Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 475

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Шаазгайт овогт Гэрэлчулууны Эрхэмжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905018900550 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Эрбуна” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустайн ЯЦЦ-44 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шаазгайт овогт Гэрэлчулууны Эрхэмжаргал. /РД:ТЗ84092276/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эндо” зочид буудалд хохирогч С.Н  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э рхэмжаргалыг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эндо” зочид буудалд хохирогч С.Н  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл буюу тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч С.Н ийн “Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед ажил дээрээ байхад найз Гантөгс залгаад виз гарсан байгаа хүрээд ир найз нь Модны хоёрын буудалд байна гэсэн. Тэгээд өөрийн найз Энхболд, Даваадорж нарын хамт гурвуулаа  Модны хоёрын автобусны буудлын хажуу талын зочид буудалд очсон.

          ... Тэгээд бид 4 буудалд ороод 1 шил архи аваад ууж байгаад Гантөгстэй юм ярьж сууж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгээд Гантөгс намайг нүүр лүү нэг удаа миний хамраас цус гараад би уурлаад найздаа агсам тавьсан. Тухайн үед манай найз Энхболд, Даваадорж хоёр гараад явсан байсан.Тухайн үед би өрөөнийх нь  хаалганы хүрээг нь салгасан. Тэгэхэд буудлын ресепшн залуу орж ирж над руу уурлаж байсан. Тэгээд би буудлаас араад явах гэж байхад ресепшний найз гэх залуу намайг заамдаж байгаад баруун шанаа руу нэг удаа цохихоор нь би уг залууг зөрүүлээд шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан манай найзууд намайг салгаад өрөө лүү буцаж оруулж миний цусыг угаасан. Тэгээд хэсэг байж байгаад буцаад гарах гэж  байхад нөгөө залуу дахиад барьж аваад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд би коридорт сууж байгаад 102 дугаарт дуудлага өгсөн.

          ... Тухайн үед би нэлээн муудсан байсан. Тухайн үед би эхлээд найз Гантөгстэй тоглоом, шоглоом хийж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд би уурандаа өрөөнөөс гарах гэж байгаад хаалгаа хүчтэй түлхэхэд хаалганы хүрээ нь мултраад унасан. Тэгээд гарч байгаад ресепшний найз гэх залуутай таараад муудалцсан байна лээ. ... Намайг буудлын залуу өөрийгөө Эрхэмжаргал гэх залуу намайг хоёр удаа нүд рүү цохиж учруулсан.

          ... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/

          ...  Тухайн үед эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй, хэд хоногийн дараа нүдний хөх арилаад эдгэрсэн. ... Тухайн үед би согтуудаа найздаа агсам тавьж, миний буруугаас болж ийм асуудал үүссэн байгаа. Би Г.Э рхэмжаргалтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Даваадоржийн “ ... Нямсүрэн буудлын ресешний найз гэх том биетэй залуутай намайг цохичихлоо буудлын чинь камер ажилладаг биз дээ гээд коридорт хэрэлдээд зогсож байсан. Тэгээд Энхболд, Гантөгсийг түрүүлж авч гараад би Нямсүрэнг дагуулж гарч байхад Нямсүрэн араас ирж байх шиг харагдсан. Би үүдэн дээр утсаар яриад зогсож байгаад эргээд хартал нөгөө том биетэй залуу Нямсүрэнгийн нүүр лүү нэг удаа цохиод Нямсүрэн толгойгоо бариад буйдан дээр суусан. Тэгээд би очиж салгаад Нямсүрэнтэй сууж байхад цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд Нямсүрэнг нөгөө том биетэй залуутай хамт аваад явсан.

          ... Тухайн үед буудлын ресепшин найз гэх залуу буудлын үүдэнд 1 давхарт Нямсүрэнг нэг удаа нүүр лүү нь цохиж харагдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

          Гэрч Х.Нарандуламын “... Тэгээд өдөр 5, 6 цагийн үед уг өрөөнд байсан залуучууд хоёр нь гадаа гараад зогсож байхад үлдсэн хоёр залуу нь хоорондоо хэрэлдээд орилолдоод байсан.

          ... Тэгэхэд манай захирлын хоёр найз болох Баагий, Эрхэмээ ах хоёр ирсэн байсан ба нэг нь дээшээ гарчихаад буцаад ирсэн. Тэгээд нэг мэдэхэд Эрхэмээ ах дээшээ гарсан байсан. Араас нь Баагий ах гарсан байсан. Удалгүй Баагий ах Эрхэмээ ахыг боль гээд буугаад ирсэн. Тэгэхэд Эрхэмээ ах наадах чинь харин зүгээр зогсож байхад өшиглөөд авлаа, тэгэхээр нь би цохичихлоо гээд тэр хоёр хоорондоо яриад буугаад ирсэн. Тухайн үед би ресепшин дээр байхад дээр өрөөнд байсан хоёр ахын нэг согтуу ах нь бууж ирээд би танай буудалд өнөөдөр хүн ална, чи намайг яагаад цохиж байгаан гээд Эрхэмээ ахтай муудалцаад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5168 дугаартай:

          “1. С.Н ийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 43 дугаар хуудас/

 

          Г.Э яллагдагчаар өгсөн “...Тухайн үед хохирогч С.Н ийн нүүр лүү нь цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч  Г.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  С.Н ийн“... Миний бие Эрхэмжаргалтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хохирол нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”  гэсэн хүсэлт /хэргийн 91 дүгээр хуудас/  хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Э  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шаазгайт овогт Гэрэлчулууны Эрхэмжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Г.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э рхэмжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ