Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00009

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08410 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* БСБ-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2006 оноос хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл 19 жилийн хугацаанд Англи хэлний багшаар ажиллаж ирсэн. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******ийн захиралтай харилцан тохиролцож англи хэлний үндсэн багшаар ажилд орж нэмэлтээр 10А ангийг удирдах багшаар томилогдож 24/15 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлж хүүхдүүдэд олгох хэл, харилцааны чадвар, сургалт хөтөлбөрийн цэгцтэй ахисан түвшний боловсрол эзэмшүүлэх хүсэл эрмэлзлийн үндсэн дээр нэхэмжлэгч миний бие 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар ******* улсын ******* хотод ******* олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа багшийн ******* курст суух шалтгааны улмаас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч сургуульд хүсэлт гаргаж хүсэлтдээ курст суух урилга болон онгоцны билетийг хавсаргасан. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлтээ өгөхөд хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэдлэг ур чадвар тэр дундаа хүүхдүүдэд боловсрол олгох чухал мэргэжил тул тус сургууль үүнийг дэмжинэ гэдэгт итгэж найдаж онгоцны билетээ захиалан авч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нисэж, улмаар Хонконгийн нисэх буудлаар дамжин ******* улсын ******* хотод 10-ны өдөр газардаж үйл ажиллагаа сургалтын курстээ оролцохоор төлөвлөсөн. Гэтэл захиргаанаас багшийн мэргэжлийн чиглэлд хамаарахгүй сургалтад хувийн, удаан хугацааны чөлөө өгөх боломжгүй мөн Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлэх гэж хариу өгсөн. Сургуулийн зардлаар бус өөрийнхөө зардлаар мэдлэг ур чадвар эзэмшиж хүүхдүүддээ ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэнэ гэх итгэлийг минь мохоож хариу өгсөн ч өөрийн итгэл үнэмшлээ дагаж тус улсыг зорьсон. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр багшийн курстээ амжилттай суугаад ирэхэд *******-ийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 31 тоот дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал гарсан байсан.

...Багшийн мэргэжил нь өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж, суралцаж байх үүрэгтэй бөгөөд ингэж байж сайн сурагч, сайн боловсон хүчин бэлтгэн гарах үндэс суурь болдог. Гэтэл үүнийг сургуулиас тус сургалтыг ямар ч үндэслэлгүйгээр багшийн мэргэжилд хамаарахгүй гэж тогтоож тодорхойлсон баримт байхгүй атал ажлаас халсанд гомдолтой байна.

...Иймд, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******ын хөдөлмөрийн харилцааг цуцалсан 2025 оны 04 дүгээр сарын 23-ны тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчлийн үндэслэлээр хууль ёсоор гарсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хууль, журамд нийцээгүй, баталгаажуулах баримтгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байхыг хүсэж байна. *******ын хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал 2025 оны 04 дүгээр сарын 23-нд гарсан бөгөөд дараах хууль, журмын дагуу хэрэгжсэн. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхисон, ажил олгогчийн шийдвэрийг хүндэтгээгүй нь ноцтой зөрчилд тооцогдсон. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.3.1, 4.4.10-т зааснаар түүний үйлдэл ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж тус Сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний дүгнэлтээр тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т тушаалыг түүнийг гадаадад байсан тул шуудангаар илгээж, танилцуулсан.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т ажилгүй байсан хугацааны цалин, даатгалыг нөхөн төлүүлэх эрх нь зөвхөн хууль бус цуцалгааны тохиолдолд хамааралтай. *******ын буруутай үйлдэл (ажлын байраа хувийн чөлөө олгох журмыг зөрчин дур мэдэн олон хоногоор орхиж, ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил юм) тушаалын үндэслэл болсон тул уг эрхийг шаардан нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалинтай, эсвэл цалингүй чөлөө авах эрхийн тухайд тэрээр 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн батлан мөрдөж буй тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд /Хавсаргасан журмын 10 дугаар зүйл болон 10.2 дахь заалт/ заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй /бясалгалын курс сургалтад хамрагдах нь тус сургуулийн багш албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод байхгүй/.

*******ын 2024-2025 оны хичээлийн жилийн хувийн төлөвлөгөөнд түүний бясалгалын сургалтад хамрагдах тухай тусгагдаагүй байна. Энэ төлөвлөгөө нь Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг юм. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй хувийн чөлөө олгох хүсэлт гаргасан, албан ёсоор тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хувийн чөлөө, ажил олгогч журмын дагуу чөлөөний хуудсыг түүнд олгоогүй, харьяалах удирдах албан тушаалтан гарын үсэг зурж зөвшөөрөөгүй болно. Өөрөөр хэлбэл, ******* нь ажилтны хувиар, хувийн чөлөө авах эрхээ эдэлсэн мэт боловч зохих журмын дагуу хувийн чөлөө аваагүй, хүндэтгэх шалтгаанаа нотлоогүй. Захиргааны зөвлөл болон ажил олгогчийн тайлбарыг үл хүндэтгэсэн, захирлын тушаалаар албажуулаагүй атал дур мэдэн ажлын байраа олон хоногоор орхисон нь хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил юм.

...Багшаар ажиллаж байсан ******* нь хувийн чөлөө авах журам зөрчиж, уг чөлөөг олгоогүй атал ажлын байраа дур мэдэн олон хоногоор орхих үйлдэл нь ёс зүйн зөрчил мөн эсэхийг хянан, дүгнэлт, зөвлөмж гаргуулахаар тус сургуулийн захирал, захиргааны зөвлөлийн гишүүд өөрийн Ёс зүйн зөвлөлд 2024 оны 04 дүгээр сарын 14-нд хүсэлт гаргасан. Үүний дагуу тус сургуулийн Ёс зүйн зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 21-нд дүгнэлт гарган ирүүлсэн. Дүгнэлтийн 3 дахь хэсэгт ...ажлын байрыг дур мэдэн орхисон үйлдэл нь багшийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн тул ёс зүйн алдаа мөн болно гэж дүгнэсэн. Энэ нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлтэйг харуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.3.1,4.3.8,4.4.2,4.4.10, 5.1, 5.5 дахь заалт, *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын XII бүлгийн 1, XI бүлгийн 1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний III бүлгийн 1, 2 дахь заалт, IV бүлгийн 1, 2 дахь заалтууд тус тус үндэслэл болно.

...Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг *******ийн Англи хэлний багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 12,639,447 төгрөгийг хариуцагч *******иас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, *******ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч *******иас улсын тэмдэгтийн хураамжид 217,181 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ...2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цахимаар гаргасан өргөдөлд ямар нэг хариу өгөөгүй, ...өргөдлийн агуулга нь өөр буюу цалинтай болон цалингүй чөлөөний асуудлын талаар дурдсан... гэж хэргийн үйл баримтыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлан хэрэгт авагдсан баримтад тусгагдаагүй, маргааны үйл баримтад хамаарахгүй агуулгад дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...гаргасан өргөдөлд цалинтай чөлөө гэх агуулга байхгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс татгалзсан үндэслэл нь цалинтай, цалингүй чөлөө хүссэнд ач холбогдол өгөөгүй болно.

*******ын хамрагдаж буй сургалт нь бясалгалын багш бэлтгэх сургалт бөгөөд уг сургалтынхаа ач холбогдлыг дэлгэрүүлэн тайлбарлаж, цалингүй чөлөө хүсэж буй тухайгаа 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цахимаар илгээж байгаа нь өргөдлийн агуулга нь өөр гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс өмнөх өдөр нь шийдвэрлэсэн асуудлаар дахин хүсэлт гаргасан, нэгэнт явчихсан байж чөлөө хүсэж байгаа нь ач холбогдолгүй тул уг цахимаар ирсэн хүсэлтийг дахин шийдвэрлэх, хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн.

Гэтэл анхан шатны шүүх ...талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08 болон 09-ний өдрүүдэд гаргасан чөлөө хүссэн өргөдлийн агуулга, үндэслэл, зорилго нь нэг байхад өргөдөл тус бүрийг шийдвэрлэж, хариу өгөх ёстой байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх Ёс зүйн зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл болон энэ талаарх нотлох баримтыг нөхөн бүрдүүлсэн гэж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь, ажилтан ******* нь сургуулийн захиргаанд гаргасан хүсэлтдээ хамрагдах сургалтын урилга, онгоцны тийзийг хавсаргасан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр яваад 04 дүгээр сарын 29-ний өдөр ирэх байсан, энэ талаар нэхэмжлэгч өөрөө маргаагүй. Ёс зүйн зөвлөлийн гишүүд нь түүний өргөдөлд хавсаргасан дээрх баримтыг үндэслэн ажлын байраа 20 хоног орхин явсан, журмын дагуу чөлөө хүсээгүй зэрэг үйлдэл нь сахилгын болон багшийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон. Уг нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй атлаа хариуцагчийг нотлох баримт нөхөн бүрдүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

...Ажил олгогчийн зүгээс *******ын ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр биш хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн хариуцагч талыг буруутгаж буй үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3- т заасан мэдэгдэх, тайлбар авах ажиллагаа шаардлагагүй, гагцхүү тухайн зөрчил бодитоор үйлдэгдсэн, тогтоогдсон байх ёстой юм.

...Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил буюу журмын дагуу чөлөө аваагүй, чөлөө олгохоос татгалзсан байхад ажлаа хаяж явсан, хичээл сургалтын үеэр 20 хоног ажилдаа ирэхгүй болох нь тодорхой болсон, 7 хоногт 21 цагийн хичээл нийт 63 цагийн хичээлийг зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэж төгсөх анги удирдсан багш атлаа төгсөлт дөхсөн үед тухайн багшийн мэргэжлийн чиглэлд хамаарахгүй асуудлаар хувийн зорилгоор дур мэдэн явж байгаа зэрэг үйлдэл нь тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч өөрөө маргаангүй байдаг. Түүний дээрх үйлдэл нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.8, хөдөлмөрийн дотоод журмын 12.4, хөдөлмөрийн гэрээний 3.17, 4.2-т тус тус заасны дагуу ноцтой зөрчил гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий болсон.

Түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 10.2-т ...Хүндэтгэх шалтгаантай 2-оос дээш хоногийн чөлөөг өргөдөл, холбогдох бичиг баримтыг үндэслэн захирал олгох..., журмын 11.1 ...Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, Захиргаа буюу ажил олгогчийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтан, сурагчид энэхүү журам, сургуулийн соёлын стандарт, ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэн Багш, ажилтныг ажлаас халах ...хүртэл хариуцлага тооцно гэж заасан байхад анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдлийг шийдвэрлээгүй байж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь хичээлээс гадуур бясалгалын чиглэлээр хувиараа багшилдаг бөгөөд уг сургалтад зайлшгүй хамрагдах шаардлага байсан бол Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу багшийн хувийн төлөвлөгөөндөө тусгасан байх ёстой байтал энэ талаар ямар ч мэдээлэл сургуулийн захиргаанд өгөөгүй байж байгаад өмнөх өдөр нь мэдэгдсэн нь сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь дээр дурдсан хууль, дүрэм, журмыг зөрчсөн ноцтой үйлдэл юм.

...Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* БСБ-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь хариуцагч ******* БСБ-тай 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, англи хэлний багшаар ажиллаж байхад нь түүнийг тус сургуулийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 31 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 тоот тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.8, 4.4.2, 4.4.10, 5 дугаар зүйлийн 5.1, 5.5, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар бүлгийн 1, 11 дүгээр бүлгийн 1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар бүлгийн 1, 2 дахь заалт, 4 дүгээр бүлгийн 1, 2 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 8/

 

Тодруулбал, зохигч нар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд ******* улс руу зорчсон талаар маргаагүй боловч тийнхүү гадаад улс руу зорчин явахдаа хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар чөлөө олгоогүй байхад ажлын байраа орхиж явсан нь ноцтой зөрчилд тооцогдох эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч ******* БСБ-д ...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд *******ийн ******* хотод олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа багшийн курст сууна... гэх шалтгаанаар чөлөө хүссэн өргөдлийг өгсөн боловч хариуцагч байгууллагын зүгээс эрс татгалзсан хариу өгсөн байна. /х.х-ийн 6/

 

Гэвч нэхэмжлэгч тал ажил олгогчийн чөлөө олгохоос татгалзсан шийдвэрийг үл харгалзан нэгэнт онгоцны тийз захиалсан, тухайн сургалтад зайлшгүй хамрагдах ёстой гэх шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гадаад улс руу явж, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр буцаж иржээ. /х.х-ийн 7/

 

5. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хувийн чөлөө авах эрхтэй боловч ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дотоод зохион байгуулалтад нийцсэн байхаас гадна суралцагчийн суралцах эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байх учиртай. Энэ талаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Ажилтан дараах үндсэн эрхтэй гээд 42.1.4-т ...зохих журмын дагуу хувийн чөлөө авах... гэж тус тус заасан.

 

Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* БСБ-д удаан хугацаагаар гадаад улс руу явах тухай урьд өмнө мэдэгдэж байгаагүйгээс гадна түүний хамрагдах тус сургалт нь англи хэлний багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоогүй байсан учир хариуцагчийн нэхэмжлэгчид чөлөө олгохоос татгалзаж шийдвэрлэснийг шууд буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан багш болохын хувьд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын тухай хуульд тус тус зааснаар суралцагчид тогтоосон хугацаанд сургалтын хөтөлбөр, агуулгыг чанартай, бүрэн эзэмшүүлэхээр зохих ёсоор багшлах үүрэг хүлээнэ.

 

Уг чиг үүргийн хүрээнд багш нь суралцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургуулийн баталсан хичээлийн жилийн төлөвлөгөөний дагуу хичээл заах ба урьдчилан мэдэгдэх /төлөвлөх/-гүйгээр удаан хугацаагаар чөлөө олгох нь сургуулийн дотоод үйл ажиллагаанд доголдол үүсэх, улмаар суралцагчийн сурч боловсрох эрхэнд сөргөөр нөлөөлөх бөгөөд ажил олгогчоос нэхэмжлэгчид албан ёсоор чөлөө олгоогүй байхад ажил үүргээ орхин явсан түүний энэхүү үйлдлийг зөрчилд тооцно.

 

6. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Багш дараах үүрэгтэй гээд 13.2.11-т суралцагчийн эрхийг зөрчих болон сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, багш, удирдах ажилтан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гаргахгүй байх гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* БСБ-аас албан ёсоор чөлөө олгоогүй байхад ажил үүргээ орхиж явснаар хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цаг баримтлах, багшлах үүргээ зөрчсөн байхын сацуу ажил олгогч байгууллагын ажил үүргийн хуваарь /орлох багш зохион байгуулах, хичээлийн хуваарь өөрчлөх зэргээр нэмэлт ачаалал үүсгэсэн, мөн үүнийг дагаад сургалтын агуулга гүйцэт заагдахгүйгээс хүүхдийн чанартай тасралтгүй боловсрол эзэмших эрхэнд сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

Тодруулбал, ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчлийг гаргасан тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

 

Хэдийгээр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хэд хоног ажил тасалсан тохиолдлыг ноцтой зөрчилд тооцох талаар тухайлан заагаагүй боловч нэхэмжлэгч нь үүнээс үл хамаарч ажил тасалж болохгүй, шаардлагатай тохиолдолд зохих журмын дагуу чөлөө авах ёстой болохыг мэдэж байх учиртай.

 

Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д Ажилтан нь хүндэтгэх бус шалтгаанаар ажлаас /хичээлээс/ хожимдох, таслах, захиргаа болон удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэхгүй байх зөрчил гаргахгүй байхыг эрмэлзэнэ. Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох хууль, сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлага хүлээнэ гэж,

 

Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, захиргаа буюу ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтан, сурагчид энэхүү журам, сургуулийн Соёлын стандарт, ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэн багш, ажилтныг ажлаас халах, сурагчийг сургуулиас хөөх хүртэл хариуцлага тооцно гэж тус тус заажээ.

 

Иймд, нэхэмжлэгч нь ажил олгогчийн чөлөө олгохоос татгалзсан шийдвэрийг үл хүндэтгэн ажил үүргээ 14 хоногийн хугацаанд зөвшөөрөлгүй орхиж явсан ноцтой зөрчил гаргасан байх тул түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчид чөлөө олгохоос татгалзсан тухайгаа тэр даруй мэдэгдсэн байхад нэхэмжлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин чөлөө олгох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь түүнд чөлөө олгохоос 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр татгалзсаны дараагаар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ...******* улсын ******* хотод зохион байгуулагдах бясалгалын багшийн сургалтад хамрагдахаар төлөвлөж байна. Энэхүү сургалт нь багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай шууд уялдаатай, ур чадваруудыг хөгжүүлэх сургалт тул сургалтад хамрагдах хугацааны цалингүй чөлөө олгож өгнө үү гэх хүсэлтийг цахимаар явуулжээ. /х.х-ийн 43/

 

Гэтэл нэхэмжлэгчийн эдгээр хүсэлтүүдийн агуулга адилхан буюу ******* улсын ******* хотод зохион байгуулагдах бясалгалын багшийн сургалтад хамрагдахаар явж байгаа гэх шалтгаанаар чөлөө авах тухай хүсэлт байх тул ажил олгогч нь түүний хүсэлтийг урьд өмнө шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

9. Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахаар тус тус шаардах эрхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* БСБ-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,181 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.МАНДАЛБАЯР