Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02028

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06740 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн *******-д эмчээр ажиллах болсон. Ажилд анх ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулъя гэхэд бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа, хуульчаас хөдөлмөрийн гэрээний төсөл бэлэн болохоор гэрээ байгуулна гэж хэлээд өдийг хүртэл хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан. Ажлын чиг үүрэг халдвар хамгаалал барих, эрүүл ахуйг хянан ажиллах, ковидын шинжилгээ авах, ажилтнууд болон жолооч нарын эрүүл мэндэд хяналт тавих үүргийг гүйцэтгэж байсан. ******* нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж, ажилд орсон хугацаанаас эхлэн өдөрт 12-14 цаг ажилладаг байсан буюу өдөрт дунджаар 4 цагаас багагүйгээр (сард 204 цаг илүү, 11 сараар тооцоход 2244 цаг илүү ажилласан, 1 цагийн хөлс 18,336 төгрөг) ажилладаг байсан. Илүү цагаар, шөнийн цагаар ажилласан тохиолдолд нөхөж *******даггүй, илүү цагийн хөлсийг бодож олгодоггүй байсан.

 

******* нь өөрийн ажлыг хийлгэхээс гадна *******, *******-ийн эмчийн ажлыг цалин хөлсгүйгээр хийлгэдэг байсан. Мөн ээлжийн амралтыг эдлээгүй, ээлжийн амралтын цалинг бодож олгоогүй. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цалин хөлсийг дутуу олгосныг гүйцээж авъя, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил, амралтын цагийг баримтлан ажиллах, амласан урамшууллаа олгох хүсэлт тавихад ажлаас зайл гэж хөөсөн буюу ажлаас үндэслэлгүйгээр халж, ажлаас халсан тушаал, шийдвэрээ танилцуулаагүй, бичгээр өгөөгүй болно.

Уг асуудлаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажил олгогч *******-д холбогдуулан гомдол гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2023 оны 03 сарын 27-ны өдөр 59 дугаар бүхий хуралдааны тэмдэглэл үйлдэж, хуралдааны тэмдэглэлийн VI-p хэсэгт ажил олгогч *******-д Эмч албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан 1 сарын хугацааны цалин хөлс болох 5,250,000 төгрөгийг гаргуулах, 2023 оны 1, 2 сараас хойш дутуу орсон цалин хөлс болох 1,000,000 төгрөгийг гаргуулах, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 41,145,984 төгрөгийг гаргуулах, ээлжийн амралтын цалинг 3,494,310 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

 

Иймд *******-д холбогдуулан Эмч албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах, 2023 оны 1,2 сараас хойш дутуу орсон цалин хөлс болох 1,000,000 төгрөгийг гаргуулах, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 41,145,984 төгрөгийг гаргуулах, ээлжийн амралтын цалинг 3,494,310 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 22-04/07 дугаартай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, ******* аймгийн ******* сумын нутаг, ******* гэх газарт байрладаг компанийн орон нутаг дахь нэгж /кемп/-д эмчээр ажиллуулсан. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 4 ажилтны хамт ажлын байрыг орхиж, ажлаа хаяж явсан. ******* нь ийнхүү ажлын байрыг орхиж, ажлаа хаяж явснаасаа хойш дахиж ирээгүй бөгөөд түүний ажлын байрыг орхиж явсан, 5 хоног дараалан ажлын байрандаа ирээгүй, хууль бус ажил хаялтад оролцсон, зохион байгуулсан зэрэг үйлдэл, үйл ажиллагаа нь *******-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.27-д зааснаар ноцтой зөрчилд хамаарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар зохих журмын дагуу ажлаас нь чөлөөлсөн. *******ийг ажиллаж байх хугацаанд ******* цалин хөлсийг нь бүрэн олгож байснаас гадна ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулж байгаагүй тул илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс зэрэг шаардлага нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч *******ийг *******-ийн эмчийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор, дутуу авсан цалин хөлс, ээлжийн амралтын цалин нийт 111,999,990 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан гомдол гаргагч *******т олгож, гомдлын шаардлагаас үлдэх 61,766,565 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******ийн нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 716,672 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 22-04/07 дугаар хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж тухайн гэрээний 2 дугаар зүйлд, ажилтны ажил үүрэг гүйцэтгэх байршил, ажлын байр буюу албан тушаалын нэршил, ажилтны гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл зэрэг зүйлүүдийг нарийвчлан тусгаж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт тус тус заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тусгайлан тусгаж өгсөн байхад анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Үндсэн цалингийн тухайд компанийн захирлын тушаалаар нэг сарын үндсэн цалинг 800,000 төгрөгөөр тогтоосон тушаал хэрэгт авагдсан, уг тушаалтай холбоотой нэхэмжлэгч маргаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний дагуу ямар албан тушаалд ажиллах, ямар ажил хийж гүйцэтгэх, хэдэн цагаар ажиллах зэрэг нөхцөл байдлууд нь тодорхой бөгөөд түүндээ тохирсон цалин, илүү цагийн хөлс авч байсан нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогддог.

Хавтас хэргийн 163 дахь талд *******гаас авсан гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгчийг ажлаас хөөсөн асуудал байхгүй, *******тэй би нэг оффист ажиллаж байсан тэгэхэд ажлаас халсан талаар яриагүй, бид нар өөрсдөө явж байгаа гэж хэлсэн гэх мэдүүлгээр нэхэмжлэгч өөрийн сайн дураар ажлын байраа орхиж явсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Нэхэмжлэгчээс ажилдаа ирэхгүй байсан тул хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/23-Б/ч дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 9.3.5, 9.3.27-д заасныг тус тус удирдлага болгон ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш дараалан ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхисон, ажлын байранд 5 хоног дараалан ирээгүй, хуульд заагдсан шаардлага хангаагүй ажил хаялтад оролцсон тул хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн.

Хавтаст хэргийн 150 дахь талд Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны олговор 33,166,660 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлагаас хальж шүүх өөрийн санаачилгаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт 108,500,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн нэг сарын үндсэн цалинг нэхэмжлэгчид хариуцагчаас шилжүүлсэн үндсэн болон нэмэгдэл, илүү цагийн бүх цалинг үндсэн цалин гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүхээс харгалзаж үзээгүй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэ зөв эргэлзээгүй талаас үнэлэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар зөв гэсэн байдлаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх хуралдаанд дурдагдаагүй, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэх байр суурьтайгаар оролцож байна. Учир нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалд гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдсан байдаг. Гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон хүн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг. Иймд ажилд авсан тушаал дээрх гүйцэтгэх удирдлага зөрүүтэй байна. Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт жолооч албан тушаалд гэж бичсэн байдаг. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил биш талаар дүгнэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй.

Цалин хөлсний талаарх асуудлыг ажилд томилсон тушаалаас дүгнэсэн. 2022 оны 10 дугаар сараас эхлэн 3,000,000 төгрөг байсан цалин 3,500,000 төгрөг болсон нь дансны хуулгаар нотлогддог. Гэрч ******* нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2023 оны 05 дугаар сард нөхөж гарган шуудангаар илгээсэн гэж гэрчилдэг. Мөн ээлжийн амралтын цалин хөлсийг өгөөгүй үйл баримтыг тухайн үеийн нягтлан бодогч гэрч ******* гэрчилдэг. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлсэн шийдвэр гаргасан.

Мөн хариуцагч талаас хөдөлмөрийн дотоод журмын талаар дурддаг. Хөдөлмөрийн дотоод журам гэх 2 журам гаргаж өгсөн байдаг. Гомдолд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотоод журмын талаар тайлбарладаг боловч анхан шатны шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараах танилцуулаагүй журмыг дурдаж ярьдаг. Гэтэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн журмыг бичсэн байдаг.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2023 оны 12 дугаар сарын 01-ний нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн талаар гомдолд дурдагдсан. Тухайн өдөр анхан шатны шүүх хуралдаан зарлагдсан өдөр байсан учир тус өдрөөр цалин олговрын хэмжээг 33,000,000 төгрөг гэж тооцоолон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Энэ асуудлын тухайд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэлэлцэгдсэн. 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх цалин олговрыг нэхэмжилснээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдож, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ цалин хөлс дутуу олгосныг гүйцээн авах, ажил амралтын цаг баримтлан ажиллах, амласан урамшууллаа олгохыг хүсэхэд ажлаас зайл гэж хөөн тушаал шийдвэр гаргаагүй ажлаас үндэслэлгүй халсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь 5 хоног дараалан ажлын байраа орхиж явсан, хууль бус ажил хаялтад оролцож хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хүлээн авч, эвлэрэх, харилцан тохиролцох саналыг тавьсан боловч харилцан тохиролцож чадаагүй талаар гомдол гаргагчаас албан бичгийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хороонд ирүүлсэн гэж дурдаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д эмчийн ажил үүрэг гүйцэтгэж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх ба талууд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд ажлын байрны нэр: эмч, ажилтны гүйцэтгэх ажил, үүрэг: ажилтан энэхүү гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүдийг гүйцэтгэнэ, ажил үүрэг гүйцэтгэх байршил: *******, ******* гэж тусгаснаас гадна гэрээний хугацаа, ажил, амралтын цаг, цалин хөлс, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, урамшуул, тусламж, дэмжлэг олгох журам, талуудын эрх, үүрэг, хариуцлагын заалт зэргийг тусгажээ.

Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл гэж ажлын байр, түүний байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийг ойлгохоор хуульд тусгасан бөгөөд энэ ойлголт нь хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт, ажил олгогчийн шийдвэр зэргээр нэгэн адил зохицуулагдаж, тодорхойлогдож байдаг тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааны гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон эсэхийг зөвхөн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хэрхэн тусгаснаар хязгаарлаж авч үзэх нь учир дутагдалтай юм.

Тиймээс хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцоогүй, тусгаагүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

6. Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/23-Б/ч дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.27-д заасныг үндэслэн нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ. /1хх-55/

 

7. Уг тушаалд нэхэмжлэгчийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхисон, ажлын байранд 5 хоног дараалан ирээгүй, хуульд заагдсан шаардлага хангаагүй ажил хаялтад оролцсон гэж дурдсан бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ажил олгогч дээрх тушаалыг нөхөж гаргасан, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дутуу олгосон цалин хөлсөө нөхөж авах, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил, амралтын цагийг баримтлан ажиллах, амласан урамшууллаа олгох талаар шаардлага тавихад ажлаас зайл гэж хөөж, байрлаж байсан байрнаасаа гаргасан гэж тайлбарлажээ.

Үүнээс үзэхэд ажилтан ажлын байрыг орхин явсан нь үндэслэлтэй буюу ажил олгогчийн шийдвэрээс шалтгаалсан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

8. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажлаас үндэслэлгүй халсан талаар ажил олгогчийн шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу ажил олгогч буюу хариуцагч тал тушаалын хууль зүйн үндэслэл болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар нотлох үүргийг хүлээнэ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор, талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д Ажилдаа ирэх боломжгүйгээ урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 болон түүнээс дээш өдөр дараалан ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журмын 7.1.4.5-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 3 хоног эсхүл сард 3 хоног, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан зөрчлийг тус тус ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заажээ.

 

10. Хэрэгт авагдсан хариуцагч компанийн 2023 оны 02 дугаар сарын ажилтнуудын цаг бүртгэлийн баримт, зөрчил бүртгэлийн хуудас болон гэрч *******гийн ...өөрсдийн юмнуудаа бэлдээд 12 цагаас 01 цагийн хооронд гараад явсан, ажлаас халах тушаал гараагүй, мөн ажлаас гарах өргөдөл надаар дамжиж дарга дээр очдог учир надад өргөдөл өгөөгүй, хөөсөн асуудал байхгүй, *******тэй нэг оффист ажиллаж байсан тэгэхэд ажлаас халсан талаар яриагүй бид нар өөрсдөө явж байгаа гэж хэлсэн ... , гэрч *******ийн ...******* дээр ******* гэх Хятадтай уулзаад урамшуулал авах талаар ярилцаж байгаад урамшуулал өгөөгүй учраас хоорондоо муудалцаж ажил хаясан ... , гэрч *******ын ...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас явсан гэж сонссон, бөөнөөрөө явчихлаа гэж сонссон, урьдчилан мэдэгдээгүй, тэр үед тээвэр явж байсан, хамт ажиллаж байсан хүмүүс явсан учраас ажлыг нь орлох хүн байхгүй байсан, ажилд шаардлагатай нууц үгийг солиод явсан байсан ... , гэрч *******ийн ...уг өдөр би менежерийнхээ ажлаас гадна компанийн тээврийн үйл ажиллагаа С зөвшөөрлийг хариуцдаг байсан, тухайн үед жолоочид тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай болоод системрүү нэвтэрч орох гэсэн бичиг хэргийн ажилтан ******* нууц үгийг сольсон байсан, яагаад нууц үг сольсон бэ? гэсэн чинь надруу мессеж бичээд бид нар ажил хаяаад явж байна, цалин мөнгөө авчихаад зохицчихоод тэгээд нууц үгээ аваарай гэсэн мессеж ирсэн гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 4 ажилтны хамт ажлын байрыг орхин явсан, дахиж ажлын байрандаа ирээгүй болох нь тогтоогдож байна.

 

11. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс ажлын байраа орхиж явсан талаар дээрх үйл баримтад маргаагүй.

Тэрээр ийнхүү 5 хоног ажилдаа ирээгүй үндэслэлээ 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *******анд ажил эрхэлж байхад ажил олгогчийн зүгээс ажлаас хөөж, ажиллах нөхцөлөөр хангаагүй, тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байсан байр буюу кемпээс гаргасан, албаны автомашиныг хураан авсан, уг нөхцөл байдлыг Улаанбаатар хотод ******* аймгаас хүрэлцэн ирж төв оффист энэ талаар мэдэгдсэн гэж тайлбарласан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт зааснаар зохигч хэн аль нь өөрийн тайлбарыг дэмжих, эсхүл эсрэг талын тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг боловч хэргийн баримтаар 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогчийн зүгээс *******ийг ажлаас хөөсөн, ажиллах нөхцөлөөр хангаагүй буюу ажлаас халсантай адилтган үзэх үйл явдал бий болсон нь тогтоогдоогүй тохиолдолд ажилтныг ажлын байраа орхиж явсан үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч ажлын байрыг орхиж, тухайн өдрөө Улаанбаатар хотод ирсэн гэж байгаа боловч үүссэн асуудалтай холбоотойгоор тухайн хугацаанд компанийн захиргаа, ажил олгогчийн төлөөлөгчид хандах, өргөдөл хүсэлтээ гаргах боломжтой байсан, нэхэмжлэгч идэвхтэй үйлдэл хийж энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

12. Анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *******т ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг танилцуулж хүлээлгэн өгөөгүй, сүүлд нөхөн тушаал гаргасан нь гэрч *******ийн ...*******ийн ажлаас чөлөөлсөн тушаалыг дараа нь би нөхөж гаргасан, тушаалыг гардуулж өгөөгүй... гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасанд нийцээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан ба хариуцагч компаниас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн оршин суух хаягаар шуудангаар илгээсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ тохиолдолд ажил олгогч тушаал шийдвэрийг нөхөн гаргасан гэж үзэх боломжгүй юм.

 

13. Дээрх нотлох баримтуудыг зохигч талуудын тайлбартай харьцуулж дүгнэхэд, нэхэмжлэгч *******ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс ажлын байрыг орхиж яваад эргэж ажилдаа ирээгүй үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцсэн гэж үзэж, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

14. Харин хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/23-Б/ч дугаартай тушаалын үндэслэл болох хөдөлмөрийн гэрээний 9.3.27-д заасан хуульд заагдсан шаардлага хангаагүй ажил хаялтад оролцсон гэх ноцтой зөрчлийг нэхэмжлэгч ******* гаргасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

16. Нэхэмжлэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны олговор 33,166,660 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.13-т ...заасан арга хэмжээг Ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар авах боломжгүй гэж шүүх шийдвэрлэсэн гэжээ. Энэ нь нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж үзэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон байна.

 

17. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06740 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 716,672 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН