Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/02105

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/13653 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 713,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 713,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ байрны орц, гарцны хэсэгт байрлуулсан самбарыг биднийг эзгүйд *******-ийн ажиллуулж байгаа эмийн сангаас буулгасан байсан, самбарыг буулгаад буцааж өгөөгүй тул самбарын үнийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч самбар байрлуулсан байсан, гэхдээ тэр самбарыг манайх буулгаагүй, хэн, хэзээ буулгасан талаар мэдэхгүй, манай өмчлөлийн объектыг өөр газар түрээсэлж, эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг гэж эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэгч ******* ******* дүүрэг ******* байрлах 2 давхар байшингийн залгаа орших эмийн сангийн барилгын хажууд зар сурталчилгааны самбар байршуулсан байсан, уг самбарыг 2024 оны 07 дугаар сард түүний зөвшөөрөлгүйгээр буулгасан үйл баримтыг зөв тогтоосон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

4. Нэхэмжлэгч дээрх үйл баримттай холбоотойгоор хариуцагчийг сурталчилгааны самбар буулгасан гэж үзэж, түүнээс өөрт учирсан хохирол буюу самбарын үнийг *******-ийн гаргасан 713,400 төгрөгийн үнэлгээгээр тооцож шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байдлаас үзэхэд нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой, тухайн этгээдийн санаатай эсхүл болгоомжгүй гэм буруу тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ.

 

6. Хэргийн баримтаар сурталчилгааны самбарыг буулгасан этгээд нь хариуцагч ******* мөн болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.

Тодруулбал хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн нэг давхар байрыг бусдад эмийн сангийн зориулалтаар түрээслүүлдэг талаар тайлбартаа дурдсан ба гэрч *******ийн эмийн сангаас хоёр хүн тасдагч авч гарч ирээд эмийн сангийн хүн энэ самбарыг гээд хэлж байсан гэх мэдүүлгээр самбар буулгасан хүмүүс хариуцагч байгууллагын ажилтан, эсхүл түүнээс үүрэг хүлээсэн этгээд мөн эсэхийг тодорхойлох буюу тухайн үйлдэлд хариуцагч гэм буруутай гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

7. Тиймээс хариуцагч *******-ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь нотлогдоогүй тул хариуцагч гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Гэхдээ нэхэмжлэгч нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг нэмж дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/13653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,672 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН