| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05395/И |
| Дугаар | 210/МА2025/02127 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02127
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08148 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 294,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******-тай 2023 оны 09 сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ******* дүүрэг ******* хороо, ******* гудамжинд байрлах Авто засварын төвийг бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний үнэ болох 122,500,000 төгрөгийг бартераар, үлдсэнийг нь бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний үүрэгт мөнгөн хэлбэрээр нийт 71,000,000 төгрөгийг төлсөн. Бартерт Сrown маркийн автомашиныг 53,000,000 төгрөгөөр, land cruser 470 маркийн автомашиныг 27,000,000 төгрөгөөр, lexus GX 470 маркийн автомашиныг 45,000,000 төгрөг нийт 196,000,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 10 сард тухайн барилгыг хийж гүйцэтгэх байсан. Зөвхөн суурийг ухаж, суурийн блок тавьснаас өөр ажил хийгээгүй. Үүнээс хойш талууд харилцан ярилцаж 2024 оны 05 сарын 01-ний өдрийн дотор тухайн барилгыг барьж байгуулахаар нэмэлт гэрээ хийсэн. Нэмэлт гэрээнээс хойш 7 сарын хугацаа өнгөрсөн боловч 7 сарын хугацаанд ******* тухайн авто гараашийг барьж өгөөгүй. Ингээд гэрээгээ цуцалж, гэрээний үүрэгтэй холбогдуулан шилжүүлсэн нийт 196,000,000 төгрөг байгаа. Уг 196,000,000 төгрөгөөс 61,000,000 төгрөгийн суурийн ажил хийж гүйцэтгэсэн гэж үзээд хасаж үлдэгдэл 134,526,610 төгрөгийг гэрээний үүрэгтэй.
Гэрээ цуцалснаас хойш өөрсдөө үргэлжлүүлэхээр болсон. Хөрөнгө мөнгийг *******-аас нэхсэн. ******* авто гараашаа барьж байгуулах шаардлагатай байсан, удахгүй өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Намар болж байсан учраас барилгын дулааны улирлын ажил дуусаж байгаатай холбогдуулан ХААН банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн *******аас 75,000,000 төгрөгийн зээл авсан, *******ээс мөн зээл авсан. Ингээд гэрээ цуцлагдсанаас хойш учирсан хохирол гэж үзэж ХААН банканд 60,000,000 төгрөгийн хүүг нийт 13 сар төлсөн. Үүнийг тооцож 11,577,410 төгрөг байгаа. *******аас 75,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн. 22,500,000 төгрөгийг зөвхөн хүүд нь төлсөн. 33,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээл авсан. 8 сарын хугацаанд хүүг нь тооцохоор 7,920,000 төгрөгийн хүү төлсөн. Мөн 3 хувийн хүүтэй 37,800,000 төгрөгийн зээл авсан. 9 сарын хугацаанд хүүд нь 10,206,000 төгрөг төлсөн. Мөн *******ээс 7,500,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн. 8 сарын хүү 1,800,000 төгрөг төлсөн. *******гаар хоршооны зээл авхуулсан. Үүний 1 сарын хүү 370,000 төгрөг төлсөн, бусдыг нь төлж чадаагүй. Нийт хохирол болох 54,373,471 төгрөгийн төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2-т гэрээ зөрчсөн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон. Үндсэн төлбөр 134,526,610 төгрөг, алданги 67,263,305 төгрөг, хохирол 54,373,471 төгрөг, нийт 256,163,386 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчтэй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу мөнгө хүлээж авсан, мөн тодорхой хэмжээний эд хөрөнгө хүлээж авсан гэдэгт маргаан байгаагүй. Тухайн гэрээний нийт үнийн дүн нь 245,000,000 төгрөг гэж гэрээний 1.4-т заасан. Уг гэрээний дагуу 245,000,000 төгрөгийн төлбөрийг 1.6-д бартераар төлөх болон төлбөрөөр төлнө гэж тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээний мөнгийг бэлнээр, эд хөрөнгөөр авсан боловч 245,000,000 төгрөгийг 100 хувь аваагүй. Гэрээний төлбөртэй холбогдуулан өндөр үнэтэй автомашиныг бартерт тооцож авсан, үнийн дүнд маргахгүй. Ингээд 61,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. 130,000,000 төгрөгөөс үлдсэн 50-60 төгрөгийн гэрээний төлбөрийг аваагүй. Гэтэл ******* нь 100 хувь төлбөрөө төлсөн байхад аж ахуйн нэгж ажлаа хийгээгүй учраас хохирол учирсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. ******* нь 130,000,000 төгрөг аваад 61,000,000 төгрөгийн ажлыг хийж үлдсэн төлбөрийг төлөөгүй, энэ төлбөрийг банкнаас авсан гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаж чадаагүй. Малчны зээл авсан, уг зээлийн гэрээний зорилго нь энэ автомашины гараашийг барихтай хамааралтай зээл олгоогүй. Гэтэл ******* гэх хүнтэй хамтран эзэмшдэг дансанд зээл оруулахдаа ******* нь өөрийн хүүтэйгээ хамтарч зээл авснаа хүүхэд нь өөрийнхөө авсан малчны зээлийг *******гаар дамжуулж өөртөө шилжүүлж зээл олгосон мэтээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хохиролтой холбоотой нэхэмжлэлийг бүрэн тодруулж чадаагүй. Мөн гэрээний үүргийг ******* 100 хувь хүлээн аваагүй учраас үүнтэй холбоотой хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй. Зээлийн гэрээний зорилго, зориулалт, зарцуулалт нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлээр авсан мөнгөөр ямар хөрөнгө аваад хаана, хэнтэй гэрээ байгуулж барилгыг дуусгасан нь тодорхойгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 134,526,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,991,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,627,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 830,583 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хариуцагч хариу тайлбартаа захиалагч гэрээний үлдэгдэл 49,000,000 төгрөгийг төлөөгүй учир барилгын ажил зогсож, ашиглалтад оруулж чадаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, захиалагч барилга бүрэн ашиглалтад оруулахтай холбоотой бүхий л зардлыг хариуцагчид өгсөн байхад ажлын 24 хувь буюу 61,473,930 төгрөгийн суурийн ажил хийсэн. Хариуцагч нь ашгийн төлөө байгууллага бөгөөд уг ажлаас 20 хувийн ашиг хүртэх зорилгоор гэрээ байгуулсан. Хариуцагч гэрээгээр тохирсон авто засварын барилгын ажлаас түлхүүр гардуулах нөхцөлөөр хийгдвэл зохих нийт ажлын 24 хувь буюу 61,473,930 төгрөгийн суурийн ажил хийсэн, 76 хувийн хийж гүйцэтгээгүй нь шинжээчийн тайлангаар нотлогдож байна. Захиалагч гэрээгээр төлөх 245,000,000 төгрөгөөс 196,000,000 төгрөг төлсөн ба нийт үнийн дүнгийн 80 хувийг төлж барагдуулсан нь дансны хуулга болон эд хөрөнгө хүлээлгэн өгсөн актаар нотлогдож байна.
Гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах, түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тогтоосон тул алданги төлөхөөр шаардах эрхтэй гэж үзэж байна.
Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж, тухайн барилгыг барьж 2025 оны 01 дүгээр сард бүрэн дууссан. Дуусгахад бусдаас хүүтэй мөнгө зээлж, хүүгийн мөнгөн дүнгээр хохирсон. Уг барилгыг барьж дуусгахын тулд *******, ******* нар Төрийн банкнаас зээл авч, авсан зээлээ дансаар над руу шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож байдаг. Мөн *******, ******* нартай зээлийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний үүрэгт зээлдэгч нарт хүү төлсөн баримтууд, зээлийн гэрээ баталгаажуулаагүй гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээг заавал баталгаажуулахыг шаардаагүй буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй гэрээг шүүх үнэлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэрээ үйлчилж байх хугацааны алданги 67,473,390 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол 52,228,615 төгрөг нийт 119,702,000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагчийн хувьд тухайн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирол болон алдангитай холбоотой хэсгийг эс зөвшөөрч маргадаг. Учир нь алдангитай холбоотой асуудал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан болохоо мэдэгдсэн боловч манайх хариу тайлбар өгөөгүй тул татгалзлыг хүлээн зөвшөөрсөнд тооцож гэрээг дуусгавар болгосон. Гэтэл дуусгавар болгосон гэрээнээс алданги шаардах асуудал яригдсан тул алдангитай холбоотой хууль, эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй. Мөн хохирлын тухай асуудал яригддаг боловч шалтгаант холбоо тогтоогдоогүй. Учир нь барилгын *******-ийн үнэлгээ дээр тухайн барилга бүрэн баригдахад хэдэн төгрөг зарцуулагдсан талаарх дүгнэлт гараагүй. Мөн зээлээр авсан мөнгөн төлбөр нь хэрэгт авагдсан баримтаар айраг, цагаан идээний төлбөрт зарцуулагдсан байдаг болохоос барилгын материалд зарцуулагдсан гэх тооцоо, баримт байдаггүй. Түүнчлэн хохирлын төлбөр нь тухайн барилгыг барьж дуусгахад шаардлагатай шалтгаант холбоо болж чадаагүй. Иймд хохирол, алдангийг тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,526,610 төгрөг, гэрээнд заасан алданги 67,763,305 төгрөг, учирсан хохирол 52,228,615 төгрөг нийт 255,518,530 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлыг бүрэн хийгээгүй гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 134,526,610 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсэг болох алданги, хохиролтой холбоотой хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгчээс гэрээний төлбөрийг бүхэлд нь аваагүй учир хохирол төлөх үндэслэлгүй, хохирол учирсан болохоо нотлоогүй, гэрээ цуцлагдсан тул алданги шаардах эрхгүй гэж тайлбарлан маргасан.
3. Хэргийн баримт, талуудын тайлбараар *******, *******-ийн хооронд 2023 оны 09 дүгээр 09-ний өдөр 23/75 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ******* дүүрэг ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах газарт Авто засварын заводын барилгын ажлыг иж бүрэн түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй, ажлыг 2023 оны 09 сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 сарын 20-ны өдрийн хугацаанд гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 245,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон. /хх-4/
Талууд 2023 оны 10 сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх 23/75 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээг байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулж ажлыг 2024 оны 03 сарын 15-ны өдрөөс мөн оны 05 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр, үндсэн гэрээний 1.4-т нэмэлтээр 5 ширхэг автомат хаалгыг гүйцэтгэгч компани суурилуулж, барилгын зам талбайг бетон цутгах, өөрийн зардлаар хийж гүйцэтгэх, зурагт өөрчлөлт оруулж барилгын түвшинг тэнцүү болгох, барилгын хойд талд цонх нэмж суулгах, гэрээний хугацаа сунгасантай холбоотой мөнгөн дүнгээс 50,000,000 төгрөгийг захиалагч тал 2023 оны 10 сарын 30-ны өдөр буцаалт хийж, 2024 оны 03 сарын 25-ны өдөр гүйцэтгэгч талд буцаан шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна. /хх-7/
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
5. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлон гэж хуульд заасан.
6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д гэрээний нийт үнэ: 245,000,000 төгрөг, 1.6-д Төлбөрийн нөхцөл: гэрээний үнийн дүнгээс 50 хувь буюу 122,500,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 50 хувь нь бартераар байна, 1.7-д Гэрээний нийт төлбөрөөс урьдчилгаа 150,000,000 төгрөг байх бөгөөд 41,000,000 төгрөгийг хэлцлийн дагуу 8 сарын 29, 30-ны өдөр бэлнээр төлнө, үлдэгдэл 81,500,000 төгрөгийг үе шатны гүйцэтгэлээр буюу ажил хүлээлцсэн акт үйлдэн бэлэн мөнгөөр олгоно гэж тусгасан.
Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 08 сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 08 сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, 08 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 09 сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, 09 сарын 12-ны өдөр 14,000,000 төгрөг нийт 71,000,000 төгрөг бэлнээр, Toyota crown маркийн автомашин 53,000,000 төгрөгт, Toyota Land Cruiser 470 маркийн автомашин 27,000,000 төгрөгт, Lexus GX 470 маркийн автомашиныг 45,000,000 төгрөгт тус тус тооцож нийт 196,000,000 төгрөгийг хариуцагч *******-д ажлын хөлсөнд урьдчилан төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн зөв тогтоосон, энэ үйл баримтад талууд маргаагүй. /хх-8-9/
7. Нэхэмжлэгч гэрээний үндсэн болон нэмэлт хугацаанд хариуцагч хийх ёстой ажлаас суурийн ажлаас өөр ажил хийгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч үгүйсгэж, маргаагүй ба шинжээч *******-ийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 24-430 дугаар дүгнэлтээр хариуцагч *******-ийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 61,473,390 төгрөг гэж тодорхойлсныг талууд хүлээн зөвшөөрч, үнэлгээнд маргаагүй тул анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хариуцагчийн хийсэн ажлын хэмжээг тодорхойлж, ажлын хөлсөнд илүү төлсөн 135,526,610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
8. Харин нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардсан алданги 67,763,305 төгрөгийг анхан шатны шүүх талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Учир нь, талууд гэрээний 9.3-д Гүйцэтгэгч гэрээт ажлыг энэхүү гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож захиалагч талд алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаар гүйцэтгэсэн ажил хэвээр үлдэж, гүйцэтгээгүй ажлын хувьд үүргийн харилцаа дуусгавар болох тул гэрээ цуцлагдсанаар алданги шаардах эрх дуусгавар болох агуулга бүхий шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болсон. Иймд гэрээ цуцлагдах хүртэл хугацааны алдангийг гаргуулах үндэслэлтэй.
8.1. Талууд гэрээний хугацааг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан боловч хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй, үүнтэй холбоотой 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хариуцагч *******-аас алданги 67,763,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
9. Нэхэмжлэгч нь барилгын ажлыг өөрсдөө үргэлжлүүлж дуусгасан, санхүүжилт буюу бусдаас зээлсэн мөнгөний хүүний төлбөрт 52,228,615 төгрөг төлсөн гэж хохиролд 52,228,615 төгрөг шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Нэхэмжлэгч ******* бусдаас зээлсэн мөнгөний хүүний төлбөр төлсөн нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн явдал бөгөөд үүнийг хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүйгээс гадна дээрх зээлийн мөнгөн хөрөнгийг барилгын ажилд зарцуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, үүргийн зөрчил, хохирол хооронд шалтгаант холбоотой нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх учиртай. Иймд нэхэмжлэгч нь бусдаас зээл авахдаа тухайн барилгын ажилд зориулж авсан болох нь, түүнчлэн тухайн зээлийг барилгын ажилд зарцуулсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул бусдаас зээлсэн зээлийн хүү төлсөн баримтууд, зээлийн гэрээ баталгаажуулаагүй гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй агуулгаар гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.
10. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ажил гүйцэтгэх гэрээ цуцлахтай холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлах байтал мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх тул залруулах нь зүйтэй байна.
Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагч *******-аас 202,289,915 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлээс үлдэх 91,710,085 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08148 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 202,289,915 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлээс үлдэх 91,710,085 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 830,583 гэснийг 1,169,399 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756,460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ж.ЛХАГВАСҮРЭН