Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 462

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогч Ш.Снарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________, дугаарын регистртэй, Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 15 дугаар гудамжны 118а тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ш.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн Б.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүн болох хамтран амьдрагч Ш.Сг 2017, 2018 онд байнга зодсон гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эгийн өгсөн:

“...2018 оны 11-р сарын 17-нд би хүнээс мөнгө аваад 50.000 төгрөгийг нь авч үлдээд бусдыг нь эхнэрт өгсөн. Тэгээд би нэг шил 250 грамм архи уусан дахиад нэг шил 0,5 литрийн архинаас 100 грамм уусан. Тэгээд гэрт ороод Б хамт нэг шил 0,5 литрийн архи авч уусан. Тэгээд гэрт ороход эхнэр С- надад хоол хийж өгсөн. Уг хоол нь давсгүй байсан болохоор би уурлаад тэгээд эхнэр С-г түлхээд унагасан. С- унаад хөл нь гэмтсэн. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулсандаа уучлалт гуйж байна, гэм буруугаа ухаарч байна...” гэх мэдүүлэг /хх-н 24-25, 29-30/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Сгийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 17-нд манай нөхөр Энамайг ажлаас ирж аваад бид хоёр хамт гэрт очсон. Тэгээд архи аваад өг гээд хүүхдээр архи дэлгүүрээс авхуулаад уучихсан. Дахиад өөрөө дэлгүүр орж архи авч уусан. Хөдөө ажлаар яваад ирсэн байсан болохоор хөдөө ажиллаж байгаад ирсэн гээд дайраад уурлаад байсан. Манай хүү намайг хамгаалаад хоорондоо маргалдсан. Намайг орон дээрсууж байхад намайг заамдаж татаж босгож ирээд түлхэж унагаасан. Миний хөл гар эвгүй болоод би гараад цагдаа дуудсан. Манай нөхөр архи уухаараа агсам тавьдаг...” гэх мэдүүлэг /хх-н 13-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 17-ны орой Эбид хоёр архи уусан.  2 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд намайг унтаж байхад Эээж С-тэй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би босоод боль гэчихээд хувцсаа өмсөөд сууж байхад ээжийг цохисон. Би согтсон байсан болохоор хаана цохисныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.А-ын өгсөн:

“...2018 оны 11-р сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байхад Энх-Амгалан, Б хоёр архи авна гээд дахин дахин гараад архи авч ирээд уугаад байсан. Тэгэхээр нь би архи уухаа боль гэсэн. Тэгэхэд за одоо болилоо гээд гэрт ороод манай нөхөр унтсан тэгээд хадам ээж хоол хийсэн. Тэгэхэд Эээжийн хийсэн хоолыг ямар ч давсгүй хоол хийдэг юм гээд хадам ээж рүү дайраад байсан. Тэгэхэд хадам ээж рүү гутал шидсэн тэр гутал нь хадам ээжийг шүргээд өнгөрсөн. Манай нөхөр босож ирээд Энх-Амгаланг боль гэсэн. Тэгэхэд Эхадам ээж С-г түлхээд унагаахад ээж С-гийн хөл гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

 1. Ш.Сгийн биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 21/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32/,  

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эг “...хамтран амьдрагч Ш.Сг 2017, 2018 онд байнга зодсон...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн үндэслэл нь хэт ерөнхий, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлож чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 15 дугаар гудамжны 118а тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ш.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Эгийн “...хоол нь давсгүй байсан болохоор би уурлаад тэгээд эхнэр С-г түлхээд унагасан. С- унаад хөл нь гэмтсэн. ...гэм буруугаа ухаарч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Сгийн “...Намайг орон дээр сууж байхад намайг заамдаж татаж босгож ирээд түлхэж унагаасан. Миний хөл гар эвгүй болоод би гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бын “...Эээж С-тэй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би босоод боль гэчихээд хувцсаа өмсөөд сууж байхад ээжийг цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.А-ын “...Эхадам ээж С-г түлхээд унагаахад ээж С-гийн хөл гэмтсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Б.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ш.Сг эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ш.Снь “...Гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч Б.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 680 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчид хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлж буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж (21х8=168) цагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан 700 цагаас хасаж түүний эдлэх ялыг 532 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Эгийн үйлдэлд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Б.Эгийн цагдан хоригдсон 21 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлж нийт 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж түүний эдлэх ялыг 532 цагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгааа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ