Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2026/0082

 

Н.А-ын нэхэмжлэлтэй,

 Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                               Г.Банзрагч

                                                                  Д.Батбаатар

       М.Батсуурь

Илтгэгч шүүгч:                                      П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2026/0015 дугаар шийдвэртэй хэргийг, нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, С.М нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн шаардлага: Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 55 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

2.Хэргийн нөхцөл байдал: Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол нь “Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан “АМНАТ-ийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, “3.11, 3.12” гэсэн дараах агуулга бүхий заалтыг нэмсэн. Үүнд: 3.11-д “Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна” гэж, 3.12-т “Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө” гэжээ.

3.Тодруулбал, дээрх агуулга бүхий хоёр заалт нэмэгдсэнээр ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг буюу түүнээс дээш хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан бол нийт экспортод гаргасан тухайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнээр тооцохоор болж, уг заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөхөөр тогтоосон байна.

4.Нэхэмжлэгчээс “... Энэ өөрчлөлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2, 47.16-д заасан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнээр тогтоох зохицуулалтыг зөрчсөн буюу хуулиар нэгэнт тодорхой зохицуулсан асуудлыг өөрөөр зохицуулсан. Засгийн газрын 55 дугаар тогтоол нь улсын төсвийн орлого буюу нийтийн өмчийг 50 тэрбум төгрөгөөр бууруулах үр дагавартай, улсын төсвийг хохироосон. Засгийн газар журмаар дамжуулан хуулийн 47.2-т заасан борлуулалтын үнэлгээний үндсэн зарчмыг өөрчлөх эрхгүй буюу Засгийн газар өөрт олгогдсон эрх хэмжээнээс хэтрүүлсэн” гэж,

5.Хариуцагчаас “... Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д “АМНАТ-ийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу 2019 оны 465 дугаар тогтоолоор АМНАТ төлөх журмыг баталсан бөгөөд уг журамд нэмэлт өөрчлөлт оруулах нь Засгийн газрын бүрэн эрх. Энэ тогтоол хэрэгжсэнээр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо бий болж, Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн бодит мэдээллийн эх сурвалж болж байгаа. 55 дугаар тогтоол нь зөвхөн татвар бууруулах зорилготой бус, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг идэвхжүүлэх, бодит зах зээлийн үнийг ил тод болгох, гэрээний үнээс хамаарах эрсдэлийг бууруулах, татварын бааз суурийг өргөжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах бодлогын арга хэмжээ байсан” гэж тус тус маргажээ.

6.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам” нь хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” хэмээн эрх шилжүүлсний үндсэн дээр батлагдсан, бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулж буй суурь захиргааны хэм хэмжээний акт байна.

6.2.Тус журмын 3 дугаар зүйлд “Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааг идэвхжүүлэх” зорилгоор маргаан бүхий Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор 3.11 дэх заалтыг нэмж, 3.12 дахь заалтаар тухайн нэмсэн заалтыг тодорхой хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөхөөр тогтоосон нь агуулга болон эрх зүйн үр дагаврын хувьд дурдсан хугацаанд экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлоход Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дэх хэсэгт заасан олон улсын зах зээлийн үнэлгээг баримтлах заалтад нийцэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасныг зөрчсөн. Тогтоолын улмаас татварын орлого 9.6 тэрбум төгрөгөөр бууруулсан сөрөг үр дагавар бий болсон болох нь тогтоогдож байна.

6.3.Гэвч нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон бөгөөд … хууль тогтоогчоос захиргааны хэм хэмжээний актын хувьд захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох нэхэмжлэлийн шаардлагын төрлийг тухайлан тодорхойлж, шүүхээс гаргах боломжтой шийдвэрийн төрлийг “хүчингүй болгох” эсхүл “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” хэмээн тусгайлан зааж, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн хуульчилсан. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол нь “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд” дагаж мөрдөгдөн, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон. Хариуцагчаас тухайн тогтоолын үйлчлэлийг сунгасан болон агуулгаар нь дахин сэргээсэн тогтоолыг шинээр гаргаагүй байх тул захиргааны актын адил “хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

7.Нэхэмжлэгч Н.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Шүүх “Засгийн газрын тогтоол нь хууль бус” гэж үзсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Засгийн газрын 55 дугаар тогтоолыг “хууль бус байсан болохыг тогтоох, хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаар байтал ийм нэхэмжлэл гаргаагүй гэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

7.2.Захиргааны актыг хүчингүй болгохын тулд уг актыг “хууль бус” гэдгийг шүүх тогтоох шаардлагатай байдаг. Энэ ч үүднээс нэхэмжлэгч маргаж байгаа захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох агуулгатай шаардлагыг мөн гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж байгаа акт хэрэгжээд үйлчлэл нь дуусгавар болсон, маргаж байгаа захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн.

7.3.Гэтэл шүүхээс 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар төрийн татварын орлого 9.6 тэрбум төгрөгөөр буурахгүй байх буюу төрөөс энэ хэмжээний орлогоо буцаан авах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 7.4.Хэрэв ийм байдлаар цаашид дотоодын бирж нь “олон улсын зах зээлийн үнэ мөн” гэвэл магадгүй өнөөдрөөс эхлэн уул, уурхайн компаниуд “бид дотоодын биржээр ингэж арилжсан” гэсэн агуулга хөндөгдөж болзошгүй. Улсын Их Хурлаас улс төрийн шийдвэр гаргаж “Засгийн газрыг биелүүл” гэсэн бол энэ нь зөв. Хууль хэрэгжүүлж, хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэж байгаа тохиолдолд Засгийн газраас хуулиар тогтоосон асуудлыг өөрчлөх эрх хэмжээ байхгүй.

7.5.Мэдээж хэрэг төсвийн орлого нь нийтийн өмчид хамаарна. Мөнгө нь өмчийн нэг хэсэг. Иргэд авах ёстой мөнгөө нэхэмжлэн авдаг. Төр хураан авах ёстой мөнгөө хураан авах зохицуулалт байгаа. Тэгэхээр хэдэн төгрөг байсан ч нийтийн өмч болох ёстой боломжийг Засгийн газар хууль зөрчиж хязгаарласан байна. Энэ асуудлаар өмгөөлөгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байна. Улсын төсвийн 9,600,000,000 төгрөгийг хохироосон асуудлыг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Дараах үндэслэлээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Нэг.Нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

9.1.Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллагад өргөдөл, гомдол, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй …” гэж тус тус зааснаар өмгөөлөгч Н.А- нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх хуулиар тусгайлан олгосон эрхтэй бөгөөд маргаж буй асуудал нь “нийтийн өмчийг хамгаалах” (төсвийн хөрөнгө бүрдүүлэхтэй холбоотой) агуулгатай байх тул нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10.Хоёр:Нэхэмжлэлийн шаардлагын төрлийн тухайд:

10.1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасан. Улсын дээд шүүхээс өмнө нь “захиргааны хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг өөр өөрөөр шийдвэрлэсэн байна. Тухайлбал, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” зэрэг 7 төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй[1] захиргааны хэрэгт нэхэмжлэлийг хангаж, захиргааны хэм хэмжээний актыг хууль бус болохыг тогтоож байсан бол “Нексусзоне” ХХК болон нэр бүхий 9 компанийн нэхэмжлэлтэй[2] захиргааны хэрэг, “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй[3] захиргааны хэрэгт “захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэр гаргах боломжгүй, нэхэмжлэлийн төрөлд байхгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд хяналтын шатны шүүхээс энэхүү зөрүүтэй байдлыг арилгаж, цаашид хууль хэрэглээг тогтоох нь зарчмын хувьд ач холбогдолтой гэж үзлээ.

10.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж захиргааны хэм хэмжээний актад холбогдуулан гаргах нэхэмжлэлийн төрлийг тусгайлан заасан.

10.3.Хэрэв маргаан бүхий Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол эрх зүйн үйлчлэлтэй байсан бол нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулийн дагуу “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн төрлийг гаргах боломжтой байсан. Гэвч энэ тохиолдолд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухайн тогтоолын үйлчлэл дуусгавар болсон тул “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргажээ.

10.4.Шүүх уг маргааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэснийг тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзлээ.

10.5.Учир нь, дээрх хуулийн заалт дахь “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон… бол…” гэсэн урьдчилсан нөхцөлийн агуулга нь захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм. Тодруулбал, хууль бус актыг хүчингүй болгуулахаар маргах тохиолдолд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. Хэрэв хууль бус захиргааны актын улмаас эрх нь зөрчигдсөн этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан бол тухайн акт хууль бус байсан ч (илт хууль бусаас бусад тохиолдолд) “хүчин төгөлдөр” болж, хөдөлбөргүй бэхжих эрх зүйн үр дагавартай.[4] Өөрөөр хэлбэл, нэгэнт хүчин төгөлдөр болсон актыг “хууль бус байсан болохыг тогтоолгох” боломжгүй тул ийнхүү маргах боломжийг хаах үүднээс дээрх нөхцөлийг хуульд тусгайлан заасан. Тодруулбал, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаагаа алдалгүйгээр хууль бус актыг хүчингүй болгуулахаар маргасан, гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон тохиолдолд нэхэмжлэгчид хамгаалагдах эрх байгаа бол шүүх маргааныг хянан шийдвэрлэнэ. 

10.6.Харин захиргааны хэм хэмжээний акт нь нийтэд чиглэсэн, нийгмийн харилцааг давтамжтайгаар зохицуулдаг “эрх зүйн эх сурвалж” болохын хувьд ямар нэгэн “хөөн хэлэлцэх” хугацаа өнгөрснөөр хүчин төгөлдөр болох, ингэснээр эрх нь хөндөгдсөн этгээдийн зүгээс маргах эрхээ алдах тухай ойлголт байхгүй юм.

10.7.Иймд нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл дуусгавар болсон хойно “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан нөхцөлийг зөрчихөөргүй байна.

10.8.Нөгөөтээгүүр, захиргааны хэм хэмжээний акт нь эрх зүйн эх сурвалж болох хувьдаа тодорхой этгээдэд хандсан захиргааны (нэг удаагийн) актын эрх зүйн үндэслэл болох нь цөөнгүй. Хэдийгээр захиргааны байгууллага гаргасан актаа өөрөө хүчингүй болгосон, эсхүл тодорхой цаг хугацаанд үйлчлээд дуусгавар болсон ч тухайн хэм хэмжээний актыг үндэслэн гарсан захиргааны акт нь хандсан этгээдүүдийнхээ хувьд дарамт учруулсаар байх зэргээр сөрөг үр дагавар үүсгэсээр байх боломжтой. Иймд эрх нь зөрчигдсөн этгээдийн зүгээс захиргааны хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох эрх ашиг байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь “хууль дээдлэх зарчим” болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, агуулгад буюу захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцэх юм.

10.9.Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан бөгөөд цаашид “гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хууль тогтоогчийн эрхэд халдахгүй байх, дахин хууль зөрчсөн шийдвэр гаргаж нийтийн эрх ашгийг зөрчихгүй байхыг хариуцагчид анхааруулах “нийтийн ашиг сонирхол байна” гэж тайлбарлаж байх тул шүүх холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

11.Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын тухайд:

11.1.Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан эрх зүйн шаардлагыг хангах учиртай.

 11.2.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно” гэж, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;” гэж тодорхой заасан байна.

11.3.Гэтэл Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор АМНАТ төлөгчийн экспортод гаргасан ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг илтэд зөрчсөн, иймээс Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “… бусад хуульд нийцсэн байх…” эрх зүйн шаардлагыг хангаагүй тул хууль бус, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

11.4.Хариуцагчаас “маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг дэх “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэснийг үндэслэл болгосон” гэж тайлбарладаг ч, хариуцагч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар нэгэнт зохицуулсан асуудлыг өөрөөр зохицуулах, хуулиар хориглоогүй асуудлыг хориглох зэргээр эрхээ хэтрүүлж болохгүй. Тухайн тохиолдолд хариуцагч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хуульд заасны дагуу ашигт малтмал экспортлогчийн борлуулалтын үнэлгээг “олон улсын зах зээлийн үнэ”-ээр тооцохоос бус дотоодын зах зээлийн үнийг үндэслэн тооцох тухай тогтоол гаргах эрхгүй байна.

11.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсгийг үндэслэн “55 дугаар тогтоолыг гаргасан” гэж тайлбарладаг боловч 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаар Засгийн газарт олон улсын зах зээлийн үнийн эх сурвалжийг нэрлэн заах эрх олгосноос бус, дээр дурдсанаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дотоодын арилжааны үнээс тооцох журам гаргах эрхийг олгоогүй. Энэ утгаараа Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “хэм хэмжээний акт нь тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

11.6.Мөн хариуцагчийн “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан, биржийн үнэ нь улсын хил залгаа хилийн боомтын үнээр зарлагдаж байгаа, оролцогч талууд нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд оролцдог” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн “... ийм байдлаар дотоодын биржийн үнэ нь “олон улсын зах зээлийн үнэ мөн” гэвэл магадгүй өнөөдрөөс эхлэн уул, уурхайн компаниудын хувьд олон улсын зах зээлийн үнийг судлах, үндэслэх хэрэгцээ шаардлагагүй болж, цаашдаа дотоодын биржийн нэрлэсэн үнээр төлбөр төлөх үр дагаварт хүрч, хуулиас зөрсөн жишиг тогтоно…” гэсэн тайлбар үндэслэлтэй.

11.7.Учир нь, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т ““уул уурхайн бүтээгдэхүүний бирж” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, хараат бус, өрсөлдөөний үндсэн дээр зохион байгуулж, арилжааны гэрээ, хэлцлийг зуучлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий энэ хуулийн 5.1-д заасан хуулийн этгээдийг ойлгоно” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана” гэж тус тус зааснаас үзвэл “хил залгаа улсын хилийн боомтын үнэ”-ийг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн “олон улсын зах зээлийн үнэ”-тэй адил гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д тусгайлан заасан “олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлах”-аас өөр агуулгатай буюу хилийн боомтын үнэ нь “олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджаар тогтоогдох үнэ байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй юм.

11.8.Түүнчлэн, Татварын ерөнхий газрын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/1937 дугаар албан бичигт “Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол батлагдсанаас хойш хугацаанд нийт гаргасан экспортын тоо хэмжээ нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг хангаж буй 5 татвар төлөгч байгаагаас тус 5 татвар төлөгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдолд Засгийн газрын тогтоол батлагдсантай холбоотойгоор хэр хэмжээний өөрчлөлт орохыг тооцож үзэхэд, 2025 оны 08 дугаар сараас 12 сарын хугацаанд 3 татвар төлөгчийн ногдол 17.6 тэрбум төгрөгөөр буурсан, 2 татвар төлөгчийн ногдол 453.6 сая төгрөгөөр нэмэгдсэн, хэдийгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдол 17.2 тэрбум төгрөгөөр буурах боловч, үүнээс хамаарч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдол 7.6 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна. Иймд тогтоол хэрэгжсэнээр татварын орлого 9.6 тэрбум төгрөгөөр буурсан байна” гэснээс үзэхэд Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн буюу төсвийн орлого буурах үр дагавар үүсгэсэн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

12.Иймд, маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт хууль бус байсан бөгөөд үүний улмаас нийтийн эрх ашиг зөрчигдсөн болох нь тогтоогдсон, шүүх нэхэмжлэлийг хангаснаар хариуцагч дахин хууль зөрчиж нийтийн эрх ашгийг зөрчихгүй байхыг анхааруулах ач холбогдолтой, үүгээрээ нэхэмжлэгчийн буюу “нийтийн хамгаалагдах ашиг сонирхол байна” гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

13.Гэхдээ нэхэмжлэгчийн тайлбарласанчлан, “нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар төрөөс татварын орлого 9.6 тэрбум төгрөгөөр нөхөн авах, төсвийн алдагдлыг холбогдох аж ахуйн нэгжүүдээр буцаан төлүүлэх боломж бүрдэнэ” гэх тайлбар үндэслэлгүй, учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж зааснаар шүүхийн шийдвэр гарснаар эрх зүйн үр дагавар үүсдэг, нөгөөтэйгүүр шүүхээс маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт хууль бус байсныг тогтоосноор татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, нэгэнт дууссан татварын харилцааг дахин сэргээж, нөхөн татвар ногдуулах үндэслэл болохгүй.

14.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2026/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийг хангаж, Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 55 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                   Д.БАТБААТАР

                                                   М.БАТСУУРЬ

    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоол

 

[2] Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар тогтоол

[3] Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар тогтоол

[4] Эрх зүйн найдвартай байдлын зарчим (Rechtssicherheit), захиргааны акт “хүчин төгөлдөр” гэх таамаглал/итгэл (Presumption of Validity), эрхийн хайхрамжгүй байдлыг эс зөвтгөх зарчим (Vigilantibus non dormientibus iura subveniunt)-аар тайлбарлагдана.