Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01967

 

 

     

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/06681 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах хэлцлийн дагуу 33,110,000 төгрөг, хохирол 15,607,888 төгрөг, нийт 48,717,888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* Hyundai үйлдвэрийн цагаан өнгийн Tucson загварын 2883 УАН улсын дугаартай 2023 оны 07 дугаар сард худалдан авсан байсан бөгөөд уг автомашинаа худалдах хүсэлтэй байсан. Тухайн үед ******* нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг каргоны газарт мөнгөний өртэй байсан бөгөөд *******ын автомашиныг өрөндөө өгөөд, *******т мөнгийг нь борлуулаад өгье гэсэн. Нөхрийн хамаатан байсан учраас итгэж худалдах, худалдан авах гэрээ хийлгүй түүний хэлсэн үнэ болох 40,000,000 төгрөгөөр тохирч, автомашиныхаа нэрийг шилжүүлчих гэж хэлсний дагуу өөрийн өмчлөлийн автомашины нэрийг шилжүүлсэн.

Ингээд ******* нь *******ын нөхөр болох *******ын ******* банкны ******* тоот дансанд эхний төлбөр 5,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сард шилжүүлж, үлдэх төлбөрийг удаахгүй цувуулаад өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг өгөхгүй хохироож байна.

*******т итгэж худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч амаар хэлэлцэн тохирч ******* нь бусдад өгөх өр төлбөртөө *******ын автомашиныг шилжүүлж өгсөн тул худалдах, худалдан авах хэлцэл буюу гэрээ хийгдсэн гэж үзэж байна.

Энэхүү автомашинаа худалдан борлуулсан үлдэгдэл 35,000,000 төгрөгөөс ******* болон түүний нөхөр нар *******ээс зээлээр худалдан авсан 8 гутлын үнэ 890,000 төгрөг, 1,000,000 төгрөг үнэ бүхий барааны мөнгийг хасаад нийт 33,110,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу *******ээс гаргуулна.

Мөн *******т тухайн Tucson загварын 2883 УАН улсын дугаартай автомашиныг зээлээр өгөхдөө ******* нь хоёр хүүхдээ хичээл сургуульд нь зөөдөг гэж хэлж байсан бөгөөд ******* нь автомашины мөнгийг 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр төлбөрийг барагдуулж дуусгана гэж байсан тул даруй банкнаас зээл авсан болно.

******* нь *******т итгэж өөрийн нэр дээрх 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 69,000,000 төгрөгийн үнэтэй 2637 УЕО улсын дугаартай LEXUS.NX300HAZ10 сувдан цагаан, суудлын автомашиныг урьдчилгаа 29,000,000 төгрөгийг байршуулан Баянзүрх салбарын ******* ХХК-аас 40,000,000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэй зээлийг авсан. Төлбөрийг даруй өгнө гэж байсан боловч автомашины төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас өнөөдрийг хүртэл банкны хүүний төлбөрт хохирч байна.

Иймд ******* нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хугацаандаа автомашины төлбөрийг төлсөн бол ******* нь банкны хүүгийн төлбөрт хохирохгүй байсан тул ******* ХХК-аас авсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлөлт нь 2024 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн төлөгдсөн бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хүртэл нийт 14 cap төлж барагдуулсан хүүгийн төлөлт болох 15,607,888 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, худалдах, худалдан гэрээг *******тай байгуулаагүй. Өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр манай дэлгүүрт их хэмжээний өр зээл тавьсан тэр өрөндөө автомашинаа худалдаж хагас төлбөрийг төлж дуусгасан.

*******ын нөхөр нь манай дэлгүүрээс хулгай хийж баригдаж автомашины төлбөрөөр өрөө төлсөн. Энэ талаарх бүх нотлох баримт болох камерын бичлэг, ярианы бичлэг байгаа. Өөрөөр хэлбэл нөхөр ******* нь хулгай хийснийг зөвшөөрөөд нийт хулгайлсан төлбөрөө автомашины төлбөрөөс хасаад өгөөч гэж гуйгаад хассан. Мөн өөрөө манайхаас бараа зээлээр авсан, бараа дутаасан, үлдэгдэл өр зээл байгаа. Өрөө төлж дуусаагүй ажлаа хүлээлцээгүй ажлаас гарсан. Энэ талаар манай дэлгүүрийн менежер *******, *******, *******, ******* нар бүрэн нотолно. Мөн автомашины төлбөр гээд нийт 15,000,000 төгрөг авсан, баримт үлдээсэн.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хувьд хэнээс хэн хохирсон, хэдэн төгрөгөөр хохирсон талаар нотлох баримт нь тодорхойгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,717,888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,500 төгрөг, 235,989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх тус маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүгнэлт хийж, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж үзээгүй.

Анхан шатны шүүх ...хариуцагч тээврийн хэрэгслийн үнэ 40,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 25,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 38 дугаар талд авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын гарын үсгээ зурж баталгаажуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн машины зардал гэх бичгийн баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Талууд автомашины төлбөр 40,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах саналыг харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр нэхэмжлэгч ******* нь *******ийн санал болгосон этгээд рүү автомашины нэр шилжүүлж өгсөн. Нөхөр *******ын дансанд *******ээс 13,930,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ төлбөрүүд *******ийн ажилчдын цалин юм. Уг дүнгээс ажилчдын цалинг шилжүүлсэн ба үүнээс 5,000,000 төгрөгийг автомашины төлбөрт өгсөн, холбогдох нотлох баримтаар тодорхой байхад шүүх талуудын хооронд хийсэн автомашины зардал гэх төлбөр дээр *******ээс өгнө гэж хэлээд өгөөгүй гарын үсэг зуруулсан баримтыг үндэслэл болгосон нь бодит байдалд болон хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч автомашины төлбөр төлснөө холбогдох баримтаар нотлоогүй байхад өгсөн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.

******* нь энэхүү худалдах, худалдан авах хэлцлийн улмаас өөрийн өдөр тутмын хэрэгцээгээ хангах боломжгүй болсон бөгөөд *******ээс удаа дараа төлбөрөө хийхийг шаардаж байсан болох нь талуудын хооронд харилцсан чатаас тодорхой харагддаг. Тиймээс ******* нь автомашины төлбөрийг тохиролцсон цаг хугацаандаа төлсөн бол нэхэмжлэгч банкны хүүгийн төлбөр төлж хохирохгүй байх байсан. Гэтэл шүүхээс энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг ...гэрээний үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх өөрийн шийдлийн эсрэг дүгнэлт болсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу хавтаст хэргийн 45-46 дугаар талд нэхэмжлэгч *******ийг 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх баримт авагдсан. Мөн хэргийн 25, 35 дугаар талд *******, *******, *******, ******* нар нь тухайн үед манай байгууллага төлбөрт орж, төлбөртөө өгсөн гэх агуулгаар тайлбар өгч гарын үсэг зурсан баримт авагдсан. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас 33,110,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч талууд гэрээ байгуулаагүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өр төлбөртөө өгсөн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь төрөл садангийн холбоотой учир 25,000,000 төгрөгт маргаагүй, энэ талаар шийдвэрт гомдол гаргаагүй юм. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх нь нотлогддог гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнээс төлөөгүй үлдсэн 33,110,000 төгрөг, хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс бусдаас авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн төлбөр буюу хохирол 15,607,888 төгрөг нийт 48,717,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, манай дэлгүүрт их хэмжээний өр төлбөртэй байсан учир автомашинаа худалдаж хагас өр төлбөрийг төлж дуусгасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр болон хохирол шаардсан нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

5. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар *******, ******* нарын хооронд 2023 оны 03 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 2883 УАН улсын дугаартай tuscon маркийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдах, *******ээс автомашины үнийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

6. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан.

Хэрэгт баримтаар авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч *******ын ******* гэсэн хаягаас хариуцагч *******ийн ******* гэсэн хаяг руу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 8:43 минутад машины мөнгөний асуудлаа нэг тийш нь шийдвэрлэе гэж бодож байна, 30 саяас бид хоёрын авсан бараа, гутлын мөнгө болон бусад суутгалын мөнгөө хасаад 28 сая төгрөгийг даруй шийдвэрлээд өгөөч, ингээд машины мөнгийг хаая, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12:13 минутад мөнгө шилжүүлж нэг тус болооч гуйж байна, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:02 минутад баяраатай тооцоо нийлээдэх гэсэн нийлсэн одоо яг яалгах гээд байгаан, машинынхаа мөнгийг авъя гэсэн дээ, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр машины үлдэгдлийг хэзээ өгөх гээд байна, өгнө гээд 2 сар боллоо одоо дэндэж байна шүү гэсэн мессеж илгээж байсан, хэргийн 38 дугаар талд авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын гарын үсэг, санхүүгийн тэмдэг бүхий 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн бичгийн баримтад төрөл: машины зардал, шилжүүлэх дүн: 40,000,000, зардлын утга: ******* машины төлбөр, тайлбар: Орлого 40,000,000, зарцуулалт 15,000,000, үлдсэн мөнгө 25,000,000 гэж тусгагдсан байдал болон хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан өөрийн хүсэлтээр машинаа сайн дурын үндсэн дээр худалдаж, манай дэлгүүрт их хэмжээний өр зээл тавьсан, тэр өрөндөө машинаа зарж манай хагас төлбөрийг зарж дуусгасан, нөхөр нь хүртэл манай дэлгүүрээс хулгай хийж баригдаж, машины төлбөрөөр өрөө дарсан ... мөн машины төлбөр гээд 15 сая төгрөг авсан ... гэх тайлбар зэргээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох автомашины үнийг 40,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

7. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг өмчлөх эрх бүхий этгээд байсан, тэрээр талуудын хооронд гэрээ байгуулагдсантай холбоотойгоор 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр автомашиныг хариуцагчийн заасан этгээдэд шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тус тус тогтоогдсон. /хх-6, 26-27/

 

Хэргийн баримтаар талууд автомашиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу бус өр төлбөрт тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба хариуцагч энэ талаар өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

8. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Тиймээс нэхэмжлэгч хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж автомашиныг шилжүүлсэн тул хариуцагчаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, автомашины үнийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардах эрхтэй.

9. Анхан шатны шүүх хариуцагч тээврийн хэрэгслийн үнэ 40,000,000 төгрөгөөс хариуцагч 15,000,000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 25,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 38 дугаар талд авагдсан талуудын гарын үсгээ зурж баталгаажуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Машины зардал гэх баримтаар нотлогдсон гэж дүгнэж хариуцагчаас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Учир нь нэхэмжлэгч шүүхэд автомашины төлбөрт хариуцагч 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг нөхрийн дансанд шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчээс зээлээр авсан 8-н гутлын үнэ 890,000 төгрөг, барааны үнэ 1,000,000 төгрөгийг төлбөрөөс суутгуулна, харин дээрх бичгийн баримтад машины төлбөрт хариуцагч нь 9,000,000 төгрөгийг өгнө гэж хэлээд өгөөгүй гэсэн тайлбар гаргаж, маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэргийн баримтаар талууд автомашиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу бус өр төлбөрт тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба хариуцагч энэ талаар өөрийн тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй.

 

Түүнчлэн хэргийн 38 дахь талд авагдсан бичгийн баримтад 9,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх агуулгаар тэмдэглэсэн боловч бодит байдалд хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчид өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нэхэмжлэгчийн тайлбарын эсрэг энэ үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний төлбөрт 9,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Тиймээс хариуцагчийг гэрээний төлбөрт 9,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэхгүй.

Үүнээс үзэхэд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид автомашины үнэ 40,000,000 төгрөг төлөхөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн нөхөр *******ын дансанд шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн зээлээр авсан барааны үнэ 1,890,000 төгрөг, нийт 6,890,000 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч нь 33,110,000 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

10. *******, Баянзүрх салбарын ******* ХХК-ийн хооронд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь 40,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, жилийн 37.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай *******т зээлдүүлсэн, дээрх гэрээний үүрэгт 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар ******* нь үндсэн зээл 6,920,478 төгрөг, хүү 15,607,888 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 33,335,334 төгрөг байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-98-107/

 

11. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгч автомашин худалдаж авахаар бусадтай зээлийн харилцаанд орж, зээл авсан үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй, зээлийн хүүд төлсөн төлбөрийг хохиролд тооцох үндэслэлгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь бусдаас зээлсэн мөнгөний хүүгийн төлбөрт 15,607,888 төгрөг төлсөн нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн явдал бөгөөд хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

12. Иймд хариуцагч нь автомашины төлбөрт нийт 40,000,000 төгрөг төлөхөөс 6,890,000 төгрөг төлсөн байх тул хариуцагч *******ээс 33,110,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/06681 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 25,000,000 гэснийг 33,110,000, 23,717,888 гэснийг 15,607,888 гэж,

2 дахь заалтын 282,950 гэснийг 323,500 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,539 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН