Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 5275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 12-7 тоотод оршин суудаг, Жүгдэр овогт Жүгдэрийн Дашгэндэн /РД:ИЮ63082272/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 12-7 тоотод оршин суудаг, Сумъяа овогт Сумъяагийн Бүжидмаа /РД:ИЮ64122566/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамж 21 тоотод оршин суудаг, Илжин овогт Даваагийн Анхбаяр /РД:ШЕ87060913/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамж 21 тоотод оршин суудаг, Жүгдэр овогт Дашгэндэнгийн Баасансүрэн /РД:ИЮ88030464/ нарын нэхэмжлэлтэй,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Дашгэндэн, С.Бүжидмаа, Д.Анхбаяр, Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Дашгэндэн, С.Бүжидмаа, Д.Анхбаяр, Д.Баасансүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дашгэндэн, С.Бүжидмаа нарын охин Д.Баасансүрэн нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Төгөлдөрийг төрүүлсэн. Нөхөр болох Д.Анхбаяртай тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан тул ээж нь өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. Ингээд хүргэн Д.Анхбаяр Солонгос улсруу гэрээгээр ажиллахаар явахаар болж, охин Д.Баасансүрэн ажилд орохоор хөдөө говьруу явах гээд бид хоёрт хүү Төгөлдөрийг 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үрчлүүлэн Дашгэндэнгийн Төгөлдөр нэртэй гэрчилгээ авсан. Одоо хүү Д.Төгөлдөр нь 6 нас хүрч сургуульд орох болсон тул эцэг, эх хоёр нь хүүхдээ өөрийнхөө нэрээр овоглохыг хүсч Баянгол дүүргийн ЗДТГ-т хандахад үрчлэлтийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн юм. Бид ярилцаад анхнаасаа хүүгийн бичиг баримтыг нь зөвтгөж нэг мөр болгосон нь дээр гэж бодсон. Хүү Төгөлдөр нь өвөө Ж.Дашгэндэнгээр овогтой боловч ээж, аав дээрээ өссөн. Одоо хүртэл гэртээ дүү, аав, ээжийн хамт амьдардаг. Иймд 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үрчлэлтийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Дашгэндэн, С.Бүжидмаа, Д.Анхбаяр, Д.Баасансүрэн нар нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Анхбаяр, Д.Баасансүрэн нарын дундаас төрсөн хүү Төгөлдөрийг 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Дашгэндэн, С.Бүжидмаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Д.Анхбаяр, Д.Баасансүрэн нарын дундаас 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  хүү Төгөлдөр төрсөн байх ба түүний эцэг, эх нь тухайн үед гэрлэлтийн байдлаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул хүү Төгөлдөрийг эх Д.Баасансүрэнгээр овоглож байгаад 2011 оны 04  дүгээр сарын 20-ны өдөр эх Д.Баасансүрэнгийн төрсөн эцэг, эх болох Ж.Дашгэндэн, С.Бүжидмаа нарт үрчлүүлсэн болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 45/021003 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, 45/021002 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа болон нэхэмжлэгч нарын тайлбараар  тогтоогдож байна.

Хүү Д.Төгөлдөр нь одоо 6 настай бөгөөд эцэг Д.Анхбаяр, эх Д.Баасансүрэн  нарын хамт  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, центрийн гудамж 21 тоотод амьдардаг гэх ба хүү Төгөлдөрийн эцэг Д.Анхбаяр, эх Д.Баасансүрэн нар нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээ болон нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хүү Төгөлдөрийн төрүүлсэн эцэг, эх болон үрчлэн авсан эцэг, эх нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хамтатган шүүхэд гаргасан байх ба уг хүсэлт нь хүү Д.Төгөлдөрийн  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд  2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн үрчлэлтийн 24 дугаарт бүртгэгдсэн хүү Д.Төгөлдөрийг Ж.Дашгэндэн, С.Бүжидмаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Д.Төгөлдөрийг эцэг Д.Анхбаяр, эх Д.Баасансүрэн нарын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр төрсөн хүү Д.Төгөлдөрийг 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Жүгдэр овогт Жүгдэрийн Дашгэндэн /РД:ШЮ63082272/, Сумъяа овогт Сумъяагийн Бүжидмаа /РД:ШЮ64122566/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр төрсөн хүү Д.Төгөлдөрийг төрүүлсэн эцэг Илжин овогт Даваагийн Анхбаяр /РД:ШЕ87060913/, эх Жүгдэр овогт Дашгэндэнгийн Баасансүрэн /РД:ИЮ88030464/  нарын асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА