Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 477

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Боржигон овогт Б.Б-т яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905016640528 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хүргэн хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байр 43 тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Боржигон овогт Б.Б . /РД/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны 00 тоотод байрлах “Анар” СӨХ-ийн байранд “таныг халж зайлуулна, таныг энд байлгахгүй” гэх шалтгаанаар Ш.Л  маргаан үүсгэн улмаар хэвлийн тус газар нь цохиж унагаан эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны доод хэсэгт хөндлөн далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны 00 тоотод байрлах “Анар” СӨХ-ийн байранд “таныг халж зайлуулна, таныг энд байлгахгүй” гэх шалтгаанаар Ш.Л  маргаан үүсгэн улмаар хэвлийн тус газар нь цохиж унагаан биед нь “зүүн шуу ясны доод хэсэгт хөндлөн далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Ш.Л гийн “Би 2014 оноос эхлэн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Анар” СӨХ-ны даргаар ажиллаж байгаа юм. Манай Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 23 дугаар байрны 43 тоотод оршин суух хаягтай Базар овогтой Батхуяг гэгч нь байрны ойр орчмоор байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн байдаг юм. Б.Б т байрны ойр орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх талаар өөрт нь удаа дараа шаардлага тавихад Б.Б  нь миний шаардлагыг хүлээн авдаггүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим би өөрийн СӨХ-ны байранд манай СӨХ-ны лифтчин Должингийн хамт ажлаа хийгээд сууж байтал Б.Б  согтуу манай  СӨХ-ны байранд орж ирэн үүдэнд байсан сандлыг аваад миний хажуу талд авчирч суугаад “Чамайг СӨХ-ны даргаас зайлуулна” гэх утгатай юм яриад миний гарт хүрэхээр нь би “Миний дүү СӨХ-ны байрнаас гар, эрүүлдээ ирж асуудлаа шийд” гэж хэлээд Б.Б ийг босгоод хаалга руу гаргаж өгөх гээд би араас нь босоод явж байтал Б.Б  нь хаалган дээр очоод гэнэт эргэж хараад миний элэг, цээж хэсэг рүү нэг цохисон. Миний ухаан балартаад зүүн гараараа газар тулаад уначихсан. Би газар унахдаа ар дагз болон нуруугаараа гэрлийн шийд мөргөж унасан. Тэгээд би сэрээд босоод иртэл миний зүүн гар муруйчихсан өвдөж байсан. Би Б.Б  “чи намайг зодоод миний гарыг хугалчихлаа, гэмтэл хүргэж өг” гэж хэлтэл Б.Б  ямар нэгэн зүйл хэлэлгүй СӨХ-ны байрнаас гараад явчихсан.

          ... Би энэ Б.Б  гэх хүнд гомдолтой байна. Одоо энэ Б.Б  гэх хүн миний амь  насанд халдахгүй байх гэсэн баталгаа байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

          ... Батхуягаас эмчилгээний 440.720 төгрөгийг нэхэмжилж байна. Миний өгсөн баримтууд дунд гарын зураг авхуулсан CD-г 20.000 төгрөгөөр, рентгений 2 удаа зураг авхуулсан 40.000 төгрөг зэрэг орж байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

          Гэрч Ж.Янжугийн “Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15-16 цагийн орчим манай хүргэн ах Лхагвасүрэн нь над руу яриад “би хүнд зодуулаад гар эвгүй болчихлоо, гараа эмнэлэгт үзүүлмээр байна” хүрээд ирээч гэхээр нь би ажилтай явж  байгаад оройн 17 цаг өнгөрч байхад Лхагвасүрэнгийн ахын гэрт нь очсон. Лхагвасүрэн ахыг гэрийнх нь гадаа дуудаж гаргахад Лхагвасүрэн ах зүүн талын гараа цээжиндээ наагаад баруун талын гараараа барьчихсан миний машинд суусан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4345 дугаартай:

          “1. Лхагвасүрэн-н зүүн шуу ясны доод хэсэгт далд хугарал үүсчээ.

          2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно.

          3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаана.

          4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 26 дугаар хуудас/

         

          Б.Б ийн яллагдагчаар өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим би гэртээ нэг шил 0,33 литрийн архи уугаад гэрээсээ гараад манай орцны 2 болон 3 дугаар давхарын  гэрэлнүүд асахгүй байгаад байхаар нь би энэ талаар СӨХ-ны даргад хэлэхээр СӨХ-ны өрөө рүү орсон. СӨХ-ны өрөөнд ороход СӨХ-ны дарга Ш.Л , лифтчин Должингийн хамт сууж байсан. Би СӨХ-ны дарга Ш.Л д “орцны гэрлийг хийгээчээ оройн цагаар орж гарахад хэцүү байна, орцны цэвэрлэгээ, үйлчилгээ муу байна” гэж хэлэхэд Ш.Л  надад “чамд хамаагүй, чи миний ажлыг мэдэхгүй СӨХ-ны өрөөнөөс гар” гэсэн. Тэгэхээр нь би “чи одоо наад ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь наад ажлаа өг” гэхэд Ш.Л  нь босч ирээд чамайг гар гээд түлхэхээр нь би гарахгүй гээд гарыг нь барьж аваад хойшоо эргэтэл Лхагвасүрэн нь намайг түлхэх гэж байгаад хий түлхээд гараараа тулаад газар унасан юм. Лхагвасүрэн нь босч ирээд “чамаас болж миний гар эвгүй болчихлоо” гэхээр нь орхиод гараад явчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б.Б ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Ш.Л  нь “Батхуягаас эмчилгээний 440.720 төгрөгийг нэхэмжилж байна. Миний өгсөн баримтууд дунд гарын зураг авхуулсан CD-г 20.000 төгрөгөөр, рентгений 2 удаа зураг авхуулсан 40.000 төгрөг зэрэг орж байгаа юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16 дугаар хуудас/ хохирол учруулсан болохыг нотолсон баримтууд /хэргийн 19-20 дугаар хуудас/ хэрэгт авагдсан тул шүүгч Б.Б аас 440.720 гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Гэхдээ шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол хор уршигийг төлөхөө илэрхийлсэн тухай “... энэ хэргийг хялбаршуулсан журмар шийдэж өгөхийг хүсэж байна. Лхагвасүрэн гуайн хохирлыг 2019.6.20-ны дотор төлж барагдуулж өгөхөөр тохиролцлоо. Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн хүсэлт гаргажээ. /хэргийн 55 дугаар хуудас/

          Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б т 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаата учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б аас 440.720 төгрөг гаргуулж хохирогч Ш.Л д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ