| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0120/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уын Бод холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн , У.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Яллагдагч У.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд Дорноговь аймгийн ........ сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Бийн эзэмшлийн ....... ... улсын дугаартай Тоёота марк Икс зио маркийн суудлын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан жолоочийн үүрэг болох “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна...”, 3.7 дахь хэсэгт заасан жолоочид хориглосон заалт болох а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийн хүчинтэй үнэмлэхээ аваагүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож улмаар зүүрмэглэсний улмаас зам тээврийн осол гарган ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож У.Б нь “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих “ гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний орой Улаанбаатараас 20 цагийн үед гараад Говьсүмбэр аймаг дээр ирээд арын машинаа хүлээж нэлээн удсан. Өглөө 04 цаг өнгөрөөгөөд гарч яваад зүүрмэглэсэн юм шиг байгаа юм, машин шарвахаар нь дарахад машин ойчоод 4 дугуйн дээрээ буусан. Гараад харахад хохирогч машины хажууд ганцаараа унасан байсан. Эхнэр маань найз руугаа яриад эмнэлэг, цагдаа дуудуулсан байсан...” гэв.
Шүүгдэгч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...2018 оны 04 сард миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа дуусаад...миний үнэмлэх хугацаа нь сунгагдан гарч ирээгүй байсан...бид нар 20 цагаас хотоос гараад замдаа Говьсүмбэр аймаг дээр араасаа ирж байгаа машиныг нь хүлээгээд нэлээн удсан...04 цагийн үед Говьсүмбэр аймгаас цаашаа хөдөлсөн...Даланжаргалан сумын хойд талд явж байхад миний нойр хүрээд зүүрмэглэсэн юм шиг байгаа юм...тухайн үед явдалдаа ядраад л зүүрмэглэсэн байх...машин шарваад хажуу талаараа хэд хэд бөмбөрсөн...05 цагийн үед осолд орсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83-84 дүгээр хуудас /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9-р хуудас /,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Улаанбаатар хотоос нэлээд орой харанхуй болчихсон байх үед гараад...хүргэн ах Б машин жолоодсон...явж байгаад Чойр орохын өмнө унтаад өгсөн...Чойр дээр машины сэлбэг авах гээд нэлээд удаан зогссон...тэр үед би унтаж сэрээд явж байсан ...Чойроос цааш явахдаа бол нам унтчихсан байсан...тэгээд би нэг сэрэхэд замын хажууд шороон дээр ганцаараа хэвтэж байсан...осол болсон үйл явдлыг бол огт санахгүй байна...надад ямар нэгэн гомдол, санал байхгүй... гэсэн мэдүүлэг / хх-ийн 88-89-р тал /,
Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн: “...Б.Бийн биед давсагны урагдал, суудал ясны хугарал, тархи доргилт, баруун ташааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Бийн биед учирсан давсагны урагдал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Суудал ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун ташааны зулгаралт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02/0217 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-43-44 дүгээр хуудас /,
Ашид билгүүн ХХК-ны газраас ....... ... улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 5 520 000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт. /хх-ийн 17-18 дугаар хуудас /
Яллагдагч У.Бын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хүчинтэй жолоочийн үнэмлэхний хуулбар /хх- ийн 66 дугаар хуудас/
Зам тээврийн ослын талаар тогтоосон 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “.......... ... улсын дугаартай Тоёота Марк Икс зио маркийн суудлын автомашины жолооч У.Б нь МУ-ын ЗХД-ийн Гурав. Жолоочийн үүрэг 3.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл..., 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 21 дүгээр хуудас /
2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 008 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 78-79 дүгээр хуудас /
Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Улаанбаатар хотоос ...Тоёота Марк Икс Зио маркийн ....... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэн ах У.Б жолоодон гарсан...арын суудлыг хойш нь тэнийлгээд ор засаад өөрийн дүү Баярмааг хажуудаа авч, миний 1 сартай охиныг эгч Б өөрийн хажуудаа авч хажуугаар зэрэгцэн хэвтэн унтсан. Тэгээд би нэг сэрэхэд сууж явсан машин онхолдож эргэж байсан...машин эргээд газар буухад би хүүхдээ хайхад охин маань машины шалан дээр миний хөл дор өлгийтэйгээ, дүү миний хажууд, эгч машинаас шидэгдсэн бололтой гадаа шороон дээр унасан, эгч У урд суудал дээр хүргэн ах Б жолооны ард суусан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас /
Гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Улаанбаатар хотоос... сумруу гарсан...23 цагийн орчим...Улаанбаатар хотоос цуг гарсан машин Говьсүмбэр аймгийн Баянтал гэх газар өндгөн тулгуур нь салсан гээд саатахаар нь тэрэнд туслах гээд Чойр дээр сэлбэг хайж яваад ололгүй Баянтал гэх газраас үүрээр 05 цаг 50 минутын орчимд Эрдэнэ сумруу цааш хөдөлсөн, би хэсэг явж байгаад унтаад өгсөн...жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан...машин өнхрөх шиг санагдахаар нь сэртэл машин онхолдож байснаа удалгүй дугуйн дээрээ тогтсон...Б машинаас 1 орчим метр зайд шидэгдсэн байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 11 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Бийн эзэмшлийн ....... ... улсын дугаартай Тоёота марк Икс зио маркийн суудлын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан жолоочийн үүрэг болох “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна...”, 3.7 дахь хэсэгт заасан жолоочид хориглосон заалт болох а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийн хүчинтэй үнэмлэхээ аваагүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож улмаар зүүрмэглэсний улмаас зам тээврийн осол гарган ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Уын Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа дууссан, энэхүү эрхээ сэргээлгэж аваагүй нь түүнийг тээврийн ямар ч хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хадам дүү Б.Бийн эзэмшлийн ....... ... улсын дугаартай Тоёота марк Икс зио маркийн суудлын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож ядарсан үедээ зүүрмэглэснээс уг автомашин онхолдсон харамсалтай үйл явдал болсон байна. Энэ хэргийн улмаас хэдийгээр төрөл садангийн холбоотой ч гэсэн хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол, эд хөрөнгөнд нь 5 520 000 төгрөгний хохирол учирсан байна.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй. Учир нь бид ах, дүү, хамаатан садангаараа явж байгаад гэнэтийн зүйлээс болоод л ийм осол гарсан байх гэж бодож байна. Мөн манай ах эгч 2 буюу У, Б ах хоёр бүхий л зүйлээр дэмжиж тусалж, зардал мөнгийг гаргаж байгаа ба миний машиныг хүртэл янзлуулсан гэж байгаа. Тиймээс миний зүгээс нэхэмжлэх, гомдох зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч У.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч У.Бод ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, цаашид эмчилгээний зардлыг төлж хохирогч Б.Бийг эмчлүүлэх шаардлагатай байдал болон анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч У.Бод мэдэгдсүгэй.
4. Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА