| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 304/2025/00979/И |
| Дугаар | 214/МА2025/00015 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 214/МА2025/00015
Булган аймгийн Ц******* *******
хүсэлттэй иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяагийн даргалж хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШШ2025/00686 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Ц******* ******* хүсэлттэй,
У.Г*******г албадан эмчилгээнд хамруулах тухай 3******* индекстэй иргэний хэргийг гуравдагч этгээд У.Г*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ч******* /цахимаар/, гуравдагч этгээд У.Г******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Булган аймгийн Ц******* ******* хүсэлтийн агуулга: ...Булган аймгийн Х******* сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох өвчтэй, Ц******* ******* эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийсэн Булган аймгийн Х******* сумын 5 дугаар багийн нутаг М******* гэх газарт оршин суух Уийн Г******* //-г албадан эмчилгээнд явуулах саналтай байна гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явахаас татгалзаж байна. Малчны зээл 4,000,000 төгрөгийн өртэй, зээлээ төл гээд өчигдөр банкнаас ярьсан. Нөхөр өрөө дарах гээд хөдөө явсан. Ардаа 2 хүүхдээ үлдээгээд ингэж явах гэж байгаадаа маш их харамсаж байна. Би архи уудаггүй гэж хэлэхгүй, сардаа 2-3 удаа уудаг. Нөхөр намайг загнадаг гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т тус тус заасныг баримтлан овогт У Г******* //-г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Булган аймгийн Ц******* газарт даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар У.Г*******г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд У.Г*******г албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш тогтоож, албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ц******* алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа ******* нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор багтаан мэдэгдэх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Гуравдагч этгээд У.Г******* давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШШ2025/00686 дугаар шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа СМДӨААХХГ-т 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирсэн. Би тус газарт ирэхээс өмнө Булган аймгийн Х******* суманд байрлах 8 нэрийн дэлгүүрт үйлчлэгч хийдэг байсан. Би ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний нөхөр төрөлхийн түнхний мултрал оношоор Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож 60% тэтгэмж авч эмнэлгийн хяналтад байдаг тул ажил хийх боломжгүй байдаг. Миний дунд хүү 11 настай боловч сайн ярьж чаддаггүй, унаж татдаг учраас сургуульд огт яваагүй, гэртээ байдаг. Миний ээж 65 настай тэтгэврийн хөгшин байдаг. Намайг ажилтай үед хүүхдүүдийг минь хардаг боловч 1 жилийн өмнө хараа нь муудаж болор солиулсан. Одоогоор хараа нь муу хэвээр байна. Миний хойд эцэг маань бас сонсголын бэрхшээлтэй учир гэрээс гарах боломжгүй байдаг. Иймд гэрийнхнээ асарч, үр хүүхдээ байнгын асаргаанд оруулж, харж хандах шаардлагатай байгаа тул албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.
5.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ч******* шүүхэд гаргасан тайлбартаа: У.Г******* нь архи, согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэдэг. Хамтарсан багийн хяналтад байдаг. Тэрээр бага насны хоёр хүүхэдтэй, хадам аав нь сонсгол муутай, ээж нь өвчтэй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийг байнгын айдас түгшүүртэй байдалд байлгадаг тухай нийгмийн бодлогын мэргэжилтэн, хүүхэд гэр бүл хариуцсан мэргэжилтэн нар тодорхойлж хэлсэн. Хамтарсан багийн хурал дээр У.Г*******г ажил хийж байгаа боловч архинаас огт татгалзахгүй уугаад байдаг юм. Ажлын *******х нь эзэн цагдаа болон нийгмийн бодлогын мэргэжилтэнд хандаж хоёр, гурван удаа хайж бусадтай архидан согтуурч байхад нь олж авч, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Нөхрийнх нь өөр орон нутагт ажил төрөл хийгээд явчихдаг. У.Г*******г архинаас гаргачих юм бол түүний гэр бүлийн амьдрал сайжрах өндөр магадлалтай. Тийм учраас архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж үзсэн болно гэв.
6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй, үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж хуульчилсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад ямар аюул учруулах эрсдэлтэй болохыг тогтоосон зүйл огт байхгүй байна. Мөн сайн дураараа татгалзсан гээд эрх бүхий байгууллагаас санал, дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Ц******* байгууллагын зүгээс Г*******г удаа дараа нийтийн хэв журам зөрчиж, эрүүлжүүлэгдэж, архидан согтуурсан гэдэг. Гэтэл Г******* нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэг удаа зөрчиж холбогдсон. Үүнээс өөр баримт хэрэгт авагдаагүй. Хамтарсан багийн тэмдэглэл хэрэгт авагдсан хэдий ч хуульд заасны дагуу архины албадан эмчилгээнд хамруулах эсэхийг хурлаар шийдвэрлэдэг. Ингэж хүний эрхийг зөрчиж болохгүй. Г*******гийн хувьд бага боловсролтой, уншиж бичиж чадахгүй. Эмчийн дүгнэлтийг гуравдагч этгээд Г*******д болон түүний ар гэрт танилцуулж, гомдол гаргах эрхээр нь хангах ёстой байсан. Гэтэл уг дүгнэлтийг Г*******д танилцуулаагүй, мөн ар гэрт нь танилцуулаагүй байдаг. Гурван эмчийн бүрэлдэхүүнээр дүгнэлт гаргах ёстой байтал нэг эмчийн гарын үсэг бүхий дүгнэлт гаргасан байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/59 дугаар тушаалаар баталсан Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах журмыг зөрчсөн байна. Уг журмын 2.1-д оношлогоо, шинжилгээ, үзлэгт хамруулна. Үүнд: 8 төрлийн шинжилгээ, 10 төрлийн үзлэгт хамруулахаар заасан байна. Хэрэгт авагдсан баримтыг харахад 2 төрлийн шинжилгээг авалгүй үлдээсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд: Би ам бүл тавуулаа, надаас өөр ажил хийх хүн байдаггүй. Дунд хүүхэд маань унаж ойчдог өвчтэй. Бага маань сургуульд суралцдаг. Эцэг маань сонсголгүй. Гэр бүлээс маань надаас өөр ажил төрөл хийх хүн байдаггүй. Тэгээд би ажил хийж ар гэрээ тэжээж тэтгэдэг. Би эндээс гараад ажлаа хийж ар гэрээ тэжээнэ. Үй зайгүй ажил хөдөлмөр хийж байж гэр бүлээ тэжээдэг. Би дахиж архи дарс амсахгүй, бусадтай нийлж архи уухгүй, дахиж хэзээ ч архи уухгүй гэдгээ та бүхэнд амлаж байна. Энд ирээд ухаарч ойлгосон гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Г*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Гуравдагч этгээд У.Г******* нь архидан согтуурсан үедээ өөртөө аюултай, орчин тойрондоо хүндрэлтэй байдаг, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан болох нь гуравдагч этгээдийн нөхөр Э.Эийн Булган аймгийн Ц******* газарт гаргасан ...өөрийн эхнэр У.Г*******г архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү гэх өргөдөл, Х******* сумын Хамтарсан баг-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэл, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Э.Э, 18-ны өдөр У.Г******* нараас тайлбар авсан тухай тэмдэглэл, анхан шатын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээс гадна У.Г******* нь Зөрчлийн тухай хуульд зааснаар 10,000 төгрөгөөр торгуулж байсан болох нь Ц******* байгууллагын АСАП сангийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
2.2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэжээ.
У.Г******* архинд донтох өвчтэй болон албадан эмчилгээнд хамрагдахад хориглосон үндэслэл тогтоогдоогүй болох нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн үзлэгийн баримт, шинжилгээний хариу, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, зүрхний бичлэг, Булган аймгийн Х******* сумын багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04/178 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдсон бөгөөд тэрээр хүнд өвчин эмгэггүй байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
3.1Хэдийгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Г*******гийн өмгөөлөгч Ж.******* ...эрүүл мэндийн дүгнэлтийг өөрт нь танилцуулаад гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй, зарим эмчийн дүгнэлтэд тамга тэмдэг дарагдаагүй, хамтарсан багаар хэлэлцэж албадан эмчилгээнд явуулах эсэхийг шийдэх байтал ганц хүн шийдвэрлэсэн байгаа нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай санал гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд У.Г*******г эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, нарийн мэргэжлийн эмч нар дүгнэлтээ дор бүрнээ гаргасан гэж үзэхээр байна.
3.2 Архи нь хүний эрүүл мэндэд төдийгүй гэр бүлийн амьдралд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн харилцааг муутгаж, сэтгэлзүй, санхүү, хүүхдийн хөгжилд олон асуудал үүсгэдэг. Архидалттай гэр бүлд амьдарч буй хүмүүс айдас түгшүүр, стресс, гуниг мэдэрч, тайван орчинд амьдрах боломжгүй болдог. Энэ нь ялангуяа хүүхдийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж, өөртөө итгэх итгэл буурах, дотогшоо болох шалтгаан болдог бөгөөд архидалттай орчинд өссөн хүүхдийн сурлага муудах, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, ирээдүйд эрсдэлтэй зан үйлд автах магадлал нэмэгддэг юм. Иймээс архины хор хөнөөлийг ойлгож, гэр бүлдээ эрүүл, тайван орчныг бүрдүүлэхэд ээж хүний, эхнэр хүний хувьд зөв дадал зуршил олох, эрүүл арга замыг сонгоход албадан эмчилгээнд хамрагдах нь чухал хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШШ2025/00686 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд У.Г*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд У.Г******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л. ХИШИГДЭЛГЭР
Л. АРИУНЦЭЦЭГ