Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2026/0081

 

А.А-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                           Г.Банзрагч

                                                            Д.Батбаатар

    М.Батсуурь

Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0091 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2026/0280 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-г оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2026/0273 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт заагдсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны “Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, 63 дугаар байрны баруун талд 21 ширхэг тоосгон гарааш” гэснээс Улсын бүртгэлийн Ү-2203010518 дугаарт бүртгэгдсэн А.А-ын өмчлөлийн тус бүр нь 18 мкв 2 гараашийг буулгаж, газар чөлөөлөх жагсаалтаас хасаж, захирамжийн 1 дүгээр хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгож, А.А-ын өмчлөлийн, тус бүр нь 18 мкв 2 гараашийн өмчлөх эрх зөрчигдсөнийг сэргээх,

2.Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд Хүнс барааны 73 дугаар дэлгүүрийн зүүн хойд талд ажилчдын 20 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 0.12 га газрыг Тагнуулын ерөнхий газарт эзэмшүүлсэн. 1998 онд Тагнуулын ерөнхий газрын ажилчдын байрны 2 өрөө 34 мкв сууц болон 3х6 хэмжээтэй 2 ширхэг гараашийг нэхэмжлэгчийн ээж Д.Ү худалдан авсан бөгөөд 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Нийслэлийн Засаг даргын А/211 дүгээр захирамжаар “газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашны байршил”-ыг баталсан бөгөөд А.А-ын 18 мкв талбай бүхий 2 гарааш багтжээ.

3.Нэхэмжлэгчээс “... Миний бие 2 гараашийг хууль ёсны дагуу өмчилж авсан, улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа, уг бүртгэлийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй, захиргааны байгууллага “газрын зөрчилтэй” гэсэн үндэслэлээр өмчийн бүртгэлтэй гараашийг шууд буулгаж болохгүй, Тагнуулын ерөнхий газрын орон сууц түүнтэй хамт баригдсан гарааш болон гараашийн газар нь 1996 оны А/158 дугаар захирамжтай холбоотой, уг захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад гараашийг огт эрхгүй газар дээр байгаа мэт үзсэн нь буруу, захиргааны байгууллагаас гарааш хэзээ ямар үндэслэлээр баригдсан, тухайн газар хэний эзэмшилд байсан, гараашийн байршил яг хаана байдаг, тухайн гарааш нийтийн эзэмшлийн замд саад болж байгаа эсэх, нийтийн ашиг сонирхолд яг ямар сөрөг нөлөөтэй зэргийг нарийвчлан тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хууль ёсоор бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг нийтийн хэрэгцээ, газар чөлөөлөлтийн зорилгоор чөлөөлөх гэж байгаа бол өмчлөгчийн эрхийг хэрхэн хамгаалах, нөхөн олговор олгох эсэх асуудлыг шийдэх ёстой” гэж,

4.Хариуцагчаас “... Анх газрыг А/158 дугаар захирамжаар Тагнуулын ерөнхий газарт орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн, нэхэмжлэгч А.А гараашийг өмчилж байгаа ч гараашийн доорх газрыг хууль ёсоор эзэмших эрх олгосон шийдвэр байхгүй, өөрөөр хэлбэл гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй болсон нь тухайн гараашийн доорх газрыг эзэмших эрх автоматаар бий болохгүй, Газрын тухай хуульд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар эзэмшихийг хориглоно, зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьсан бол газар чөлөөлөх мэдэгдэл өгнө, мэдэгдлийн хугацаанд чөлөөлөөгүй бол албадан чөлөөлж болно гэж зааснаар А/211 дүгээр захирамж гарсан тул хуульд нийцсэн, гараашийг буулгах нь нийтийн ашиг сонирхолд чиглэсэн тул “… нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөлд сонсох ажиллагаа хийх шаардлагагүй” гэж үзсэн, хувийн өмчийн гарааштай байсан ч гараашийн доорх төрийн өмчийн газрыг хуульд заасан журмаар эзэмших, ашиглах эрхийг тусад нь олж авах шаардлагатай” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Нэхэмжлэгчийн гараашны газрыг эзэмших эрх газрын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан газар чөлөөлөх нөхцөл байдал үүсээгүй. Учир нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч А.А-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203010518 дугаар гэрчилгээ олгогдсон.

5.2.Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий гарааш, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа энэ тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг даргын зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг үл хайхран Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн газрыг чөлөөлөх, гараашийг албадан буулгах тухай шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

5.3.Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 43.2-т зааснаар “бусдын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих ...” гэж заасныг анхаарах шаардлагатай байсан.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Нэхэмжлэгчид 2 гараашийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч харин уг гараашийн доорх газрыг эзэмших, ашиглах эрх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасны дагуу хууль ёсоор үүсээгүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд зөвшөөрөлгүй газар дээр баригдсан 2 гараашийн өмчлөх эрхийн бүртгэл давуу эрх үүсгэхгүй бөгөөд газар эзэмших эрхийг шууд үүсгэнэ гэж үзэхгүй.

6.2.Энэхүү маргаан нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор өмнө шийдвэрлэгдсэн Б.У-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн үйл баримттай ижил төстэй буюу “...нэхэмжлэгч нь төрийн өмчийн газар дээр баригдсан өөрийн хувийн өмчийн гараашийг өмчлөх, эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу ...эзэмших, ашиглах эрх олж авах, хадгалах үүрэгтэй, ...эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах, ...энэ талаарх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн болохыг дурдав.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Давж заалдах шүүх хуралдаанд илтгэгч шүүгч анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, хэрэг хянан шийдвэрлэсэн явцыг бүрэн танилцуулаагүй, тогтоох хэсгийг голлон танилцуулсан, хариуцагчийн гомдлыг өөрөө тайлбарласан нь цаашид бүрэн мэтгэлцэх боломжгүй болсон.

7.2.Шүүх Б.Урантөгсийн хэргийг ижил төстэй гэж үзсэн боловч “Гарааш байгаа” гэдэг нийтлэг шинжээс өөрөөр тухайн хэргийн үйл баримт нь тэс өөр юм. Тухайлбал энэ хэрэг өмчийн улсын бүртгэл, гараашийн байршлын маргаан, эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн талаар судалгаа, мэдээлэлгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нөхөн олговор, захиргааны байгууллагын судалгаа гэсэн нэмэлт асуудлууд байгаа.

7.3.Хэрэгт байгаа А/211 дүгээр захирамжийг хамтдаа анхнаасаа эс зөвшөөрсөн М.С-гийн нөхцөл байдалтай ижил байхад нөхөн олговрыг хэрхэх талаар дүгнээгүй. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад “шүүхээр шийдвэрлүүлж байгаа” гээд шийдвэрлэхгүй орхисон. Хэрэв хамтад нь шийдвэрлэсэн бол нөхөн олговор шийдвэрлүүлэх боломжтой байсан.

7.4.Давж заалдах шатны шүүхээс өмчлөлийн талаар улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчийн талаар цаашид хэрхэх тухай ямар байгууллага буруутай, эрхээ хамгаалах, сэргээлгэх талаар зааж өгөөгүй.

7.5.Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдлийг хүргүүлээгүй. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа алдаа гаргаснаа ухаарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судалгаа авч эхэлсэн ба тухайн судалгаанд манайх хамаарсан. Манайд өөр газар санал болгоод байгаа зэрэг олон үйл баримт, шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь судлаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан, энэ тохиолдолд 2003 онд нэхэмжлэгч гараашийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үед тухайн гараашийн доорх газар эзэмших эрх хэнд байсан, уг эрх нь хүчинтэй байсан эсэх талаар дүгнэлт өгөөгүй, холбогдох нотлох баримт цуглуулаагүй байна. 

10.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ” гэж заасан болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 13.5.3-т “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ”; 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар” гэж тус тус заажээ.

11.Хавтаст хэрэгт, нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд Хүнс барааны 73 дугаар дэлгүүрийн зүүн хойт талд ажилчдын 20 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 0.12 га газрыг Тагнуулын ерөнхий газарт эзэмшүүлсэн баримт байх бөгөөд уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан эсэх, нэхэмжлэгчид шилжүүлсэн эсэх, 2003 онд гарааш өмчлөх эрх олгохдоо газрын ямар баримт бичигт үндэслэсэн тухай нотлох баримт байхгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

12.Өөрөөр хэлбэл, гараашийн доорх газрын эрхийн асуудлыг тодруулсны дараа газар чөлөөлөх шийдвэр үндэслэл бүхий эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0091 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2026/0280 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

     ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                     Д.БАТБААТАР

                                                     М.БАТСУУРЬ

           П.СОЁЛ-ЭРДЭНЭ