| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2015/03417/И |
| Дугаар | 210/МА2025/02019 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02019
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/06946 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,968,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй
Ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 175,913,221 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******-тай 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13/12 дугаартай туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудлын үерийн уснаас хамгаалах далан барих ажил хийж гүйцэтгэсэн. Мөн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15/13 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудлын үерийн уснаас хамгаалах далан барьсан. Гэрээний дагуу ажил хийгдэж дуусаж талууд акт үйлдэн ажил хүлээлцэж төлбөрийн хэмжээг актаар тогтоосон боловч ******* нь төлбөрийг хийлгүй удаж байна. ******* нь төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөхгүй байна.
******* нь *******-тай 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13/12 дугаартай туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл болох 2,678,500 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15/13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 68,289,700 төгрөг, нийт 70,968,200 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2012 оны ажлыг *******-ийн буюу захиалагчийн материалаар ажлын хөлс авахаар тохиролцож 13/12 дугаартай гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажлын чанарын гүйцэтгэл сайн хийгдсэн. Гэрээний дагуу чанарын баталгаанд 2,678,500 төгрөгийг 1 жил буюу улсын комисс хүлээн авсны дараа нөхөн олгогдохоор гэрээт ажлын төлбөрөөс суутган тооцсон. Уг мөнгө нь нэхэмжлэлээр шаардсан үлдэгдэл төлбөр бус 2012 онд байгуулсан гэрээ болон тухайн ондоо хийж гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааны төлбөр юм. 2012 оны гэрээ амжилттай хэрэгжсэнийг үндэслэн 2013 онд тухайн төсөлд ашиглагдах үндсэн болон туслах материалыг гүйцэтгэгч байгууллага гаргах нөхцөлтэйгөөр 15/13 дугаартай гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч байгууллага нь өөрийн материалыг ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 25-наас 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд урт 580 метр 210,270,000 (4 890*43 0007) төгрөгийн сувгийн бетон доторлогооны ажил гүйцэтгэсэн. Гэвч гүйцэтгэгч байгууллагын нийт гүйцэтгэсэн ажлын 60 орчим хувь нь дутуу, чанарын доголдолтой бөгөөд дээрх шалтгааны улмаар УБХОУНОШББТөсөл хэрэгжүүлэх нэгжийн (захиалагч) хяналтын инженерүүд бүрэн хүлээн аваагүй. Гүйцэтгэгч байгууллага нь ажил гүйцэтгэх гэрээний өндөр мэргэжлийн ажилчдаар гүйцэтгүүлэх, 4.2, 4.6, 4.8, 4.11-д заасан нөхцөлүүд зөрчигдсөн.
Талууд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15/13-01 тоот тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж 68,289,700 төгрөг үлдэгдэлтэй бөгөөд үүнээс 43,000,000 төгрөг нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг хийж гүйцэтгэсний дараа олгох ёстой төлбөр юм. Гэвч гүйцэтгэгч ******* огт ямар ч ажил хийж гүйцэтгээгүй болно.
Гэрээний 4.6-д зааснаар гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэх бөгөөд засварын ажил бүрэн дуусгаж 2014 онд улсын комисс хүлээлгэн өгсний дараа чанарын баталгааны мөнгийг олгохыг бид гүйцэтгэгч талд мэдэгдсэн. Үүний дагуу гүйцэтгэгч дээрх 43,000,000 төгрөгийг засварын ажлаа дуусгаад нийт авах ёстой төлбөрөөс суутган тооцохыг зөвшөөрч 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан. ******* байгууллага гүйцэтгэгчийн чанарын доголдолтой, дутуу ажлын буруугаас болж тухайн жилийн 11,12 сард санхүүжилт хийгдэхээр төлөвлөгдсөн гүйцэтгэл 7-гоор 380,316,535 төгрөг, гүйцэтгэл 8-aap 286,770,584 төгрөгийн ажил гүйцэтгэлийн санхүүжилт тус тус хоцрогдож улмаар 2013 оны Зам тээврийн яамны төсвийн хөрөнгөөс хасагдаж үлдэгдэл санхүүжилтийг Зам тээврийн яам баталгаат барьцааны дансанд шилжүүлэн авсан. Тус данснаас зөвхөн улсын комиссын актыг үндэслэж чөлөөлөх журамтай бөгөөд ажлыг доголдолгүй 100 хувь гүйцэтгэж дууссан тохиолдолд дээрх санхүүжилт чөлөөлөгдөх зохицуулалттай.
******* өөрийн хөрөнгөөр 2014 онд угсралтын ажлыг дуусган улсын комисс ажиллуулсан бөгөөд комиссын гишүүдээс 2015 оны 06 дугаар сарын 01-ний дотор зарим нэг засвар болон тохижилтын ажлыг дуусгахаар үүрэг болгосон. Гүйцэтгэгчтэй байгуулсан 2012 оны 13/12 дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын барьцаа төлбөр 2,678,500 төгрөгийг улсын комиссын акт баталгаажиж барьцааны төлбөр чөлөөлөхөөр олгох боломжтой. Гэрээний 3.4-р заалтын дагуу ажил гүйцэтгэгч /нэхэмжлэгч/ ажлын доголдлыг арилгуулахаар захиалагчийн тогтоосон хугацаанд ажил ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд бид өөрийн зардлаар гэрээний зөрчлийг арилгасан тул *******-д 43,000,000 төгрөгийн дутуу болон чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг гүйцээн хийх төлбөр үнийг олгох ёсгүй гэж үзэж байна.
Харин ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 25,289,700 төгрөгийг улсын комиссын акт баталгаажиж захиалагч төслийн нэгж Зам тээврийн яамнаас барьцааны төлбөр чөлөөлөхөөр олгох боломжтой гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь 2013 оны гэрээт ажлаар 580 уртааш метр сувгийн ажил гүйцэтгэхдээ явцдаа гэрээний үүргээ зөрчин чанарын доголдолтой барилгын ажил гүйцэтгэсэн. Тус байгууллагын хийсэн ажлын 60 орчим хувь нь чанарын доголдолтой, өнгөлгөө жигд бус, дээд ирмэг хөлдсөн, сувгийн ул дутуу цутгагдсан байдалтай хүйтний улиралд цаашид үргэлжлүүлэн засварлах боломжгүйгээр зогссон. Улмаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн хяналтын инженерүүд дутуу, чанаргүй ажил хүлээн авахгүй бөгөөд дээрх засварын ажилд шаардагдах 43,000,000 төгрөгийг ******* нь 2014 оны 06 дугаар сарын 01-ний дотор засварын ажлаа дуусгасан нөхцөлд олгохоор гэрээний дүнгээс суутган үлдээсэн болно.
Гэрээний 4.6-д зааснаар гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэх бөгөөд засварын ажлаа бүрэн дуусгах үүрэгтэй. Үүний дагуу гүйцэтгэгч дээрх 43,000,000 төгрөгийг засварын ажлаа дуусгаад авах, нийт авах ёстой төлбөрөөс суутган тооцохыг зөвшөөрч 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан. Гэвч ******* нь гэрээний 4.6-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд огт ажил хийж гүйцэтгээгүй болно. Гэрээний 3.4-р заалтын дагуу ажил гүйцэтгэгч ажлын доголдлыг арилгуулахаар захиалагчийн тогтоосон хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд бид өөрсдийн хөрөнгөөр ажлын доголдлыг 55,885,133 төгрөгийн зардлаар арилгасан. Манай байгууллага нь гэрээний дагуу доголдлыг арилгахад гарсан 55,885,133 төгрөгийн зардлыг гүйцэтгэгч талаас нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна.
Тус байгууллагын чанаргүй гүйцэтгэсэн ажлын уршгаар 2013 оны 11, 12 сард олгогдохоор төлөвлөгдөж байсан гүйцэтгэл 7,380,316,535 төгрөг, гүйцэтгэл 8,286,770,584 төгрөгийн санхүүжилт саатан 2014 оны Зам тээврийн яамны төсвийн хөрөнгөөс хасагдсан. Улмаар манай байгууллагын хувьд санхүүгийн ихээхэн хохирол амссан боловч Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэн ажлаа дуусгаж 2014 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр комисс ажиллуулсан. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 483 дугаар тушаалаар томилогдсон комиссын үүрэг даалгаврын дагуу зураг төсөл зохиогч ******* ХХК, ******* ХХК-тай хамтран үерийн хамгаалалтын нийт уртын дагууд гүйцэтгэлийн хэмжилт хийж зохиогчийн нэгдсэн дүгнэлтийг Зам тээврийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт 2015 оны 12 дугаар сард хүргүүлсэн. Тус зохиогчийн нэгдсэн дүгнэлтийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Зам тээврийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас зөрчил дутагдал арилгуулах тухай албан тоотоор манай байгууллагад мэдэгдэл ирүүлсэн. Дээрх мэдэгдлийн дагуу *******-ийн гүйцэтгэсэн Зүүн 0.44 сувгийн ПК2+270- ПК2+880 дахь 610 метр сувгийн уртын дагууд 0.29 м метрээр байх ёстой түвшингөөс өндөр сувгийн урсгал хангагдахгүй байгаа ноцтой алдаа илэрсэн.
Ажил гүйцэтгэх 2012 оны 13/12, 2013 оны 15/13 дугаартай гэрээний дагуу ажлын зураг нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд туслан гүйцэтгэгч байгууллагыг ажлын зургийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй түүнийгээ нуун дарагдуулсан гэж үзэж байгаа. Гэрээний 4.8, 4.9-д зааснаар *******-ийн гаргасан ноцтой алдааг засварлах, түүнийг засварлахад шаардагдах 120,028,088 төгрөгийн үнэлгээ бүхий материал, ажлын болон тээврийн хөлсний зардлыг гаргуулахаар нэхэмжилж байна. Зам тээврийн яамны өмнө хүлээсэн үүргийн дагуу 2014 онд төслийн ажлыг дуусгаж улсын комисс ажиллуулсан бөгөөд комиссоос өгсөн үүрэг даалгавар зохиогчийн дүгнэлтийн дагуу гарсан алдаа дутагдал болон 2012, 2013 онуудад *******-ийн дутуу хийсэн ажил ба засварын зардал болох нийт 175,913,221 төгрөгийг *******-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
2013 онд байгуулсан 15/13 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрөө авах хүсэлт гаргахад өнгөрсөн хугацаанд Олон Улсын Шинэ Нисэх Буудал Төсөл Хэрэгжүүлэх Нэгж /ОУШНБТХН/-с манай гүйцэтгэсэн үерийн сувгийн бетонон доторлогооны ажлын амсрыг засах шаардлага тавьж байгаа хэмээж манай төлбөрөөс 43,000,000 төгрөг суутган авч үлдсэн байдаг. Бид энэ талаар төслийн нэгжээс удаа дараа асууж тодруулахад амсрыг засах шаардлага байхгүй гэсэн хариулт авсан учир *******-аас авах авлагаа авахаар шүүхэд хандсан. *******-ийн яриад байгаа тэр засварыг хийх шаардлагагүй, манай хийсэн ажил шаардлага хангаж байгаа нь Зам тээврийн яамнаас ирүүлсэн нотлох баримтуудаас харагдаж байна. Тус үерийн сувгийн ажлыг хүлээн авах улсын комиссын тэмдэглэл, үүрэг даалгавар, шийдвэрт тус засварын ажлыг хийх тухай огт тусгагдаагүй байгаа бөгөөд энэ нь сөрөг нэхэмжлэлийн тус заалтыг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл юм.
Мөн ******* нь 2013 онд 15/13 дугаартай гэрээ хийхдээ бидэнд урьдчилгаа 50,000,000 төгрөг олгох байснаа цаг хугацаанд нь олгоогүй, 7 дугаар гүйцэтгэлийг 2013 оны 09 дүгээр сард авч санхүүжүүлнэ хэмээн манайхаар ажлаа хийлгэсэн. Гэтэл 11, 12 сард дээрх гүйцэтгэлээ оруулахаар төлөвлөж байсан нь биднийг тухайн үед анхнаасаа хууран мэхэлж байсан. Улмаар ******* нь 2015 онд болсон анхан шатны шүүх хуралд хийх шаардлагагүй, хэвийн байгаа зүйлийг хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн 14,000,000 төгрөгийн зардал гарсан гэж байсан. Гэтэл одоо мөн л хийгээгүй, хийх шаардлагагүй байхад /хийж гүйцэтгэсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй/ 55,800,000 төгрөгийн зохиомол хуурамч төсөв гаргаж шүүхэд өгсөн нь илтэд хууль бус байна. Манай компанийн гүйцэтгэсэн ажилд ямар ч засвар хийхгүй болох нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын комиссын хуралдааны тэмдэглэл, үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн дүгнэлтээр тогтоогдсон. ******* нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон өндөржилтийн алдааг санаатайгаар манай компанийн буруу мэтээр бичиж 120 сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
******* нь *******-тай байгуулсан 2012, 2013 оны гэрээнүүд нь зөвхөн сувгийн бетонон доторлогооны ажил гүйцэтгэх гэрээ юм. Дээрх гэрээний дагуу бид газар шорооны ажил, өндөржилтийн хэмжилт хийгдэж ёроолын индүүний ажил бүрэн хийгдсэн талбайд зөвхөн бетонон доторлогооны ажил хийхээр тохиролцсон байдаг.
Энэ нь 2012 оны 13/12 дугаартай гэрээг дүгнэсэн акт, 2013 оны 15/13 дугаартай гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт, мөн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14/098 дугаартай *******-ийн 1 албан тодорхойлолтоор бид өндөржилтийн хэмжилт, газар шорооны ажил хийхгүйгээр зөвхөн сувгийн бетон доторлогоог хийж гүйцэтгэх ёстойг харуулж байна.
Өндөржилтийн хэмжилт хийх талаар ямарч зааварчилгаа өгч хэмжилт байгаагүй бөгөөд өндөржилт зургийн дагуу хийгдсэн эсэх талаар асууж байхад та нартай газар шорооны ажил болон хэмжилт хийх ажил хамаагүй бүх зүйл зургийн дагуу ******* хийсэн тул танайх зөвхөн бетон доторлогооны ажлаа гүйцэтгэ хэмээн хийлгэсэн ба талбайд тус компани нь ажлаа мэддэг нэг ч инженер ажиллуулж байгаагүй юм. Энэ нь ******* нь үерийн сувгийн ажил гүйцэтгэх явцад захиалагч болон зохиогчийн хяналт гүйцэтгэгч ******* ХХК, ******* ХХК-аас өгөгдсөн үүрэг даалгавар огт биелүүлдэггүй, талбайд геодезийн инженер болон усны барилгын инженер ажиллуулаагүй гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
2012 онд байгуулсан 13/12 дугаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг бид бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд энэ байдлыг 2015 онд болсон анхан шатны шүүх хуралд *******-ийн захирал ******* нь хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийг өгөхөө хэлсэн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар дээрх тайлбарыг гаргаж байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, дахь зааснаар хариуцагч *******-аас 27,967,782 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,000,375 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
*******-аас 43,758,000 төгрөг гаргуулан *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 132,155,221 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,800 төгрөг, *******-ийн төлсөн 1,037,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******-аас 297,779 төгрөг гаргуулан *******-д олгож, *******-аас 376,740 төгрөг гаргуулан *******-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
******* нь иргэн *******тай гэрээ хийж уг даланг засварласан гэж хуурамч гэрээ гаргаж ирсэн. Энэхүү уг далантай холбоогүй, сүүлд зохиож хийсэн гэж үзэхээр, гэрээнээс үзвэл хийсэн ажлын хэмжээ байхгүй, ажил хүлээлцсэн баримт байхгүй, нэг хувь хүн ийм ажлыг хийсэн байх боломжгүй, авсан гэх бараа материал нь ч энэ уг далангийн ажилд шаардагдахгүй, хамааралгүй нь тодорхой байгаа. Тухайлбал, худалдан авч зарцуулсан гэх бараа материалын баримтууд нь уг ажилд огт хамааралгүй, хамааруулж үзэх ч боломжгүй хулдаас гэх мэт зүйл дээр бичсэн, өөр компаний баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн нь тодорхой байгаа. /1хх-54-59/
******* нь *******-ийн ажлыг доголдолтой гэж үзсэн нь бодитой байсан бол засварын ажлыг хийхдээ мэдэгдэх үүрэгтэй, хэмжиж хамтран тогтоох, засвар хийх ажлын хэмжээг талууд тогтоох ёстой байсан боловч энэ талаар ямарч нотлох баримт байхгүй, засвар хийсэн талаар нотолгоо хэрэгт авагдаагүйг шүүх анхаарч үзээгүйгээр хуурамч нотлох баримт нь ор үндэслэлгүй болох нь илт байхад 43,758,000 төгрөгийг *******-аас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх *******-ийн ажлын хөлсний авлага болох 70,968,200 төгрөгийг хэрхэн ойлгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй төлбөрийн агуулгыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгч зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд шийдвэрээ танилцуулахдаа *******-аас 27,967,782 төгрөг гаргуулан *******-д олгох гэж уншсан бөгөөд бичгээр шийдвэр гаргахдаа *******-аас гаргуулна гэж нэхэмжлэгчийг илтэд санаатайгаар нэмж хохироосон заалт оруулсан байна. Иймээс шүүхийн шийдвэр ойлгомжгүй байх тул хүчингүй болгуулан дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна.
*******-ийн сөрөг нэхэмжлэлийн 55,885,000 төгрөгийн зардал гэх ямарч үндэслэлгүй, нотлогдоогүй шаардлагаас 43,758,000 төгрөгийг *******-аас гаргуулах заалт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд *******-ийн авах ёстой мөнгөнөөс хасаж тооцохын оронд дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж *******-ийн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй гарсан. 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан *******-ийн гүйцэтгэх захирал *******ын явуулсан албан бичгээс харахад 2013 оны ажлын төлбөрөөс суутгах 43,000,000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн сувгийн ажлын засварыг хийж гүйцэтгэсний дараа авна гэх агуулгыг дурдсан боловч тухайн засварын ажлыг хийгээгүй. *******-ийн зүгээс тухайн засварын ажлыг хийж гүйцэтгэх талаар шаардлага тавьсан. ******* нь тухайн ажлыг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч илтэд худлаа гүтгэж байна. Тухайлбал, *******-аас хуурамч нотлох баримт бүрдүүлж, шүүхийг төөрөгдүүлсэн гэх боловч зохиогчийн хяналтын дүгнэлтийн талаар баримт хавтаст хэргийн 205 дугаар талд авагдсан бөгөөд зөрчил дутагдлаа арилгах талаар албан бичгийг *******-д өгсөн.
Мөн хавтаст хэргийн 236 дугаар талд зөрчил, дутагдлыг арилгах талаар Зам тээврийн яамнаас албан бичиг ирсэн тул *******-аас засаж янзлаад улсын комисс ажиллуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу улсын комисс ирж үзээд алдаа дутагдлаа зассан гэж үзээд хүлээж авсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлын хөлс 70,968,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын доголдлыг арилгахад зарцуулсан зардал 175,913,221 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.
3. Талууд 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13/12 дугаартай туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймаг Сэргэлэн сум, Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудлын 1300 метр үерийн уснаас хамгаалах далан барих ажлыг 1 м.кв-ыг 10,500 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ******* нь ажлын урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг төлөх, урьдчилгаа авсан үнийн дүнгээс 50 хувийг эхний 14 хоногийн ажлын төлбөрөөс, үлдсэн 50 хувийг 2 дахь 14 хоногийн ажлын төлбөрөөс суутгахаар харилцан тохиролцсон. /1хх-5-7/
Мөн талууд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15/13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* Төв аймаг Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын 1312 метр сувгийн бетон доторлогоо хийх ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, ******* ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс 430,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-10-12/
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.
5. ******* нь 13/12 дугаартай эхний гэрээний ажлыг хугацаанд нь гүйцэтгэж нийт 53,522,500 төгрөгийн ажлын хөлс авахаас гэрээний 3.9-д заасан 5 хувь 2,678,500 төгрөгөөс бусад хэсгийг хүлээн авсан, мөн ******* нь 15/13 дугаар гэрээний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 4,890 м.кв сувгийн бетон доторлогоо буюу 210,270,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж, ******* нь 141,980,300 төгрөгийн төлбөр төлсөн болох нь хэргийн баримт болон талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.
Түүнчлэн, талууд 15/13 дугаартай гэрээний ажлын төлбөр төлсөн байдлыг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ******* нь 4890 м.кв бетон сувгийн ажлын төлбөр 210,270,000 төгрөг төлөхөөс 141,980,300 төгрөг төлж, 68,289,700 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх-15/
6. Дээрх 2 гэрээний дагуу *******-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээ, төлөгдсөн төлбөрийн хэмжээнд талууд маргаагүй боловч хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 13/12 дугаар гэрээний 2,678,500 төгрөг, 2013 оны 15/13 дугаар гэрээний 25,289,700 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг улсын комиссын акт баталгаажиж барьцааны төлбөр чөлөөлөхөөр тус тус олгох боломжтой гэж, харин 2013 оны 15/13 дугаар гэрээний дагуу шаардсан 43,000,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч буй үндэслэлээ гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлыг дутуу, доголдолтой гүйцэтгэсэн, доголдлыг арилгуулахаар захиалагчийн тогтоосон хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, огт ажил хийгээгүй гэж тайлбарлан, нэхэмжлэгчийн хийсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардлыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан бол нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн, өөрийн хийсэн ажилд ямар нэгэн доголдол илрээгүй болох нь тогтоогдсон, хариуцагч зохиомол баримт бүрдүүлж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан.
Үүнээс үзэхэд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй, мөн хуулийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан.
8. Нэхэмжлэгч талаас гэрээний дагуу ажлыг доголдолгүй хийж, хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч хэрэгт авагдсан хариуцагч *******-ийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/350 дугаар ажлын гүйцэтгэлийн талаар нэхэмжлэгчид явуулсан албан бичигт ...ажлын үр дүнгээс дараах дутагдлууд гараад байна. Угсралтын ажилд нийлүүлсэн бетон зуурмаг ажлын талбайд оройтож буусан болон бетон зуурмагийн найрлага зохих хэмжээнд байгаагүйгээс /ширхэгийн бүрэлдэхүүн том/ ажлын чанарт муугаар нөлөөлсөн, нэхэмжлэгч *******-ийн 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар ажлын гүйцэтгэлийн талаар хариуцагчид явуулсан албан бичигт 2013 оны ажлын төлбөрөөс суутгуулах 43 сая төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 15-аас 2014 оны 06 дугаар сарын 01-ний дотор сувгийн ажлын засварыг хийж гүйцэтгэсний дараа авна, УБХОУНОШББТХНэгжийн захирал, *******-ийн захирал нарын баталсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үерийн хамгаалалтын далангийн барилгын ажил, Зам тээврийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 07/140 тоот хяналтын тайлангаас гарсан засварлах хэсгийн ажлын тоо хэмжээ гэсэн бичгийн баримтад *******-ийн засварлах хэсэг, улны бетон хуулж түвшин намсгах, 1080 метрээс 60.2%-д засварлах, УБХОУНОШББ төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын протоколд ...2012-2013 онуудад хийсэн бетоны чанар муугаас болж үүссэн хагарлын асуудал зөвхөн бий. Үүнд: сувгийн доторлогооны чанар шаардлага хангаагүй, бетон доторлогоонд үүсэх хагарлыг янзлаагүй гэх мэт, *******: ... *******-ийн гүйцэтгэсэн 1080 метрээс 60% буюу 600м нь засвартай байсан. Бид 2015 оны 12 дугаар сараас хойш ажлыг хурдан дуусгахын тулд 4 сараас ажил эхлэхээр график батлуулсан, туслан гүйцэтгэгчид үүрэг өгч ажилласан гэж тэмдэглэгдсэн байдал, Зам тээврийн яамнаас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үерийн далангийн ажлын протокол, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт зэрэг бичгийн баримт, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч *******-ийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, нэхэмжлэгч тухайн доголдлыг арилгах, нэмэлт засварыг дараа оны буюу 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.
Тийм ч учраас талууд 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13/12 дугаартай туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 68,289,700 төгрөгөөс 43,000,000 төгрөгийг нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд сувгийн засварыг ******* хийж гүйцэтгэсний дараа авахаар харилцан тохиролцож, *******-ийн 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай албан бичиг, 15/13-01 дугаартай тооцоо нийлсэн актын хавсралт-1 баримтад бетон сувгийн ажлын чанарын баталгаанд 43,000,000 төгрөг үлдээв, 2014.12.31-нд Бэлэн авах үлдэгдэл 25,289,700 төгрөг гэж бичиж 2 байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурсан, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх-15,24-35/
9. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15/13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын чанар, биет байдлын доголдлыг тохиролцсон хугацаанд арилгасан, засварын ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч ******* нь ажлын гүйцэтгэл доголдолтой байсныг арилгуулан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 07/03/17 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээн авчээ. /1х-193,204, 2хх-29, 59-175, 3хх-65-106/
10. Иймээс нэхэмжлэгч ******* нь ажлын хөлснөөс суутгуулахаар тохиролцсон дээрх 43,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрх үүсээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул нэхэмжлэгчийн шаардсан ажлын хөлс 70,968,200 төгрөгөөс ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг 43,000,000 төгрөгийг хасаж тооцон, 2012 оны 13/12 дугаар гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 2,678,500 төгрөг, 2013 оны 15/13 дугаар гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 25,289,700 төгрөг, нийт 27,965,825 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэж, хариуцагч *******-аас 27,968,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
11. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан хийсэн ажлын доголдлыг арилгахад зарцуулсан зардал нийт 175,913,221 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
12. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15/13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийг доголдолтой хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
12.1. Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулж *******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, мэргэшсэн төсөвчин *******ийн төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх баримт болон зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, шаардах хуудас зэргийг нотлох баримтаар гаргасан.
Гэтэл гэрээний дагуу *******ын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэр төрлийг нэхэмжлэгчийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэр төрөлтэй харьцуулан дүгнэвэл өөр байхаас гадна тухайн зардлын баримтуудыг үндэслэж нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн хариуцагч нь ямар зураг төсөл, санхүүгийн анхан шатны баримт, ажлын гүйцэтгэлийг үндэслэл болголгүйгээр төсөв зохиолгожээ.
12.2. Хэргийн баримтаар хариуцагч *******-аас Олон улсын нисэх онгоцны буудлын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэх ажлын гэрээг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжтэй байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд хариуцагч нь туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч *******-аас гадна *******-аар барилгын ажлыг гүйцэтгүүлжээ.
Энэ тохиолдолд хариуцагч нь бусад гүйцэтгэгч нарын ажлаас ялгаж, зөвхөн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой гарсан зардал болохыг нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
13. Иймд хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 175,913,221 төгрөгийн зардал гарсан болох нь нотлогдоогүй боловч уг ажил доголдолтой байсан нь тогтоогдсон, түүнийг засварлах зардалд 43,000,000 төгрөгийг баталгаа болгон үлдээсэн талуудын тохиролцоог үндэслэн үндсэн нэхэмжлэлийн хүрээнд ажлын хөлснөөс 43,000,000 төгрөгийг хасаж тооцсон тул хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******-аас 27,968,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,000,000 төгрөгт холбогдох хэсгийг болон ажлын доголдлыг арилгахад зарцуулсан зардал 175,913,221 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/06946 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-д тус тус зааснаар хариуцагч *******-аас 27,968,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,000,000 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч *******-д холбогдох 175,913,221 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,800 төгрөг, *******-ийн төлсөн 1,037,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 297,791 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,579 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ж.ЛХАГВАСҮРЭН