Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 458

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Тхолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705012070269 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________ дугаарын регистртэй, Т.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 10-45б тоотод иргэн Л.Д-нын ээмэг, бөгж, нокиа маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 281.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Тгийн өгсөн:

“...Би 2017 оны 10-р сард манай нэг таньдаг дүүгийн найз Улаака бид 2 Өргөөгийн ард талын “Go-on” гээд интернэт тоголоомын газар хамт тоглож хоносон. Өглөө нь бид 2 гараад ах нь танайд хэд хоног хоночихъё гэж хэлсэн.  Тэгсэн У тэг тэг гэж хэлсэн тэгээд бид 2 гэрлүү нь очсон юм тэгсэн гэрт нь аав, ээж, дүү 3 нь байсан юм. Би тэднийд бараг 7 хоносон байх ирэн очин байдаг байсан. Тэгээд сүүлийн өдөр би хэдний өдрийг нь санахгүй байна өглөө боссон чинь У найзтайгаа цэрэг татлагад явчихаад ирье гэж хэлсэн тэгээд аав нь ажилдаа явчихсан байсан. Угийн ээж бид 2 хоёулахнаа үлдсэн юм. Угийн ээж нь харвалт өгчихсөн хэвтрийн хүн байдаг тэгээд би босоод Угийн хар өнгийн куртикийг нь өмсөөд гарахдаа ээж дээр нь очоод чихэнд нь байсан 2 монетон ээмгийг нь тайлаад авсан тэгээд би гараад явчихсан. Гарч яваад Саппорогийн Сайн Ломбарданд 70.000 төгрөгөөр тавьчихсан юм. У надад хар өнгийн нокиа гар утсаа өгсөн юм би тэр гар утсанд өөрийнхөө дугаарыг хийж барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-34х, 68-69х/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.М-ийн өгсөн:

“...Ээж маань байнга гэртээ байдаг бөгөөд би бас манай дүү ээжийгээ ээлжлэн хардаг юм. Энэ хэрэг болсон өдөр буюу 2017 оны 10-р сарын 21-ний өдөр би гадуур ажилтай болоод дүүгээ үлдээгээд гарсан юм. Гэтэл тэр өдөр цэрэг татлага болоод манай дүү хүнтэй хамт цэрэг татлага болж байгаа газарлуу 11 цаг гээд гарсан байсан ба би 13 цаг гээд гэртээ ирэхэд ээж уйлчихсан их сандарсан байдалтай ганцаараа байсан. Гэрийн эд зүйл эмх цэгцтэй байсан боловч ээжийн чихэндээ зүүсэн байсан монетон ээмэг/1,7граммтай 585 сорьцтой 2016 оны 11 сард 80,000 төгрөгөөр/, /2,4 граммтай 585 сорьцтой 140,000 төгрөгөөр мөн тэр үед авсан/ гарт нь байсан монетон бөгж, Нокиа 2100 маркийн 30,000 төгрөгийн утсыг авсан байсан.

Ээж надад гаднаас 20 гаран насны эрэгтэй хүүхэд орж ирээд дүүг чинь асуугаад толгойгоо сэгсэрсэн чинь дөхөж ирээд чихнээс ээмэг, гарнаас бөгж аваад орон дээр түлхэж унагаад орны өмнө сандал дээр байсан утсыг аваад гарсан. Тэгээд буцаж орж ирээд бэлэн гоймон идээд тамхи татаад гараад явсан” гэж ойлгуулсан. Гэрт манайд байгаагүй бэлэн гоймонгийн хоосон сав, тамхины иш байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 20-21х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Э-ийн өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Батмөнх орой нэг хүүхэд дагуулж ирсэн юм. Тэр хүүхэд манайд 2, 3 хоног байсан. Манай том охин Мөнхцэцэг тэр хүүхдийг чи гэр орондоо очдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд нь хагассайн өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр лүүгээ явсан. 10-р сарын 21-ний өдөр манай хажуу айлын хүүхэд цэрэгт явах гээд манай хүүхэд гаргаж өгөх гээд гарсан. Тэр хойгуур нь манай хүүхдийн найз гэх Т нь манай хүүхдийн Нокиа маркийн гар утас, савхин куртик, манай эхнэрийг юм ярьж, босож чадахгүйг далимдуулж чихэнд байсан хос монетон ээмэг, хуруунд нь байсан монетон бөгж зэргийг аваад явсан байна лээ.

Манай эхнэр Д нас барсан. Цаашдаа энэ хэргийг шалгуулах хүсэлтгүй байна. Т.Т нь миний хүүгийн найз, залуу хүн алдсан юм байлгүй, бас эхнэр минь нас барсан ясыг нь өндөлзүүлээд яахав гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22-23х, 26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-ийн өгсөн:

“...2017 оны 10-р сарын дундуур байх Т бид 2 Өргөөгөөс уруудаад ПС-нд хоносон юм. Тэгээд өглөө нь бид 2 гарсан чинь Т ах нь танайд очоод ганц 2 хоночихъё гэж хэлэхээр нь би ааваас манай нэг найзын ах нь байгаа юм манайд ганц 2 хоночихъё гэнээ гэсэн чинь аав тэг тэг гэж хэлсэн. Тэгээд манайх руу явсан юм. Манайд ирэхэд ээж Д, дүү М нар байсан. Бид 2 унтаж байгаад боссон. Тэр өдрөө бас хоносон тэгээд бараг 7 хоносон байх дунд нь өөр газар ганц нэг удаа хоносон заримдаа согтуу ирдэг байсан. 10-р сарын 20-ны үдээс хойш 4-5 цагийн үед хүнтэй уулзаж мөнгө авна гээд гарсан тэгээд маргааш 10-р сарын 21-ний 11, 12 цагийн үед ирсэн юм.  Манай найз Ц цэргийн үзлэгт орох гээд гарах гээд байж байсан чинь Т ах нь гэрт чинь үлдээд ээжид чинь хоол цайг нь хийгээд байж байя гэж хэлэхээр нь би утсаа үлдээгээд гараад явсан юм. Тэгээд цэрэг татлага 96-р сургууль дээр болсон. Манай найз Ц цэрэг татлаганд орчихоод гараад ирсэн юм. Удаагүй байж байсан чинь Цын ах нь Үүрцолмон ах ирээд аав чинь яръя гэж байна гээд утсаа өгсөн би утсаар аавтай ярихад нөгөө Т чинь ээжийн чинь ээмэг бөгжийг нь аваад явчихсан байна гэж хэлэхээр нь би шууд гэрлүүгээ харьсан чинь миний утсыг, хавар намрын савхин куртик, цамц, малгай зэргийг ээжийн монетон ээмэг, бөгж зэргийг аваад явчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 24-25х/,

 

Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 29-30х/

Хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх-н 76х/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 90/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 10-45б тоотод иргэн Л.Д-нын ээмэг, бөгж, нокиа маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 281.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т.Тгийн “...би босоод Угийн хар өнгийн куртикийг нь өмсөөд гарахдаа ээж дээр нь очоод чихэнд нь байсан 2 монетон ээмгийг нь тайлаад авсан тэгээд би гараад явчихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.М-ийн “...Ээж маань байнга гэртээ байдаг бөгөөд би бас манай дүү ээжийгээ ээлжлэн хардаг юм. ...ээжийн чихэндээ зүүсэн байсан монетон ээмэг/1,7граммтай 585 сорьцтой 2016 оны 11 сард 80,000 төгрөгөөр/, /2,4 граммтай 585 сорьцтой 140,000 төгрөгөөр мөн тэр үед авсан/ гарт нь байсан монетон бөгж, Нокиа 2100 маркийн 30,000 төгрөгийн утсыг авсан байсан.

Ээж надад гаднаас 20 гаран насны эрэгтэй хүүхэд орж ирээд дүүг чинь асуугаад толгойгоо сэгсэрсэн чинь дөхөж ирээд чихнээс ээмэг, гарнаас бөгж аваад орон дээр түлхэж унагаад орны өмнө сандал дээр байсан утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Э-ийн “...манай хүүхдийн найз гэх Т нь манай хүүхдийн Нокиа маркийн гар утас, савхин куртик, манай эхнэрийг юм ярьж, босож чадахгүйг далимдуулж чихэнд байсан хос монетон ээмэг, хуруунд нь байсан монетон бөгж зэргийг аваад явсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-н 22-23х, 26/,

 

гэрч Д.Б-ийн “...Цын ах нь Үүрцолмон ах ирээд аав чинь яръя гэж байна гээд утсаа өгсөн би утсаар аавтай ярихад нөгөө Т чинь ээжийн чинь ээмэг бөгжийг нь аваад явчихсан байна гэж хэлэхээр нь би шууд гэрлүүгээ харьсан чинь миний утсыг, хавар намрын савхин куртик, цамц, малгай зэргийг ээжийн монетон ээмэг, бөгж зэргийг аваад явчихсан байсан юм...” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Тг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсоноор шүүгдэгч Т.Тгоос 281.100 төгрөг гаргуулж хохирогч Д.М-т олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 28 хоногоор тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүнийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцох санал гаргалаа. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь одоо ял эдлэж байгаа түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Тд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял оногдуулж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Тд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 796 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилээс эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 8 /найм/ хоног хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 8 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 10 /арав/ сар 8 /найм/ хоногоор тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Тгийн цагдан 48 хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тг 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Тд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 796 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилээс эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 8 /найм/ хоног хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 8 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 10 /арав/ сар 8 /найм/ хоногоор тогтоосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Тгоос 281.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Д-нын хууль ёсны төлөөлөгч Д.М-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Т.Тгийн цагдан 48 хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ