Ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухайд:
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон.
Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг хуулийн 8 дугаар зүйлд тодорхойлсон ба энэ хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөн хуульчилсан байдаг.
Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэхэд нийтлэг хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллах ёстой гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч Э.О******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10 дахь хэсэгт заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч үйл ажиллагаандаа нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд үүрэг хүлээж байгаа ба үүрэг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж тодорхойлон хоорондоо харилцан хамаарал бүхий уялдаа холбоотой, салгаж үл болох ойлголт гэж үзнэ.
Булган сумын 3-р сургуулийн нягтлан бодогч Э.О*******д ирүүлсэн 7 өргөдөл гомдлын дагуу тус сургуулийн ёс зүйн дэд хороо 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүгнэлт гаргасан байх ба дүгнэлттэй холбоотой сонсох ажиллагааг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр явуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэж, захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 тушаалаар албажсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Э.О******* Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сануулах арга хэмжээг цуцлах тухай гомдол гаргасан байх ба шүүхэд Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тул захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.
Хөдөлмөрийн сахилгын зөрчил нь үйлдэл, үр дагаврын шинжээрээ ялимгүй эсхүл ноцтой байдаг ба ялимгүй зөрчлийн хувьд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үндсэн үүргийг зөрчих боловч үр дагавар нь бага байдаг бол ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан үндсэн чиг үүргийг зөрчих байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх хохирол учруулж болохуйц үр дагавар үүсгэдэг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр буюу хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаахыг хориглосон.
Булган аймгийн Булган сумын 3 дугаар сургуулийн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар, 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэд нягтлан бодогч Э.О*******д холбогдуулан нэр бүхий этгээдүүдээс өргөдөл ирүүлсэн ба өргөдөлд ...чи миний үзсэн зовлон болгоныг үзнэ, чиний эцэг эх гуйлгачин, архичин шүү дээ, юун нэмэгдэл яасан их мөнгө авдаг юм, надтай адилхан улсад 20 гаран жил ажиллаа юу, ажлын шаардлага тавихдаа хэл амаар доромжилдог, үр дүн ур чадварын нэмэгдлийг чинь хасна , чам шиг худалч хулгайч биш гэх мэтээр дурдагдсан, сургуулийн сан техникч Д.Б*******гээс Э.О******* нь намайг ажлын байран дээр нэр төр, алдар хүндэд халдсан сургуулийн нярав Г.Пү*******аас Чиний асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа, чиний хэрэг нотлогдсон гэж ажилтны хажууд дарамталж сүрдүүлэн худал мэдээлэл тарааж байгаа нь ажлаа хийхэд хүндрэлтэй байна гэх гомдлыг гаргасан байна. Эдгээр нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шалгаж, Ёс зүйн дэд хорооноос Нягтлан бодогч Э.О******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн. /хх-ийн 48-51 тал/
Дээрх дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтад зааснаар нягтлан бодогч Э.О*******д үндсэн цалингийн 20 хувиар нэг сар хасаж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Э.О*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, зохигчдын хөдөлмөрийн эрхийн харилцаанд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6.1.5 дахь заалтад заасан хамтач байх зарчим алдагдсанаас энэхүү гомдол гарах болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5.Хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухайд:
5.1.Нэхэмжлэгч Э.О******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай Э.О*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
5.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154.2-т эрх зөрчигдсөн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон... шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, эдгээр байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэх, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэх, маргалдагч тал тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.
5.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд шүүх шууд харьяалан хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргааныг заасан ба харин урьдчилан шийдвэрлүүлэх журамтай боловч ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаархи гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл ажилтан шүүхэд хандаж шийдвэрлүүлэх онцгой тохиолдлыг зохицуулсан байна.
Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал гэдэгт ийм байгууллага байгуулагдаагүй, эсвэл байгаа боловч тухайн байгууллагад хандах боломжгүй болсон ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил, саад болсон үйл баримт тогтоогдсон хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгох бөгөөд ажилтан шүүхэд эсвэл урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандахыг сонгох агуулгатай зохицуулалт биш тул нэхэмжлэгч Э.О******* нэмэгдүүлсэн шаардлагаа шүүхэд шууд гаргах боломжтой гэж үзнэ.
Тодруулбал: нэхэмжлэгч Э.О******* хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд анх 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан ба 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэж чадаагүй, энэ хурал болсноос хэдхэн хоногийн дараа дахин цалингийн хувиар сахилгын арга хэмжээ авсан тул шүүхэд хандах зөвлөгөө өгч явуулсан гэсэн нарийн бичгийн дарга М.Д*******гийн тодорхойлолтоор талууд нэгэнт эвлэрэх боломжгүй болсон тул хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
5.4.Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай Э.О*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.3, 6.3.6, 6.3.10 дахь заалтуудад үндэслэжээ.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд хөдөлмөрийн гэрээний 4.3.3, 4.3.6, 4.3.10 дахь заалтыг техникийн алдаа гаргаж 6.3.3, 6.3.6, 6.3.10 гэж бичсэн. Техникийн алдаа гаргасныг нотлох зорилгоор 3 алба хаагчийн хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн гэж тайлбарласан ба энэхүү тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтад хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэнтэй нийцэхгүй байна.
5.5.Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардана.
Нягтлан бодогч Э.О*******ийн хувьд захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын хариуцлагын нэг хэлбэр гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулснаа талууд Хөдөлмөрийн эрхийн гурван талт хорооны хурлаар эвлэрснээр захирал Б.М******* өөрөө хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Э.О*******ийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.
6.Бусад асуудлаар:
6.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т томилох эрх бүхий албан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгж дотор гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцөл, эрсдэлийг тооцох, зөрчлийг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авах эрхтэй гэж заасан. Гэтэл 2023 оноос хойш шүүхээр удаа дараа гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаа ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн харилцааны асуудалд хэрхэн ямар ажил зохион байгуулагдсан нь тодорхойгүй бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, цаашид зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, бууруулах ажлыг эрх бүхий албан хаагч, Ёс зүйн дэд хорооноос зохион байгуулж ажиллавал зохино.
6.2.Анхан шатны шүүх хэргийн хугацаа сунгасан шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах ерөнхий шүүгчийн захирамж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамжид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дурдаагүй орхигдуулсан байгааг анхаарч хойшид энэ мэт алдааг давтахгүй байх.
6.3.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.7-д ...шүүхийн шийдвэрийн 2 дахь хуудаснаас араб тоогоор дугаарлана, дугаарыг хуудасны дээд захаас 10 мм зайд голлуулан байрлуулна гэжээ. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн шийдвэр дугаарлагдаагүй байсан гэсэн нь үндэслэлтэй боловч энэ нь өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 304/ШШ2025/00531 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ