Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ХШТ/15

 

А.Т, Б.Днарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Галхүү, шүүгдэгч А.Т-гийн өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1089 дүгээр магадлалтай, А.Т, Б.Д нарт холбогдох 2202005830109 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Галхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, … онд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1069 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, А.Т.

Монгол Улсын иргэн, … онд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй,Б.Д.

Шүүгдэгч А.Т нь Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийн хохирогч Б.Д-гийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болгон өөрийн Хаан банкны ….. тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төгрөгийг “ок”, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөг шилжүүлэн авсан,

Шүүгдэгч Б.Д нь Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Т-д албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Хаан банкны … тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Т-гийн Хаан банкны …. тоот данс руу шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Д-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-д нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилээр хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Т-гийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 3 жил 2 сар 17 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилээр хасаж, 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд,

шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Т-гийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Галхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Б.Д хохирогчоор тогтоогдсон хэргийг мөрдөгч А.Т шалгаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн шүүгдэгч нар нэг нэгэндээ мөнгө өгч, авсан үйл баримтад маргадаггүй. Прокурорын болон шүүхийн шатанд мөнгө өгч, авсан үйл баримтын шалтгаант холбоог тогтоолгүйгээр зөвхөн таамгаар шүүгдэгч нарыг яллагдагчаар татаж гэм буруутайд тооцсон нь хэргийн үйл баримтад нийцэхгүй байна. Хэргийн нөхцөл байдлаас авч үзэхэд Б.Д А.Т-гээр дамжуулж түүний ээжээс виски худалдаж авсан үйл баримт гэрч н.З, н.О нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл дээрх гэрчүүдийн мэдүүлэгт тайлбар, няцаалт хийгээгүй. Тэгэхээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Мөн ялласан үндэслэлтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад яллагдагчаар татсан ба хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэр нь хоорондоо зөрүүтэй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Т-гийн өмгөөлөгч О.Анхбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... мөрдөгч А.Т шалгаж буй хэргийн хохирогч Б.Д-гаас 110,000 төгрөг авсныг прокурор хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор авсан буюу албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж ялладаг. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар тогтоолоор хахууль өгөгч, авагч этгээдүүд нэг нэгэндээ амлалт өгч, нэг нь амлалтыг биелүүлсэн байхыг ойлгохоор тайлбарласан байдаг. Гэтэл хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэхээр хэзээ, хаана ямар байдлаар амлалт өгсөн байдлыг тогтоож чадаагүй. Зөвхөн нэг нь хохирогч, нөгөө нь мөрдөгч учир мөнгө шилжүүлсэн үйл баримт нь хахуулийн гэмт хэрэг байж таарна гэсэн таамгаар явсаар хэрэг хоёр шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Мөрдөгч А.Т-д Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс харьяаллаар ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт хохирогч Б.Д-гаас 3 удаа, гэрчээс нэг байцаалт аваад хэргийг буцаагаад явуулсан байдаг. Энэ хэрэг одоо шүүхээр шийдвэрлэгдэх гээд явж байгаа бөгөөд хохирогчид ямар нэгэн давуу байдал үүссэн байдал ажиглагддаггүй. Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, нотлогдоогүй байхад шүүгдэгч нарыг ялласан гэсэн байр суурьтай байна” гэв.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч нар тус мөнгийг “архи худалдан авсан төлбөр” гэж мэдүүлсэн байх боловч шүүгдэгч А.Т нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн хэргийн хохирогч Б.Д-гаас албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө түүнээс 2 удаагийн “ок”, “амжилт” гэх гүйлгээгээр нийт 110,000 төгрөгийг хахуульд авсан, шүүгдэгч Б.Д нь дээрх мөнгийг хахуульд өгсөн нь тогтоогдсон байна. Хахууль авах гэмт хэрэг нь хор уршиг, үр дагавар шаардахгүйгээр хахууль авсан эсхүл шаардсанаар төгсдөг гэмт хэрэг юм. Шүүгдэгч А.Т нь хуульд заасан үүргээ чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос эргэлзээ бүхий утгатай гүйлгээ хийхээс татгалзах үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, шүүхээс хэргийг хэлэлцэхэд саад болсон болон хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шүүхийн шийдвэр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлсэн хууль зүйн дүгнэлтэд тулгуурласан хууль хэрэглээний жишиг болохуйц баримтат бичиг юм.

Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэмт хэрэгт тооцогдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалтад хамаарч байгааг холбогдох зүйл, заалтыг шийтгэх тогтоолд шууд нэрлэн зааж хэрэглэх учиртай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцийг хуульчлан тогтоосон болно.

Хуульд тусгайлан зохицуулаагүй асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар дэлгэрүүлэх байдлаар тайлбарлан журамласан болохыг дурдах нь зүйтэй.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох, хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан хэрэгт шийтгүүлсэн бол холбогдох зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заах бөгөөд тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгосноор шүүхийн шийдвэр хуулийн хүчинтэй болно.

Гэтэл А.Т, Б.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Д-д ямар хуулийн ямар зүйл, заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь бичигдээгүйгээс гадна 3 дахь заалтын шүүгдэгч А.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох ял дээр өөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэгтгэсэн нь тодорхойгүй орхигдуулсан явдал нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны шаардлагад нийцээгүйн дээр энэхүү алдаа нь шүүхийн шийдвэрт залруулга хийх үндэслэлд хамаарахгүй байна.

Дээрх алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлага буюу шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгагдвал зохих асуудал болох Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж буйг нэг бүрчлэн тодорхой нэрлэн зааж тусгаагүй явдал нь хууль хэрэглээний ноцтой зөрчил гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх нь хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу доод шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан магадлах учиртай билээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг илрүүлэн зөвтгүүлэхийн оронд тухайн алдааг хэвээр үлдээсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1089 дугаар магадлалын тус тус хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

              ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                     Б.ЦОГТ