Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 5264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, АОС-0 “АМИ” ХХК-ийн хүсэлттэй,

           Э.Алтантулгыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Яндаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “АМИ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани нь Э.Алтантулгатай 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ Б-14/112 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохирч, гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор   Э.Алтантулгын эзэмшлийн тоёото марк-2 машиныг манай зээлийн мэргэжилтэн Д.Яндагийн эзэмшилд шилжүүлсэн, машинаа Э.Алтантулга өөрөө барьж байсан. Гэтэл уг машин нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, Э.Алтантулга нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж зээлийн хүү 1,960,000 төлсөн боловч үндсэн зээлээс төлөөгүй болно. Иймд бидний эзэмшилд шилжүүлсэн автомашин хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,500,000 төгрөг , алданги 1,750,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөгийг  Э.Алтантулгаас нэхэмжилсэн боловч хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч “АМИ” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Алтантулгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч “АМИ” ХХК нь “Э.Алтантулгыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

       Э.Алтантулгыг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ-Б-14/112 тоот зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Б.Төрмөнх нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-5 дугаар гудамжны 239 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2016/02044 дугаартай захирамжаар тогтоогдож байна. 

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Алтантулгын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч “АМИ” ХХК-ийн  “Э.Алтантулгыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “АМИ” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Түмэн овогт Энхбатын Алтантулга /РД:МФ88082234/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Түмэн овогт Энхбатын Алтантулга /РД:МФ88082234/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА