| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/01499/И |
| Дугаар | 210/МА2026/00002 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00002
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани хариуцагч *******тай 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *******, *******, C&C Music factory" хамтлагуудын хамтарсан тоглолтын маркетинг төлөвлөгөө болон тоглолтын маркетингийн ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.
Гэрээний дагуу хариуцагч нь эхний төлөлтийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2 дахь төлөлтийн 50 хувь болох 5,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус шилжүүлсэн. Анх гэрээ байгуулахдаа тоглолт хийгдэхээс өмнө бүх төлбөрийг төлж дуусгахаар байсан.
Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгуулагдах байсан тоглолт нь хойшилж байгаа тухай *******ийн зүгээс бидэнд хэлж, гэрээгээ нэг сарын хугацаатай сунгая гэж аман байдлаар талууд тохиролцож, уг тоглолтыг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр товлосон. Гэвч тоглолт бас л хугацаандаа амжихааргүй боллоо, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тоглолт хийгдэхээр байна гэсэн тул мөн гэрээгээ албан ёсоор сунгая гэдгээ хэлсэн.
Ийнхүү 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж манай компани 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ямар нэгэн нэмэлт төлбөр нэхэмжлэхгүйгээр 1 сар орчим хугацаанд сунаж ажиллахаар болсон. Мөн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр ажил захиалагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болох тоглолтын тасалбар борлуулалтын орлогоос хамгийн түрүүнд ажил үйлчилгээний үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөрт багтан бүрэн төлж барагдуулахаар боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй тул 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Маркетингийн багийг сонгож ажиллуулах болсон хамгийн гол зорилго шалтгаан бол ивээн тэтгэгч компани, аж ахуйн нэгж, иргэдийг татан оруулж ирж, мөнгөн дүнгийн 50 хувиар энэ тэнцүү санхүүжилт авахаар тохиролцсон. Харамсалтай энэхүү нөхцөлийг гэрээнд тусгаж чадаагүй ба нэхэмжлэгч компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг өөрсдөө бэлдэж ирсэн байсан. Энэхүү тохиролцоог компанийн залуус бүгд мэдэж байгаа ба энэ талаар ямар ч ажил хийгээгүй зүтгэл гаргаагүй болно.
Маркетинг хариуцсан компанийн гэрээнд зааснаар хийж гүйцэтгэх гол ажил үүрэг нь зар сурталчилгаа, реклам бүх хүмүүст хүрч, үзэгч фенүүдийг цуглуулах, билет борлуулалтад нөлөөлөх, ажил үүргээ мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэтэл үндсэн ажил үүргээ зохих ёсоор бүрэн хийгээгүйгээс билет борлуулалт маш муу байсан ба 10,000 үзэгч цуглуулах төлөвлөгөөтэй байсан боловч 1000 хүрэхгүй хүн цугларсан. Бид урьдчилгаа төлбөрөө төлөөд билет борлуулалт болон ивээн тэтгэгчийн орлогоос үлдэгдлээ өгнө гэж тохиролцсон. Гэвч тоглолтын заалны төлбөр, тоглолтод оролцсон хүмүүсийн цалин, бусад зардлууд гэх мэт төлбөрийн улмаас манай хамтлаг 450,000,000 төгрөгийн өр төлбөрт орж тоглолт дууссан болно.
******* ХХК-ийн зүгээс бүүст хийж олон хүнд хүргэнэ гэж хэлэхэд нь бидний талаас хэлсэн дүнгээр нь нийт 7,200,000 төгрөг шилжүүлсэн боловч үр дүнгээ өгөөгүй.
Миний бие нийт 15,000,000 төгрөгийг төлсөн ба 15,000,000 төгрөг нэхэмжилснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тоглолт асар их зардал гарч нийт дүн 500,000,000 төгрөг давсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс бүүст хийсэн, хийх ёстой байсан хамгийн гол маркетингийн ажлуудаа огт хийгээгүй. Маркетинг нь зөвхөн бүүст хийх, ерөнхий мэдээлэл өгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд бүхий л боломжит цогц ажиллагаа хийхийг хэлдэг. ...Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч *******аас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар зар сурталчилгаа, тоглолтын маркетингийн үйл ажиллагаа явуулах, ингэхдээ маркетингийн төлөвлөгөөг баталсан байдаг. Уг төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ бүр нь тоглолт амжилттай болох, үзэгчдийг татах, тоглолт болох газрын заалыг дүүргэх, ивээн тэтгэгч аж ахуй нэгж, иргэдийг татах хамтран ажиллах үндсэн зорилгыг агуулсан байна.
...Маркетингийн төлөвлөгөөнд автомашинтай зар сурталчилгаа нийслэлийн бүх дүүрэгт явуулах, хамгийн их хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүрийн урсдаг шатанд баннер байрлуулах, кассет болон бусад хэвлэлттэй нэг дизайн бүхий сурталчилгаа, нийслэлийн хамгийн их хүн төвлөрсөн 1-3 байршилд тусгайлан зассан драфт явуулах, мөн олны танил 4-5 хүнийг сонгож peп бүжгийн тулаан хийх, мөн аудио сурталчилгаа явуулах зэрэг олон төлөвлөгөөнүүд тусгагдсан байсан боловч огт хийж гүйцэтгээгүй. Зөвхөн пэйж ажиллуулах, бүүст хийж цацах зэргээр маркетингийн ажил хязгаарлагдаж байсан, зарим тохиолдолд өөрсдөө бүүст хийж цацаж байсан тохиолдол байсан.
Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр ажлуудыг хийж байсан эсэх талаар нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байхад анхаарч үзэхгүйгээр нэхэмжлэлийг хамгасан болно.
Хамгийн гол нь маркетингийн төлөвлөгөөг *******т танилцуулж баталсан, хүсэл зориг, хийх ажлаа дэлгэрэнгүй танилцуулсан атлаа огт үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтаас харагдаж байна.
...анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгч талын үүргийн гүйцэтгэлийн шинж чанар, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй зэрэг байдлыг үндэслэл болгоогүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.
Анхан шатны шүүхээс гагцхүү фэйсбүүк пэйж, хоорондоо харилцсан групп чат, нэхэмжлэгчийн и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Харин ч уг нотлох баримтуудаар маркетингийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг гүйцэтгээгүй байдал тогтоогдох ба үүргийн гүйцэтгэл үгүйсгэгдэж байгаа болно.
Ажил гүйцэтгэх гэрээ болон маркетингийн төлөвлөгөөнд тусгагдсан явуулах арга хэмжээ бүрийг талууд харилцан тохиролцож цуцлах, өөрчлөлт оруулах талаар хүсэл зоригийг нэхэмжлэгчийн зүгээс ч хариуцагчийн зүгээс ч илэрхийлээгүй, тоглолт дуусах хүртэл хүчин төгөлдөр байсан. Хариуцагчийн зүгээс н.*******гийн утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ба уг үзлэгээр нэхэмжлэгч компанийн ажилчдын зүгээс ажлаа хийхгүй, хоорондоо үл ойлголцож байсан талаарх нотлох баримт тогтоогдсон байдаг.
Мөн гэрч н.*******гийн өгсөн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийн зүгээс маркетингийн үйл ажиллагааг хэрхэн зохих ёсоор хийгээгүй, үүргээ зөрчиж байсан талаарх үйл баримт хангалттай тогтоогддог болно.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэн түрүүнд маркетингийн төлөвлөгөө болон хамтран ажиллах гэрээ гэх зүйлс 2 тусдаа зүйл байдаг. Маркетингийн төлөвлөгөө гэдэг бол эдгээр зүйлсийг хийх боломжтой гэж үзсэний үндсэн дээр гаргадаг. Хамтран ажиллах гэрээнд хийсэн ажлуудыг оруулаагүй. Учир нь эдгээр ажлыг захиалагч тал нэмэлт зардлаа гаргаж хийдэг. Энэ нь бизнесийн зарчмаар өдөр тутамд явагддаг. Жишээлбэл, гудамжны нэг самбарыг нэг сар түрээслэхэд түүний үнэ 10,000,000 төгрөг давах хэмжээний зардал гарна. Иймд эдгээр нэмэлт төлбөрүүдийг захиалагч тал гаргах ёстой байдаг. Үүний улмаас эдгээр ажлуудыг ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй. Маркетингийн төлөвлөгөө болон гэрээ нь 2 тусдаа зүйл юм. Хариуцагч талын дурдсан автомашины парад, бүжгийн тулааныг хийх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Тухайн үед ******* гэх этгээд н.*******ыг танина, түүнтэй уулзаж эдгээр ажлыг хийж гүйцэтгэнэ, та нар санаа зовохгүй байж бай гэх зүйлсийг хэлж байсан.
Хоёрдугаарт, Олон томоохон байгууллагууд руу уулзах хүсэлт болон захидал илгээж, утсаар холбогдож байсан. Гэвч байгууллагууд тухайн хамтлагийг сонирхохгүй байсан учир хамтарч ажиллахаас татгалзсан байдаг. Үлдэгдэл мөнгийг 12 дугаар сарын 27-ны өдрийн тоглолтын орлогоос өгнө гэж байсан. Хэрэв нэхэмжлэгч тал хариуцагчийн сэтгэлд нийцээгүй, муу ажиллаж байсан бол тухайн үед гэрээнээс татгалзаж, өөр байгууллагатай хамтран ажиллах бүрэн боломжтой байсан. ...Нэхэмжлэгч талын хувьд гэрээнд тусгагдаагүй олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Жишээлбэл, тухайн хамтлагийг АНУ-аас Монгол Улсад ирэх тухай хэлэлцээр, орчуулга, тохиролцоо, өдөр товлох гэх мэтчилэн бүх ажилд нэхэмжлэгч тал нягт оролцож, өдөр шөнө ялгахгүйгээр захидлаар харилцаж байсан. Үүнийг нотлох шаардлагатай гэвэл миний утсан дээр тухайн компанийн захиралтай харилцсан бүх захидал бэлэн байна. Мөн тухайн хамтлагийг Монгол Улсад ирэхэд захиалагч талаас орчуулагч гаргаж өгөөгүй. Орчуулагчийн ажлыг манай хамт олон хийж гүйцэтгэсэн. Мөн тоглолтын дотоод зохион байгуулалт, заал, засал чимэглэл, дэлгэц дээр гарах бичлэг гэх мэтчилэн гэрээнд тусгагдаагүй маш их ажлыг нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан зөвтгөнө.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Талууд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* ХХК нь Хар тас, *******, C&C Music factory хамтлагуудын хамтарсан тоглолтын маркетинг төлөвлөгөө болон тоглолтын зар сурталчилгааны ажлыг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэх, хариуцагч ******* нь гэрээний төлбөрт 30,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 4-6/
3.2. Улмаар зохигч тоглолт болох хугацаа тодорхой шалтгаанаар хойшилсонтой холбоотойгоор үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болох тоглолтын тасалбар борлуулалтын орлогоос нэхэмжлэгчид бүрэн төлж дуусгахаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. /х.х-ийн 14/
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн байна.
Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь захиалагчийн өмчлөлд шилжүүлж болохуйц биежсэн буюу материалжсан үр дүн байдаг ба хэргийн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид тодорхой ажил гүйцэтгэж, шинээр бий болсон аливаа зүйлийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй, харин хариуцагчийн зохион байгуулж буй тоглолтын маркетинг төлөвлөгөө боловсруулах, үзэгч /хэрэглэгч/-ийг татах ажлыг хийж гүйцэтгэх болон тоглолт болох талаар олон нийтэд мэдээлэл түгээх үүрэг хүлээжээ.
Иймээс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж, 360.2-т Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэж тус тус заасан.
Талууд ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон нь дээрх хуульд нийцсэн ба нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлсийг төлнө.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийгээгүйгээс үзэгчид цөөн ирсэнтэй холбоотой 450,000,000 гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК-ийн гэм буруутай, аль эсхүл гэрээгээр тохирсон ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс улбаалан олон нийтэд тоглолт болох талаарх мэдээлэл дутуу хүрсэн, үзэгч /хэрэглэгч/-ийг тооцоолсон хэмжээнд татаж чадаагүйгээс тасалбар борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
6. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг, 3.1.5-д мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг хэлнэ гэж тус тус заасан.
Талуудын баталсан маркетингийн ажлын төлөвлөгөөний нэг хэсэг болох зар сурталчилгаа /цахим орчинд зар түгээх, ивээн тэтгэгчийг урих - хамтран ажиллах санал хүргүүлэх/-г нэхэмжлэгч ******* ХХК нь хийсэн болох нь хэрэгт авагдсан үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 91-97/
Харин батлагдсан маркетингийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан бусад ажлыг нэмэлт хөлсөөр хийж гүйцэтгэхээр тохирсон хэдий ч захиалагч нь нэмэлт зардал өгөөгүй учир тухайн ажлыг хийгээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нь баримтаар үгүйсгээгүй байна.
Түүнчлэн талуудын хамтран баталсан маркетингийн ажлын төлөвлөгөөнд пэйж постер, видео болон рийл хийх ажлыг 150-аас 300 ам.долларын төсөвтэй байхаар заасан нь хариуцагчийг эдгээр ажлыг хийлгэх тохиолдолд нэхэмжлэгчид нэмэлт зардал төлөхөөр тохирсон байна гэж үзнэ.
7. Мөн хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хийх үүрэг хүлээсэн боловч энэ хугацаанаас хойш тоглолт болсон 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэснийг хариуцагчийн зүгээс няцаагаагүй.
Зохигч ийнхүү гэрээний харилцаа үргэлжлэх хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийг маркетингийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй эсэх талаар маргаагүй, ажлын хөлсийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
Тодруулбал, талууд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах үед хариуцагч *******ийн зүгээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй байх тул хариуцагчийн ...нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг дутуу гүйцэтгэсэн... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.МАНДАЛБАЯР