Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 32

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Эрдэнэ овгийн Д.А-н нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

 

           Гуравдагч этгээд: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Т

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын  24-рт Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Т гэсэн хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын М.Т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, гуравдагч этгээд М.Т, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д овогтой А миний бие нь 1990 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт тасралтгүй 17 жил төрийн захиргааны албыг хашиж буй бөгөөд үүнээс сүүлийн 12 жил нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажилласан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А /10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. 

        Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд миний ажиллаж байсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага  өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар заасан. 

      Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15 дугаар хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. 

           Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын 5 дугаар хэсэгт хуульд заасан эрх хэмжээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлон хүргүүлж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгасан. Үүний дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 тоот албан бичгээр тогтоол хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгч, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн ажиллах чиг үүргийг зааж өгсөн.

 Энэ нь чиг үүрэг хэвээр хадгалагдсан байгааг илтгэж байна. Энэхүү чиг үүрэг нь 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол Улсын сайдын ХЭГ1696 тоот албан бичгээр ирүүлсэн нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэгтэй адилхан байна. Мөн Сангийн сайдын 2015 оны 90 дүгээр тушаалаар “Орон нутгийн санхүү, төрийн сангийн ажилтны ажил үүргийн жишиг заавар”-ыг баталж батлагдсан өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг орон нутгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт даалгасан. Энэ зааврын хүрээнд ажлын байрны тодорхойлолт боловсруулагдаж мөрдөгдөх ёстой.

            Иймд ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалин 11.109.706 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Ажлаас чөлөөлсөн тушаал бол зөвхөн бүтцийн өөрчлөлт хийгдсэн учраас гарсан тушаал байгаа. Гэтэл өнөөдөр хариуцагч тал ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “ажлын байр санал болгосон, зөрчил гаргасан, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа” гэсэн 3 үндэслэлийг хэлж байна. 

          Аливаа нэг төрийн албан хаагч албан тушаалаа ямар нэгэн дарамт шахалтгүй ажиллах эрхтэй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3-т бүтцийн өөрчлөлт хийгдсэн тохиолдолд хамгийн гол зохицуулсан зүйл бол ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тохиолдолд цааш үргэлжлүүлэн ажиллахыг зохицуулж өгсөн. Үүнээс үзэхэд өөр ажил санал болгох нөхцөл байдал байхгүй байна. 

          Д.Ариунжаргалын гэм буруугийн асуудал шүүхийн журмаар өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй. Шүүхээр тогтоогдсоноос бусад тохиолдолд хэн нэгнийг эрүүгийн хэрэгтэн гэдэг байдлаар цоллож ажлаас чөлөөлөх эрхийг ямар нэгэн албан тушаалтанд олгосон эрх зүйн зохицуулалт байхгүй.

           Гуравдагч этгээдийн томилогдсон асуудал бол Д.Ариунжаргалын эрх ашгийг хөндөөгүй гэж байна. Гуравдагч этгээдийг Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхээс эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэсэн учраас гуравдагч этгээдээр татсан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар тухайн ажил дээр сул орон тоо гараагүй байгаа. Иймээс сонгон шалгаруулалт явуулах нөхцөл бүрдээгүй.  

           Д.Ариунжаргалыг өөр ажил дээр ажиллаж байгаа гэж байна. Хүний хөдөлмөрлөх эрхийг ямар нэгэн байдлаар хаах эрх байхгүй. Хэрвээ Д.Ариунжаргал ажлаа хийх хугацаандаа өөр ажил давхар хийсэн бол энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн үйлдэл болно. Ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж болохгүй гэсэн ямар нэгэн хуулийн зүйл заалт байхгүй. Энэ ажилласан хугацаанд авсан цалин, хөлсийг нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговортой дүйцүүлэн олгоно гэсэн хуулийн зохицуулалт мөн байхгүй.

          Аймгийн Засаг даргаар зуулчлуулан ажиллаж байгаа гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Ариунжаргал нь тус Тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 

Д.Ариунжаргалыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах санал тавьж ажлаас чөлөөлсөн. Одоо энэ асуудлыг холбогдох байгууллагатай тохиролцон шийдвэрлээд байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах болно. Түүнд ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

Гуравдагч этгээд М.Төмөрчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Улсад 32 жил, үүнээс 28 жилд нь төрийн албаны төрийн захиргааны байгууллагад ажилласан. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч цолтой, удирдахуйн ухаанаар магистр хамгаалсан. 

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхийн суудал авч аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд өөрчлөлт орсон байдаг. Би МАН-ын гишүүн хүн. Надад намаас 3-4 ажлын байрны санал ирсэн. Би ТББ-д ажилладаг, бага ч гэсэн цалинтай байсан учраас бусад нөхөддөө боломж олгох зорилгоор эхний удаад дээрх ажлын байрны саналаас татгалзаж байсан. Ер нь аймгийн Засаг дарга З.Энхтөр хуучин ажиллаж байсан хэлтсийн дарга нарыг төрийн албаны залгамж чанарыг хадгалан өөрчлөхгүй байх чиглэл баримталж байсан төдийгүй Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ариунжаргалыг өөрчлөх бодолгүй юм байна гэж би ойлгож байсан. 2016 оны 07 сард томилогдсоноосоо хойш 2017 оны 02 сар хүртэл 7 сар гаруй хугацаанд итгэл хүлээлгэж хамтран ажилласан. Энэ хугацаанд ажлын бүтээмж муу, харилцан ойлголцож ажиллах боломжгүй юм байна та СТСХэлтсийн даргаар ажиллах бодол байна уу гэсэн санал хэлсэн. Д.Ариунжаргал даргын дараагийн ажлыг нь яах гэж байгаа тухай асуухад Тамгын газар дотор нь өөр ажилд томилох бодолтой байгаа цалин хөлсийг нь бууруулахгүй гэж хэлж байсан. 

           Ийм учраас би ч бас төрийн албанд 30 гаруй жил ажиллалаа. Мэргэжлийнхээ ажлыг хийе гэсэн саналаа хэлж уг албан тушаалд томилогдсон. 2017 оны 04 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод Төрийн албаны зөвлөлөөс зарласан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байран дээр шаардлага хангагдсан учраас бүртгүүлээд шалгалтанд орж тэнцсэн төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/25 тоот тушаал гарснаар Д.Ариунжаргал нь ажлаас чөлөөлөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Шийдвэрийн хувьд хууль зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны актын хувьд хэлбэрийн болон процессийн шаардлагыг бүрэн хангасан. Гуравдагч этгээдийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагуудыг бүрэн хангасан учир төрийн алба хаах эрхтэй. Гуравдагч этгээд томилогдсноор нэхэмжлэгч чөлөөлөгдөөгүй мөн гуравдагч этгээдийг чөлөөлснөөр нэхэмжлэгчийн эрх бүрэн сэргэхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

   

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч нь анх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын Д.Ариунжаргалд холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

      Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24-рт Санхүү, төрийн сангийн  хэлтсийн дарга М.Төмөрчулуун гэсэн хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж  байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргуулах гэж нэмэгдүүлэн өөрчилсөн.

 

      Хэрэг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын 1 дэх хэсгийн Мичиджамбын Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодорхойлжээ.

 

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

             Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 заалтууд болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ. 

 

      Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь энэ тушаалын нэгдүгээр хавсралт “Бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлаас чөлөөлөгдөх албан хаагчдын жагсаалт”-ын 33 дугаарт бичигдэн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн  хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. 

 

    Ийнхүү чөлөөлсөн албан хаагчдаа буцааж албан тушаалд томилохдоо Д.Ариунжаргалыг ажилд томилолгүй тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24 дугаарт М.Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн  хэлтсийн даргаар томилж мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтаар Мичиджамбын Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

     

    Хариуцагчаас Д.Ариунжаргалыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах талаар санал тавьж ажлаас чөлөөлсөн. Энэ асуудлыг холбогдох байгууллагуудтай тохиролцоод шийдвэрлээд байгаа бөгөөд цаашдаа хамтран ажиллана, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөхгүй, анх ажлаас чөлөөлөхдөө өөр ажлын санал тавиагүй учраас ажилдаа орно гэж маргаж байна.

      

      Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагч захиргааны байгууллагаас анх нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг өөр ажилд шилжүүлэх талаар саналыг нь асууж ярилцаж тохиролцсон болон одоо ажиллаж байгаа Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн төслийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулсан байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

 

      Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ.

 

      Нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн төслийн ажилтан нь төрийн байгууллагын өөр албан тушаал биш байх тул түүнийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

    

      Засгийн газраас тогтоосон аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 тоот тушаалаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан Санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж, нэгжийн даргын орон тоо хасагдаагүй байна.

     

      Хэрэгт авагдсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2016 онд хийх ажлын чиглэл /хх-59/, Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Заавар батлах тухай” 90 тоот тушаал /хх-65/, Орон нутгийн санхүү, төрийн сангийн ажилтны ажил үүргийн жишиг заавар /хх-66/, Үр дүнгийн гэрээ /хх-78/, Ажлын байрны тодорхойлолт /хх-124/, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгөх тухай” ХЭГ/1433 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгчийн эрхэлж байсан Санхүү, төрийн сангийн даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байх ба Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх талаар талууд маргаагүй болно.

 

      Иймд дээрх үндэслэлүүдээр хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг зөрчсөний улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24 дугаарт М.Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын М.Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Д.Ариунжаргалыг өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.  

 

      Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацааны 7 сарын  дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 11331530 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас, аймгийн Засаг даргын Тамгын газраас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж  нэрээр 2592633 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, мөн үүнээс гадна 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс  “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн төслийн ажилтнаар ажилласан хөлс 849000 төгрөг, 5,6,7,8 дугаар саруудын хөлс 4240000 төгрөг нийт 5089000 төгрөг байх тул цалин хөлснөөс уг тэтгэмж болон ажлын хөлсийг хасаж, үлдэх 3649897 /гурван сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг  хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг тус тус баримтлан Д.Ариунжаргалын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24 дугаарт М.Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын     М.Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Д.Ариунжаргалыг өмнө хариуцан гүйцэтгэж  байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

        2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 11331530 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас, аймгийн Засаг даргын Тамгын газраас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж  нэрээр 2592633 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, мөн үүнээс гадна 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс  “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн төслийн ажилтнаар ажилласан хөлс 849.000 төгрөг, 5,6,7,8 дугаар саруудын хөлс 4.240.000 төгрөг нийт 5.089.000 төгрөг байх тул цалин хөлснөөс уг тэтгэмж болон ажлын хөлсийг хасаж, үлдэх  3.649.897 /гурван сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

 

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

        

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 

                       

                           

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАЯРЦОГТ