| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2019/0455/З |
| Дугаар | 221/МА2020/0317 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2020/0317
“Б-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б-И” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Б-И” ХХК-ийн MV-000000 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайг шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөрүүтэй байдлаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хамааралгүй асуудлыг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж, бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. ... ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эх” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр шилжүүлээгүй бөгөөд 2013 оны 457 дугаар шийдвэрээр 366 дугаар шийдвэрийг тусгайлан хүчингүй болгоогүй байна. Харин Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр болон ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 457 дугаар шийдвэрээр МV-000000тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр шилжүүлсэн тусгай зөвшөөрлийг ч мөн хүчингүй болгосон юм.
Мөн шүүхээс "... тус 1/3918 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хувьд гаргасан хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж, үр дагавар бий болгож байх тул захиргааны актын шинжийг агуулаагүй гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байгааг шүүх анхааралгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 1/3918 тоот албан бичгээр татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй, алдаатай дүгнэлт болсон байна.
Харин ч нөгөө талаас нь авч үзвэл шүүхийн шийдвэрт МV-000000 тоот тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэр хүчингүй болсонд тооцогдоно” гэж дүгнэснээр Ашигт малтмал, газрын тосны газраас “хүчингүй болсон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэр хүчинтэй, түүнийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээх боломжгүй” гэж татгалзаад байгаа нь хууль бус байна. Ашигт малтмал, газрын тосны газраас хүчингүй болсон шийдвэр хүчинтэй хэвээр байгаа гэж хууль бусаар татгалзаж болдог, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд тэрхүү татгалзалтай нь холбогдуулан шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэж болохгүй байж болохгүй юм.
Анхан шатны шүүхээс “шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр аж ахуй нэгжийг оролцуулахаар хуульчилсан болон журамласан ямар нэгэн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах эрх зүйн үндэслэл байхгүй” гэж дүгнэсэн нь буруу байна. Давуу эрх гэдэг нь геологи, хайгуулын ажил болон бусад баримтаар нотлогдсон зардлыг баталгаажуулж, тооцоо нийлснээр босго үнээс чөлөөлөгдөхөөр зохицуулсан зохицуулалт юм. Энэ талаар Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор 106 талбайд сонгон шалгаруулалт явуулах тусгай журам баталсан. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд ... төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс журмыг баталжээ. Гэтэл шүүхээс сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлд зааснаар босго үнэ төлөх санхүүгийн чадвартай ямар ч хуулийн этгээд шалгаруулалтад оролцох эрхтэй гэсэн өрөөсгөл дүгнэлт хийсэн байна. Сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхдөө давуу эрхтэй оролцох асуудал нь сонгон шалгаруулалтад оролцох бусад этгээдтэй хамааралгүй ойлголт юм. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион явуулахаар зохицуулжээ. Иймд захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлнө зааснаар Ашигт малтмал газрын тосны газрын даргыг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны А/200 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан геологи, хайгуулын болон бусад баримтаар нотлогдсон зардлыг баталгаажуулсан актыг, 3 дугаар хавсралтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актыг тус тус ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн дарга хянаж, гарын үсэг зурж баталгаажуулахаар байна гэсэн нь маргааны агуулгаас хэтэрсэн байхаас гадна Засгийн газрын 216 тогтоолтой нийцэхгүй байна. МV-000000тусгай зөвшөөрлийн ашиглалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулах нь Засгийн газрын тогтоолын дагуу ердийн журмаас өөр журмаар явагдаж байна. Түүнчлэн дээрх ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл болон Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2010 оны А/200 дугаар тушаалын 2, 3 дугаар хавсралтад хэнийг геологи, хайгуулын болон бусад зардлаа тооцуулах замаар давуу эрхтэй сонгон шалгаруулалтад оролцуулах эрх хэмжээ олгогдоогүй байхаас гадна Ашигт малтмалын газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3-4411 дугаар албан бичиг болон ашигт малтмал газрын тосны газрын нийтэд илэрхий цахим хаягт зааснаар Ашигт малтмал газрын тосны газар хариуцахаар байна. Анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ болон техникийн мэдээлэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон иргэний хуулийн хэлцлийг зөв ойлгож, МV-000000 тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхээр байна гэж зөв дүгнэсэн атлаа тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тул буцаан шилжүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчээс шүүхэд тусгай зөвшөөрлийн эзэмшлийг буцаан шилжүүлэх шаардлага гаргаагүй бөгөөд эзэмшлээ сэргээлгэхийн тулд сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцуулахыг хүссэн юм. Иймд дээрх үндэслэлээр гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Б-И” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Б-И” ХХК-ийн MV-000000 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайг шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаас үзвэл, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж маргаж буй эрх нь сэргэх боломжтой байх учиртай. Гэтэл энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй, нэхэмжлэгчид давуу байдал бий болохооргүй байна. Учир нь:
1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр “Б-И” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан үзээд ашигт малтмалын ашиглалтын MV-000000 тоот тусгай зөвшөөрлийг тус компаниас “Эх” ХХК-д шилжүүлэн бүртгэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр “Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор нэр бүхий 106 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хүчингүй болгосон шийдвэрийг Кадастрын системд бүртгэж” шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэр хүчингүй болсон нь тогтоогджээ.
Гэтэл нэхэмжлэгч “Б-И” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус албан бичиг нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 457 дугаар тушаалаар нэгэнт хүчингүй болж, үр дагаваргүй болсон мөн хэлтсийн даргын 286 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан хүсэлтийг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж өгсөн хариу байгааг шүүх анхаарч үзээгүй төдийгүй дээрх шаардлагыг хангаж, 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж маргаж буй ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэхийг тодруулаагүй нь буруу байна.
Мөн нэхэмжлэгчээс “Б-И” ХХК, “Эх” ХХК нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон “ашигт малтмалын ашиглалтын МV-000000тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайг “Эх” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, тухайн талбайд хийсэн геологи, хайгуулын ажлын зардлын хэмжээгээ баталгаажуулж, тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр оролцох давуу эрх олж авах эрхээ сэргээлгэх” агуулгатайгаар шүүхэд нэхэмжлэл гарган үндэслэлээ тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл зөрүүтэй тохиолдолд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай төдийгүй нэхэмжлэгч “Б-И” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-000000тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн геологи, хайгуулын ажлын зардлын хэмжээгээ баталгаажуулахаар хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулах нь зүйтэй.
2. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.2-т “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион явуулна”, 2.1-д “Төрийн захиргааны байгууллагаас хүргүүлсэн сонгон шалгаруулалт зарлах талбайн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батална”, 2.4-д “Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулна” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ”, 11.1.13-д “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах ...” гэж тус тус зааснаас үзвэл, сонгон шалгаруулалт явуулах талбайд өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлын баримтыг баталгаажуулсны дараа сонгон шалгаруулалт зарлах талбайн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батлах ба уг жагсаалтад багтсан талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулахаар байна.
Гэтэл маргаан бүхий талбайд хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлын баримтыг баталгаажуулах ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь тухайн зардлыг баталгаажуулах эрхтэй байх талаар маргаантай байгаа энэ тохиолдолд “MV-000000 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулахыг даалгах” боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-д “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах ...”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх”, 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, гэж, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэх, тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх, сонгон шалгаруулалтад оролцох өргөдлийг хүлээн авч бүртгэх эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс байхад нэхэмжлэгч “Б-И” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг хариуцагчаар тодорхойлон маргасан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллага, албан тушаалтны ямар үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн болохыг анхаарч үзэлгүйгээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасны дагуу хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих, хэрэв нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч шүүхээр зөрчигдсөн гэж үзсэн эрхээ хэрхэн сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хэрхэн хөндөгдсөн болохыг дүгнэж, жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь шүүхийн үүрэг учраас анхан шатны шүүхээс дээрх хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу жинхэнэ хариуцагчийг татан оролцуулах нь зүйтэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан гаргавал зохих акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эсхүл шаардлагатай акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой.
Гэтэл нэхэмжлэгч “Б-И” ХХК-иас “MV-000000 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайг шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа захиргааны хэзээ гаргасан, ямар татгалзал, эсхүл эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж байгаа болохоо тодорхойлон маргаагүй байхад тодруулаагүй байна.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН