Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 5274

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр 8 давхар “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 1-6 тоотод оршин суух, Дамба овогт Үүрийнтуяа Түвшинтөгс /РД:УШ89032097/-т холбогдох,

2,150,861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ү.Түвшинтөгс нь 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Юнител ХХК-тай үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж 88112464 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 1,200,000 төгрөгийн үнэтэй Iphone 5 гар утас зээлээр худалдан авч сар бүр 200,000 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн. Иргэн Ү.Түвшинтөгс нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 1,425,594 төгрөг байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Ард даатгал ХХК нь Юнител ХХК-тай Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Юнител ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэжээ. Ард даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 1,403,635 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 21,959 төгрөгийг үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний дагуу Юнител ХХК-д төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.3.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэжээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасанаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Ү.Түвшинтөгсийн төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 2,116,432 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 2,150,861  төгрөгийг Ард даатгал ХХК-д, үлдэгдэл төлбөр болох 21,959 төгрөгийг Юнител ХХК-д нийт 2,150,861 төгрөгийг гаргуулж дээрх 2 байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.Түвшинтөгс нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК-ийн  нэхэмжилсэн 2,150,861 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК нь хариуцагч Ү.Түвшинтөгсөөс 2,150,861 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 2,150,861 төгрөгийг хариуцагч Ү.Түвшинтөгс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  49,364   төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 24,682 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 2,150,861 төгрөгийг хариуцагч Ү.Түвшинтөгс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,364 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24,682 төгрөг, хариуцагч Ү.Түвшинтөгсөөс 24,682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА