| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 160/2023/0214/Э/ |
| Дугаар | 2024/ХШТ/16 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ХШТ/16
Т.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Т.Н-д холбогдох 2212000000046 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2007 оны 05 дугаар сарын 31-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Монгол овогт Т.Н нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Нг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Нг 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Т.Н-г өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг 2 жилийн хугацаанд хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2212000000046 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаа бичсэн эсэргүүцэлдээ “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын давж заалдсан гомдлоор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 2023/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн 2023/ДШМ/35 дугаартай магадлалыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ц.Г 2020 оны 12 дугаар сарын 05-наас 06-ны үед хүрэн зүсмийн шүдлэн үхэр, ягаан зүсмийн бяруугаа алдсан, шүүгдэгч Т.Н хохирогч Ц.Гт танай 2 үхрийг Д.Б, Л.Д нар хулгайлсан гэж хэлсэн, 2021 оны 11 сарын сүүлээр Ц.Г, Д.Б, Л.Д нартай хээр уулзахдаа Д.Б, Л.Д нар хулгайлсан гэж хэлснээ хүлээж, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэхэд нь цагдаагийн байгууллагад битгий мэдэгд, би хулгайлсан гэж хэлсэн, хохирогч Ц.Г алдсан гэх шүдлэн үхэр, бярууны үнэ, эрж хайсны зардалд нийт 3,000,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн үйл баримт тогтоогдож байгаа болохоос шүүгдэгч Т.Н нь Ц.Г-ийн 2 тооны үхрийг хулгайлсан үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгч Т.Н-гийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Хэрэгт авагдсан хохирогч Ц.Г-ийн “би авсан юмаа төлж өгье” гээд миний үхрийг хулгай хийсэн талаараа ярьсан. ...Би Т.Н-гээс алдсан үхрүүдээ эрж хайсан зардал болон 2 тооны үхрийн үнэнд нийлээд 3,000,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.А-гийн “...Т.Н цагдаад битгий хэлээч, танай 2 үхрийг би авсан. Тохиръё гээд гуйгаад байсан. Тэгээд бид нар 3,000,000 сая төгрөг авахаар тохироод салсан. Т.Н мөнгө өгөхгүй 10 гаран хоноход нь би Т.Н-гийн гэрт нь ганцаараа очоод цагдаад өгч шалгуулмаар байна гэхэд битгий хэлээч гээд авдраасаа хүний мал авхуулах мөнгө гээд бэлэн 3,000,000 сая төгрөг надад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Д-ын “...Цагдаад битгий хэлээч, үхрийн чинь хохирлыг барагдуулж өгнө гээд байсан. Тэгээд үхэр эрж хайсан зардал болон үхрийн хохирол болох 3,000,000 төгрөгийг Т.Н, Ц.Г-т өгөхөөр болж бид нар салсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн “...бид 6 уулзахад Т.Н, Ц.Г ахаа би худлаа ярьсан юм. Би таны хоёр үхрийг авсан. Та цагдаад битгий хэлээч, таны үхрийн мөнгийг би төлж өгнө гэхээр нь бид нар гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Г-ийн “... уучлаарай ах, би худал хэлсэн юм. Танай 2 үхрийг би авсан юмаа. Цагдаад битгий хэлээч, би 2 үхрийн чинь төлбөрийг төлж өгнө гээд Н Г-т үхрийн хохиролд 3,000,000 төгрөг өгөхөөр болж бид нар салсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Т.Н нь хохирогч Ц.Г-ийн 2 тооны үхрийг хулгайлсан, энэ талаараа өөрөө хэргээ илчлэн мэдүүлсэн, хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлүүлэхээр хэн нэгэн ятгаж, шахсан нөхцөл байдал тогтоогдохгүй, түүний үйлдэлд бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдож байна.
Хэдийгээр Т.Н-г хулгайлах гэмт хэрэг үйлдэж байхыг харсан болон уг байдлыг нотлох гэрч байхгүй ч энэ нөхцөл байдал нь түүнийг гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байна” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Т.Н-г хохирогч Ц.Г-ийн 2 тооны үхрийг хулгайлсан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н нь хохирогч Ц.Г-ийг алдсан үхрээ хайж явахад “н.Г тууж явсан гэж, дараа нь Л.Д, Д.Б нар алаад махыг нь ахдаа өгч хот руу явуулсан” гэж хэлж, “цагдаад хэлье” гэхээр хэлүүлэхгүй хохирогчийг жил төөрөгдүүлж байсан. Дараа нь Л.Д, Д.Б нартай нүүрэлдүүлэхэд өөрөө хулгайлсан, хохирлыг нь төлье гэдгээ илэрхийлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч Ц.Г, гэрч Л.Д, Д.Б, Т.Г, Э.А нарын мэдүүлэг, эдгээр гэрч нарыг шүүгдэгчтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнэлт хийлгүй зөвхөн Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, даалгаварт заагдсан ажиллагааг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр л хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг заагаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн аль үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр хэлсэн саналдаа “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Н-гийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаас түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж удаа дараагийн гомдлыг гаргасан. Т.Н хэзээ, хаанаас, юугаар, яаж, ямар зорилгоор үхэр хулгайлсныг зайлшгүй нотлох шаардлагатай байтал шалгаж тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Т.Н-гийн “би хулгайлсан” гэх үг бий хэдий ч үйлдлийг тогтоох учиртай. Түүнийг архины хамааралтай, худлаа ярьдаг талаас нь гэрчүүд мэдүүлдэг бөгөөд түүний үйлдлийг тогтоосны дараа яллах ёстой.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.Н хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй. Хохирол төлсөн байдалд маргахгүй. Гэхдээ гэрч гэх хүмүүс Т.Н-гийн дүүг нутаглуулсан газрын хажууханд түүнийг авч очиж “би хулгайлсан, төлье” гэдэг үгийг хэлүүлсэн. Зөвхөн түүнийг ярьсан зүйлийг гэрчлэхээс хулгайлах үйлдлийг гэрчилсэн зүйлгүй. Т.Н согтуудаа элдэв зүйл ярьсандаа бантаад хохирлыг төлсөн байтал хамт явсан хүмүүс нь хүртэл эд зүйлээ алдсан, хохирол төлүүлэх байдлаар очоод байсан учир бүх үнэнийг хэлсэн байдаг. Т.Н-гийн ахан дүү нараас л цагдаад өг гэсэн болохоос хохирогч нарын зүгээс цагдаад гомдол гаргасан зүйл байдаггүй. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв үнэлэлт, дүгнэлт хийсэн учир магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Т.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Архангай аймгийн прокурорын газраас Т.Н-г 2020 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн ... сумын ... багийн иргэн Ц.Г-ийн 2 тооны үхрийг хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Анхан шатны шүүх хохирогч Ц.Г, гэрч Э.А, Л.Д, Д.Б, Т.Г нарын мэдүүлэг болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 522 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.
3.Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагийн бичсэн эсэргүүцлийн дагуу нотлох баримтуудыг судалж үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 05-наас 06-ны үед Архангай аймгийн ... сумын ... багийн ... гэх газраас 2 тооны монгол үхэр хулгайд алдагдсан тухай 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллийн дагуу хохирогч Ц.Г (1 дэх хавтаст хэргийн 06-08, 27-28 дахь тал), гэрч Э.А (1 дэх хавтаст хэргийн 11-12, 31-32 дахь тал), Л.Д (1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал), Д.Б (1 дэх хавтаст хэргийн 19-20, 39-40 дэх тал), Т.Гэрэлцэцэг (1 дэх хавтаст хэргийн 23-24, 35-36 дахь тал) нараас мэдүүлэг авсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагч Т.Н-г хохирогч Ц.Г, гэрч Л.Д, Э.А, Д.Б, Т.Г (1 дэх хавтаст хэргийн 50-80 дахь тал) нартай нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.Н нь нэр бүхий хохирогч, гэрч нарт 2 үхэр хулгайлсан талаар хэлснээс гадна гэм хорын хохиролд 3 сая төгрөг өгсөн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэдий ч тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тухайн гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн талаар огт мэдүүлээгүй, харин “Би хулгай хийгээгүй, надад бичлэг үзүүлсэн, би согтуудаа хүн гүтгэсэндээ бантаад хулгай хийсэн гэж худал хэлж, хохирогчид 3 сая төгрөг өгсөн, би цагдаад битгий хэлээч гэж гуйсан зүйл байхгүй” хэмээн мэдүүлсэн байна.
4.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Т.Н нь хохирогч Ц.Г-ийн 2 тооны үхрийг хулгайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй буюу түүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй, мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолд заагдсан ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүйгээс гадна мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн̆ мэдүүлэг нь дангаараа түүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үндэслэл болохгүй̆г дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх прокуророос Т.Н-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг хянахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дахин шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийн үйл баримт тогтоогдсон эсэхийг дүгнэх боломжгүй юм.
5.Харин давж заалдах шатны шүүх Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.
Иймд энэ талаарх зөвтгөсөн нэмэлт өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулж, Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР