| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/06461/И |
| Дугаар | 5277 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 5277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 64-5 тоотод оршин суух, Хөнөг овогт Болормаагийн Мядагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа /РД:ЙЛ70042300/-гийн хүсэлттэй,
Н.Төгсбаярыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн 6 дугаар хорооны иргэн Надмид овогтой Болормаа би БГД-ийн 18-р хороо, 4-р хороолол, 35/г байр, 46 тоот хаяганд бүртгэлтэй Нямсүрэн овогтой Төгсбаяртай 2015 оны 7 сарын 31-ний өдөр тус дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Баялаг хотхоны 64 дүгээр байрны 5 тоот байрыг орон сууц хөлслөх гэрээ байгуулан 1 жилийн хугацаагаар сарын 350,000 төгрөгөөр улирлын эхэнд тооцоо хийхээр тохирч түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны өдөр миний Хаан банкны дансанд тооцоо хийхээр түрээслэсэн билээ. Тус түрээслэгч нь орон сууц түрээсийн гэрээ хийхдээ 1 сарын түрээсийн төлбөр 350,000 төгрөг, барьцааны 350,000 төгрөгийн тооцоо хийж байрыг хүлээн авсан боловч дараа сарын төлбөрөөс эхлэн түрээсийн төлбөрийг хийхгүй, янз бүрийн шалтаг тоочсоор байсан ба 2016 оны 3 сарын 27-ны өдөр уулзахаар байрандаа очиход хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь утсаар нь залгахад утсаа авахгүй байсан бөгөөд дүү рүү нь залгахад ах өчигдөр байрнаасаа гараад явсан гэж хэлсэн. Ийнхүү байрнаас гарч явахдаа уг байранд байсан эд зүйлийг аваад явсан байсан. Н.Төгсбаяр гэгч энэ залуу удаа дараа утсаа сольдог бөгөөд энэ залуугийн иргэнийн үнэмлэх надад байгаа. Эхлээд 99023987 дугаарыг барьдаг байсан. Одоо энэ дугаар эгчид нь байдаг/ ба дараа нь 94681213, 96487997 дугааруудтай байсан ба одоо 99211151 дугаар ашиглаж байгаа, ойр ойрхон дугааруудаа сольдог бөгөөд төрсөн дүү нь оюутан, тус байранд хамт амьдарч байсан дүүгийнх нь дугаар 95138700 байж байгаад бас солиод одоо 99157892 дугаарыг барьж байгаа, энэ дугаар одоо холбогдож байгаа боловч ахынхаа тухай мэдээллийг өгөхгүй байгаа юм. Мөн төрсөн ээжийнх нь дугаар 86452045, 89208950 бөгөөд би мэдэхгүй гээд хүүгийнхээ тухай мэдээллийг өгөхгүй би бүр мухардаад байна. Уг Н.Төгсбаяр гэдэг залуугаас миний бие 2015 оны 12 сар, 2016 оны 1-4 сарын түрээсийн төлбөр 1,750,000 төгрөг, мөн түрээслэгчийн хэрэглэсэн ОСК 358,255 төгрөг,гэрэл цахилгаан 83,460, СӨХ-ны мөнгө 109,350 төгрөг нийт 2,301,065 төгрөгийн авлагатай байгаа. Хариуцагч Н.Төгсбаяр нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Н.Төгсбаярыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Болормаа нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Төгсбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Болормаа нь “Н.Төгсбаярыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,301,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Н.Төгсбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна. /Хэргийн 9 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Н.Төгсбаяр нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханцхутагт дамдинбазар гудамж 35/Г-46 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/18138 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Төгсбаярын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Н.Болормаагийн “Н.Төгсбаярыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Н.Болормаагийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харчууд овогт Нямсүрэнгийн Төгсбаяр /РД:ОЮ88110711/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Харчууд овогт Нямсүрэнгийн Төгсбаяр /РД:ОЮ88110711/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА