Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 494

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Ж.О  түүний өмгөөлөгч Д.Онон нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Луузан овогт Жамъяншаравын О д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905007750475 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 30б байрны 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Луузан овогт Жамъяншаравын О . /РД/

 

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 30б байрны 19 тоотод нагац дүү 17 настай охин Э.Энхзулд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойн тус газарт нь гараар цохиж, сахлын татуургаар эрүү, хүзүү хэсгийг зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 30б байрны 19 тоотод нагац дүү 17 настай охин Э.Энхзулд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойн тус газарт нь гараар цохиж, сахлын татуургаар эрүү, хүзүү хэсгийг зүсч биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Насанд хүрээгүй хохирогч Э.Энхзулын “Манай эмээ 90 гаруй насны маш өндөр настай хүн байдаг. О  ах тухайн өдөр манай эмээ Намжилмаа руу чанга хашгираад загнаад байсан. Юу гэж загнаж байсныг санахгүй байна. Би жижиг өрөөндөө орон О аас та яагаад эмээг дээрлэхээд байгаа талаар асуухад “чамд хамаагүй” гэж хэлэн “гичий, янхан” гээд хашгираад байсан. О  нь миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод, гартаа байсан нэг удаагийн сахлын татуургаар миний эрүү, хүзүү хэсгийг зүссэн.  Тухайн үед манай 11 настай дүү Мөнхзул, эмээ Намжилмаа нар байсан. Миний эрүү хэсгээс цус гарч байхад гаднаас эгч Нямзул орж ирэн намайг дагуулан эмнэлгийн байгууллагад хандсан.

          ... Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

          Гэрч Ж.Отгоны “2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нарантуул зах дээр намайгаа хийж байсан чинь 16 цагийн орчим миний том охин Энхзул залгаад энэ “архичин ах чинь эмээ рүү агсам тавихаар нь би өмөөрсөн чинь миний нүүрийг зүсчихлээ” гэж хэлсэн. Би шууд нөхөр Энхбаатарын хамт 17 цагийн орчим гэртээ ирсэн чинь Энхзул байхгүй, Гэмтлийн эмнэлэг явсан. Харин О  байхгүй. 90 гаруй насны ээж Намжилмаа бага охин Мөнхзулын хамт байсан. Удалгүй гаднаас эгч Нямзул охин Энхзул нар Гэмтлийн эмнэлэг явж оёдол тавиулчихаад ирсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Би яг ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй. Миний охин Энхзул хэлэхдээ О  ах эмээг хэл амаар доромжилохоор нь Энхзул өмөөрсөн чинь сахлын нэг удаагийн татуургаар зүссэн гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

          Гэрч Ж.Тунгалагийн “ Хэрэг гарах үед байгаагүй. Харин би ажлаасаа ирсэн чинь дүү Отгон миний охин Энхзулын эрүүг О  сахлын нэг удаагийн татуургаар зүсчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр Отгоны гэрт орсон. О  байхгүй бид нар хайж байгаад ойролцоох гудамжны айлаас согтуу байхад нь олж цагдаагийн байгууллагад барьж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2115 дугаартай:

          “1. Э.Энхзулын биед ооч, хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 27 дугаар хуудас/

 

          Ж.О ы яллагдагчаар өгсөн “... Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. 2019 оны  02 дугаар сарын 04-ний өдөр цагийг нь санахгүй байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нагац дүү болох Энхзулыг намайг архичин гэж хэлэн гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж сахлаа авч байсан татуургаар нүүрний эрүү болон хүзүү хэсгийг зүссэн.

          ... Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмбуруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 30б байрны 19 тоотод нагац дүү 17 настай охин Э.Энхзулд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойн тус газарт нь гараар цохиж, сахлын татуургаар эрүү, хүзүү хэсгийг зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэг насанд хүрээгүй хохирогч Э.Энхзул болон хууль ёсны төлөөлөгч Ж.Отгон нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаархи баримт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ж.О ы энэ хэрэгт цагдан хоригдсон 32 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Ж.О ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулах тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Луузан овогт Жамъяншаравын О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.О ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Отгоцагааны энэ хэрэгт цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч 444 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Ж.О  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар хийхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дах хэсэгт зааснаар Ж.О  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ж.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгч өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Ж.О  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ