Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/02125

 

 

     

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/12249 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгө ашигласны төлбөр 7,219,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 4,812,900 төгрөг, алданги 2,406,450 төгрөг нийт 7,219,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, үндэслэлээ ******* ХХК нь оффисын зориулалттай талбайг 3 cap 29 хоногийн хугацаанд ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр оффисын талбайг хүлээлгэн өгсөн, гэрээний төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж тайлбарласан.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ тухайн оффисын байр нь гадна талбайн орчинд автомашины зогсоолын хүрэлцээ муутай, мөн зочид үйлчлүүлэгчид буудлын хаалгаар дамжин ордог байснаас төөрөгдөл үүсэх зэрэг компанийн үйл ажиллагаанд хүндрэл учирч байсан, мөн бага насны хүүхдүүдээ харж гэрээр ажиллах шаардлага нөхцөл үүссэн зэрэг шалтгаанаар гэрээг цуцлах хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 10 дугаар сарын сүүлээр тухайн 604 тоотын өрөөг нь суллаж, дотор нь байсан тавилга, эд зүйлээ авсан боловч тухайн үед өрөөг хүлээлцсэн талаар акт баримт үйлдээгүй, гарын үсэг зураагүй, 2022 оны 11 сараас хойш 609 тоотын өрөөг ашиглаагүй тул түрээсийн төлбөр, алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3. Хэргийн баримтаар ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороолол, ******* хаягт байрлах ******* байр ******* төвийн ******* давхрын ******* тоот, 27.8 м.кв талбайг оффисын зориулалтаар хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, 1 м.кв талбайн үнийг 50,000 төгрөгөөр тооцон хариуцагч нь сард 1,390,000 төгрөг төлөх, уг түрээсийн төлбөрт түрээсийн өрөө, барилгын нийтийн ус, дулаан, цахилгаан, харуул хамгаалалт, 00 ашиглалт болон ашиглалтын бусад зардлыг оруулан тооцохоор, түрээсийн төлбөрийг cap бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилан төлөхөөр талууд харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр талын төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, компанийн тэмдэг даржээ. /хх-18-23/

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатын шүүх зөв дүгнэсэн тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээсэлж байгаа тохиолдолд тухайн хэсгээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд талуудын байгуулсан гэрээний хувьд нийт 5657 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг буюу 27.8 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзнэ.

Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хангахгүй.

 

5. Нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагчаас гэрээний үүрэгт 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 886,500 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь оффисын зориулалттай талбайг хариуцагч түрээсийн гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сар 29 хоног эзэмшиж, ашиглаад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэж өгсөн гэж үзэж энэ хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн бол хариуцагч түрээсийн зүйлийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ашиглаад талбайг чөлөөлсөн, гэрээ цуцлах мэдэгдлийг цахимаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд талууд гэрээ цуцлагдсан хугацаа, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээний талаар маргасан байна.

 

6. Хариуцагч нь ******* тоот өрөөг түрээслэн ажиллах боломжгүй тухайгаа тус төвийн оффисын ашиглалт хариуцсан менежер *******д утсаар болон амаар мэдэгдэж, өрөөг нь сулласан, 2022 оны 11 дүгээр сараас тухайн 604 тоотын өрөөг ашиглаагүй гэж маргасан боловч гэрээнээс татгалзах болон цуцлах талаар нөгөө талдаа бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэргийн баримтаар 2022 оны 10 дугаар сарын сүүлээр үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Тодруулбал, хэргийн 91 дүгээр талд авагдсан хариуцагчийн төлөөлөгч болон нэхэмжлэгч байгууллагын ажилтан нарын хооронд харилцсан чатаар хариуцагчийг гэрээ цуцлах мэдэгдлийг зохих журмын дагуу гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй ба хариуцагч гэрээг цуцалж, түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэх үндэслэл хэргийн баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг тооцож гаргасан анхан шатын шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

8. Харин анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж хариуцагч ******* ХХК-аас түрээсийн төлбөрт 4,126,540 /3*1,390,000+1,390,000:30*29-886,500-500,000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч нь алданги 2,406,450 төгрөг шаардсаныг анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээ нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр хугацаанаас өмнө дуусгавар болсон тул үүргийн харилцаанаас үүсэх нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болно гэж дүгнэж алданги 2,406,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

10. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаарыг 197/2025ШШ/12249 гэж дугаарласныг 197/ШШ2025/12249 гэж, мөн хариуцагч ******* ХХК нь нэрээ өөрчилж ******* ХХК нэртэй болсон байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн нэрийг хуучин нэрээр буюу ******* ХХК гэж буруу бичсэн байгааг тус тус залруулж, зөвтгөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/12249 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний Хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 4,126,540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,092,810 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 83,956 гэснийг 80,974 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН