Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02020

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07074 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******эд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/596 дугаар захирамжаар ******* хороо, ******* газарт 699 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд *******ийн эзэмшил газрын 299 м.кв газарт ******* нь гурван тал битүү хашаа барьж, газар эзэмших эрхийг илт зөрчсөөр ирсэн. ******* газар авах үед газар, хоосон байсан ба ******* хашаагаа барихаас урьтаж ******* нь *******ийн газар дээр дур мэдэн хашаа хатгасан болно. ******* нь *******эд хууль бусаар барьсан хашаагаа татаж авах талаар удаа дараа хэлж шаардсан боловч шаардлагыг үл биелүүлсэн. Улмаар дүүрэг болон Нийслэлийн Засаг даргад хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх талаар гомдол гаргасан боловч шүүхийн байгууллагад хандана уу, өөрийн эзэмшил газрыг өөрөө хамгаалах үүрэгтэй гэсэн хариу өгсөн. Иймд *******ийн хууль бус эзэмшлээс 299 м.кв газрыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* дүүргийн ******* байрлах 300 м.кв газар эзэмшихээр 2021 оны 11 дүгээр сард *******-аар кадастрын зураг хийлгэж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад газрын албаны газар зохион байгуулагч Нийслэлээс газрын өргөдөл хүлээн авах захирамж ирээгүй тул өргөдөл хүлээн авахгүй гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 07, 2022 оны 01 дүгээр сарын 08, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад Нийслэлээс захирамж гараагүй, таны хүсэж буй газар хүн эзэмшээгүй газар байна, өргөдөл өгөх боломжтой гэж хэлсэн тул 2022 оны 06 дугаар сараас хашаа барьж эхэлсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сард ******* гэх хүн манай урд талын 2 айлын газрыг 15 саяар авсан газраа голж манай хажуу талын газрыг худалдан авч газар эзэмших гэрчилгээ гаргуулж, 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хашааны газар чөлөөлөх мэдэгдэх хуудас наасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* дүүргийн ******* нэгж талбарын ******* дугаар бүхий, ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 699 м.кв газрыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг газрын 299 м.кв талбай дээр барьсан 3 талт хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагч *******эд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

******* нь *******ийн хууль бус эзэмшлээс 299 м.кв газрыг чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс 699 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай захирамжийн тогтоох хэсэгт дурдсан нь үндэслэлгүй, ******* нь ******* тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг огт эзэмшиж байгаагүй болно.

******* нь нэхэмжлэлдээ 299 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс 299 м.кв талбай дээр барьсан 3 талт хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгасан нь нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй асуудлаар хариуцагчийн өөрийн эд хөрөнгөндөө халдахыг шууд албадсан, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан.

Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахад мэтгэлцэх боломж олголгүйгээр үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан, хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан гэж ойлгосон. Сая гаргасан тайлбараас харахад давж заалдах гомдолтойгоо танилцаагүй, өөрийнх нь итгэл үнэмшил биш байна. Гомдолд дурдсан асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай байсан. Хариуцагч 299 м.кв газарт 3 тал хашаа барьсан гэж тайлбарладаг бөгөөд үүнээс үзэхэд 3 тал хашаа барьснаа хүлээн зөвшөөрдөг, кадастрын зургаар нотлогдоно. Тухайн 3 тал хашааг буулгахын тулд 699 м.кв газрыг бүхэлд нь чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан өөрийн эзэмшлийн газрын зарим хэсэгт буюу 299 м.кв газар дээр баригдсан 3 талт хашааг буулгаж, уг газрыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3.  Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн *******, нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэрэгт авагдсан ******* дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07/7928 дугаартай албан бичиг зэргээр нотлогдсон байна. /хх 4-7,9/

 

4. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн дээр дурдсан газрын зарим хэсэгт буюу 299 м.кв газар дээр гурван талт хашаа барьсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/1754 дугаартай албан бичиг, мэдэгдэх хуудас болон хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан миний хашаа татсан 300 м.кв газарт ******* газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан гэсэн тайлбараар тус тус тогтоогдсон. /хх 8, 10-11/

 

5. Хариуцагч нь ийнхүү нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт гурван талт хашаа барьсан болон уг хашаа барьсан газрын хэмжээний талаар маргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

6. Хариуцагч тухайн газарт кадастрын зураг гаргуулсан, 2021, 2022 онд газрын албанд хандахад Нийслэлийн захирамж олгогдоогүй байна гэсний дагуу хашаа татсан, нэхэмжлэгч уг газрыг огт эзэмшиж байгаагүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй буюу түүнд хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хариуцагч нь маргаж буй нэхэмжлэгчийн эзэмшлийн 299 м.кв газар дээр барьсан 3 талт хашааг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр буюу түүнтэй хэлэлцэн тохиролцож барьсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул хариуцагчийн хашаа барьсан үйлдлийг хууль ёсны гэж зөвтгөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн 2022 оны 06 дугаар сард ******* гэх хүн манай урд талын 2 айлын газрыг 15,000,000 төгрөгөөр авснаа газраа голоод манай хажуу талын газрыг худалдаж аваад манай газарт газар эзэмших гэрчилгээ гаргуулсан гэсэн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ зөрчилтэй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

7.  Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг буюу хариуцагчийн барьсан гурван талт хашааг албадан чөлөөлөхийг хариуцагч *******ээс шаардах эрхтэй.

Энэ талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий 299 м.кв газраас хариуцагч *******ийн барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

8. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс 299 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх 699 м.кв газрыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул дээрх алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж үзэв.

Тиймээс энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* нь *******ийн хууль бус эзэмшлээс 299 м.кв газрыг чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс 699 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлыг хангана.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* дүүргийн ******* 300 м.кв газрын анхны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахад мэтгэлцэх боломж олголгүйгээр үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан гэх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07074 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* дүүргийн ******* нэгж талбарын ******* дугаар бүхий, ******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 299 м.кв газар дээр баригдсан гурван талт хашааг албадан буулгаж, хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН