Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 482

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б

улсын яллагч  Б,

шүүгдэгч Э Н тэдгээрийн өмгөөлөгч Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Э холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... тоот хэргийг .....оны ....дугаар сарын ....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ..... настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй,  Монос ХХК-д бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо ... дугаар баазын .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Э

 

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Алаг толгой уурхайд жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Ч..... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй, Н

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Э Н нар нь бүлэглэн..... оны .... дугаар сарын ....нөөс ....нд шилжих шөнө Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрны орчим иргэн Б автомашиндаа сууж байхад нь Samsung J3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 211.560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Манай эхнэр 3 дугаар сарын 06-ны өдөр төрөөд 700 гр охинтой болсон ба 3 дугаар сарын 09-ний өдөр манай охин нас барсан. Манай эхнэрийн сэтгэл санаа муу байгаа юм. Манайх хашаа байшин лизингээр авсан ба би аавтайгаа нийлж сард 1.000.000 төгрөг зээл төлдөг. Энэ хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Э Н нар нь бүлэглэн .... оны .... дугаар сарын ...нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орчим иргэн Б автомашиндаа сууж байхад нь Samsung J3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 211.560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б .... оны .... дугаар сарын ....нөөс .....ны шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг хорооллын эцэст бааранд орсон. Долоо наймуулаа байсан. Би нилээн согтсон байсан. 02 цаг 30 минутын орчим баарнаас гараад Баянгол дүүргийн .... дугаар хороо .... дугаар байрны хажууд өөрийн эзэмшлийн .... УБЕ улсын дугаартай цагаан өнгийн Prius 30 маркийн автомашин дээрээ очоод автомашиндаа суугаад дуудлагын жолооч дуудах гээд сууж байхад автомашины хаалгыг үл таних залуу онгойлгосон “яах гэж байгаа юм” гэсэн чинь “дуудлагын жолооч дуудах уу” гэсэн. Би “үгүй“ гэж хэлэхэд миний гар утас автомашины голын тавиур дээр байсан. Миний гар утсыг аваад гүйсэн. Тэгээд урд талын байр нь дээр нь очоод камер шүүлгээд цагдаад дуудлага өгсөн.

... Тухайн залуу 25-30 орчим насны байх тухайн үед би нилээн согтсон байсан болохоор сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч У “... миний гар утасны цэнэг дуусаад Н гар утсанд сим картаа хийх гэхэд Н миний гар утас мобикомоос өөр сим карт уншдаггүй юм. Хоёулаа гар утсаа сольё” гэхээр нь би өөрийн V5 маркийн  саарал өнгөтэй гар утсаараа Нямбаярын Samsung J3 маркийн хар өнгөтэй .............., .............imei кодтой гар утсыг нь шууд солиод гар утсаараа яриад сольсон. Тэгээд манай гэрт намайг буулгаад Нямбаяр явсан. ...” гэсэн мэдүүлэг” /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Дамно ХХК-ний Хөрөнгө үнэлгээний тайлангийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар ......оны ..... дугаар сарын....-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 211.560 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Н яллагдагчаар өгсөн “... Э бид хоёр хоол цайг нь хүргэж өгчихөөд миний автомашинаар таксинд явж байсан. Тэгсэн шөнө модны хоёрын голын замаар нэг согтуу эгч явж байсан. Тэгэхээр нь тэр эгчээс такси авах уу гээд очоод асуутал тэр эгч үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаашаа явах гэж байтал Э наад эгч чинь гартаа утас барьчихсан байна, энэ гар утсыг нь авчих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье, тэгье гэж хэлээд тэр эгчийн араас нь дагаж явтал тэр эгч цааш явж байгаад байрны голоор яваад орсон. Тэгсэн Э намайг автомашинаа эргүүлээд бай гэж хэлээд буугаад удалгүй автомашинд явж орж ирсэн. Тэгээд цааш явж байтал Э нөгөө гар утсыг гаргаж ирээд үзээд гар утас нь дээр байсан зургийг устгасан. Тэгээд тэр гар утсыг Энхбаяр өөрийнхөө ээжийнхээ гар утсаар сольж авсан байх. Би тэр гар утсыг нь аваагүй. Би Э мөнгө төгрөг бол аваагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/

 

Э яллагдагчаар өгсөн “... модны хоёрын голын замаар хороололын эцэс рүү явж байгаад нэг автобусны буудал дээр Н бид хоёр зогсож байх үед нэг согтуу эгч хажуугаар өнгөрсөн. Тэгэхээр нь Н бид хоёр сууж байгаад би гар утсыг нь авъя гээд Н ярилцаад араас нь автомашинтай дагаад явсан. Тэгээд араас нь дагаад явж байтал тэр эгч буудал жаахан өнгөрөөд байрны голын автомашины зогсоол руу яваад орсон. Тэгэхээр нь би  Нямбаярын машинаас буугаад тэр эгчийн араас нь дагаж явсан. Тэгсэн тэр эгч нэг  Prius 30 маркийн автомашин дотор ороод суучихсан байсан. Тэгэхээр нь би явж очоод тэр эгчийн автомашины хаалгыг онгойлгоод “дуудлагын жолооч авах уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эгч ”үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би  голын хайрцаганд байсан хар өнгийн Samsung J3 маркийн гар утас байхаар нь аваад хаалгыг нь хаачихсан. Тэгээд би цаашаагаа гүйж яваад Нямбаярын автомашинд суугаад Н бид хоёр хорооллын эцэс рүү явсан. Тэгээд Нямбаяр бид хоёр өглөө мах сүү аваад манай гэр лүү явсан. Тэгээд манай гэрт яваад очтол манай төрсөн охин маань дутуу төрөөд өнгөрчихсөн гэж ээж надад хэлсэн. Тэгээд Н бид хоёр манай ээж У аваад Эх нялхас руу явсан. Харин тэр миний авсан Samsung J3 маркийн гар утсыг Н манай ээжтэй сольж барьсан байсан. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Мобиком корпораци ХХК-ний .... оны .... дүгээрс арын ....ны өдрийн 18/2506 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 79-84 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Гэмт хэрэг хамтран оролцох хэлбэрийн хувьд шүүгдэгч Э, Н нар нь хохирогч Б гар утсыг авах зорилгоор санаатай нэгдэж, Э нь гэмт хэргийг гардан гүйцэтгэж, Н нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Э, Н нар нь бүлэглэн ..... оны ....дугаар сарын ....нөөс ....нд шилжих шөнө Баянгол дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрны орчим иргэн Б автомашиндаа сууж байхад нь Samsung J3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 211.560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулж хор уршигийг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой бөгөөд мөн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагаггүй гэж үзлээ.

 

Эд зүйл,баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “Samsung J3 маркийн хар өнгөтэй ........... ........... сериал дугаартай 1 ширхэг хуучин гар утас эд зүйл хүлээн авсан Б” /хэргийн 7 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э Н нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Монгол овогт Н бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Э  1 жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Н 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э Н нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э, Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ