Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/02106

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/07866 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, нийлүүлсэн барааны үнэ 110,680,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 100 айл барилгын материалын худалдааны төвд сантехникийн бараа материалын худалдаа эрхэлдэг. ******* ХХК нь ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй ******* дүүргийн ******* хороонд байрлах ******* орон сууцны барилгын төслийн гүйцэтгэгч компани юм. 2022 оны 10 сард урьд өмнө нь бараа материал худалдан авч байсан ******* ХХК-ийн захирал ******* нь *******ын ажил дээр ирээд Аав бид хоёр /*******/ ******* ХХК-тай хамтарч ******* дүүргийн ******* хороонд байрлах ******* орон сууцны халаалт, сантехникийн бүх ажлыг хийж байгаа. Ажлын хөлсөнд бартераар авах орон сууц олон байгаа. Халаалтын материал нийлүүлээд орон сууц бартерт авах найдвартай хүн хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу 2022 оны 11 сарын 03-ны өдөр ******* болон ******* ХХК-ийн хооронд орон сууц захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдан, уг гэрээний дагуу ******* нь 2023 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 93,600,000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн.

Тухайн үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* дахин бараа материал нийлүүлэх хүсэлт тавьж ******* дүүргийн ******* хороонд байрлах ******* орон сууцны ******* тоот орон сууцыг төлбөрт өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээ байгуулах гэсэн боловч ******* ХХК-ийн захирал *******  тоот орон сууцыг ******* ХХК-д өгөх нь үнэн, та материалаа үргэлжлүүлээд нийлүүлчих, би захиалгын гэрээг шилжүүлж өгнө, 20 тоот орон сууцны м.кв-ын зөрүү байгаа, энэ асуудлыг шийдвэрлээд байрыг шилжүүлнэ гээд 23/212 тоот албан бичгийг өгсөн. ******* ХХК-тай хийсэн дээрх тохиролцооны дагуу ******* 2023 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл дахин 93,600,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлсэн. Орон сууц ашиглалтад орж ******* ХХК-ийн захирал *******тай утсаар ярихад улсын комисс гээд бичиг цаасны ажил ихтэй байна, хүлээж байгаарай гэсэн боловч сүүлдээ утсаа авахаа больсон. ******* ХХК-ийн захирал *******той уулзахад Би зарим ажлыг дутуу хийсэн байгаа учраас ******* захирал уурлаад байгаа, энэ ажлыг хийж дуусгасны дараа таны байрыг хүлээлгэж өгнө гээд нэмж 17,080,950 төгрөгийн бараа материал авсан.

Өөрөөр хэлбэл ******* нь ******* дүүргийн ******* хороонд байрлах ******* орон сууцны ******* тоот болон ******* тоот орон сууцны үнэд хэлэлцэн тохиролцсон бараа материалыг нийлүүлж, илүү 17,080,950 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Төлбөр тооцоо дууссан талаар ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 24/69 дугаартай албан бичигт тусгасан.

Иймд нэхэмжлэгч *******ыг ******* дүүргийн ******* хороонд байрлах ******* орон сууцны ******* тоот, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, илүү нийлүүлсэн барааны үнэ 17,080,950 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ ******* ХХК болон ******* нарын хооронд 2024 оны 09 сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр *******ын нэр дээр гарсан болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдуулан ******* дүүрэг ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, хариуцагч ******* ХХК-аас нийлүүлсэн барааны үнэ 110,680,950 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК нь ******* ХХК-ийн захиалга, хүсэлтээр тус хоёр компанийн хооронд 2021 оны 03 сарын 10-ны өдөр байгуулагдсан 21/03/03/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч *******аас дотор халаалт, халуун, хүйтэн ус, бохир усны шугам угсралтын ажлын буюу сангийн ажлын бараа материал авсан нь үнэн. Зээлээр авсан бараа материалын төлбөрт бартераар авч уг бараа материалыг ашиглаж, хэрэглэж, угсарсан орон сууцны байр болох захиалагч ******* ХХК-ийн захиалан бариулж байсан ******* дүүрэг, ******* хороонд байрлах, ******* орон сууцны ******** тоот орон сууцыг нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Үүнийг ******* ХХК, ******* ХХК болон уг компаниудын удирдлагууд хүлээн зөвшөөрдөг.

******* ХХК нь дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэд, 100 хувь гүйцэтгэж, захиалагч ******* ХХК-д хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Улмаар уг орон сууцыг тухайн үед нь улсын комисс хүлээн авч, худалдан авагч, захиалагч иргэд орон сууцандаа нүүн орж өмчлөгчөөр бүртгүүлэн амьдран суугаа нь үнэн болно. ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон орон сууцаа одоог хүртэл *******т хүлээлгэж өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй. 17,080,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь нэг талын зарлагын баримтад үндэслэсэн, зарлагын баримт, падааныг 2 талаас дүгнээгүй, ******* нь ******* ХХК-тай тооцоо нийлээгүй. ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцыг ******* ХХК нь бусдад худалдаагүй, худалдан борлуулж төлбөр аваагүй. *******ын буюу ******* ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа орон сууцын талбайд *******аас авсан бүх материалыг буулгаж, хэрэглэгдсэн бараа, ******* тоот орон сууцыг ******* ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгөх байтал өгөхгүй, дунд нь байгаа аж ахуйн нэгж, бараа материал нийлүүлсэн иргэнийг хохироож байгаад гомдолтой байна. ******* тоот орон сууцны оронд мөнгөө авъя гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* ХХК нь ******* ХХК-аас мөнгө, орон сууцаа авч чадаагүй, мөн хохирсон гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК нь 2021 оны 03 сарын 10-ны өдрийн Г/21/03/03/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу дотор халаалт, халуун, хүйтэн ус, бохир усны шугам угсралт, гадна дулаан, цэвэр ус, ариутгах татуурга, узель, галын шугам, дотор тоноглол, гадна дулааны шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй, гэрээнд заагдсан ажилтай холбоотой зардлуудыг гаргаагүй бөгөөд тус зардлыг ******* ХХК-аас гаргуулсан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той холбогдож гэрээнд заагдсан ажлаа гүйцэтгэхийг шаардаж байсан боловч сүүлдээ утсаа авахгүй, холбоо барихгүй болсон. ******* ХХК-д удаа дараа албан бичгээр гэрээнд заагдсан ажлаа дуусгаж өгөх тухай мэдэгдэж байсан төдийгүй гүйцэтгээгүй ажлыг бид өөр компаниар гүйцэтгүүлэх тухайгаа мэдэгдэж байсан. Гэвч ******* ХХК нь гэрээнд заагдсан ажлаа гүйцэтгээгүй, мөн манай компаниар гэрээнд заагдсан ажилтай холбоотой зардлыг дараа нь өгнө гээд гаргуулсан зардлыг төлж барагдуулаагүй.

Барилга баригдаж дуусаад улсын комисс хүлээн авсан талаар маргахгүй. Үүнтэй холбогдуулаад ******* ХХК гэрээ дүгнэх болоод тооцоо нийлэх шаардлага тавьсан боловч ******* ХХК биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 110,680,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ыг ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг *******т гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,635,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 711,354 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, хариуцагч ******* ХХК-аас 696,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 24206 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах орон сууцуудыг битүүмжилж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 17,080,950 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Тухайн иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө ******* ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлэхээр шилжүүлж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан. Ийнхүү хүсэлт гаргах болсон шалтгаан нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь буюу ******* дүүрэг, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ижил байсан тул хамтад нь шийдвэрлэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодит тогтоож, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй зохигчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар тус хоёр иргэний хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой байсан.

Анхан шатны шүүхээс тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг дүгнэж чадаагүй, нэхэмжлэгч *******ын шаардах эрхийг тодорхойлоогүй байж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

******* ******* ХХК-аас тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхийг шүүхээс тодорхойлохдоо үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан, мөн Иргэний хуулийн болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл заалтыг харгалзан үзэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхойлж чадаагүй. Харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэхээр байна.

Хариуцагч нарын хооронд 2021 оны 03 сарын 10-ны өдөр байгуулагдсан 21/03/03/04 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 2.8 дугаар зүйлд гэрээний төлбөр түүнийг олгох журмыг тодорхой зохицуулсан байдаг. Мөн гэрээний 2.6, 2.7-д ажлыг хэрхэн хүлээлгэн өгөх нөхцөлийг нарийн тодорхойлсон. Гэтэл хариуцагч нар энэхүү гэрээний биелэлт бүрэн хэрэгжиж дууссан эсэх талаар маргадаг, гүйцэтгэсэн ажлыг гэрээнд заасан зохицуулалт болон зохих хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгөөгүй талаар аль аль нь хүлээн зөвшөөрдөг. Энэхүү нөхцөл байдлыг шүүхээс нарийн тодорхойлсны дараа *******ын шаардах эрх үүссэн эсэх талаар дүгнэлт өгөх ёстой байсан.

Анхан шатны шүүх Мөн хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлэн 150,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч мөн энэ талаарх баримтаа ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус иргэний хэргийн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх нотлох баримтыг гаргаж өгөх ёстой болохоос хариуцагч нарын хоорондын маргааны зүйлийг шүүхэд гаргаж өгөх үүрэг ******* ХХК-д байхгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл тус шийдвэрийн ...нэхэмжлэгч *******ыг ******* дүүрэг, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг *******т гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай хэмээн шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу акт үйлдээгүй, бид нэмэлтээр 150,000,000 төгрөгөөр ажил хийлгэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Гэсэн хэдий ч бусдаар 150,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгүүлсэн талаарх баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд энэ асуудалд шүүхээс дүгнэлт өгсөн. Хариуцагч талаас *******тай холбоотой баримт гаргаж өгнө. Харин ******* ХХК-тай холбоотой буюу ажил гүйцэтгэхтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүрэггүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа хэргийн оролцогч буюу хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Улсын комисс 2024 оны 03 сард хүлээж авсан гэх асуудалд талуудын хэн аль нь маргадаггүй. Бүрэн дууссан гэдгийг илтгэж байгаа.

Ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн ажлаа актаар хүлээлцээгүй гэх шалтгаан хэлдэг. Оффис дээр нь очоод бүх ажлаа гүйцэтгэж дууссан боловч ажлаа актаар хүлээлцье гэхээр ******* ХХК ямар нэгэн үйлдэл хийдэггүй, эс үйлдэхүй гаргадаг. Ажил хүлээлцдэггүй. ******* очиж ажлаа дүгнэж байраа авъя гэхээр уулздаггүй. Хариуцагч тал эс үйлдэхүй гаргаж ажлаа хүлээлцдэггүй. Ажил хүлээлцэх актаар хүлээлцээгүй юм чинь бид өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэгтгэх хүсэлт гаргадаг. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох хэрэгт хэрэг үүсгэсэн захирамжийг хавсаргадаг. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд байгаа хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцоогүй. Нэг шүүхээр биш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа. Нөгөө хэрэг нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Дээрх хуулийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш. Үүнийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдуулан ******* дүүрэг ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, хариуцагч ******* ХХК-аас нийлүүлсэн барааны үнэ 110,680,950 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******* ХХК-аас ******* ХХК-ийг ******* дүүрэг ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй гэж, харин өөрт холбогдох нийлүүлсэн барааны үнэ 110,680,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзсан тайлбар гаргасан бол хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн боловч зарим дүгнэлт оновчгүй болсныг залруулж, нэмж дүгнэх боломжтой гэж үзэв.

 

4. Хэрэгт авагдсан хариуцагч ******* ХХК-аас *******т явуулсан 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 24/69 дугаар албан бичигт Бид бүхэн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд дотор сангийн материалыг иргэн *******т тус барилгын ******* болон ******* тоот орон сууцыг өгөхөөр гэрээлэн худалдан авсан гэж тэмдэглэгдсэн байдал болон *******, ******* нарын гаргасан бичгийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч ******* нь барилгын материалын худалдаа эрхэлдэг бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той харилцан тохиролцсоны үндсэн дээр тус компанийн хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ******* дүүргийн ******* хороонд баригдаж буй ******* орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай барилгын бараа материал нийлүүлэх, ******* ХХК нь нийлүүлсэн бараа материалын төлбөрт ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хүлээн авах орон сууцнаас нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийн хувьд энэ үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хэргийн баримтаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2021 оны 03 сарын 10-ны өдөр Г/№21/03/03/04 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн захиалгаар ******* дүүргийн ******* хороонд баригдаж буй ******* орон сууцны барилгын гадна, дотор дулааны шугам сүлжээ, узель, гадна дотор цэвэр, бохир усны шугам сүлжээ, ариутгах татуурга, тоноглолын угсралтын ажлыг гүйцэтгэх, гэрээний нийт төлбөр 700,000,000 төгрөг байх, нийт санхүүжилтийн 80 хувь 560,000,000 төгрөгийн санхүүжилтийг бартераар, 20 хувь 105,000,000 төгрөг бэлнээр санхүүжүүлэх, бартерын нийт санхүүжилтийн үлдэгдэл 50 хувь 280,000,000 төгрөгийг баригдаж буй барилгаас 1 м.кв 1,850,000 төгрөгөөр тооцож 2 болон 3 давхарт олгохоор талууд харилцан тохиролцсон. /1хх-184-188/

 

Мөн хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2022 оны 10 сарын 31-ний өдөр байгуулагдсан N-22-04 дугаар орон сууц захиалгын гэрээгээр ******* ХХК нь ******* дүүрэг ******* хороо, ******* тоотын 2 өрөө бүхий 46.8 м.кв талбай бүхий орон сууцыг барьж, гүйцэтгэх ******* ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцож, гэрээний 2.1-т Орон сууцны үнэ нийт 46,8*2,000,000=93,600,000 төгрөг байна, гэрээний 2.2-т Орон сууцны төлбөр нь 21-03-10 өдрийн ******* ХХК-тай байгуулсан Г/№21/03/03/04 дугаар гэрээний 2.8.1-д зааснаар гэрээний төлбөрт бартер байхаар харилцан тохиролцов гэж харилцан тохиролцсон болох нь тус тус тогтоогдсон. /1хх-9/

 

6. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан тул дээрх үйл баримтаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Анхан шатны шүүх хэргийн баримт, талуудын тайлбарт үндэслэж нэхэмжлэгч *******ыг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2023 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 93,600,000 төгрөг, 2023 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 93,600,000 төгрөг, нийт 187,200,000 төгрөгийн бараа материал шилжүүлсэн болохыг зөв тогтоосноос гадна нэхэмжлэгчийг илүү 17,080,950 төгрөгийн бараа материалыг нийлүүлж нийт 204,280,950 төгрөгийн бараа материал нийлүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

8. Хариуцагч ******* ХХК нь харилцан тохиролцсоны дагуу 93,000,000 төгрөгийн бараа материалын төлбөрт тооцож ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 31-ний өдрийн N-22-04 дугаар орон сууц захиалгын гэрээний зүйл болох ******* дүүрэг ******* хороо, ******* тоотын 2 өрөө бүхий 46.8 м.кв талбай бүхий орон сууцны захиалагчийн эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд дээрх тохиролцоог хийхдээ ******* ХХК-ийн зөвшөөрлийг үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 1285 дугаар орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний Захиалагчийн эрхээ бусдад шилжүүлэхэд ажил гүйцэтгэгч талын зөвшөөрөл: ******* ХХК-ийн 2022/10/31-ний өдрийн 22/217 дугаар албан бичиг гэж тэмдэглэгдсэн байдал, хариуцагч ******* ХХК-ийн захирал *******гаас нэхэмжлэгч *******т явуулсан 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 23/212 дугаар албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1хх-6-7,12/

Тодруулбал Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон нөхцөлийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг.

Хариуцагч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц захиалгын гэрээний эрхээ бусдад шилжүүлж байгаа талаар мэдсэн, энэ талаар зөвшөөрсөн байх тул түүнийг худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцож, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч *******аас хүлээн авсан 204,280,950 төгрөгийн барилгын материалыг тухайн барилгын ажилд зарцуулсан байх тул талуудын тохиролцсоны дагуу ******* ХХК, ******* ХХК нар ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

 

9. Нэхэмжлэгч *******ын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгахаар хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

10. Иймд нэхэмжлэгч *******ыг ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг *******т гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.

 

11. Нэхэмжлэгч *******ын барилгын материал нийлүүлсэн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын шийдвэрээр 2024 оны 03 сарын 12-ны өдрөөс байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн зүгээс 2 орон сууцыг шаардсан боловч ******* дүүрэг ******* хороонд байрлах ******* орон сууцны ******* тоот орон сууцыг хариуцагч ******* ХХК нь бусад этгээдэд худалдан борлуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэ үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас 110,680,950 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч ******* ХХК давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдлийг хэвээр үлдээнэ.

 

12. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг баримталсан алдааг шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

13. Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хариуцагч нарын хоорондын маргааны асуудал нь нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд саад болохгүй. Иймээс уг иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө ******* ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй зохигчийн эрх ашгийг зөрчсөн гэх агуулгаар хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/07866 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 110 дугаар зүйлийн 110.1 гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,635,655 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН