Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2017/0057

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б**** сумын *** дугаар багийн оршин суугч А.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох,

аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгэр тушаалыг хүчингүй болгож, Б**** сумын байгаль хамгаалагчаар эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Н байгаль орчны экологи инженер мэргэжлээр 2011 онд төгссөн бөгөөд 2013 оноос эхлэн тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Б**** сум дахь байгаль хамгаалагчаар тасралтгүй идвэхитэй зүтгэл гарган ажиллаж ирсэн. Мөн тус ажилд Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтын журмаар орсон төрийн жинхэнэ албан хаагч юм. Манай газрын даргаар ажиллаж байсан Ш.М бид хоёр хэд хэдэн асуудлаар болж таарамж муутай байсан бөгөөд тэрээр чамайг хэзээ нэгэн цагт ажлаас гаргах болно гэж заналхийлдэг байсан. Тэр хэлсэндээ хүрч намайг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01 дугаар тушаал гаргаж ажлаас халсан. Намайг ажлаас халсан тухайгаа надад огт хэлээгүй бөгөөд бичиг хэргээр ч дамжуулан мэдэгдээгүй. 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус газрын даргаар шинээр томилогдсон Д.Айбект миний бие холбогдож ажлын амжилт хүсэхэд тэрээр надад чи ажлаас чөлөөлөгдсөн байна гэж хэлсэн. Би тухайн үед анх сонссон юм. Намайг ажлаас халсан үндэслэлийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй зүйл бичсэн байна.

Би тайлан мэдээг хугацаандаа өгч байсан болно. Төрийн албанд мэргэшсэн жирийн төрийн албан хаагч бөгөөд өр талдаа, амьдралтай эхнэртэй, цалингийн зээлтэй хүн юм.

Иймд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Б**** сум хариуцсан ажиллаж байсан байгаль хамгаалагч А.Н 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн газрын даргын 43 тоот тушаалаар байгууллагын зүгээс өгсөн үүрэг даалгаврын биелүүлээгүй, тайлан мэдээ, судалгааг хугацаанд ирүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2 дугаар зүйлийн дагуу хоёр удаа арга хэмжээ тооцогдсон гэх мэт шалтгаанаар ажлаас халагдаж байсан.

А.Н нь ажиллаж байсан хугацаанд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх төлбөрийн баримтыг будлиантуулан 2013 оноос хойш нийт 1333,4 мянган төгрөгийн төсөвт оруулаагүй хохирол учруулсан нь үндсэн баримтаар нотлогдож байсан. Гэвч хувийн өргөдөл, аймгийн удирдлагуудын хүсэлтийг хүндлэн үзэж газрындаргын 2016 оны 02- дугаар сарын03-ны өдрйин 07 тоот тушаалаар ТҮ-гээр авч ажилуулсан боловч алдаа дутагдалаа засах талаар тодорхой ажил зохион байгуулаагүй, ахиц гаргаагүй, санаачлаагүй ажилсанаас болж 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн газрын даргын 01 тоот тушаалаар дахин ажлаас халагдсан. Төсөв мөнгө хүрэлцээгүйгээс одоо оронд нь хэн нэгэн хүнийг томилогдоогүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Н нь тус шүүхэд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б**** сумын байгаль хамгаалагчаар эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр Ажлаас халах тухай тушаалд[1] хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг тус тус баримтлан 7,8,9,10,11,12 дугаар саруудын тайланг хугацаанд нь ирүүлээгүй гэсэн үндэслэлээр төрийн албад 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь халжээ.

Хариуцагчаас урьд нь удаа дараа арга хэмжээ авагдаж байсан боловч алдаагаа засаж ажиллаагүй, 2013 оноос хойш байгалийн нөөц ашигласны төлбөрийг төсөвт оруулаагүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарласан[2] боловч энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн 2015 оны үр дүнгийн гэрээг[3] С буюу хангалттай гэж /Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 6 дугаар зүйлийн 6.4.3-т зааснаар/ дүгнэсэн, 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан 2015 оны үйл ажиллагааны үр дүн, хариуцагчийн тайлбараар[4] тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийг удаа дараа /2 буюу түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,2, 25.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг ажлаас халах тушаалд хуулийн 25 дугаар зүйлийн баримталсан нь хууль бус байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар тушаалаар[5] түүнд сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан боловч түүнээс хойш 1 жил 1 сар өнгөрсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зйүлийн 26.6-д зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох ба түүнийг удаа дараа арга хэмжээ авагдсан, зөрчлийг давтан үйлдсэн үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргаааны актаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө буюу 2016 оны 04 дүгээр сарын 18-ны байдлаар нэхэмжлэгч нь ойн нөөц ашигласны төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь аймгийн Татварын хэлтсийн даргын тус шүүхэд ирүүлсэн 22017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183 дугаар албан бичгээр[6] тогтоогдож байгаа бөгөөд энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг мөн буруу гэж үзлээ.

Захиргааны актад 2016 оны 7-12 дугаар сарын үйл ажиллагааны тайланг ирүүлээгүй гэж тусгасан боловч А.Н нь2016 оны 1, 3, 4, 9 дүгээр сарын тайланг хугацаанд нь ирүүлээгүй талаар гэрч С.Мандат мэдүүлсэн[7], нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй учир нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээний нэгжийн ажил үйлчилгээ 1.1.3 дах хэсгийн а-д заасан[8] биелэлтийг сар бүрээр гаргах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэхдээ энэхүү тогтоогдсон зөрчилд ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэл нь зөрчлийн хэр хэмжээ, шинж байдалд тохироогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр, энэ нь хуулийн 4 дүгээр зйүлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус зөрчсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106,3,4, 106.3,13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1- т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Нийг Б**** сумын байгаль хамгаалагчаар эгүүлэн тогтоолгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хэргийн 15 дугаар хуудас

[3] Хэргийн 51-53 дугаар хуудас

[4] Хэргийн 59 дүгээр хуудас

[5] Хэргийн 16 дугаар хуудас

[6] Хэргийн 67 дугаар хуудас

[7] Хэргийн 55 дугаар хуудас

[8] Хэргийн 46 дугаар хуудасны ар тал