Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 5319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС байр, 18 тоотод оршин суух, Шараад овогт Пэрэнлэйн Лувсандамдин /РД:ШЕ88010513/-ийн хүсэлттэй,

Үрчлэлтийг  хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Лувсандамдин, гуравдагч Г.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Лувсандамдин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пэрэнлэй овогтой Лувсандамдин миний бие 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д.Дэлгэрдаваа, Г.Байгалмаа нарын хүү болон төрсөн бөгөөд 1998 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нагац эгч Гомбын Наранцэцэг болон түүний нөхөр Жамсрангийн Пэрэнлэй нар үрчлэгдсэн болно. Миний үрчилж авсан аав Ж.Пэрэнлэй нь 2005 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд би өөрийн төрсөн эцэг Дашрэнчингийн Дэлгэрдаваагаар овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Г.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж байна. Би 1 хүүтэй байсан бөгөөд хүүгээ алдчихаад өөрийн төрсөн дүүгийн хүү болох П.Лувсандамдинг үрчилж авч байсан. Одоо өөрийн төрсөн эцгээрээ овоглуулах хүсэлтийг нь дэмжиж байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч П.Лувсандамдин нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Лувсандамдин нь 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д.Дэлгэрдаваа, Г.Байгалмаа нарын хүү болон төрсөн бөгөөд 1998 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Г.Наранцэцэг, Ж.Пэрэнлэй нарт үрчлэгдсэн болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 102/009340 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, 102/009339 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар  тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт  шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэжээ.

Хүсэлт гаргагч П.Лувсандамдин нь одоо 28 настай бөгөөд түүний үрчилж авсан эцэг болох Жамсрангийн Пэрэнлэй нь 2005 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 00/006242 дугаартай лавлагаагаар тогтоогдож байх ба гуравдагч этгээд болох үрчлэгч эх Г.Наранцэцэг нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн П.Лувсандамдингийн хүсэлтийг дэмжсэн тайлбарыг шүүхэд гаргаж байх тул 1998 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн үрчлэлтийн 64 дугаарт бүртгэгдсэн хүү Дэлгэрдаваагийн Лувсандамдинг Жамсрангийн Пэрэнлэй, Гомбын Наранцэцэг нарт  үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 1988 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр төрсөн П.Лувсандамдинг 1998 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Жамсрангийн Пэрэнлэй, Гомбын Наранцэцэг нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА