Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/01545

 

 

 

2025 09 10 210/МА2025/01545

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/05436 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

110,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2024 оны 02 сарын 16-ны өдөр ******* нь ******* нарын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр ******* нь зээл байгуулсан өдрөө 100,000,000 төгрөгийг *******д шилжүүлж өгөх, ******* нь 2024 оны 08 сарын 16-ны өдөр гэхэд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу өр төлбөрийг төлөх зорилгоор *******гийн зааврын дагуу шилжүүлсэн боловч ******* нь 2024 оны 08 сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй.

1.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

2024 оны 09 сарын 19-ний өдрийн байдлаар хариуцагч ******* нь үндсэн зээл 100,000,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 110,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч *******тэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх, ярилцах гэж оролдсон боловч ******* нь уулзахаас татгалзсан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс нийт 101,500,880 /нэг зуун нэг сая таван зуун мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгон, үлдсэн 8,999,120 /найман сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 710,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 665,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс миний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн нөхцөл байдлаас харахад 2024 оны 02 сарын 16-ны өдөр барьцаат зээлийн гэрээг нөхөж үйлдэгдсэн бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч *******-ийн зүгээс зээлсэн гэх 100,000,000 төгрөгийг албан ёсоор надад шилжүүлж өгөөгүй атлаа надаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 110,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч ******* нэхэмжлэлийг гардан аваад шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/21896 дугаартай захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг өөрчилж, жич товлон зарлахаар шийдвэрлэжээ. /хх29/

Хэргийн 30 дахь талд авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас баримтад хариуцагчийн утас холбогдох боломжгүй байсан тул мессеж гэж, хариуцагчийн өмгөөлөгчийн ******* утас руу мэдэгдсэн гэсэн агуулгатай тэмдэглэл хийсэн байна. Уг баримтаар хариуцагч тал шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс, хариуцагчийн нотлох баримтын үнэлгээ, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан гомдлын дагуу хэргийг хянан үзээд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/05436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,455 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД