Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Лгийн Эод холбогдох эрүүгийн ........дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     
          Монгол Улсын иргэн, Л.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Л.Э нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хяналтын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын … дүгээр баг 0 тоот иргэн Г.Хгийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй... ” гэв.

          Шүүгдэгч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би гадуур явж 6 баатрын орчмоор хүмүүстэй нийлж архи ууж байгаад өдөр 15, 16 цагийн орчимд санаж байна, Номин худалдааны төвийн замын эсрэг талд амьдардаг хамт цэрэгт алба хааж байсан он жав Мын гэрт нь очиж ус уухаар хашаанд нь ортол хажуу айлынх нь бололтой эмэгтэй хашаанд явж байсан, би тухайн эмэгтэйгээс М байгаа юм уу гэж асуухад байхгүй гэж хэлээд гэртээ орохоор нь Мын гэрт нь орж ус уучихаад шүүгээнд нь байсан зурмал жижиг дөрвөлжин бурханг хулгайлж авч гараад гадуур 6 баатрын араар явж байтал М цагаан өнгийн машинтай үл таних залуутай хамт ирээд гэрээс бурхан аваад явчихсан байна, миний хөгшин байгаа бол өгчих гэж хэлэхээр нь би эхлээд аваагүй гэж хэлтэл М надад цагдаад хэлнэ, одоо надад авсан бурханаа өгчих юм бол гомдол санал байхгүй гэж хэлэхээр нь би Мыг дагуулж гудамжны буланд очоод хулгайлсан бурханаа эргүүлж өгсөн... Би тухайн бурханыг зарж мөнгөөр нь архи уух зорилготой хулгайлсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
          Хохирогч Г.Хгийн: “...Би 15 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай эхнэр байхгүй гэр цоожгүй онгорхой байхаар нь би гэртээ орж гадуур хувцасаа тайлаад хүйтэн цай уучихаад байж байсан чинь гаднаас эхнэр орж ирээд чи хэзээ ирсэн юм бэ гэр онгорхой байна, гэрийн түлхүүр авч гэрээ онгойлгосон юм уу гэж надаас асуухаар нь би үгүй ээ дөнгөж орж ирээд сууж байна гэсэн чинь эхнэр тэгвэл гэрт хулгайч орж ирсэн байна би дэлгүүр ороод ирсэн чинь гэрийн цоож байхгүй болсон, гэр онгорхой байхаар нь би чамайг ирсэн юм болов уу гэж бодоод хажуу айлаас асуулаа гэхээр нь гайхаад авдарт байсан хөөрөг, мөнгөн аяга зэргийг үзсэн чинь байж байсан, тэгсэн чинь сервантны тавиур дээр байсан мөнгөн хүрээтэй зэс гуутай зурмал цагаан шүхэрт бурхан алга болсон байхаар нь хажуу айлын хүний утсаар залгаж мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

           Гэрч Х.Мын: “...15 цагийн орчимд манай ээж С миний .... дугаарын утас руу залгаад гэрийн цоож эвдэрсэн байхгүй, гэрт байсан бурхан алга болсон байна гэхээр нь ажлаасаа гараад аавын гэрт нь очсон чинь стенк дээр нь байсан мөнгөн хүрээтэй зэс гуутай цаасан дээр зурмал цагаан шүхэрт бурхан алга болсон байсан, тэгээд би хажуу айлын Гтэй уулзсан чинь архи уугаад байдаг Л.Э буюу Б хашаанд орж ирээд чамайг асууж байсан гэхээр нь би Л.Эыг хулгай хийгээд яваад байдаг болохоор нь бурхан хулгай хийчихлээ гээд сэжиглээд өөрийнхөө машинтай дүү Мтай хамт Л.Эын байж болох газраар эрж хайгаад явж байсан чинь 6 баатарын ард талд гудамжинд явж байхаар нь дуудаж уулзаад чи манай аавын бурхан авсан уу гэсэн чинь Л.Э миний өөдөөс үгүй ээ, юун бурхан би аваагүй гэхээр нь хоёулаа аятайхан яриад тохирох юм уу эсвэл цагдаа дээр очих юм уу гэсэн чинь Л.Э намайг хоёулаа уулзая гээд цаашаа хашааны буланд очоод за за бурхан чинь байгаа гээд энгэрийнхээ халааснаас манай аавын бурханыг гаргаж өгөхөөр нь би аваад аавдаа аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

           Гэрч Ш.Сийн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд би гэртээ ганцаараа байж байгаад ар шандад байдаг хүүхдүүд рүүгээ явж ирэхээр гэрээсээ гараад гэрээ хятад дөрвөлжин цагаан цоожоор цоожлочихоод түлхүүрээ хойд амбаарын үүдний довжооны модон доор хийчихээд явсан ба ар шанд орж ирчихээд хойд амбаарын үүдний довжооны модон доороос түлхүүрээ авчихаад гэрлүүгээ орох гэсэн чинь гэрийн цоож байхгүй, гэр онгорхой байхаар нь гэрлүүгээ орчихоод тортой юмаа гэртээ тавьчихаад хажуу айл руу ороод нөхөр Г.Хг ирсэн болов уу гэж асуусан чинь ирээгүй манайхаар орж ирээгүй гэхээр нь гайхаад буцаж гэртээ ороод бурхан руугаа харсан чинь бурхан алга болсон байсан... Тэр үед гэр цоожлож үлдээсэн цагаан дөрвөлжин цоож одоог хүртэл олдохгүй байгаа... Би тухайн үед гэрээ цоожтой үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

            Гэрч М.Гийн: “...Манай хашаанд Г.Х гэж айл амьдардаг юм. Г.Х гуай гэртээ эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. 2019 оны 05 сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд болов уу, би 00 орж бие засчихаад хашаанд алхаж байтал зүс таних Л.Э гэх залуу нилээд согтуу манай хашаанд орж ирчихсэн Г.Х гуайн хүү Х.Мыг надаас сураад энэ айл мөн үү гэж асууж байсан, тухайн үед Г.Х гуайнд хүн байхгүй гэр нь цоожтой байсан, би Л.Э гэх залууд Х.М энд байдаггүй юм, энэ аав ээжийнх нь гэж хэлээд гэрээдээ орсон, гэрт нилээд байж байгаад ойролцоогоор 1 цаг орчмын дараа гэрээс гартал манай хашаанд цагдаа ирчихсэн байж байсан, юу болсон талаар асуухад Г.Х гуай гэрээс бурхан алдагдсан байна, гэрийн цоож эвдлээд орсон юм шиг байсан гэж хэлж байсан, тэгэхээр нь би Г.Х гуайд түрүүн Л.Э гэх зүс таних залуу манай хашаагаар орж ирээд танай хүү Х.Мыг сурж байсан гэж хэлсэн. Х.М Улаанбаатар хотоос ирсэн Х.Мг дагуулаад Л.Эыг олж уулзана гээд гарч байсан. Орой нь Х.М бурханаа олсон Л.Э авчихсан байсан байна гэж хэлж байсан... гэр нь цоожтой цүүнд жижиг хятад цоож зүүж цоожилсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

            Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/55 дугаартай “...Зурган бурхан /мөнгөн хүрээтэй зэс гуутай, цагаан шүхэрт бурхан/ 350.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хяналтын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг .... гудамжны 0 тоотод иргэн Г.Хгийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан  шүүгдэгч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Мын гэрт нь орж ус уучихаад шүүгээнд нь байсан зурмал жижиг дөрвөлжин бурханг хулгайлж авч гараад гадуур 6 баатрын араар явж байтал Х.М цагаан өнгийн машинтай үл таних залуутай хамт ирээд гэрээс бурхан аваад явчихсан байна, миний хөгшин байгаа бол өгчих гэж хэлэхээр нь би эхлээд аваагүй гэж хэлтэл Х.М надад цагдаад хэлнэ, одоо надад авсан бурханаа өгчих юм бол гомдол санал байхгүй гэж хэлэхээр нь би Х.Мыг дагуулж гудамжны буланд очоод хулгайлсан бурханаа эргүүлж өгсөн... Би тухайн бурханыг зарж мөнгөөр нь архи уух зорилготой хулгайлсан...” гэсэн мэдүүлэг,           хохирогч Г.Хгийн: “...Би 15 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай эхнэр байхгүй гэр цоожгүй онгорхой байхаар нь би гэртээ орж гадуур хувцасаа тайлаад хүйтэн цай уучихаад байж байсан чинь гаднаас эхнэр орж ирээд чи хэзээ ирсэн юм бэ гэр онгорхой байна, гэрийн түлхүүр авч гэрээ онгойлгосон юм уу гэж надаас асуухаар нь би үгүй ээ дөнгөж орж ирээд сууж байна гэсэн чинь эхнэр тэгвэл гэрт хулгайч орж ирсэн байна би дэлгүүр ороод ирсэн чинь гэрийн цоож байхгүй болсон, гэр онгорхой байхаар нь би чамайг ирсэн юм болов уу гэж бодоод хажуу айлаас асуулаа гэхээр нь гайхаад авдарт байсан хөөрөг, мөнгөн аяга зэргийг үзсэн чинь байж байсан, тэгсэн чинь сервантны тавиур дээр байсан мөнгөн хүрээтэй зэс гуутай зурмал цагаан шүхэрт бурхан алга болсон байхаар нь хажуу айлын хүний утсаар залгаж мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Мын: “...15 цагийн орчимд манай ээж Ш.С ...цоож эвдэрсэн байхгүй, гэрт байсан бурхан алга болсон байна” гэхээр нь өөрийнхөө машинтай дүү Х.Мтай хамт Л.Эын байж болох газраар эрж хайгаад явж байсан чинь 6 баатарын ард талд гудамжинд явж байхаар нь дуудаж уулзаад чи манай аавын бурхан авсан уу гэсэн чинь Л.Э миний өөдөөс үгүй ээ, юун бурхан би аваагүй гэхээр нь хоёулаа аятайхан яриад тохирох юм уу эсвэл цагдаа дээр очих юм уу гэсэн чинь Л.Э намайг хоёулаа уулзая гээд цаашаа хашааны буланд очоод за за бурхан чинь байгаа гээд энгэрийнхээ халааснаас манай аавын бурханыг гаргаж өгөхөөр нь би аваад аавдаа аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Сийн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд би гэртээ ганцаараа байж байгаад ар шандад байдаг хүүхдүүд рүүгээ явж ирэхээр гэрээсээ гараад гэрээ хятад дөрвөлжин цагаан цоожоор цоожлочихоод түлхүүрээ хойд амбаарын үүдний довжооны модон доор хийчихээд явсан ба ар шанд орж ирчихээд хойд амбаарын үүдний довжооны модон доороос түлхүүрээ авчихаад гэрлүүгээ орох гэсэн чинь гэрийн цоож байхгүй, гэр онгорхой байхаар нь гэрлүүгээ орчихоод тортой юмаа гэртээ тавьчихаад хажуу айл руу ороод нөхөр Г.Хг ирсэн болов уу гэж асуусан чинь ирээгүй манайхаар орж ирээгүй гэхээр нь гайхаад буцаж гэртээ ороод бурхан руугаа харсан чинь бурхан алга болсон байсан... Тэр үед гэр цоожлож үлдээсэн цагаан дөрвөлжин цоож одоог хүртэл олдохгүй байгаа... Би тухайн үед гэрээ цоожтой үлдээсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Гийн: “...Манай хашаанд Г.Х гэж айл амьдардаг юм. Г.Х гуай гэртээ эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. 2019 оны 05 сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд болов уу, би 00 орж бие засчихаад хашаанд алхаж байтал зүс таних Л.Э гэх залуу нилээд согтуу манай хашаанд орж ирчихсэн Г.Х гуайн хүү Х.Мыг надаас сураад энэ айл мөн үү гэж асууж байсан, тухайн үед Г.Х гуайнд хүн байхгүй гэр нь цоожтой байсан, би Л.Э гэх залууд Х.М энд байдаггүй юм, энэ аав ээжийнх нь гэж хэлээд гэрээдээ орсон... би Г.Х гуайд түрүүн Л.Э гэх зүс таних залуу манай хашаагаар орж ирээд танай хүү Х.Мыг сурж байсан гэж хэлсэн...Орой нь Х.М бурханаа олсон, Л.Э авчихсан байна гэж хэлж байсан... гэр нь цоожтой цүүнд жижиг хятад цоож зүүж цоожилсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

            Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/55 дугаартай “...Зурган бурхан /мөнгөн хүрээтэй зэс гуутай, цагаан шүхэрт бурхан/ 350.000 төгрөг...” гэсэн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

    Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Э “...гэр нь цоожгүй онгорхой байсан...” гэж мэдүүлж байгаа нь хохирогч Г.Хгийн: “...орчимд гэртээ ирсэн чинь манай эхнэр байхгүй гэр цоожгүй онгорхой байхаар нь би гэртээ орж гадуур хувцасаа тайлаад хүйтэн цай уучихаад байж байсан чинь гаднаас эхнэр орж ирээд чи хэзээ ирсэн юм бэ гэр онгорхой байна, гэрийн түлхүүр авч гэрээ онгойлгосон юм уу гэж надаас асуухаар нь би үгүй ээ дөнгөж орж ирээд сууж байна гэсэн чинь эхнэр тэгвэл гэрт хулгайч орж ирсэн байна би дэлгүүр ороод ирсэн чинь гэрийн цоож байхгүй болсон, гэр онгорхой байхаар нь би чамайг ирсэн юм болов уу гэж бодоод хажуу айлаас асуулаа...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Сийн: “..хойд амбаарын үүдний довжооны модон доороос түлхүүрээ авчихаад гэрлүүгээ орох гэсэн чинь гэрийн цоож байхгүй, гэр онгорхой байхаар нь гэрлүүгээ орчихоод тортой юмаа гэртээ тавьчихаад хажуу айл руу ороод нөхөр Г.Хг ирсэн болов уу гэж асуусан... Тэр үед гэр цоожлож үлдээсэн цагаан дөрвөлжин цоож одоог хүртэл олдохгүй байгаа... Би тухайн үед гэрээ цоожтой үлдээсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Гийн: “...тухайн үед Г.Х гуайнд хүн байхгүй гэр нь цоожтой байсан, ...гэр нь цоожтой цүүнд жижиг хятад цоож зүүж цоожилсон байсан...” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байх ба хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хохирогчийн гэр цоожгүй байсан гэх нотлох баримт авагдаагүй байна.

            Иймд шүүгдэгч Ж овогт Лгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 52 дугаарт Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 2019/ХМШЗ/18 дугаарт захирамжаар 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 126 дугаарт шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сар 02 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 02 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сууллаж, уг ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч Л.Э нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Эод ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Э нь шүүхээс оргон зайлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөнөөс шүүгчийн захирамжаар 2019 оны 07 сарын 04-ны өдрөөс цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Лгийн Эыг Эрүүгийн хуулийн тугай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эод 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Эын өмнөх 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаарт шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар, 2 /хоёр/  хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй, хугацааны өмнө тэнсэн сулласан 1 жил 5 сар 29 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 5 /таван/ сар, 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эын цагдан хорьсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эод оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /таван/ сар, 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

           6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
                

 

ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА