Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02010

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/06533 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,322,927 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь өөрийн байгууллагын ажилтан *******той хамт *******-ийн захирал *******тай уулзаж ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт Америкийн нэгдсэн улс /цаашид АНУ гэх/-ын Элчин сайдын яамны шинэ байршлын 40,000 м.кв талбайд торон хашааг барьж суурилуулах ажлыг 45 хоногийн хугацаанд, захиалагчийн бараа материал /хэв хашмал, 250 марктай бетон зуурмаг, ус, тог/-аар, 50,000,000 төгрөгийн ажлын хөлсөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Улмаар 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр *******-тай 19MG1022P0199 дугаартай торон хашаа барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээт ажлыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцож, ******* гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэх үүргээ биелүүлж эхэлсэн бөгөөд ажил гүйцэтгэхэд шаардлагатай 200 ширхэг хэв хашмал, 244 ширхэг булангийн хэв хашмал, бетон зуурмаг нийлүүлэх, ус, цахилгаан үүсгэх генератор бэлдэж өгөхийг хүсэхэд бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй байна, 2 ширхэг миксер аваад өгье. Гараараа зуураад хийчих гэсэн. Захисан бараа материалтай хамт 1 ширхэr миксер өгсөн. Ингэхдээ 1 ширхэг миксерээр түр аргалж бай. Хоёр ширхгийг авах мөнгөний боломжгүй байна. Хэд хоногоос боломжтой болоод авч өгье гэсэн. Бид захиалагчаас өгсөн бараа материал, тоног төхөөрөмжөөр ажлаа гүйцэтгэж байгаад яаравчлуулах зорилгоор бетон зуурмагаа гараараа зуурч бүх боломжоороо ажилласан. Гэрээний хугацаанд захиалагчийн зүгээс бараа материалаар хангах үүргээ биелүүлэхгүй бетон зуурахад шаардлагатай усаар хангахгүй, миксерээ өгөхгүй, хуучин генератор авч ирснээс байн байн ажиллахгүй, засварлуулах хүсэлт гаргахад засаж өгөхгүй уддаг гэх мэт/ шалтгаануудаас байнгын үл ойлголцол маргаан үүсэж цаашлаад ажил удааширч байсан. Энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Мөн ажил хийх боломжгүй байхад байнга ажилчдаа аваад зайл, ямар нэг арга олоод ажлаа хурдан хий гэх мэт үл ялих жижиг зүйлсээр шалтаглаж дарамталж, доромжилдог харилцаанаас нь болж хурал хийх болгонд хэрүүл маргаан үүсдэг байсан.

...******* болон ******* нарын дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул *******-аас ажлын хөлсөө шаардаж байна. Бид гэрээний хугацаанд 50,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажил гүйцэтгэхээс 28,322,927 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэсэн. Өнгөрсөн хугацаанд ******* нь 15,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн бөгөөд 13,322,927 төгрөгийг төлөөгүй байна. *******-тай гэрээ байгуулахад *******-ийн гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурсан бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь ******* байна. Иймд *******, ******* нараас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 13,322,927 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *******-тай ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах АНУ-ын элчин сайдын яамны шинэ байршлын талбайд 40,000 м.кв торон хашаа суурилуулах ажлыг 50,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 19MG1022P0199 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Талууд гэрээгээр захиалагч талаас ажлын үндсэн бараа материал болох хашааны тор, ган төмөр шон, өргөст тор зэргийг гаргах, гүйцэтгэгч ******* нь гэрээний 10.1-т зааснаар ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бараа материал, багаж хэрэгслийн үнэ, тээвэр, машин, тоног төхөөрөмж, ажиллах хүчний зардал болон бусад зайлшгүй шаардлагатай зардлыг хариуцахаар тохиролцсон.

Гэтэл гэрээ байгуулагдсаны дараагаар ажил эхлэхэд ******* нь ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэлгүй ирснээс гадна барилгын инженергүй болох нь тогтоогдож, анхнаасаа гэрээний үүргийн зөрчилтэй ажлыг эхлүүлсэн тул захиалагч талаас гэрээнд заасан ажлыг түргэн шуурхай гүйцэтгүүлэх зорилгоор гэрээний 3.2.8-т заасныг үндэслэн тус компанийн ажлын хөлснөөс суутгуулж авахаар дараах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авч ашиглалтын зардал, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр, зөвлөх инженер авсан ажлын хөлс зэрэгт 20,861,643 төгрөгийн зардлуудыг гаргаж, нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх хугацаанд нийт 35,861,643 төгрөг зарцуулсан. Улмаар гүйцэтгэгч нь ажиллах хүч хомс, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэлгүй нөхцөл байдалтай ажлыг гүйцэтгэсээр хүлээлгэн өгөх хугацаа болоход нийт ажлын 40 хувийг буюу гэрээний нийт төлбөрийн 20,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Ажил явагдаж байх хугацаанд захиалагч талаас гүйцэтгэгчид хандан гэрээний үүргийн зөрчлүүдээ арилгахыг удаа дараа шаардаж байсан хэдий ч дээрх зөрчлүүдээ арилгалгүй ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн тул гэрээг цуцалсан.

Гэрээг цуцлахад барилгын ажлын талбайд гүйцэтгэгч компанийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл үлдээгүйгээс гадна ******* нь барилгын талбайд анхнаасаа портер маркийн тээврийн хэрэгсэл болон багаж хэрэгсэл авчраагүй болно. *******-ийн зүгээс гэрээг цуцлахад ажлыг гүйцэтгүүлэхэд гаргасан зардал, урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөг нийлээд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээнд тохирсон байх гэж үзээд тухайн цаг хугацаанд ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй юм. Харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад нийт гарсан зарцуулалтаа нарийвчлан тооцоход *******-ийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээнээс илүү төлбөр зарцуулагдсан байна. ******* нь тухайн гэрээг компанийн нэрийн өмнөөс байгуулсан бөгөөд Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасан үндэслэлд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй өөр хууль зүйн үр дагавруудыг шаарддаг тул эрх бүхий тушаалтнаас нь төлбөр гаргуулах үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр ******* нь ажлын хөлс нэхэмжлэх эрх үүсээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 242 дугаар зүйлийн 242.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******, ******* нараас 13,322,927 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч *******, ******* нараас 224,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн, бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй үнэн зөвөөр үнэлж, маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Шүүхээс ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ямар тоо хэмжээний ажил гүйцэтгэсэн, үүнээс шалтгаалан хэдий хэмжээний ажлын гүйцэтгэлийн төлбөр авах эрхтэй эсэх талаар маргааны зүйлийг зөв тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгч талыг 28,322,927 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг гүйцэтгэсэн гэх дүгнэлтийг хийхдээ ажлын тоо, хэмжээг тогтооход хамааралгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар үнийг талууд тодорхойлоогүй гэрээний харилцаанд хэрэглэх зохицуулалтыг буруу хэрэглэсэн.

Улмаар хэрэгт хэрэглэгдэх ёсгүй хуулийг хэрэглэснээс үүдэн барилгын төсөвчин *******ийн Гүйцэтгэсэн ажлын төсвөөр гүйцэтгэсэн ажлын үр дүн болон үнийг тодорхойлсон нь үндэслэл бүхий болоогүй байдаг. Төсөвчин нь үнэлгээг гаргахдаа ажил гүйцэтгэх хугацааны ил, далд ажлын акт, захиалагчид гарган өгсөн ажил гүйцэтгэх үеийн тайлан, бараа материал тоног төхөөрөмж, тээвэр, ажиллах хүчний зардал зэрэгт хэдий хэмжээний зардал, хугацааг зарцуулсан эсэхийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын амаар өгсөн мэдээлэлд үндэслэн гаргасан талаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогддог бөгөөд шүүхээс талуудын хооронд хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээгээр гүйцэтгэх ажлын тоо хэмжээ, үнэ, бараа материалтай холбоотой аль тал ямар үүрэг хүлээх талаар нэг бүрчлэн тохиролцсон хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэсэн.

 

Мөн шүүхээс нийт 284 шон суурилуулагдахаас 214 шон суурилуулсан гэж дүгнэдэг хэдий ч гэрч *******ын мэдүүлгээр 214 шон ухаж бэлдсэн, үүнээс 187 шон цутгалт хийгдсэн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 214 шон цутгасан гэх үндэслэлийн тоотой зөрсөн нөхцөл байдлын алийг үндэслэлтэй гэж үзэх талаар дүгнэлт өгөөгүй.

Өөрөөр хэлбэл шон суурилуулж тор суурилуулах ажлыг гүйцэтгэлийн зах зээлийн ханшаар ажлын үр дүнг тодорхойлсон нь нэхэмжлэгчийн нийт ажлын 28,322,927 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Талууд гэрээгээр зөвхөн шон угсрах ажил гүйцэтгэхээр тохиролцоогүй бөгөөд шон тус бүрийг суурилуулах, үүний дараагаар шон хоорондын бэхэлгээ хийх, тор татах, өргөст тор татах, бэхжүүлэгч утсан бэхэлгээ хийх, хашааны цахилгаан газардуулга хийх, хаалга суурилуулах, хашаа бүрэн хийгдэж дууссаны дараа хуучин бетон хашааг буулгаж чөлөөлөх зэрэг ажлууд хийгдэх байснаас зөвхөн суурилуулах ажлаас 284 шонгоос 204 шон суурилуулсан үйл баримтаар нийт ажлын 40 хувийг гүйцэтгэсэн болох нь тогтоогддог.

Шүүхээс энэ мэтчилэн ажил гүйцэтгэлийн маргаан гарсан тохиолдол бүрд ямар хувь хэмжээ, үнэ тохиролцсоныг үл харгалзан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд халдаж, талуудын байгуулсан гэрээний гол нөхцөл болон үүргийн талаар харилцан итгэл үнэмшлийг алдагдуулах хэмжээний дүгнэлт хийж хариуцагчийн нарын эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч тал нь ажил гүйцэтгэж эхлэх хугацаанд ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжгүй байсан тул захиалагчийн зүгээс ажлаа гэрээнд заасан хугацаанд гүйцэтгүүлэх зорилгоор гэрээний 3.2.8-т заасныг үндэслэн ажил гүйцэтгэлийн төлбөрийг суутган авахаар тохиролцсоныг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-т заасныг буруу тайлбарлан гэрээнд заасан бол гэдэг энэхүү зохицуулалтыг хэрэглэхэд хамтатган тайлбарлагдах нөхцөлийг орхигдуулан тайлбарлаж, талуудын гэрээгээр тохиролцсон хүсэл зоригийн эсрэг утга агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Улмаар ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нэхэмжлэгч тал өөрөө гаргах үүрэг хүлээсэн нотлох баримтуудыг буруу үнэлж Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг харилцан тооцож дуусгавар болгох үндэслэл байхгүй талаар дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3-д заасныг үндэслэн захиалагч талын буруугаар гэрээ цуцлагдсан, үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэлийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй гэх мэтээр дүгнэхдээ захиалагч гэрээгээр хүлээсэн ямар үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсаныг тогтоогоогүй атлаа хариуцагч нарын буруугаас цуцлагдсан тул гүйцэтгэгч ажлын хөлсөө авах эрхтэй тул суутган тооцох үндэслэлд хамаарахгүй мэтээр тайлбарлаж гэрээний оролцогчийн эрхийн зохицуулалтыг гэрээний үүрэг дуусгавар болох буюу харилцан шаардлагад тооцож гэрээний үүрэг дуусгавар болох өөр хоорондоо хамааралгүй зохицуулалттай холбож тайлбарласан.

Өөрөөр хэлбэл аливаа эрх ашиг бий болгох үндэслэл байгаа тохиолдолд харилцан шаардлага тооцох үндэслэлийг хэрэглэхгүй байхыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Мөн энэхүү зохицуулалтад дурдагдсанчлан гэрээ цуцлагдах болсон үндэслэлийг нэхэмжлэгч нь хариуцагчийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, багаж, тоног төхөөрөмж гаргах үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан гэж тайлбарладаг хэдий ч шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч талд гэрээгээр хүлээсэн ажлыг хугацаандаа гүйцэтгэх үүргээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар дуусгахыг урьдчилан сануулсаар байхад ажиллах хүчээ удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүйн улмаас гэрээний хугацаа дуусахад 40 хувийн гүйцэтгэлтэй байсан тул 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээг цуцалсан-лагдсан үйл баримтыг үнэн зөвөөр үнэлээгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий гэрээнд хариуцлага хүлээх үүрэггүй этгээд буюу өөрийн нэрийн өмнөөс эрх олж, үүрэг хүлээхээр бус компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн хүрээнд үйл ажиллагаанд оролцсон гүйцэтгэх захирал *******ыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч ойлголтод хамруулан тайлбарлах үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Ажил гүйцэтгэх гэрээнд нэг ширхэг шон суулгах, тор суулгах, бетон суурилуулах үнийг нарийн үе шаттайгаар нарийвчилсан хувь байхгүй тул тухайн хувийг тогтоохын тулд мэргэжлийн төсөвчин хөлсөлж ажиллуулсан. Төсөвчин нь бидний хийсэн ажлыг харж бүх тоо хэмжээг гаргаж дүгнэлт хийсэн. Хариуцагч нь мэргэжлийн төсөвчний ажлыг өөрсдийн дураар зөв, буруу гэж дүгнэх эрхгүй. Мэргэжлийн төсөвчний гаргасан дүгнэлт зөв. Хэрэв тухайн дүгнэлтийг буруу гэж үзсэн бол анхан шатны шүүхэд хэрэг 1 жилийн хугацаанд шийдвэрлэгдсэн. Өөрсдийнхөө мэргэжлийн төсвийг үнэн зөв гаргах ёстой боловч гаргаж өгөөгүй. Зөвхөн өөрсдийн амаар гаргасан тайлбартаа үндэслэсэн учраас анхан шатны шүүх буруу дүгнээгүй. Ажил гүйцэтгэл 40 хувь гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Нийт 284 шон байгаа. Үүнээс 214 шон суулгасан. Нийт шонгийн хэмжээгээр тооцож 70 хувиар гэж дүгнэлт гаргасан. Бараа материалыг гүйцэтгэгч компани гаргах байсан гэж тайлбарладаг. Гэрээнд бараа материалыг гүйцэтгэгч гаргахаар заасан боловч *******тай амаар тохиролцсоны дагуу бараа материалыг бүгдийн гаргаж өгсөн. Хариуцагч нь бидний өмнөөс зардал гаргасан бол энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч гаргаагүй. Шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харвал манай ажилд тухайн бараа материалыг ашигласан гэдэг нь эргэлзээтэй байсан. Эргэлзээтэй баримтуудаар мөнгөн төлбөрийн үүргийг харилцан тооцох нь үндэслэлгүй. *******-ийн гүйцэтгэх захирал *******тай ажлаа тохиролцсон. Тухайн компанийг төлөөлж ******* болон ******* нар байсан. Шүүх хамтран үүрэг гүйцэтгэгч гэж зөв дүгнэсэн. ******* захирал хариу тайлбар гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,322,927 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн буруугаас ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, ажлыг зогсоосон, энэ хугацаанд 28,322,927 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 15,000,000 төгрөгийн ажлын хөлсөө авсан тул үлдэх хэсгийг гаргуулна гэж,

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ гүйцэтгэгч нь ажиллах хүч хомс, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэлгүй нөхцөл байдалтай ажлыг гүйцэтгэсээр хүлээлгэн өгөх хугацаа болоход нийт ажлын 40 хувийг буюу нийт төлбөрийн 20,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, компанийн ажлын хөлснөөс суутгуулж авахаар тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авч ашиглалтын зардал, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр, зөвлөх инженер авсан ажлын хөлс зэрэгт нийт 35,861,643 төгрөг зарцуулсан ... компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн хүрээнд үйл ажиллагаанд оролцсоныг хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэх ойлголтод хамруулан тайлбарлах үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр NEC19MG1022P0199 дугаар торон хашаа барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь ******* дүүрэг ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах АНУ-ын элчин сайдын яамны шинэ байршлын 40,000 м.кв талбайд хамгаалалтын зурвасын дагуу шаардлагатай торон хашаа барьж, суурьлуулах ажлыг гүйцэтгэх, хариуцагч ******* нь ажлын хөлсөнд нийт 50,000,000 төгрөг төлөх, төлбөрийн урьдчилгаанд 7,500,000 төгрөг, дунд буюу 14 хоногт 7,500,000 төгрөг, үлдэгдэл 32,500,000 төгрөгийг ажил дуусаж, хүлээж авснаас хойш төлөхөөр харилцан тохиролцсон болох нь ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх-5-41/

 

5. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, мөн гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж тус тус заасан.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 3.7-д зааснаар гүйцэтгэгч нь ажлыг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор буюу гэрээний хавсралтаар баталсан графикийн дагуу гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч энэ хугацаа дуусахад нэхэмжлэгч ******* нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн дутуу байсан тул хариуцагч ******* захиалагчийн хувьд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээг цуцалсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

8. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх, үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

9. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан үйл баримтыг зөв тогтоосон боловч гэрээ цуцлахад нөгөө талыг буруутай гэж маргаж буй зохигчдын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, гэрээ цуцалсантай холбоотой Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

10. Гэрээний хавсралт 4-т захиалагч нь ажлын хөлсийг хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлөх, урьдчилгаа төлбөр: Талууд гэрээ байгуулснаар урьдчилгаа төлбөрт ажлын хөлсний 30 хувийг 4 (дөрөв) долоо хоногийн хугацаатай хэсэгчлэн төлнө гэж тусгасны дагуу захиалагч ******* нь урьдчилгаа 15,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч *******-д шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч энэ талаар маргаагүй.

Харин ажил гүйцэтгэгч ******* нь гэрээгээр тохирсон ажлыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ийнхүү ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй явдалд захиалагч буюу хариуцагч *******-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажлыг гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаанаа хариуцагчийн буруутай үйлдэлтэй холбоотой буюу шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалаар хангаагүй, цахилгаан, усаар бүрэн хангаагүй зэрэгтэй холбон тайлбарласан боловч хэргийн баримтаар гүйцэтгэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Тиймээс гүйцэтгэгч ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хариуцагч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

11. Ийнхүү захиалагч гэрээг цуцалсан учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд өөрийн хийсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

11.1. Гэрээний ерөнхий нөхцөлийн 2.1.11-т Ажлын гүйцэтгэлийн явцын тайланг өдөр бүр, 7 хоног тутам бэлтгэн ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардах, гэрээний тусгай нөхцөлийн 17.1-д Гүйцэтгэгч нь өдөр тутмын ажлын тайланг захиалагчийн хариуцсан инженерт дараа өдрийн өглөөний 10:00 цагаас өмнө, 7 хоногийн ажлын тайланг дараа 7 хоногийн Даваа гарагийн 10:00 цагаас өмнө хүргүүлэх ба хоцроож ирүүлсэн тохиолдол бүрд 10,000 төгрөгийн торгууль ногдуулна гэж тусгасан боловч хэн аль нь гэрээний энэ заалтыг хэрэгжүүлээгүй, ажлын явцыг тухай бүр тайлагнаж, хүлээлцээгүй байна.

Үүнээс үүдэж талууд гэрээ цуцлагдах үеийн нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг өөр өөрөөр буюу хариуцагчаас гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч хийх ёстой ажлын 40 хувь буюу 20,000,000 төгрөгт ногдох ажлыг гүйцэтгэсэн гэж, нэхэмжлэгч ажлыг бүрэн гүйцэтгээгүй талаар маргаагүй боловч гэрээгээр тохирсон ажлын 28,322,927 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан байдлаас үзвэл нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон үүнээс үүдэлтэй ажил гүйцэтгэгчид төлөх ажлын хөлсний хэмжээ нь маргааны зүйл болжээ.

 

11.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2023 онд төсөвчин *******ийн хийсэн төсвийг үндэслэн нэхэмжлэгчийг 28,322,927 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

Учир нь нэхэмжлэгч тал өөрийн гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор санхүүгийн анхан шатны ямар нэгэн баримтыг үндэслэл болгоогүй, мөн ямар зураг төсөл, ажлын гүйцэтгэлийг үндэслэл болгосон нь тодорхойгүй, зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг бодитой тогтоосон гэж үзэхэд хангалтгүй.

Зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан бөгөөд хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.

 

12. Тиймээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн хэмжээг хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээнд буюу 20,000,000 төгрөгөөр тогтоож, үүнээс хариуцагчийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,000,000 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатын шүүхээс үзлээ.

 

13. Хариуцагч талын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, худалдан авсан, түрээсэлсэн төлбөр болон бараа материалын зардалд нийт 35,861,643 төгрөг зарцуулсан, энэ зардлыг нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс суутгуулж тооцно гэх агуулгаар гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Гэрээний тусгай нөхцөл, ГЕН 4.1-н 1-т Гэрээний нийт үнийн дүн 50,000,000 төгрөг байна. Энэхүү үнийн дүнд Ажлыг гүйцэтгэхтэй холбоотой ажлын хөлс, бараа материал, багаж хэрэгслийн үнэ, тээвэр, машин, тоног төхөөрөмжийн зардал, ажиллах хүчний зардал, цалин хөлс, бүх ашиглалтын хураамжууд, төлбөр үйл ажиллагааны зардал зэрэг ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөхтэй холбогдон гарах бүхий л зардал багтсан эцсийн дүн гэж, гэрээний ерөнхий нөхцөлийн 6.2-т Барилгын зураг төслөөс шалтгаалан Ажилд дараах байдлаар өөрчлөлт оруулж болно. Үүнд: 6.2.1 Ажлын гүйцэтгэлийн явцад захиалагч барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулахаар, эсвэл өөрийн хөрөнгөөр гүйцэтгэгчийн гэрээний үнэд орсон бараа материалыг өөрсдийн зураг төсөлд зохицуулан өөрчилж шууд худалдан авч нийлүүлэх бол Гүйцэтгэгчид ГТН-д заасан хугацаанд бичгээр мэдэгдэх, гэрээний 6.4-т Талууд ГЕН-ийн дээрх 6.1-6.3 дахь хэсэгт заасны дагуу хүргүүлэх мэдэгдлийг ГТН-д заасан хугацааны дотор мэдэгдэх бөгөөд ажлын 3 хоногийн дотор харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж тусгасан байдлаас үзэхэд гүйцэтгэгч ажлыг өөрийн материал, тоног төхөөрөмжөөр гүйцэтгэхээр талууд тохиролцсон, ажлын гүйцэтгэлийн явцад захиалагч бараа материалыг өөрийн зардлаар худалдан авч нийлүүлэх тохиолдолд гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэх, энэ асуудлаар талууд харилцан тохиролцоно гэжээ.

Хариуцагч нь гэрээний дээрх заалтыг баримтлаагүй байхаас гадна гэрээнд заагдаагүй зардлыг гаргахдаа ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу эсхүл түүнд мэдэгдэж, энэ талаар талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн хариуцагчаас гаргасан 1 дүгээр хавтаст хэргийн 121-165 дугаар талд авагдсан зарлагын баримт, төлбөрийн баримт, нэхэмжлэх, түрээсийн гэрээ, банкны дансны хуулга зэрэг нь тухайн зардал, төлбөрийг нь нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотойгоор хариуцагчаас гарсан зардал мөн эсэх, цаашлаад талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хийгдэх ажилд зориулагдан гарсан зардал гэж дүгнэх эргэлзээгүй баримт болж чадахгүй байна.

Иймд хариуцагчийн татгалзалд дурдсан зардлыг нэхэмжлэлээс хасаж тооцох үндэслэлгүй гэж үзэв.

 

14. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хуулийг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж гэрээний оролцогч биш этгээд болох *******аас 13,322,927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Тодруулбал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсэх бөгөөд хариуцагч *******ын хувьд ажил гүйцэтгэх гэрээнд хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар оролцсоныг үүргийг хамтран хариуцах этгээд гэж дүгнэсэн нь буруу, энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

15. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 5,000,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,322,927 төгрөгийг болон хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/06533 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******-аас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,322,927 төгрөгийг болон хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,565 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН